Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр буюу дотуур байрны асуудлыг хөндсөн. Учир нь Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар санал авсан. Үүнд 178.655 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн иргэдийн олонх нь ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвийг түлхүү зарцуулах, төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, санал асуулгад оролцогчдын 115.336 нь Улаанбаатар хотын иргэн байгаа юм. Тэгвэл тэд ирэх онд ямар төрлийн хөрөнгө оруулалтыг шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болно гэж үзсэн бэ гэхээр 140.983 иргэн соёлын төвийн барилга, 76.928 иргэн дотуур байрны барилга болон засварын ажилд, 33.372 иргэн сургуульд саналаа өгчээ. Гэвч нөгөө талдаа орон нутагт малчдад тулгамдаж буй асуудал нь хүүхдийн боловсрол байгаа юм. Эл асуудлыг шийдэхэд сургуулийн дотуур байр чухал. Тиймээс ирэх онд сургуулийн дотуур байрны засвар болон барилгын ажлыг яагаад зогсоож болохгүй талаар тус нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ удаа эрх баригчид уг асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
П.Наранбаяр: 2026 оны төсвийн саналд дотуур байр барих нийт 24 төсөл, арга хэмжээний санал хүргүүлсэн
Ирэх оны төсвийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Боловсролын яам түүнээс өмнө эл асуудлыг хэрхэн шийдэхийг тодорхой болгосон байх ёстой. Тиймээс Боловсролын сайд П.Наранбаяраас энэ талаар тодрууллаа.
-2026 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авсан. Ямар төрлийн хөрөнгө оруулалтыг ирэх онд шинээр эхлүүлэхгүй тэвчиж болох вэ гэдэг дээр 76.928 иргэн сургуулийн дотуур байр гэдэг саналыг өгсөн байсан. Тэгвэл иргэдийн уг саналыг харгалзан үзэж төсвөөс энэ төрлийн бүтээн байгуулалтын ажлыг зогсоох уу?
-Монгол Улсын Засгийн газраас жил бүр төсвийн төсөлдөө иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг тодорхой хэмжээнд зохион байгуулсаар ирсэн. 2026 оны төсвийн төсөлд санал авах ажлыг цахим платформ буюу e-mongolia цахим систем ашиглаж, салбар бүр тухайлан хэлэлцүүлэг зохион байгуулж, цахимаар санал авах зэргээр зохион байгуулсан нь илүү өргөн хүрээтэй ажил болж өнгөрлөө. Манай яамны хувьд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаас гадна ebudget.edu.mn цахим системээр дамжуулан хөрөнгө оруулалтын төлөвлөж буй бүх төсөл, арга хэмжээ нэг бүрээр иргэдээс санал авсан. Засгийн газраас зохион байгуулсан олон нийтийн саналд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэдэг асуултад боловсролын салбар 105.295 иргэний санал авч хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь манай салбарт төсөв нэмэгдүүлэх болон хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага байсаар байгааг харуулж байна.
Дотуур байр хэрэггүй гэдэг асуудлын тухайд санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх олонх нь хот суурин газраас өгсөн нь харагдсан. Тэгэхээр Монголчууд бид бие биенийхээ нөхцөл байдлыг ойлгодоггүй нь харагдаж байна. Хэрвээ орон нутагт дотуур байр байхгүй бол иргэд сургуулийн насны хүүхдээ аваад хот суурин бараадна. Асуудал үүнээс л эхэлдэг. Олон нутгаас сонгогдсон УИХ гишүүдийн санал хүсэлтэд дотуур байрын асуудал эн тэргүүнд тавьдаг. Тэгэхээр ард түмний төлөөлөл болж сонгогдсон гишүүд маань тэдний дуу хоолойг л хүргэж байгаа гэж харж байна.
-Ирэх жил хэчнээн суманд дотуур байр шинээр барихаар төлөвлөсөн бэ. Үүнд хэчнээн төгрөг зарцуулах вэ.
-2026 оны төсвийн саналд дотуур байр барих нийт 24 төсөл, арга хэмжээний санал хүргүүлсэн. Үүний 22 нь шилжих төсөл, арга хэмжээ буюу одоо хэрэгжиж байгааг үргэлжлүүлэх, шинээр хоёр төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Эдгээрийн төсөвт өртөг 119.4 тэрбум төгрөг, 2026 ондоо санхүүжүүлэх дүн 57.0 тэрбум төгрөг байгаа.
-Дотуур байрны өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Зарим аймгийн төвд дотуур байрны өргөтгөл барих хэрэгцээ шаардлага үүсээд олон жил болж байгаа. Эдгээр асуудлыг шийдэх боломжтой юу?
-Газарзүйн мэдээллийн систем болон хүн амын өсөлтийн тооцоололд үндэслэн гаргасан төлөвлөлтөөр ирэх онуудад шинээр нийт 17 дотуур байр барих хэрэгцээ шаардлагатай гэж гарсан. Үүнээс 2026 ондоо хоёр дотуур байрыг барихаар төсвийн төсөлд тусгаад байна. Өргөтгөл барих асуудлыг энэ мэтчилэн бид үе шаттай хэрэгжүүлнэ.
-Дотуур байрны хувьд 75 хувь нь дотор, 30 орчим хувь нь гадна бие засах газартай бөгөөд тэдгээрийн суудлын хүрэлцээ, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл харилцан адилгүй байна. Мөн чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх өрөө танхим нь 60 орчим хувь нь хангалттай гэсэн мэдээлэл байна. Тэгвэл ариун цэврийн өрөөний стандартыг хангуулах тал дээр ямар бодлого баримталж байна.
-Манай яамнаас ганц дотуур байр гэлтгүй гадна бие засах газартай боловсролын сургалтын байгууллагуудыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох төслийг 2021 оноос Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Нийт 17 аймгийн 294 сумын 795 барилгад орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүнд нийт 246 дотуур байр хамрагдаж байна.
-Малчин өрх цаашлаад бүсчилсэн хөгжлийн бодлогод сургуулийн дотуур байр чухал. Энэ асуудалд Сайдын зүгээс ямар бодлого баримтлах вэ. Таны хувьд төсвийн төсөл дээр ямар байр суурьтай байна. Иргэдийн эдгээр саналтай санал нэг байна уу?
-Сургуулийн дотуур байр чухал асуудал. Нэн ялангуяа бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан төрөлжсөн ахлах сургууль байгуулах зэрэг бодлого хэрэгжүүлэхэд дотуур байрны төлөвлөлт чухал юм. Манайх шиг нүүдэлчин соёл иргэншилтэй, өргөн уудам газар нутагтай улсад малчдын хүүхдүүдийг сургуульд хамруулах гол нөхцөл бол шаардлага хангасан, тохитой тухтай дотуур байртай байх юм. Улсын хэмжээнд байгаа нийт 526 дотуур байранд 27.359 малчдын хүүхдүүд хамрагддаг. Дотуур байрны асуудал түлхүү хөдөө, орон нутагт байгаа иргэдтэй хамаатай. Төсвийн олон нийтийн саналд оролцсон нийт иргэдийн 61.3 хувь нь Улаанбаатар хотын иргэд байсан тул дотуур байрыг хэрэгцээгүй гэж санал өгсөн гэж дүгнэж болно.
Дөрвөн ортой өрөөнд наймуулаа амьдарч байна
Дотуур байр бол малчны хүүхдийг сургах хамгийн найдвартай орчин. Тэр ч утгаараа 24 цагийн харуул хамгаалалт дор, ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангасан байх ёстой. Гэвч бодит байдал дээр дөрвөн ортой өрөөнд наймуулаа амьдарч байна. Тодруулбал, Увс аймгийн Зүүнговь сумын сургууль 320 хүүхдийн чадалтай ч өнөөдөр 620 гаруй хүүхэд тус сургуульд суралцаж байна. Харин дотуур байр нь 150 хүүхдийн хүчин чадалтай ч 200 гаруй хүүхэд амьдарч, ачааллаас үүдэж нэг орон дээр хоёроороо унтаж байна. Энэ талаар Зүүнговь сумын тамгын газрын дарга Цээлэйнамсан “Манай сум эрэгтэй, эмэгтэй тусдаа хоёр дотуур байртай ч ая тухтай амьдрах орчин нөхцөл тааруу гэж хэлж болно. 50 хүүхдийн хүчин чадалтай эрэгтэй хүүхдүүдийн дотуур байр 1950 оны үед баригдсан. Гал тогооны барилгын дээврээс ус алдаж, дотор, гадна ханын шавар болон эмульс халцарч дулаан алдаж, хүүхдүүд гадуур хувцастайгаа өвөлждөг байсан. Тиймээс засвар хийлгэмээр байна гэж удаа дараа санал, хүсэлт өгсний эцэст Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд байр болон гал тогооны барилгад 706 сая төгрөгийн засвар хийсэн. 100 хүүхдийн хүчин чадалтай эмэгтэй хүүхдүүдийн дотуур байр 2008 онд ашиглалтад орсон. Гэхдээ энэ хоёр дотуур байр хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. 150 хүүхдийн хүчин чадалтай байранд 200 хүүхэд амьдрахаар нэг орон дээр хоёроороо унтахаас өөр аргагүй байдалтай байна. Манай суманд 250 хүүхдийн дотуур байр барих шаардлага байна. Тиймээс дотуур байр, сургуулийн барилгын асуудлыг төсөвт заавал суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Төсвийн төсөлд санал авахдаа цахимаар санал авсан. Мэдээ мэдээллээс хол хөдөөний иргэд үүнд саналаа өгөөгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Дотуур байранд сурагчид аюул ослоос хол аж төрдөг. Гэвч хүрэлцээгүй байдлаас үүдэж айлд суух, гэр барьж амьдарснаар хүүхдүүд гэмт хэрэгт өртөх магадлал өсдөг байна. Мөн сумын төв дээр хүүхэд харах асуудлаас болж малчин өрхүүдэд салалт үүсдэг гэдгийг малчид хэлж байлаа. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дотуур байртай холбоотой төсвийг хамгаалж, хасуулахгүй гэдгээ хэлсэн юм. Энэ тухайгаа “Сумаас аймгийн төвд, аймгийн төвөөс Улаанбаатар хотод ирж суралцаж байгаа хүүхдүүдийг дотуур байраар зайлшгүй шаардлага үүссэн. Өнгөрсөн оны статистикаас харахад 4700 орчим хүн хүчирхийлэлд өртсөний 3000 гаруй нь бага насны хүүхэд байсан. Тиймээс дотуур байрны зардлыг хасах ёсгүй. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсвөө хамгаална. Өөрөөр хэлбэл, дотуур байрны зардлыг тэвчиж болох зардал гэж үзэж болохгүй. Цаашлаад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дотуур байрыг тусад нь барих хэрэгтэй. Ингэснээр дотуур байранд гарч буй хүүхдийн хүчирхийлэл буурна” гэсэн юм.
Мөн сонирхуулахад, Мэнэнгийн отрядад багийн цэцэрлэг, бага сургууль байгуулснаар хилчдийн болон малчдын балчир хүүхдүүд гэрээсээ боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн. Энэ нь хилчид болон малчид хүүхдээ сумын болоод аймгийн төвд үлдээдэг байсан цагийг халсан байна. Хүүхдүүд сургуульдаа гэрээсээ явснаар гэр бүлийн уур амьсгал, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх зэрэг амьдралд нь маш олон эерэг өөрчлөлийг авчирсан тухай тус сургуулийг үүсгэн байгуулагч Л.Лхагвасүрэн ярьсан юм. Тэрээр “Хөдөө орон нутагт, ялангуяа малчин өрхийн хувьд айлын эзэгтэй нь хүүхдээ сургуульд сургахын тулд сумын төв рүү хамт явчихдаг. Эзэн буюу аав нь гэртээ үлддэг. Жилд хичээлийн 194, амралтын 60 өдөр буюу 250 гаруй хоног тэр гэр бүл хамт байж чаддаггүй гэсэн үг. Харин багт нь бага сургууль байгуулж өгснөөр малчдын хүүхэд гэр бүл болон мал ахуйгаасаа холдолгүйгээр суралцах, гэр бүл нь аж ахуйн ажил, өрхийн орлогоо орхилгүйгээр хүүхдээ сургах боломж бүрдсэн. Өмнөх онуудад жилдээ 4, 5 хүүхэд л сурч байсан бол энэ хичээлийн жилд 15 хүүхэд суралцаж байна. Үүнээс хэрэгцээ, хөгжил нь харагдаж байгаа юм” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 158 (7655)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.
“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn