Рагчаагийн ОЮУН

 

Цэцэрлэгийн хүүхдэд биеийн тамир заана гэдэг хэцүү. Хоёр настай хүүхдүүд яаж алхаж, гишгэх, үсэрч, харайхыг мэдэхгүй. Тиймээс багш хүүхдүүддээ яаж заах вэ гэдэг арга зүйгээ номноос сайн унших ёстой юм билээ. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамт тоглохдоо морь хэрхэн алхахаас эхлээд туулай болж үсэрдэг. Ялангуяа, 2-3 настай хүүхдүүдтэй тоглонгоо суралцах арга их чухал хэмээн ярих энэ бүсгүйг Жамсрангийн Оюунцэцэг гэдэг. Түүнийг есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа зочноор урьж буйгаа хэлэхэд ерөнхий боловсролын 93 дугаар сургуульд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр бүсийн сургагч багш бэлтгэх сургалтад хичээл заагаад завгүй ч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.

Ж.Оюунцэцэг Нийслэлийн хүүхдийн 114 дүгээр цэцэрлэгийн арга зүйч, биеийн тамирын багшаар ажилладаг бөгөөд түүний амьдралын тойргоор аяллаа.

Тэрээр 1973 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Жамсрангийн хоёр дахь охин болон мэндэлж, Төв аймгийн Зуунмод хотын нэгдүгээр цэцэрлэгт Туяа багш дээрээ хүмүүжээд, нэгдүгээр 10 жилд  I-III ангид сураад, IV-X ангиа Багануур дүүргийн 66 дугаар сургуулийн Д.Олзод багш буюу ээжийнхээ ангид бүрэн дунд боловсрол эзэмшжээ. 1995-1999 онд тухайн үеийн сурган хүмүүжүүлэх коллеж буюу цэцэрлэгийн багшийн сургуулийг цэцэрлэгийн багш, арга зүйчээр, 2009-2011 онд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын боловсролын удирдлагаар төгссөн байна.

 

Дөрөвдүгээр ангидаа мэргэжлээ сонгожээ

Аав Л.Жамсран, ээж Д.Олзод, эгч, дүү нартайгаа.

Ж.Оюунцэцэг сургуульд байхын монгол хэл, уран зохиолын хичээлд дуртай байсан бөгөөд дөрөвдүгээр ангидаа монгол хэлний хичээл дээр ирээдүйн мэргэжлийнхээ тухай тодорхойлоход цэцэрлэгийн багш болно гэж бичиж байжээ. Тэр үед цэцэрлэгийн багш болно гэж бодож байсан юм уу гэхэд “Сайн мэдэхгүй байна. Миний ээж багш. Надад цэцэрлэгийн багш нар маань сайхан санагдсан байх. 2012 онд “Зөв монгол” хөтөлбөр хэрэгжихэд эссэ бичлэгийн уралдаанд орж III байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнуулсан. Тэр зохион бичлэгээ би “Миний багш мэргэжилд дуртай болох анхны шат нь дөрөвдүгээр ангидаа цэцэрлэгийн багш болно гэж зохион бичлэг бичиж байснаасаа эхэлж өнөөдөр би цэцэрлэгийн багш болоод явж байгаадаа баярлаж явдаг” гэж бичсэн. Дуртай байсан учраас энэ мэргэжлийг сонгосноос хойш боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна гэж ярих түүний нүдэнд баясал тодорч байлаа.

2001 онд оюутны ширээнээс ирсэн, юу ч мэдэхгүй түүнийг Ичинноров эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн хамт олон угтан авч Монголдоо цэцэрлэгийн биеийн тамирын анхны багшаар ажиллах боломжийг өгчээ. Сагс, волейбол, гимнастикт дуртай түүнийг бурхан харжээ. Спортод дуртай байсан учраас биеийн тамирын багшаар ажиллахыг зөвшөөрч ахмад багш Дэлэг, Бямбаа, Дашцэрэн, арга зүйч Цэцэгээ, Адьяасүрэн, Должин гэсэн энэ сайхан хүмүүс ховор ном олж өгч, зааж сургаж, тусалж дэмжсэн учраас ажиллах эрч хүчээ авсан гэж байв. Мөн Ичинноров дарга нь түүнд итгэл хүлээлгэж компьютерийн сургалтад үнэгүй сургаснаар цэцэрлэгтээ анхны компьютер мэддэг багш болж ирээд багш нартаа сурч, мэдснээ хуваалцсан байна. Оюутны дөрвөн жил биеийн тамир болон арга зүй заасан Эрдэнэчимэг багш нөлөөлжээ. Багшийн заасны дагуу номоо уншаад хүүхдүүдэд сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулж, 2001 оноос Ичинноров, Алтанцэцэг, Сарантуяа, Наранчимэг гэсэн дөрвөн эрхлэгчийн гар дээр өсөж өндийж, хөгжиж явна. Мөн арга зүйч Адьяасүрэн, Цэцэгээ, Хорлоо нарынхаа зааж сургаснаар өдий зэрэгтэй яваа. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд өөрийгөө хөгжүүлж, суралцсаар явна.

Цэцэрлэгийн буюу бага насны хүүхдэд 2-5 насныхан хамрагддаг. Ялангуяа, хоёр настай хүүхдүүд эцэг эхийн гараас нийгэмд хөл тавьдаг. Цэцэрлэг хүүхдэд суурь боловсрол, мэдлэг чадвар, төлөвшил гэсэн гурван цогц чадамжийг өгдөг маш хариуцлагатай боловсрол. Үүнийг өгч байгаа багш нар маш хариуцлагатай, өөрийгөө хөгжүүлсэн байх ёстой. Залуу багш нартаа мэргэжилдээ дуртай, сэтгэлтэй бай. Ингэж чадвал таниас бүх юм гарна. Дуртай, сэтгэлтэй байсан хүнээс ямар ч амжилт, бүтээл гардаг учраас эхлээд мэргэжилдээ дурла. Дурласныхаа дараа сэтгэл гарга. Ингэснээр таны ажил цаашаа явна гэж залуу үеэ зааж, сургаж байна.

 

Хүүхдээр дургүй зүйлийг нь хийлгэж болохгүй

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр бүсийн сургагч багш бэлтгэх сургалтад хичээл орж байна.

Анх цэцэрлэгийн багш болоод яаж ажиллахаа мэдэхгүй, хэцүү байж. Хүүхдүүдээ ээж шиг нь тэврэх гэнэ. Нэгийг нь тэврэхээр бүгд тэврүүлэх гээд уйлна. Үүнийг нь харсан арга зүйч нь “Чи ингэж болохгүй. Номоо унш. Эхлээд хүүхдүүдээ зогсоо. Хүүхдүүд чинь зогсохгүй бол тэмдэг тавь” гэж зөвлөлсний дагуу гурвалжин дүрс эсвэл хүүхдийнхээ дуртай тоглоомыг тавьж туулай дээр хэн зогсох вэ. Энэ туулайнаас баавгай хүртэл гүйе. Надад хамгийн хурдан баавгай авчирсан нь хамгийн мундаг хүүхэд болно. Энэ бөмбөгийг хоёулаа сагсанд хийе гэж хоёр настай хүүхдүүдэд урам өгөхөөс гадна нэг цэгээс нөгөө цэг рүү тоглох дуртай тоглоомоор нь дасгал хийлгэж, алхуулдаг.

Харин гурав, дөрвөн настай хүүхдүүдийн хөгжлийн онцлог өөр. Багшийг хараад даган дуурайх үйлдлээсээ хамтарч хийх үйлдэл рүү ордог. Сааднаас саад руу үсрээд бөмбөг шидүүлж өнхрүүлнэ, мөлхөх дасгалыг үндсэн бүтцээр нь арга зүйгээрээ заадаг. Дөрөв, таван нас хөгжлийн түвшин нь ахисан түвшинд очихоор жагсаал зохион байгуулалт, эмх цэгцтэй, тэсвэр тэвчээртэй байхыг командын аргаар өгөөд “Номхон” гэхэд хүүхэд хэсэг хугацаанд зогсоно. Ингээд үндсэн бүтцээр хөнгөнөөс хүнд рүү сургалтын арга зүйгээр зохион байгуулдаг. Хүүхдүүдээ бэлтгэл бүлгээ төгсөөд явахад нь “Биеийн тамирын багшаа битгий мартаарай” гэхээр “Оюунаа багшийгаа хэзээ ч мартахгүй” гэдэг.

Цэцэрлэгт хүүхдийн хөгжлийн үнэлгээ гэж байдаг ажээ. Энэ нь хүүхдүүдээ ажиглана, судална, тэмдэглэл хөтөлнө. Багш эхлээд хүүхдүүдээ ажиглана. Ажиглахаасаа өмнө гарааны үнэлгээгээ хийнэ. Тухайн хүүхэд ямар түвшинд байгааг нь тодорхойлно. Алхаж чадаж байна уу. Энгийн гүйлтээр гүйж байгаа ч саадыг алхаж чадаж байна уу. Хөгжмийн аяыг сонсож чадаж байна уу. Найзуудтайгаа хамт багаар тоглож чадаж байна уу гэдгийг тодорхойлж чадахгүй байгаа зүйл дээр нь ажилладаг. Хавар, намар алхаж чадахгүй байсан хүүхэд төрөл бүрийн үйлдлээр алхдаг болох жишээтэй. Энд гарааны үнэлгээ их чухал. Дөрвөн түвшин байдаг. Хүүхэд нэгдүгээр түвшинд байгаа ч хоёрдугаар түвшинд хүрэхийн тулд багш ажиллах ёстой. Хүүхдийг алхаж суртал нь багш ажиллана. Алхаж сурсны дараа дараагийн түвшний ажлаа хийдэг байна.

Зөрүүд хүүхдүүдийг эхлээд сургалт, үйл ажиллагаанд оруулахгүй. Өөрөөр нь хүүхдүүдийн хийж байгаа зүйлийг нь харуулаад суулгахад өөрийн эрхгүй бусдыгаа хараад гүйгээд ирнэ. Гэхдээ тэр хүүхэд юун дээр гарч ирж байна. Яг юун дээр энэ хүүхэд оролцоотой болж ирж байна гэдгийг багш ажиглалтаараа харах ёстой. Хүүхдээр дургүй зүйлийг нь хийлгэж болохгүй. Дуртай зүйлээр нь тухайн үйлийг сургах хэрэгтэй. Манай цэцэрлэгийн багш нар бүгд ингэж ажилладаг. Хүүхдээ бие хүн болоход нь эцэг эх багшдаа яаж дэмжлэг үзүүлэх вэ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг багшид хэлж хамтраад явахад хүүхэд сайн хөгжинө. 

 

Хүүхэд суурь төлөвшлөө цэцэрлэгээс авдаг

 

Цэцэрлэгийн багш хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө хүүхдийг мартаж өглөөнөөс орой хүртэл ажиллана. Ж.Оюунцэцэг багш хүүхдүүдийнхээ хичээлийн нээлтэд очиж үзээгүй гэж байв. Тэрээр хүүхэд суурь төлөвшлөө цэцэрлэгээс авдаг болохоор бүх багш түмний хүүхдийн төлөө бүхнээ зориулсан. Ялангуяа, хоёр настай хүүхэдтэй бага ангийн багш нарыг харахаар өрөвддөг. Бүх хүүхдээ хооллож дууссаны дараа хөрсөн хоол иддэг. Хоёр настнууд бүгд уйлна. Живхнээсээ салаагүй хүүхдүүдийг живхнээс нь салгахын тулд 00-д суулгаж сургана. Гар угаах анхны дадал суурь, технологийг эзэмшүүлнэ. Унтахаас нь эхлээд хувцсаа яаж эвхэж, өмсөх дарааллыг цэцэрлэгийн багш, багшийн туслах хоёр олгодог, хүнд ажил. Багш нарыгаа эхлээд мэргэжилдээ дурлаад юмыг хийхдээ амархнаар бодож хийж бай. Амархнаар хийхийн тулд ямар аргаар хийх вэ гэдгээ бодож, төлөвлөөд хийхэд амархан байдаг. Мэдэхгүй бол гаргалгааг нь гаргаж өгөөд хамтарч хийдэг. Ер нь хүнтэйгээ тулж ажиллах дуртай. Чадахгүй байгааг нь чадуулахын төлөө тусалж, дэмждэг гэсэн юм.

Дан ганц хүүхдүүдээ хөгжүүлэхээс гадна цэцэрлэгийнхээ багш, ажилчдыг шугаман бүжгийн уралдаанд бэлтгэнэ. 2013 онд цахим гимнастрада тэмцээнд цэцэрлэг нь “Золбоо” бүжгээр хоёр, өглөөний дасгалаараа тэргүүн байрт оржээ. Мөн багш нараа дасгал хөдөлгөөн хийхэд нь анхаарна. Өдрийн 14:00-15:00 цагийн хооронд багш, туслах багш нарт хуваарь гаргаад 30 минут дасгал хөдөлгөөн хийлгүүлнэ. Багш, ажилчдынхаа дунд спортын олон уралдаан тэмцээн зохион байгуулна. Нийслэлийн хүүхдийн цэцэрлэг 25 багш, 22 бүлэгтэй. Сайн залуу багш нар нь цалингаа голоод гардаг. Мэргэжилдээ үнэнч, ахмад багш нар үлдэж байгаа. Ер нь залуу боловсон хүчин ховордох гээд байна. Тиймээс залуу боловсон хүчинг нийгмийн асуудал дээр нь тогтоохгүй бол ялангуяа, биеийн тамирын эрэгтэй багш нар их гарч байна. 1.5 сая төгрөгөөр гэр бүлээ авч явж чадахгүй учраас сайхан мэргэжилтэй залуучууд өөрийн эрхгүй ганзагын наймаа хийх эсвэл гадаад руу явж байгаад харамсдаг. Улс маань боломжоороо багш, ажилчдын цалинг жаахан л нэмээд өгвөл боловсролын салбар руу хүмүүс орж ирнэ гэж байлаа.

 

Хүүхэд гимнастикаар дамжуулаад 25 дасгал буюу 260 элемент хийдэг

Ж.Оюунцэцэг багшийн нэг давуу тал нь 2002 оноос бага насны хүүхдүүдийг хөгжимт гимнастикийн дугуйлан хичээллүүлээд 25 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Сонгинохайрхан, Баянгол дүүрэгтээ таван насны 670 шавьтай болж уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт орно. Түүнээс гадна эхний шавь нар нь том болж дүү нараа авчирч сургаж байна. Өнгөрсөн жил Баянгол дүүрэгтээ нэгдүгээр байр, Азийн аваргаас тусгай байр, “Шилдэг хэмнэл” номинацийн эзэд болсон байна. Гимнастикийн тэмцээнд оролцоход хувцас, техник хэрэгсэл, хоол унд, аав ээжүүдийн дэмжлэг их чухал. Хүүхэд гимнастикаар дамжуулаад 25 дасгал буюу 260 элемент хийдэг. Гимнастик хүүхдэд танин мэдэхүй, бие бялдар, төлөвшил гэсэн суурь чадварыг зэрэг өгдөг. Танин мэдэхүй нь дасгал хөдөлгөөнийг цээжилж, хөдөлгөөний эвсэл, хурд хүч, тэсвэр хатуужлыг гимнастикаар дамжуулж өгдөг болохоор энэ дугуйланг хичээллүүлэх дуртай гэж байв. Цэцэрлэгийнхээ бэлтгэл бүлгийн 200 гаруй хүүхдээс сонгон шалгаруулалт хийж 40-ийг нь авдаг ч 30 нь үлдэж гурван сар хичээллэсний дараа эрэгтэй 15, эмэгтэй 15 хүүхэдтэй тэмцээнд оролцдог байна. 

Нийтлэлийн баатар маань “Хүүхдүүдтэй ажиллах сайхан. Тэд цагаахан цаас. Илүү цагаа гимнастикийн хүүхдүүдтэй өнгөрүүлдэг болохоор “Оюунаа багшаа” гээд найз шиг харьцдаг. Дасгал болгоныхоо дараа өнөөдрийнхөө ажлыг дүгнэнэ. Хүүхэд дасгалаа буруу хийвэл алдааг нь хэлж өгөөд гарахдаа “Багш нь чамайг ийм дасгалыг сайн хийлгүүлж, мундаг болгох гээд жаахан загнасан бол уучлаарай” гээд тэвэрдэг. Манай хүүхдүүд ч тэврүүлдэг. Ингэж хэлэхэд хүүхдүүд маань айдасгүй болдог. Гимнастик тэсвэр хатуужил, тэвчээр шалгасан спорт. 260 элементийг нэг зэрэг нэг аянд хийнэ гэдэг агуу хөдөлмөр. Эцэг эх, ах дүүс нь тэмцээнийг нь үзээд “Би хүүхдээ ийм мундаг гэж бодоогүй. Ямар мундаг юм бэ” гэдэг. Эцэг эхчүүдийн баярлаж байгаа, баярласан сэтгэл миний ажлын үр дүн. Хүүхдүүдээ тэмцээний талбайд гарахаар миний шар үс босож, морь уядаг хүн шиг догдолдог. Шагналаа авахдаа хүүхдүүдтэйгээ адилхан баярлаж, цуг уйлдаг. Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг гэж цоллуулахад миний хамт олон, цэцэрлэгийн нэр гарахад их бахархдаг” гэсэн юм.                        

Тэрээр цааш нь “Арга зүйчийн хувьд багш нартаа арга зүйн дэмжлэг үзүүлж, чиглүүлнэ, хамтарч ажиллана. Биеийн тамирын багш хүүхэдтэй ажиллаж, тэдний бие бялдрын хөгжилд анхаарна. Хоёр наснаас нь хүүхдүүддээ багш нар маань өглөөний дасгал, биеийн тамирын хичээлээрээ дасгал хөдөлгөөнөө заана. Миний зохиосон дасгалаар хүүхдүүд маань уралдаанд оролцдог. 2024-2025 оны хичээлийн жилд Баянгол дүүргийнхээ биеийн тамирын багш нарт сайн туршлагаа түгээжээ. Үүгээр ч зогсохгүй нийслэлийн биеийн тамирын мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүн, Баянгол дүүргийн мэргэжлийн хөгжлийн дэмжлэгийн багт ажиллан залуу багш нарт өөрийн мэдэж байгаа арга зүйгээ хуваалцаж, гарын авлага, товхимол хэвлүүлэн тараадаг.

Адьяасүрэн эрхлэгч намайг 2008 оноос илтгэх урлагт оруулсан. Илтгэлийг ямар бүтцээр бичдэг, яаж унших, илтгэх ур чадвараа хэрхэн  хөгжүүлэх вэ гэдэг арга барилын анхан шатны суурийг энэ хүн тавьсан. Эрхлэгчтэйгээ хоёулаа хонон өнжин илтгэлээ бэлдэж тэр жилдээ Баянгол дүүргийнхээ аварга болж байлаа. Одоо ч гэсэн Баянгол дүүргийнхээ 114 дүгээр цэцэрлэгийн багш нарын илтгэлийн уралдаанд чиглүүлэгч багшаар оролцдог. Багш нар маань дүүрэгтээ эхний гурван байр, 2014 онд хоёр багшаа бэлдэхэд дүүрэг, бүсээсээ шалгараад нийслэлд тусгай байр эзэлсэн. XXI зууны багш болохын тулд өөрийгөө сайн хөгжүүлж контент боловсруулсан. Youtube-т Оюунцэцэг гэсэн сувагт миний дасгал хөдөлгөөн, зөвлөгөөг 4000 гаруй хүн үзсэн. Үүний үр дүнд 2013 онд нийслэлийн хэмжээнд “Цахим контент бүтээгч багш”, 2025 онд нийслэлийн “Зөвлөгч багш”-аар шалгарч нэг сая төгрөгөөр шагнуулсан амжилттай ажиллаж байна. Энэ ажлыг маань үнэлээд “Арга зүйч” тэмдэг, “Багшийн алдар”, боловсролын “Жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” болсон гэв.

 

Сайн ажиллахад ар гэр их нөлөөлдөг

Нөхөр, хоёр хүүхдийн хамт.

Аав Л.Жамсран нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, хурандаа цолтой, 40 жил цэргийн байгууллагад удирдах ажил хийсэн, аймгийн арслан цолтой, спортын бүх төрлөөр хичээллэдэг байсан гэв. Харин ээж Д.Олзод нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, физик, газар зүйн багшаар 38 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Аав ээж хоёр нь 80 гарсан буурайнууд Багануур дүүрэгт амьдарч байгаа аж. Түүний ээж гавьяаныхаа амралтыг авсан ч Багануур дүүрэгтээ ахмад багш нарын бүлгэм байгуулаад ахмад багш нартайгаа хамтран хичээлээс завсардсан, хоцорсон хүүхдүүдэд тусалдаг байна. Аав ээжийн ажилч, хичээнгүй, нямбай зан үр хүүхэд, ач, зээ нарт нь өвлөгджээ. Ялангуяа, нямбай, чин сэтгэлээсээ хий гэсэн суурь төлөвшлийг эцэг эх нь өгсөн учир ажилдаа дурладаг гэсэн.

Аав нь хөдөлмөрч, спортлог хүн. Ширээний теннисийн мастер, насаараа цэргийн байгууллагад ажилласан болохоор дэг журамтай, мэдрэмжтэй. Шинэ жил болгоноор өвлийн өвгөн болж бүх хүүхдэдээхэзээ ч давтагдахгүй дөрвөн мөрт бичиж баярлуулна. Ийм сайхан гэр бүлд төрж, өссөн болохоор өдий зэрэгтэй яваа аж. Тэрээр нэг эгч, гурван дүүтэй. Эгч нь хоёр жилийн өмнө өвчнөөр өнгөрчээ. Нөхөр Я.Батбаяр нь Завхан аймгийн уугуул. Геологич, өрмийн мастер, хувиараа бизнес эрхэлдэг. Цэцэрлэгийн багшийн ажлаа сайн хийхийн давуу тал нь сайн хань байдаг. Охин нь МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Ирланд улсад олон улсын мэргэшсэн нягтлан бодохын магистраар суралцдаг. Харин хүү нь МУИС-ийн андрплогийн гуравдугаар курст орно. Энэ зун АНУ-д солилцоогоор ажиллаж байгаа гэв.

Энэ хорвоод төрүүлж өсгөсөн аав ээждээ талархаж, хайр хүрдэг. Аав ээж хоёр минь 80 гарчихлаа. Тусалж чадахгүй юмаа гэхэд гомдоочихгүй юмсан. Ачийг нь хариулж чадахгүй ч “Миний охин ийм мундаг байгаа юм байна шүү” гэдгийг ажил үйлсээрээ харуулахыг хичээдэг. Мөн сайхан ханьдаа, хоёр хүүхдэдээ, мөр зэрэгцэн ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ичинноров, Алтанцэцэг, Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Сарантуяа, Наранчимэг, хамт ажиллаж байсан арга зүйч нар, хамт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа багш нартаа, Сонгинохайрхан дүүрэгт хамтарч ажилласан хөгжмийн багш Энхсайхандаа баярлаж явдаг шүү гэдгээ “Зууны мэдээ” сониноор дамжуулж хэлье. Та нараараа үргэлж бахархаж, та нарынхаа итгэл найдварыг алдахгүй ажиллаж байна. Бүгдэд нь шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 161 (7658)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.