Базарбямбын НЯМСҮРЭН

 

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж, эх орныхоо төлөө амь биеэ зориулан тэмцсэн ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж байгаа эдгээр өдрүүдэд “Удмын бахархал” булангийн энэ удаагийн дугаарт эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн гурван үеийн мөрдэстэй баатруудыг урилаа. Нийтлэлийн гол баатрын маань өвөө буюу ээжийнх нь аав чөлөөлөх дайнд тулалдаж явсан ахмад дайчин. Харин аав хүү хоёр хурандаа цаг цагтаа эх орныхоо төлөө зориг зүрх, оюун мэдлэгээ зориулж яваа энх цагийн баатрууд юм.

 

Хилс хэрэгт хэлмэгдэж цагаадсан ахлах дэслэгч

 

Юуны өмнө өвөг эцэг Ц.Цэдэнсамбуугийнх нь амьдрал дурдатгалаар хамтдаа аялъя. Нийтлэлийн маань гол дүр дэд хурандаа Э.Гантөмөрийн нагац өвөө Ц.Цэдэнсамбуу Монгол, Зөвлөлт хоёр улсад цэргийн сургууль төгссөн жинхэнэ партизан хүн. Ирээдүйд эр цэргийн албыг нь өвлөн үргэлжлүүлэх юм гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч юм уу, зээ хүүдээ амь байсан нь манай нийтлэлийн баатар Э.Гантөмөр. Ямар сайндаа 1980 онд дөнгөж төрсөн зээ хүүдээ заавал шинэ сүү, тараг олж өгнө гэж Дархан хотын бүхий л сүүний тасгуудаар өдөр бүр хайж, заавал олж байж санаа нь амардаг, тийм л хайраар зээ хүүгээ энхрийлэн өсгөжээ.

Э.Гантөмөр  өвөө Ц.Цэдэнсамбуугийн хамт. 1980.06.03

Өвөө Ц.Цэдэнсамбуу нь 1920 онд Өвөрхангай аймгийн Дэлгэрэхбулаг сумын Идэр хэмээх газарт мэндэлжээ. 1932-1935 онд Арвайхээрийн бага сургуульд суралцаж төгссөн тэрээр 16 наснаасаа эхлэн төрд зүтгэж тухайн үеийн худалдааны баазад нягтлан бодогчоор ажил амьдралын гараагаа эхэлсэн байна. Хоёр жил нягтлан бодогчоор ажиллаад дараа нь Цэргийн ерөнхий сургуулийг хоёр жил сурч төгсжээ. Цэргийн сургуулиа ч төгсөж, эх орныхоо төлөө зүтгэх эр цэргийн алба нь ч эхэлж. Ингээд хотын хуягт дивизид ротын улс төрийн орлогч, бага удирдагчаар томилогдон тавдугаар дивизэд ажиллаж байгаад 1945 онд Зөвлөлт Орос улсад морин цэргийн сургууль дүүргэж ирээд есдүгээр морьт хорооны эвлэлийн товчооны даргаар томилогдон ахлах дэслэгч болон дэвшжээ. Энэ хооронд та бидний одоо ойг нь бахархан тэмдэглэж байгаа Чөлөөлөх дайнд оролцож эх орныхоо төлөө тулалдаж явсан нэгэн. Ахмад дайчин Ц.Цэдэнсамбуу чөлөөлөх дайнд оролцож эх орондоо гавьяа байгуулж явсныг Х.Чойбалсангийн гарын үсэгтэй “Бид ялав” медалийн үнэмлэх гэрчилнэ. Ц.Цэдэнсамбуу гуайн цэргийн гавьяаг илтгэсэн үнэмлэх, одон, Цэргийн яамны жуух бичиг зэргийг бүгдийг нямбай гэгч наасан хавтас, баримт сэлтийг түүний хүргэн, манай нийтлэлийн хоёрдугаар үеийн төлөөлөл хурандаа Ч.Эрдэнэчулуун бидэнд сонирхуулав. Хадам аавынхаа бүхий л амьдралын  үүх түүхийг нямбайлан бэлтгэсэн түүний байдлаас ямар хариуцлагатай, зарчимч жинхэнэ бичгийн хүн бэ гэдэг нь харагдана.

Ц.Цэдэнсамбуу өвөөгийн унаж боссон амьдралын зам тийм ч дардан байсангүй. Монголын түүхийн хамгийн бараан үед тооцогдох их хэлмэгдүүлэлтийн сүүлч энэ гэр бүлийг ч тойроогүй байна. 1951 онд хилс хэрэгт ял шийтгүүлэн хоригдож байсан түүх бий. Харин 2012 онд түүнийг хилсээр хэлмэгдэж хохирсныг баталж цагаатгасан байна.

“Удмын бахархал” нэгэн ижил мэргэжлийг гурван үеэрээ өвлөн үргэлжлүүлдэг удмыг уншигчидтайгаа уулзуулдаг.  Гэхдээ Ч.Эрдэнэчулуун хурандаагийн аав, ээж нар жирийн малчид боловч тухайн үедээ нэгдэлжих хөдөлгөөнд түүчээлэн оролцож нийт гурван удаагийн нийгэмчлэлээр 5000 орчим тоо толгой малаа улсдаа нийлүүлсэн үлгэр жишээ малчид. Сум орондоо дөнгөж байгуулагдаж байсан “Халиун морьт” нэгдлийг байгуулалцаж, дэд даргаар ажиллаж байсныг хүү нь одоо бахархан дурсаж байна. Харин Ч.Эрдэнэчулуун хурандаагийн авга ах мөн л ардын цэрэгт алба хааж байсан дайчин эр байж. Ч.Эрдэнэчулуун хурандаа 1939 оны дайнд яваад сураггүй болсон авга ах Б.Цэдэндамбаагийнхаа сургийг гаргахаар олон ч архивыг ухаж мэдээлэл хайжээ. Гэсэн ч төдийлөн тоймтой мэдээ олдоггүй байна. Тухайн үед цэрэгт яваад сураггүй болдог, хэл тасардаг байдал олон байдаг байж. Ямартай ч аавынх нь дүү ч алба хааж байсан, хадам аав нь ч Монгол Орос хоёр улсад цэргийн сургууль төгссөн ахмад дайчин дэслэгч байсан гэхээр яах аргагүй эх орондоо зүтгэсэн эрхэм баатруудын удам ажээ.

 

Социологийн ухааны доктор, хурандаа Ч.Эрдэнэчулуун

Социологийн ухааны доктор хүн яагаад хурандаа цолтой байдаг билээ гэж уншигч та гайхаж магадгүй. Би ч бас энэ асуултыг асуусан юм. Харин цэргийн алба гэдэг зөвхөн зэвсэг барьж, алба хааснаар хэмжигддэггүй, аж ахуй, бичиг цаасны арын албыг залгуулдаг олон албан хаагчид ч мөн мөрдэстэй байдгийг баталсан хүн бол манай нийтлэлийн хоёрдугаар үеийн төлөөлөл Ч.Эрдэнэчулуун хурандаа.

Цэрэг цагдаагийнхан гэхээр шийдэмгий үгтэй, ширүүхэн харцтай байдаг болов уу гэсэн төсөөллийг эвдсэн намуухан яриатай, зөөлөн харцтай аав, хүү хоёр манай редакцид хүрэлцэн ирсэн нь хурандаа Ч.Эрдэнэчулуун, түүний хүү дэд хурандаа Э.Гантөмөр нар байлаа. 

Хурандаа Ч.Эрдэнэчулуун 1957 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Өлзийт дэнж”-д төрсөн. Тэрээр нийт 36 жил алба хаажээ. Эхний 13 жилийг улсыг агаарын довтолгооноос хамгаалах ангид зориулсан байна. Харин 1991 оноос Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилд томилогдон очсоноос хойш 2013 он хүртэл тэндээ эрдэм шинжилгээний ажилтан, тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн даргаас захирал хүртэл дэвшин ажилласан байна. Тиймээс ч эрдэм шинжилгээний ч ажилтан, алба хаасан хурандаа ч болсон нь энэ. 1998 онд МУИС БХИС хамтарсан эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Социологийн Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэр үеийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл гэдэг нарийн дэг, хатуу шаардлагатай. Одоогийнх шиг сургуулиуд өөрсдөө эрдмийн зөвлөлөө байгуулчихдаггүй, заавал яамнаас томилсон зөвлөлийн нарийн шүүлтүүрээр орж байж эрдмийн ажлаа хамгаалдаг шаггүй даваа байсан гэдэг. Харин тэрээр докторын ажлаа цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал гэдэг сэдвээр хамгаалжээ.

Тухайн үед зах зээлд шилжээд удаагүй, цалин бага, хувцас хэрэглэл муу ороо бусгаа цагт арми гэхээс илүү аж амьдралаа хөөж байсан үе. Тэр хүнд үед армийг яаж тогтвортой байлгах вэ, алба хаагчдын цалин хөлсийг нь яаж нэмэх вэ, байр орон сууцны асуудлыг яаж шийдэх вэ гээд хөндөхөөс өөр аргагүй байсан чухал бөгөөд амьдралд ойр сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэр хэрээр энэ эрдмийн ажлын бас нэгэн үр дүн нь өнөөдөр харагдаж, цэрэг армид алба хааж байгаа албан хаагчдын амьдрал ахуй ахуй харьцангуй дээшилж, цол дагаж цалин урамшуулал нэмэгддэг тэр тогтолцооны гол эхлэл ч тэр үеэс тавигдсан гэж хэлж болохоор. “Харин ч одоогийн алба хаагчид  авч байгаа цалин хөлс, урамшуулалдаа тохирохуйцаар ажиллаж чадаж байна уу гэж хүртэл ярих хэмжээнд сайжирсан байх” хэмээн хурандаа Ч.Эрдэнэчулуун ярьж байна.

Батлан хамгаалахын салбарын эрдмийн ажлын голыг нугалж Эрдэм шинжилгээний хүрээлэнг хүртэл удирдаж явсан гэхэд үг цөөтэй, даруухан хүн юм. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Батлан хамгаалахын сургуульд удирдлагын менежментийн дамжааг дүүргэсэн бол аавынхаа төгссөн сургуульд хүү нь магистрын зэрэг хамгаалаад ирсэн ховор бөгөөд бахархам тохиолдол манай зочин аав, хүү хоёрын намтарт бий. Ч.Эрдэнэчулууны насны хань Ц.Долгорсүрэн багш мэргэжилтэй бөгөөд тэд хоёр хүүтэй. Том хүү нь дэд хурандаа Э.Гантөмөр бол бага хүү Э.Ганболд Австрали улсад гэр бүлийн хамт амьдарч байна.

“Азарганыхаа хүрээгүй газарт унага нь хүрдэг, аавынхаа үзээгүй газарт хүү нь очдог” гэдэгчлэн хурандаа аав нь дэд хурандаа хүүгээ генерал цолны энтэй хэмээн бахархан ярихыг сонсоход таатай байлаа. Гэхдээ энэ бол аавын хүүгээрээ бахархсан бахархал биш тийм дайны эрдэм мэдлэг эзэмшсэн аавын хүү юм байна гэсэн итгэл ч ярьж байгаа яриа, харилцаж байгаа харилцаанаас эхлээд салбартаа ажилласан ажил амьдралын замналаас нь тодхон харагдаж байна.

 

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож хүний амь аврах нь хамгийн том буян гэж боддог

 

Нийтлэлийн минь гуравдугаар үе бол өмнө хэлсэнчлэн дэд хурандаа Э.Гантөмөр. Ахлах мэргэжилтэн гэх даруухан албыг хашиж байгаа ч түүнээс ч илүү удирдан зохион байгуулах чадвар, мэдлэг ухаан нь сайтар боловсорсон төрийн хүн юм гэсэн бодлыг түүний цэгцтэй яриа, эерэг хандлагаас нь харагдаж байлаа. 

Дархан хотод төрж өсөөд долоон насандаа хотод III-IV хорооллын унаган хүүхэд болон өсч, гоц авъяастны гэгддэг 93 дугаар сургуулийг 1998 онд дүүргэжээ. Төгссөн жилээ МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хуваарь авсан ч багаасаа англи хэл, математикийн онцгой авьяастайн дээр цэргийн хүний зарчимч боловч холч ухаан харагдсан учир аав нь том хүүгээ ерөнхий цэргийн сургуульд оруулахаар өөрөө хөтлөн аваачсан байна. Аавын олж харсан нь буруу байсангүй. Тэр үеийн Батлан хамгаалахын их сургуулиа улаан дипломтой төгссөн хүү нь шинэхэн төгсөгч боловч Сонсголон дахь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид мотобуудлагын салааны захирагчаар томилогджээ.

Шилдэг төгсөгч Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байгаа зураг нь ч түүнийг хэр суралцсан бэ гэдгийг харуулна.

Дэд хурандаа Э.Гантөмөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Батлан хамгаалах академийн харьяа коллежид Ахисан түвшний команд штабын дамжааг дүүргэсэн. Мөн АНУ-ын Калифорнийн батлан хамгаалахын их сургуульд магистр хамгаалсан гээд хэл ус мэргэжилдээ хэнийг ч дагуулахааргүй боловсорч чаджээ."Оюутан ахуйдаа түүхийн нэрт эрдэмтэн Ж.Болдбаатар, эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Ц.Намсрай, хуульч Д.Лүндээжанцан, Ж.Бямбадорж нарын Монголын сор болсон мэдлэгтэй хүмүүсээр хичээл заалгаж байсных" хэмээн багш нараа хүндэтгэн ярьж байна. "АНУ-ын гурван одтой генерал гэгддэг Эрик Вендит багшаасаа амьдралын том туршлага, ухааныг сурсан. Тийм болохоор эзэмшсэн мэдлэг боловсрол минь сайн багш нарын минь л ач. Эрик багш маань хамгийн түрүүнд үүрэг даалгавар чинь. Тэгээд баг хамт олон чинь, хамгийн сүүлд чи өөрөө байх ёстой” гэж бидэнд зааж сургадаг өөрөө ч түүнийгээ яг л амьдрал дээр баталдаг хүн байлаа. Тэр хүнээс энэ албандаа нэр төртэй ажиллахын сайхныг олж харж, үлгэр дуурайлал их авдаг байсан хэмээн ярьж байна. Англи, АНУ-д мэргэжил эзэмшиж, Ирак, Афганистан болон “Хааны эрэлд” гээд энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож явсан байна. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2013-2014 онд Монголынхоо 850 албан хаагчийн хамт цэргийн багийн ажиллагааны офицероор, 2016-2017 онд хүчний штабт ажиллагааны офицероор тус тус амжилттай оролцоод ирсэн нь өөрийгөө тоож, бас ч дотроо бахархаж явдаг нэг том бахархал нь гэж ярив. “Мэдээж цэргийн хүн хатуу үедээ хатуу, зөөлөндөө зөөлөн уян хатан байх нь удирдагч хүний ухаан гэж би боддог. Хамгийн гол нь 850 хөвгүүдээ нэг ч амины гарзгүй эх орондоо бүрэн бүтэн авчирч чадна гэдэг баг хамт олон удирдаж авч яваа хүний хамгийн том бахархал юм билээ” хэмээн ярьж байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн ахисан түвшний боловсрол олгох сургууль (US Naval Postgraduate School) -ийн Батлан хамгаалах судлал (Defense Analysis) тэнхимийн тэргүүлэх эрдэмтэн багш, магистрын сэдвийн мэргэжлийн зөвлөх багш Dr. Doug Borer ийн хамт.

Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод 20 гаруй жил өнгөрч байна. Энэ жил манай улсын 15 дахь ээлж Өмнөд Суданыг зорьж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг чухам яг ямар ач холбогдолтойг иргэд маань тэр бүр сайн мэддэггүй. Цаанаасаа нөхөн төлбөр авдаг юм байна гэж ойлгохоос биш нийгэмд бүтээж байгаа үнэт зүйлийг ойлгох ойлголт харилцан адилгүй байдаг нь нууц биш. Зэвсэгт хүчин яах гэж байдаг юм гэхээр улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах гэж оршин тогтнодог.  Бидний бүтээж байгаа үнэт зүйл үүгээр хязгаарлагдахгүй. Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, хямралт нөхцөл байдалд эгэл жирийн мянга мянган иргэдийн амь насыг авардаг байдлаараа дэлхийн хаана ч үнэлэгддэг болсон байна. Тэр агуулгаар нь бид нийгэмдээ үнэт зүйлээ харуулдаг, ойлгуулдаг байх ёстой. Хувь хүнийхээ хувьд ч хэлэхэд, энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь өөрөөрөө эх орноороо бахархах бахархлыг төрүүлдэг. Хүний амь нас хар, шар цагаан арьстайгаас хамаарахгүй яг адилхан үнэ цэнтэй. Хэзээ нэгэн өдөр бурхны өмнө очиход олон хүний амь нас аварсан гэдгээрээ дэнслэгдэхэд хамгийн том буян болов уу гэж би боддог.

ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн сургалтын удирдлага, зохицуулалтын хэлтсийн Олон улсын сургууль хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Э.Гантөмөрөөс салбартай нь холбоотой зарим асуултад үзэл бодлыг нь сонирхсон юм.

-Нийгэмд байгаа зөрчилтэй ойлголт бий. Жишээ нь, цэргийн хатуу дэгээс  болоод ч юм уу, хүүхдээ цэрэгт явуулахгүй гэдэг хандлага байдаг. Энэ байдлыг та юу гэж хардаг вэ.  Үүнийг өөрчлөхийн тулд ер нь яах ёстой юм бэ?

-Эр цэргийн хүн албанд хүүхдээ явуулахгүй байх хандлага сүүлийн үед эрс багассан. Цэрэгт явуулж эр хүн болгоё гэсэн хандлага ч давамгайлж байгаа гэж би хувьдаа харж байгаа.

Батлан хамгаалахын яам, ЗХЖШ бол нэг нь төрийн захиргааны төв байгууллага, нөгөө нь мэргэжлийн удирдлагын байгууллага. Энэ хоёр байгууллага хоёулаа цэргийн албанд татдаг. Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-ын бодлого, үйл ажиллагаанд хугацаат цэргийн албаны талаар баримталж байгаа олон зорилтот ажил байгаа нь хэр өндөр ач холбогдол өгч буйгийн тод илэрхийлэл гэж харж болно. Залуучуудад мэргэжил олгоё, нийгэмд гараад хэрэгцээ шаардлагатай ур чадваруудыг олгоё гэдэг болсон. Байнгын бүрэлдэхүүн офицер ахлагч нар, цэргийн гэрээт алба хаагчдад тавьж байгаа анхаарал багагүй ч хугацаат цэргийн албанд тавьж байгаа салбарын хандлага илүү болсон гэж боддог.

-Цэргийн дэг гэж зүйл байхгүй болсон уу?

-Жилд хоёр ээлжийн цэрэг татахаа больсон. Зэвсэгт хүчний хувьд жилд нэг л цэрэг татаж байгаа. Бусад дотоодын цэрэг эсвэл Хил хамгаалах ерөнхий газар нөгөө ээлжинд цэрэг татаж байна. Ингэхээр оны ялгаа байхгүй болж байгаа. Эр цэргийн албыг хаах нь монгол эр хүний хуулиар хүлээсэн үүрэг. Тэр утгаараа би үүнийг дэмждэг. Би хоёр хүүтэй, хөвгүүд маань цэргийн насанд дөхөж байна. Хоёуланг нь алба хаалгана, өөрсөдтэй нь ч ярьсан байгаа. Яагаад гэвэл энэ дотор орж байж эх орны төлөө цохилох зүрхтэй болдог. Оюутан цэрэг, дүйцүүлэх гээд өөр аргууд байна. Гэхдээ цэрэг эх оронч сэтгэлгээ баг хамт олон дотор биеэ авч явах, өөрийгөө ямар нэгэн том зүйлийн нэг эд эс гэдгээ мэдрэх гэдэг маш том зүйл. Нөгөө талаар хотын хүүхдүүд хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд хүртэл ойлголцохоо болсон тохиолдол ч бий. Тэгэхээр хүүхдүүд цэрэгт явсан нэг жилд нийгэмшинэ, бусадтай ойлголцож сурна гэдэг том төлөвшлийг олж авдаг. Нэг жил гэдэг хүний амьдралд багагүй хугацаа, үүнийг үр дүнтэй бүтээлч байлгах нь чухал гэдэгт салбарын хувьд багагүй анхаарч байгаа.

Тиймээс аль болох иргэн цэргийн харилцааг идэвхижүүлэх иргэддээ нээлттэй байя. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эргэх гээд ирэхэд нь оруулхаас эхлээд алба хааж байгаа орчин нөхцлийг үзүүлье гэж анхаарч ажиллаж багаа. Бид тэгж байж нийгэмд эерэг талаас нь ойлгуулна.

-Хот, хөдөөгийн хүүхдүүдийн ялгаа гэж ярьсных нийгмийн ялгаа асар их болсон. Гэр хороололд байгаа хүүхдийн амьдралыг гүүрний цаана амьдарч байгаа хүмүүс ойлгохгүй байдалтай болчихлоо. Энэ том нийгмийн ялгаа юунаас болчихов оо. Та социологич хүний хувьд юу гэж дүгнэж хардаг вэ?

Ч.Эрдэнэчулуун:

-Явж явж улс төрийн бодлогын л алдаа. Нийгмийн бүлэг давхаргуудын хувьд хүмүүсийн оюун санааны хувьд эдийн засгийн хувьд асар ялгаатай болчихлоо. Яаж энэ ялгааг ойртуулах вэ гэхээр улс төрөө шударга үнэн, цвээр болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, эдийн засгийн ялгаа их боллоо. Энэ бол тодорхой хэмжээгээр байх ёстой. Гэхдээ хэтэрхий ялгаатай болоод үүгээрээ өрсөлдөөд оюун сэтгэхүй доройтлоо. Хэн хөдөлмөрлөж чадаж байна тэр явна гэдэг хууль байсан. Гэтэл өнөөдөр хэн шударга бус байна, эрээ цээргүй байна тэр бүхэн дээшээ гардаг болчихлоо. Харин нийгмийн сэхээтэнлэг иргэд доогуур ороод ирлээ. Энэ бол аль ч шилжилтийн үед байдаг зүйл. Харин энийг хэр их, бага хохиролтой давах вэ гэдэг нь бодлогын асуудал гэв.

Ийнхүү Чөлөөлөх дайнаар эхэлсэн бидний яриа цэрэг эх орон, энхийг сахиулах үйл ажиллагаа, улс төр, нийгмийн өөрчлөлт, тэр бүү хэл үе хоорондын ялгаа гээд олон сэдвээр үргэлжилсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.