Ц.МЯГМАРБАЯР

 

Сүүлийн үед Засгийн газар төсөв танах тухай  ярьж байна. Гэхдээ хэрхэн шинжлэх ухаанч үндэслэлтэй танах асуудал чухал. Ихэнх нь ялангуяа Төсвийн байнгын хорооны дарга байсан хүмүүс жигд танах тухай ярьдаг. Гэвч жигд танах юм бол зарим нэг үйл ажиллагаанд том доголдол үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр аль хэсгээс үр ашгийг нь бууруулахгүйгээр хэрхэн яаж танах гэдэг нь чухал хэмээн судлаач хэлж байна. Өөрөөр хэлбэл, сул, үр ашиг бага үйл ажиллагаатай хэсгээс танах хэрэгтэй аж. Үүнийг ялгаж, салгах орон зайг судалгаагаар гаргаж тавьсан байна. Одоогийн төсвийн хөрөнгө оруулалтын зарлагын хэмжээг бууруулахгүйгээр хадгалж, үр ашгийг илүү сайжруулах орон зайгаа тодорхойлох нөхцөл  Засгийн газрын өмнө тулгарсан гэж болно. Ер нь төсөвт тодотгол хийхдээ хөрөнгө оруулалтын зардлаа танадаг. Энэ нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж эргээд төсөвт үр ашиг, орлого болж илүү ашигтай байх боломжийг хязгаарладаг. Энэ тухай  “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн дэргэдэх Эрдэм шинжилгээний бага хурлын үер Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар “Хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдвээр хийсэн судалгаандаа онцолжээ. Судалгааны гол агуулга нь  Төсвийн үр ашигтай байдалд, төрийн оролцоо чухал уу, хэмжээ чухал уу. Үр ашигтай, үр дүнтэй байдал, үр ашгийн хэмжээг хэрхэн тооцох, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд юу чухал вэ гэдгийг судалгаагаар үүсгэсэн байна.

 

Сүүлийн таван жилд төсвийн зардлын өсөлт 146 хувьд хүрсэн ч үр дүн муу

 

  Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын өсөлт 2020-2025 онд 146 хувьд хүрчээ. Тодруулбал, төсвийн урсгал зардал 114 хувиар өссөн. Ялангуяа цалин хөлсний зардал 50, бараа үйлчилгээний зардал 30 орчим хувь, татаас, шилжүүлэг 60 хувь өсжээ. Харин сүүлийн таван жилд  хөрөнгийн зардал 33 хувь, үүнээс барилга байгууламжийнх 22 хувь өссөн аж. Тэгвэл энэ хэмжээгээр төсвийн зардлын энэ тэлэлт үр ашигтай байсан уу гэдгийг судлаач олон улсын үнэлгээгээр гаргасан байна. Судалгаагаар дэд бүтэц, зам, барилгад оруулсан төсвийн үр ашиг 60 хувь гэж үнэлэгдсэн хэдий ч боловсрол, эрүүл мэндийн салбарынх хангалтгүй гэсэн үнэлгээг судлаач хийсэн байна. Харин эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилийн зарцуулсан зардал, хөрөнгөөс ч бага зардлаар илүү үр ашигтай байх боломжтой хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч, судлаач Н.Ууганбаатар тодотгож байна. Эцэст нь Засгийн газраас төсвийн зарлагыг танахын тулд төрийн албан хаагчдыг цомхотгох ажлыг эхлүүлээд байгаа. Урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмждэг хөрөнгө оруулалтыг танаж салбар ялгахгүйгээр цомхотгол хийх нь оновчтой хэлбэр биш гэлээ.

 

“Цүнхний уурхайн” лиценз эзэмшигчдийн түүхийг ил болгоно

 

Ерөнхий сайдын захирамжаар улсын хэмжээнд бүртгэлтэй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн тооллого хийхээр болсноо салбарын сайд өнгөрсөн  долоо хоногт мэдэгдээд буй. Тооллого хийснээр ашигт малтмалын лиценз хэрхэн олгогдож, зарагдсан мэдээллийг анхнаас нь өнөөгийн түвшинд хүртэлхийг ил тод болгох юм байна. Тооллогын ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр “Монгол Улсад уул уурхайн лиценз анх ямар үйл явц дунд олгосон. Лицензийн хөдөлгөөнд ямар хүмүүс оролцоотой байсан түүхэн лавлагааг нийтэд ил болгох аж. Түүнчлэн зарим нь ямар үйл явцыг туулж уурхай болсон. Мөн хэнээс, хэн гэдэг хувь хүн, компаниас дамжин уг лиценз зарагдсан. Зарагдсан уурхайн лицензийн улсад төлөх татвар суутгагдсан гээд нэг ёсондоо “цүнхний уурхай”- гэж хэлэгддэг цаасан дээрх уурхайг ил болгох зорилготой. Тусгай зөвшөөрлийн таван хувийг төрийн өмчит компаниуд  эзэмшдэг ч төсөвт төвлөрүүлэх орлого болон АМНАТ-ийн 80 хувийг мөн тэд төвлөрүүлдэг аж. Тодруулбал, хувьд ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрд хэчнээн төгрөгийн татвар төлж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны татвараа төлж байгаа эсэхийг тогтооно. Тооллого зөвхөн  стратегийн ордуудаар хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчид АМНАТ-ын хэрхэн төлж байгааг ил болгож баялгийн санд орж ирэх орлогыг тодорхой болгох юм. Өнөөдөр ашиглалтын 1768, хайгуулын 973 нийт 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 161 (7658)