Т.САЙХАН

 

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж, Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.  Өвлийн бэлтгэл ажлын талаар хүмүүсийн байр суурийг хүргэе. 

 

Бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглов

 

Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон гэлээ. Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлж байна.

 

Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана

 

ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: -Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна. Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй  ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна. Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр  312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8  мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан гэлээ.

 

Улирлын томуугийн вакцины 300 мянган хүн тунг худалдан аваад байна

 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: -ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300,000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан. Эхний ээлжийн 135,000 хүн тун томуугийн вакциныг ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165,000 хүн тун вакциныг есдүгээр эхний хагаст хүлээн авахаар төлөвлөсөн.  Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, нөхөн дархлаажуулалтад 10 сараас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна.  Отор нүүдлээр бусад аймгийн нутагт амьдарч буй иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлийг аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна гэлээ.

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

 

-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны арвандугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна. Тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар: -Хоёр сарын өмнө Засгийн газар байгуулагдаж, холбогдох сайд нарт өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврыг өгсөн. Ихэнх нутгаар зуншлага тааруу, гандуу байна. Цаг уурын байгууллагаас энэ өвөл хатуухан өвөл болох эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Тиймээс зуны сар шувтарч, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. Өнөөдөр гэнэтийн шуурхай хурал зарлаж, шалгаж байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц, хангамжид онцгой анхаарах шаардлагатай байна. Ган, зудын эрсдэлтэй аймаг, сумдад мах бэлтгэлийн ажлыг оновчтой зохион байгуулж, агуулах болон нөөцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх зэрэг намрын ажлуудаа цаг хугацаандаа сайн хийж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаахыг дахин анхааруулж байна. Олон улсын нөхцөл байдал болон дотоодын хангамжийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-аас нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийн асуудал үүсэж, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй байгаа. ОХУ-ын Рофнефть компанийн Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орж, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, салбарт үүссэн аймгуудын асуудлыг шийдвэрлэнэ. Ирэх Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгож байна. Могойн голын уурхайтай холбоотой асуудлыг Г.Дамдинням сайд ажиллаж, танилцуул. Хүмүүсээ явж ажлаа хий. Булганы Засаг даргын ярьснаар уурхайнууд, цахилгаан станц дээр үүссэн өр төлбөрийн асуудлыг Сангийн яамнаас танилцуулмаар байна. Эрчим хүчний салбарын их засвар, техник, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж, үр дүнг танилцуулж байхыг салбарын сайдад даалгаж байна. Өвлийн оргил ачааллын үед 15 хоногийн түүхий нүүрсний нөөц бэлтгэх, Бөөрөлжүүтийн хоёрдугаар блокыг хугацаанд нь ашиглалт оруулах шаардлагатай. Түгжрэлийг бууруулах бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлмээр байна. Нэг ч хүүхэд зам тээврийн аваар осолд өртөхгүй байх үүднээс анхаарч ажиллах ёстой. Хотын зоорины хүчин чадлыг нэмэгдүүлэх анхаарах хэрэгтэй. Бид ирэх долоо хоногоос хөрөнгө хураах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өрөнд хураагдсан объект болон авлигын, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгө хураах ажлыг АТГ-тай хамтран зохион байгуулна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 152 (7649)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.