Ч.БЯМБАХАЖИД

 

Үлгэр эхлэх намуун үдшийн

Дүйлгэр саран дор саналаа чамайгаа

Үүрийн зүүднээс учрал бэлэгдээд

Үнэнч хайраа дэвсэн хүлээнэ… хэмээн дуу хуурын эгшгээр хөглөгдөн амьдрах нэгэн бол “Хилийн цэргийн” гэх тодотголтой дуучин МУГЖ Б.Ганчимэг юм.

Өмнө нь түүнийг тайз, телевизийн дэлгэцнээс харахад ихэд золбоолог, дуун дотроо амьдарч, хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэдэг нэгэн санагдаж байлаа. Мөн энэ удаад уулзаж ярилцахад  бодсноос минь илүү гайхалтай, хайр дүүрэн энерги цацруулсан, эгэл монгол ээж, гайхширмаар бас бахархмаар нэгэн байлаа. Түүний царайнд үргэлж мишээл тодорч, нүдээрээ инээмсэглэхийг нь харах зуур энэ хүн үргэлж тайван, жаргалтай, хайраар дүүрэн амьдардаг мэт санагдана.

Золбоолог харцтай энэ эмэгтэйн туулж ирсэн амьдралын тойрог хичнээн баялаг агаад сонирхолтой болохыг уншигч та бүхэн энэ удаагийн “Амьдралын тойрог” нийтлэлээс уншина уу.

 

“Ээжийгээ дуурайж толинд хараад дуулж суудаг байлаа”

Түүний бага нас анхдагчдын өлгий Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэтолгойн САА-д өнгөрчээ. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын том охин. Адтай, сэргэлэн нэгэн учир сургуульд байхдаа бараг л  бүх шагналыг түүсэн гэдэг. Энэ тухайгаа “Таван онцын эзэмшигч” гээд л. Бас нугардаг байсан. Улсын баяр наадмын нээлтийн гимнастикийн үзүүлбэрт оролцож байлаа. Манай ээж багадаа нугардаг байсан юм билээ. Мөн тооны олимпиадын дүүргийн аварга болж байлаа гээд тоочвол нэлээд юм бий” гэж байв.

Түүний хувьд аав ээж нь нэг номерын дэмжигч бас шүүмжлэгч нь байжээ.

Тэрээр аав, ээжийнхээ тухай ярихдаа “Миний аав насаараа автотээврийн нэгдүгээр баазад жолоочоор ажилласан. Бас залуу насандаа малын эмчээр техникум төгсөж, хилийн цэрэгт алба хааж, хүндэт харуулын цэрэг явсан хүн. Аав маань маш шударга, сайхан сэтгэлтэй, их зарчимч хүн бий. Харин ээж маань айлын том охин. Насаараа Нефть хангамжийн төв баазад ажиллаж байгаад тэтгэвэрээ гарсан. Миний аав ээж хоёр хүүхдүүдээ маш үлгэр жишээч хүмүүжүүлж, бидэнтэй ярилцаж, дэмждэг, хүүхэд насны жаргалыг бүрэн эдлүүлсэн хүмүүс” гэлээ.

Мөн ээж маань орой бүр хүүхдүүддээ үлгэр уншиж, массаж хийж өгөөд пянзны уянгалаг ая сонсгон унтуулдаг байсан нь санаанаас гардаггүй бага насны дурсамжуудын нэг хэмээж байлаа.

Тэрээр “Ээж маань их сайхан дуулдаг хүн. Тухайн үеийн бүх ард түмний урлагын наадамд оролцож явсан. Түүндээ бэлдээд л гурван хавтастай толинд гурван тийшээ хараад л дуулна. Ээжийнхээ ингэж дуулж байгааг хараад сайхан санагдаж, гараад явахаар нь ээжийг дуурайж толинд хараад дуулж суудаг байлаа. Энэ үеэс л өөрийнхөө сонирхлыг ойлгож, бага наснаасаа л урлагын талаар ойлголттой болсон” гэв.

 

Дөрөвдүгээр ангидаа пянз гаргав

“Намайг IV ангид сурч байхад аав дагуулж яваад Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” чуулгад орууллаа. Тэр үед аав өөрийнхөө найз И.Пүрэвдоржийн дүү, тэр үеийн "Орчин үе Монгол улс' сэтгүүлд ажиллаж байсан, МОНЦАМЭ-д орчуулагч хийдэг И.Чулуунхүү эгчээр дамжуулан, одоогийн Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг багшаар шалгуулаад тэнцсэн юм. Тэр үед “Ээжээ дурсана” гэдэг дууг дуулсан л даа. “Хөөрхөн борлог мориороо...” гээд л эхэлдэг шүү дээ. Дуулаад дуусахад шалгалт авч байсан урлаг судлаач Соёлын гавъяат зүтгэлтэн Ч.Буянхишиг багш маань өхөөрдөж үнсээд, “Миний охин сайн дуучин болоорой” гээд ерөөж байлаа”.

1983 онд ЗХУ-ын “Мелодия” фирмийнхэн ирж, хуучны “Выставка” буюу одоогийн “Сарны титэм” дотор хэдэн цагаан хана босгочихоод дууны бичлэг хийсэн. Оросууд “Бүхий олон багачууд” хэмээх пянз гаргахаар ирж, би тэрхүү дууг дуулах найман хүүхдийн тоонд багтсан юм. Мөн Монголын сонгодог хөгжмүүд, бас “Баян монгол”, Соёл Эрдэнэ” хамтлаг зэрэг том том хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг бичиж байсан бөгөөд тэр үед оросууд акустик сайтай, бичлэг хийх ганц газар гээд “Выставка”-г сонгон бичлэг хийсэн юм билээ. Энэ пянзны бичлэг бидний дуугаа бичүүлдэг радиогийн "Цагаан лавай'-н Хаянхярваа эгчийн биднээс тэсвэр хатуужил шаарддаг байсан бичлэгээс ч илүү хүнд, хэцүү байсан. Нэг нь амьсгалаа түрүүлээд авахад л багш маань загнаад зогсоочихно. Заримдаа ч яах гэж энэ бичлэгт оров доо гэж шантарч байлаа шүү дээ. Үүнийг хэзээ ч мартдаггүй. Сүүлдээ ч бид өөрсдийнхөө амьсгалж байгаа эсэхийг ч бараг мэдэхээ байсан. Ингээд анхны хүүхдийн пянзыг гаргаж байсан юм.

 

“Сувилагч байсан хүн УАДБЧ гэх том байгууллагын мэргэжлийн тайзан дээр гарах аз тохиол таарсан”

Хүний амьдралын өмнө ганц зурайсан дардан зам дурайж байна гэж үгүй. Алхам тутамд салаа замын уулзвар дээр ирж, түүнээс аль нэгийг нь сонгон цааш алхах хэрэг гардаг.

Түүнийг бага байхад ээжийнх нь бие гурван сар их өвдсөн гэдэг. Тэр үед “Энэ гэр бүлд эмч хүн байхгүй бол болохгүй юм байна” гэж бодон эмч болохоор шийджээ. Тэрээр “Анагаахын дээд сургуульд орох гэсэн боловч яг миний урдуур таслагдаад тэнцээгүй. Тэгээд Улаанбаатар хотын сувилахуйн сургуульд тэнцэж орсон. Ингээд 1990 онд хоёр жил суралцаад хүүхдийн сувилагчийн ангийг төгссөн. Төгссөнийхөө дараа Эх нялхасын дутуу нярайн клиникд сувилагчаар ажиллаа.

Энэ тасаг нь Монгол Улсын хэмжээнд төрсөн цагаасаа 45 хоногийн дотор ямар нэгэн өвчнөөр өвдсөн буюу бусад төрөх эмнэлгүүдээс эмчлэх шаардлагатай дутуу нярай хүүхдийг хүлээн авч эмчлэн сувилдаг тасаг юм. Тэр үед манай эмнэлэгт нялх нярай хүүхдүүдийн асаргаа сувилгааг сувилагч нар хийдэг байлаа. Сувилагч нар эмчилгээ хийхээс гадна нярайн бүх асаргаа сувилгааг гурван цаг тутамд хариуцан хийдэг байсан учраас клиникийн нярайн тасгийн сувилагч нар маш их ачаалалтай ажилладаг байсан. Тиймээс яг нэг жил ажиллаад үнэхээр тэр ачааллыг дийлэхээ больсон. Их өвчлөлтэй үед нэг сувилагчид 60 хүүхэд оногдоно шүү дээ. Энэ нь үнэхээр ахаддаг байсан.

Манай тасгийн эрхлэгч З.Гэрэлмаа эмч (одоо гавьяат), манай клиникийн дутуу нярайн тасгийн хамт олон миний дуулахыг их дэмждэг байсан тул намайг Соёл урлагийн их сургуульд шалгалт өг гэж ятгана. Ингээд шалгуулсан чинь комисст нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин Н.Норовбанзад гуай сууж байдаг юм. Би нэлээд задгай дуулдаг байсан болохоор шалгалтын нэгдүгээр үе дээр нь “Сэрэлт” киноны Сүрэнгийн дуу, “Талын таван толгой”, хоёрдугаар шатанд нь Баруун монгол ардын дуу “Хондон өнгөтэй торго”-ыг дууллаа. Энэ дууг миний багш ЦДБЭЧ-ын Т. Ганбаатар гэж сайхан тенор надад заасан юм. Мөн дуучин н.Гэцэл, нисгэгчийн дуугаараа олны танил н.Дашням нар маш сайхан зөвлөгөө өгдөг байлаа. Тэр үед шалгалтын комисс гэж үнэхээр алдартай хүмүүс суудаг байлаа. “Хондон өнгөтэй торго”-оо дуулахын өмнө хамаг амьсгаа дээр гарчихаад, “Яана аа, би дуулж чадахаа байчихлаа” гэсэн чинь, тэндээс Н.Норовбанзад гуай, “Тайван, тайван. Сайхан амьсгаа аваад тогтуухан дуул” гэж  билээ. Энэ бүгдийн дараа Н.Норовбанзад гуай, “Чи Ардын Дуу Бүжгийн Чуулгад орох уу” гэлээ. Орьё л гэлгүй яахав дээ. Тэгсэн чинь “За тэгвэл маргааш чуулга дээр 10.00 цагт хүрээд ирээрэй” гэсэн.

Тэр үед чуулга, “Бадарчин” гээд Баруун Монголын ардын дуунуудаар дуулалт жүжиг тавьж байсан нь таарч, Ж.Мэнд-Амар гуай “Энэ хүүхдийг “Хондон өнгөтэй торго”-оор нь энэ концертод оруулчихья” гээд намайг дагуулан өрөөндөө ороод, “За хүүхээ, энэ аккордноос өнгөө авч чадах уу” гээд шууд өгөхөөр нь дуулсан чинь, “Их сайн байна. Хоёрдугаар бадганд нь тэмээгээр нүүж яваа хэсэг байгаа. Энэ хэмжээнд нь явж чадах уу” гээд төгөлдөр хууран дээрээ суусан. Би ч яг хэлснээр нь явсан чинь, “За чи “Хондон өнгөтэй торго” дуугаараа энэ дуулалт жүжигт гоцлоно шүү” гэхэд нь үнэхээр их баярласан ч хажуугаар нь маш их сүрдсэн. Гэртээ ирж үүнийгээ хэлээд ээжийгээ тун их баярлуулж билээ. Ер нь ижийгээ баярлуулах шиг сайхан юм хаана байх вэ дээ.

Ингээд маргаашнаас нь сургуулилтад орж, ерөнхийдөө сувилагч байсан хүн УАДБЧ гэх том байгууллагын мэргэжлийн тайзан дээр шууд гарсан. Тэр үед манай хамт олон бүгдээрээ надад зөвлөдөг байсан. Ингэж дуул, тэгж зогс гэдэг ч юм уу. Заримдаа найрал хөгжимчидтэй нийлж байхдаа дээд өнгөө авч чадахгүй үедээ толгойгоо хоёр гараараа аяархан цохидог байж билээ. Тэр нь өөртөө гутарсан хэрэг л дээ. Би нээрээ заяагүй юмаа ийм олон хөгжимчдийг суулгачаад л ганц өнгө авч чадахгүй хүмүүсийн хөдөлмөрийг үрэн таран хийгээд л гээд өөрөө өөрийгөө зэмлэж байгаа нь тэр.

 

“СУИС-д тэнцсэндээ баярлаж, нисэх шахам явлаа”

 

Тэрээр УАДБЧ дөрвөн жил ажилласан ч энэ нь хангалттай байсангүй. Цаашид улам хөгжиж, “боловсролтой” дуучин болохын төлөө зүтгэх болжээ.

“1992 онд дахиад СУИС-д шалгалт өглөө. Гэтэл багш нар, “Чи тэр сайхан чуулгадаа дуулаад явж бай” гээд оруулсангүй. Ингээд яахав дээ, хамт олонтойгоо бригадаар ийш тийшээ яваад, цаг хугацаа ч харавсан сум шиг өнгөрч байлаа.

СУИС-д тэнцэхийн тулд гурван жил бэлтгэж, шалтгалт өгсөн ч багш маань, “Миний хүү ийм ардын сайхан унаган хоолой ховор байдаг юм аа. Тийм болохоор Чуулгадаа байвал яасан юм бэ” гэхээр нь, “Үгүй ээ, та нар намайг ав. Би боловсролтой дуучин болмоор байна” гээд уйллаа. Гэтэл Г.Хайдав, Д.Жамьяанжав багш хоёр босоод “Та нар энэ хүүхдийг авчихаач дээ” гэж гуйдаг юм. Ингэж СУИС-д тэнцэж ороод учиргүй баяртай хүн бараг нисэх шахаж явлаа.

Хүний амьдрал төсөөлшгүй, тааварлашгүй байдаг.

Б.Ганчимэг 1991 онд сувилагчаар ажиллаж байхдаа хань В.Энх- Амгалантайгаа гэр бүл болж, 1993 онд хүүгээ төрүүлжээ. Гэвч гуравдугаар курст байхдаа түүнийгээ алдсан гэдэг. Тэрээр “Хүү маань хүндээр өвдөж, нөхөр  бид хоёр өдөр шөнөгүй шахам ээлжлээд сахидаг байлаа. Тэр үед би сургуулиасаа нэг өдрийн ч чөлөө аваагүй. Бүгдийг амжуулдаг байсан. Хичээлдээ суучихаад эмнэлэгт байгаа хүү рүүгээ яарна. Ядарч буйгаа тэр үед огтхон ч анзаараагүй. Харин хүүгээ өнгөрсний дараа бид хоёр бүтэн сар орноосоо босч чадаагүй. Тэгж л их ядарсан байсан даа. Ер нь тэр үе миний амьдралд тохиож байсан хамгийн хүнд өдрүүд. Хүүгээ эндснээс хойш бид  тус тусдаа уран бүтээлийнхээ карьерийг хөөж эхэлсэн дээ. Мөн аажим аажмаар бие биенээсээ хөндийрсөөр хоёр жилийн дараа тус тусынхаа амьдралыг хөөсөн юм” гэв. Харин одоогийн ханьтайгаа 2006 онд танилцаж байлаа. Миний хань Д.Баттөмөр 1964 онд Увс аймгийн соёлын ордонд дагалдан бүжигчнээр орж ажиллаад улмаар мэргэжлийн бүжигчин болж 1968 онд УАДБЧ-ын дэргэдэх анхны бүжгийн багш бэлтгэх курст суралцаад, бүжгийн багш болж Увс аймгийн соёлын ордонд бүжгийн багшаар ажиллаж байгаад 1972 онд Хөгжим драмын театр болоход туслах найруулагчаар ажиллаж байсан. Тэрээр 1975 онд Тээврийн яамны авто сургуульд суралцаж төгссөн. 1982 онд ЗХУ, Югослав, Франц, Унгар, Алжирт тоглолтоор явж байжээ. Хөрш Тувад ч олон удаа очиж тоглолтонд оролцсон байдаг. Театрт байхдаа “Учиртай гурван толгой”, “Далан худалч”, “Шинэ байшинд” зэрэг 10 гаруй жүжгийн гол дүрийг бүтээж, 30 гаруй бүжигт гоцолжээ. Мөн 10 гаруй бүжиг дэглэжээ.

“Анх бид хоёр 2006 онд Үндсэн Хуулийн Цэцийн сүлд модны наадам дээр танилцаж байлаа. Тэнд нэг жижигхэн биетэй, нэг их цэвэрхэн, нүд нь гялалзсан хүн дөхөж ирээд, намайг хүргээд өгөх үү гэдэг юм. Тэр үед миний машин эвдэрчихсэн байсан болохоор татгалзаагүй. Тэгээд намайг гэр рүү хүргэж өгөх зуураа, “Машин тэрэг хэрэгтэй болвол надад хэлж байгаарай” гэсэн. Надад нэлээд хэдэн удаа машин тэргээр тус болсон. Тэгээд л арванхоёрдугаар 25-нд шууд нэг гэрт орчихсон. Ер нь аз жаргал гэдэг ямар хүнтэй ханилсан бэ гэдгээс л шалтгаалдаг байх гэж боддог. Намайг бригадаар явахад бараг 200-300 километрийн урдаас тосдог гээд бод доо. Баахан хоол цай барьчихсан ирдэг. Манайхан ч сүүлдээ, “Баагий ах тосох болоогүй юм байх даа” гээд хүлээдэг болсон шүү дээ.

 

“Хилийн цэрэгт ажиллаж эхэлсэн нь”

“2000 оноос ерөнхийдөө чөлөөт уран бүтээлч болсон доо. Тэгээд уран бүтээлдээ ч нэлээд шаргуу орсон. Ингээд 1999 онд яруу найрагч М.Цэдэндоржийн шүлэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Чулуунхүүгийн ая “Баясах сэтгэл” гэдэг дуунд UBS телевизийн Ж.Баяр ах тэргүүтэй хэсэг уран бүтээлчид клип хийж, тэр маань МҮОНТ- ээр мөн ч олон удаа цацагдаж билээ.

Энэ дуугаар намайг ч сайн мэддэг, таньдаг болсон байх. 1999 онд “Чиний минь ирэх харгуй” гэдэг дууны маань фонограммыг хөгжмийн зохиолч н.Түвшинтөр, н.Ганбат нар хийгээд, тэр шөнөдөө “Ая дан” студид бичүүлсэн. Шууд хит болж байлаа. Мөн УДБЭТ- дадлага хийж, улмаар тэндээ ажиллаж байгаад 2000 онд Дууриасаа гарсан. Энэ онд  UBS телевизийнхэн наадмын концертын бичлэг хийхээр болж, би туслахаар ажилласан. Ингээд тэд маань ч бас зүгээр байгаагүй. Миний дуугаар хоёр клип хийж өгсөн юм. Энэ завсар бас болоогүй ээ, сонгуульд Я.Санжмятавыг дэмжиж оролцлоо. Тэр үед Хилийн цэргийн хурандаа Л.Төмөрбат, МУГЖ С.Цэрэндолгор эгчтэй олон арга хэмжээн дээр тааралддаг байлаа. Нэг удаа Л.Төмөрбат хурандаа надтай тараад, “Чи манай “Хилчин” хамтлагт хүрээд ир. Манай Хилийн цэрэг сайхан шүү дээ. Хэрвээ чамд хойшлуулашгүй ажил төрөл гарвал чөлөө өгнө өө” гэсэн. Хурандаа маань ингэж намайг ерөнхийдөө урьж авчран ийм сайхан байгууллага, хамт олон, хилчид хэмээх гайхамшигтай ард түмэнтэй учруулсан юм даа. Ингээд Хилийн цэрэгт орж, дуулаад л яваад байлаа. Цэргийн хүн ч болчихлоо. Гэтэл нэг өдөр “халтууранд” явах хэрэг гардаг юм. Нөхдүүд дуудаад байдаг. Ингээд хөдөө хэд хоног явчихаад ирье гээд дарга дээрээ ортол чөлөө өгдөггүй.

Тэгэхээр нь “Та анх намайг энд авахдаа дуртай цагт чинь хориг тавихгүй явуулна гээ биз дээ” гэлээ. Гэтэл дарга маань урдаас “Энэ бол цэргийн байгууллага. Цэргийн хүн тушаалаар явдаг болохоос хүслээрээ шийддэг юм биш. Тэр үед би чамайг хуурсан юм” гэж билээ. Ингэхэд миний хамгийн анх явсан бригад гэвэл 2002 онд Сулинхээрийн хилээр явж урлагаар үйлчилсэн. Айхтар халуун байсан юмдаг" гэсэн юм.

 

“Уран бүтээлийн хувьд онцгой он жилүүд”

 

Түүний уран бүтээлүүдийн 80 хувь нь цэрэг, эх орны сэдэвтэй. Харин 20 хувь нь хүүхдийн уран бүтээл байдаг байна.

Тэрээр “2002 онд “Чиний минь ирэх харгуй” нэртэй хуурцагаа гаргалаа. Мөн энэхүү хуурцагын тоглолтынхоо үеэр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдаж байлаа. Түүнийг манай Булган аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхий аудитор Л.Жавзмаа гуай МҮЭ-ийн Соёлын төвд болсон миний энэ тоглолтын үеэр гардуулан өгч байлаа.

2008 он миний хувьд, мөн уран бүтээлчийн хувьд онцгой жил байсныг хэлэх хэрэгтэй. Би Италийн Уимбра мужийн Перужиа хотын Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр очсон. Тэр үед Ж.Батжаргал багш Италид Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байлаа. Мөн Монгол-Италийн найрамдалын нийгэмлэгийн тэргүүн байсан.Дуурийн дуучдын мэргэжил дээшлүүлэх Итали-Монголын засгийн газрын  хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээг Ж.Батжаргал багш минь анх эхлүүлсэн байдаг юм Тэгээд нэг өдөр над руу утасдаж “Ганчимэг ээ, чи Итали явах уу” гэлээ. Багш минь ийм том баяртай мэдээг "цай уух уу" гэж байгаа юм шиг хэлэхэд би бүр гайхаад тэгснээ хөл газар хүрэхгүй баярлаж “Явъя багш аа” гэтэл,“За чи тэгвэл материалаа бэлтгэ” гэж хэлэхэд бөөн баяр хөөр болж билээ.

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ө. Уянга /МУГЖ/ бид хоёр Перужиагийн хөгжмийн консерваторт мэргэжил дээшлүүлэх Итали Монголын засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж суралцахаар явсан.

2016 оноос эхлээд өдийг хүртэл ХЦДБЧ-ынхаа Дуу хоолойн тавилын багшаар ажиллаж байна. Мэргэжлийн дуучидтайгаа ганцаарчилж ажилладаг гэсэн үг. Мөн дуулаачийн техник, дуулах арга зүй заадаг.

Ер нь багш байна гэдэг тун хэцүү юм. Зовлонг нь маш сайн ойлгож явна. Хичээл ном заах нэг хэрэг. Харин хүн болгож хүмүүжүүлэх үнэхээр хэцүү асуудал юм байна. Багш, офицер болоод дөрвөн жил өнгөрсөн байна. Ингэхэд цэргийн дууг тэр амьдралыг туулсан, тэр албыг бие сэтгэлээрээ мэдэрдэг хүн л жинхэнэ утгаар нь дуулдаг юм байна. Мөн удахгүй болох Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 92 жил, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын 85 жилийн ойн баярын мэнд”-ийг нийт хилчиддээ хүргэе”.

 

“Сувилагч, дуучин, эмзүйч”

 

Миний уран бүтээлийн оргил үе гэж 2003, 2004, 2005 он гэх байна. Хилийн цэргийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог байлаа. Олон ч уралдаанд оролцож, тэргүүн байрыг нь эзэлж байлаа. 2006 онд Алтангадас одонгоор шагнагдаж, мөн энэ онд Монголын анхны рок дуурь “Чингис хаан”-д Өүлэн эхийн дүрийг бүтээж байлаа. Миний ээж их сайхан хүн болохоор түүнийгээ сэтгэлдээ дүрсэлж байгаад л бүтээсэн маань их амжилттай болж, мэргэжлийн хүмүүсээс муугүй өндөр үнэлэлт авсан л даа.

Д.Сосорбарам гавъяат, Ардын жүжигчин н.Гантөмөр гуай нар цаашдаа маш олон эхийн дүр бүтээх юм байна хэмээн надад онцгойлон баяр хүргэж байлаа. Тэр үед өөрөөрөө бага зэрэг бахархсныг нуугаад яахав.

Мөн “Дуучин чамдаа” гэсэн тог­лолтоо хийсэн. Удирдлага маань жаахан хориг тавиад байсан болохоор нь өөрөө хамаг бүхнээ хийсэн. Тайз, хөг­жим, дуучид энэ тэрээс авхуулаад бараг­дахгүй их ажил ундарсан.

Гагцхүү тэрээр дуу дуулж, уран бүт­ээл туурвихаас гадна сувилагч, эм зүйч мэргэжилтэй. Энэ онд АШУИС-ыг Эмзүйчээр төгссөн шинэхэн төгсөгч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 172 (7669)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.