Номын өмнө өчүүхэн өгүүлэх нь:
-Түмэндэмбэрэлийн Батчулууныг анх “Уурхайчин” соёлын ордны чөлөөнд харсан юм. Туранхайдуу, нуруулаг, нухацтай хэв байдлаасаа уулс нутгийн хүн болох нь аяндаа мэдэгдсэн билээ. Эрдэнэт хотноо ажлын зараал оноолоор хоёр жил суурин суух завшаан надад тохиолдсон юм. Энэ цаг хугацаанд онц дотно нөхөрлөж, улмаа үргэлжийн анд нөхрийн сэтгэл-чулуу тулгалсан хүмүүс юм, бид. Манай Т.Батчулуун романтик бадрангуй, халуун сэтгэлтэй, алив буруу боолхойд асар харшилтай, дотоод хүн мөн чанарын нь эв тэнхлэг шударга үнэн, чигч зарчимд суурилдаг эр. Ханхөхий нутгийн цэнгэг агаар, уулсын буданд төрж өссөн хүний заяамал шинж, дамаан туждаа зөв амьдарч, энх үйлд эрхэмлэсний нь илэрхийлэл л дээ. Т.Батчулуун шатар тогломтгой. Байсхийгээд л шатар өрсөн сууна л гэдэг. Сэтгэл бодлоо ажилдаа, амьдралын бусад олон зүйлд чилээмтгий. Гэвч тэдгээрт үл туядах бөгөөд хэзээний л бүтээсэн, амжуулсан байна. Ер нь аливаад түүртэхгүй, сэтгэл бодлоо чөлөөлж, хүн ариун сэтгэлийнхээ гал цогийг тэтгэмтгий байдаг сайхан чанар түүнд бий. Шатар тоглож суухдаа шүлгээ бодож байх шигээ харагддаг. Цэц танхалсан монгол шүлгийг тэр маань урлаж гэмээнэ урлаж чаддаг л даа. Т.Батчулууны үүтгэсэн, өөртөөн бий болгосон зөвийн зөв нь гэгээн сэтгэл, чинад шударгуу аж төрөхүй юм. Энэ бол түүний оюун санааны тэнхлэг ширээгдлээ үл ганхах суудал олуулсанд байгаа юм. Төрөлхийн гүн зөн билэг, ирэх цаг, ирээдүйг ажих, амьдралын холч дотоод гүн нарийн хар ухаантай. Энэ ухаан бол оюун санаанд нь их дээр дээдсээс өгөгдсөн нандин болоод хосгүй өв. Үгийн шид хүч, түүнээр итгэмжлэн, зам мөрийн сайныг, ажил үйлсийн зөвийн зохионгуйг хурайлж олох, элбэн тэтгэх нэг тийм нууц гэмээр, хүмүүст нээдэггүй, нээх ч шаардлагагүй авьяасын барамид түүнд байдаг. Чухамдаа энэ авьяас хишиг нь зөвд, үнэнд, ариун итгэл үнэмшилд цорвотойн тул Т.Батчулууны ажил үйлс өөдрөг, бас тэмүүлэл төгс байдаг нь анзаарагддаг. Тэрбээр үргэлж уншина. Алив нэг өөрийн шимтсэн ойлголтдоо бүрэн дүүрэн мэдлэгжих, хэлбэрэлтгүй туйлт үзэл санааг олох бол түүний эрдэм. Тийм учраас олон талаас уншина. Тэр тусмаа гүн ухаан, цаад шимэгдсэн утгыг эрж, өөртөөн оршоох хүсэлдээ тун захирдамтгай байдаг нь нэн олзуурхам. Т. Батчулууны амьдралын зам бол Эрдэнэт үйлдвэрийн амьдралын зам юм. Эрдэнэт үйлдвэр бол Монголыг тэжээгч, Монголыг ивээгч байсаар ирлээ. Байсаар ч байх нь дамжиггүй. Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган ажилтны нэг нь Т.Батчулуун бөгөөд бор уулын минь хишиг, бор уулын минь буян хэмээн ажил үйлдээ сүсэлж, энэ л итгэл үнэмшил, эе дулаан хандлагаар өөрт ноогдсон үүргээ нэр төртэй, биелүүлсэн шиг биелүүлж ирсэн хүн. Т.Батчулууны ажил үйлс бол Эрдэнэт үйлдвэрээ сурталчилах, уурхайчин зоноо алдаршуулан магтах, их тэмүүлэл, бүтээн байгуулалтад уриалан дуудах, урамшуулах, хүсэл бадралыг нь ард түмэнд, монголчууддаа ойлгуулан уудлахад бүхий л дайчлалаа зориулсанд юм. Тэр бол бүтээн байгуулалтын сэтгүүлч, бүтээн байгуулалтын төлөөх үйлсэд ухуулан сэнхрүүлэгч, ажил хөдөлмөрийн аваргуудыг төрүүлсэн, төрүүлэлцсэн уран бүтээлч юм. Т.Батчулууны авьяас билиг, үзэгний үзүүрээр олон олон уурхайчид, олон олон хөдөлмөрийн баатрууд, гэгээн бүтээмжтэнүүд хөрөглөгдөн, найруулал, тэмдэглэл, сурвалжилга болон түмэн олноо толилуулагдсан цул бүтээлийн чуулганы өмнө эрхэм нөхрийн тухай цөөн үг учирлаж байгаа нь энэ болой. Т.Батчулууны маань ажил амьдарлын бүхий л зам харгуй гагцхүү хүнд урам өгөх, сэтгэлийн баяр жаргалан бэлэглэх, бусдын сайн сайхнаар бусад олон нь тэтгэгдэх, үлгэр авах, залгамжлан бүтээхүйн их үйлсийн үргэлжийн гагнаа бэхэлгээ, жинчлэлийг туурвин бичиж, бүтээн тунхагласныг энэ ном бэлхнээ дэлхэн үзүүлж байна бус уу. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л зүрхний цохилгоо, эгшин хормуудын бүтээмж, уурхайчдын жаргал зовлон, амьдралын үнэн мөн, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл энэ бүхний дунд тус үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албаны баг хамт олон үргэлж явж ирсэн бөгөөд тэргүүн тугч, эдүгээ ахмад нь Т.Батчулуун маань билээ. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн бүхий л захирлуудтай хамтран ажиллаж, Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг, Ц. Даваацэрэн, Х.Бадамсүрэн, Г. Ёндон гээд бүгдийн нь зүрхний үг, хийсэн ажлыг олонд таниулахын оройд Т.Батчулуун ажилласан нь үнэн юм. Нэг юмны араас явсан бол гараасаа гаргаж байж салдаг нь түүний араншин. Их махруу. Тун зүтгүүр. Амьдрал дээрээ ч Т.Батчулуун маань их дүнэгэр хүн. Олонтой, найз нөхөддөө тустай. Дэмтэй. Сэтгэл санаагаа зориулсан шиг зориулна. Зөвийн төлөөх зориг эрмэлзэл нь тун шазруун. Ер нь л нэг тийм хүний сэтгэл тэмтэрч, тэр зүгт хичээж зүтгэдэг зантай. Урвалган, холжиромтгой, бялдуучлалд туйлаас дургүй. Тал засах болон зусардан тэмцэж, ач ивээл горьлогсдод үнэхээр ёозгүй. Өөрөө зөв амьдрах үнэмшил гүн суусан алив хүнд эдгээр байдал үнэхээр харш л даа. Тийм л хүмүүсийн нэг бол Т.Батчулуун. Алдар нэр, эрх мэдэл, алба тушаалд шуналгүй эрхэлсэн ажилдаа л шунаж, сурвалжлагч, редактор, эрхлэгч, сэтгүүлчээ хийсээр хорин хэдэн жилийнхээ амьдрал үйлсийг Эрдэнэт үйлдвэртээ зориулжээ. Сайхан зохиол бүтээл, хүний сайханд туйлын дуртай. Чигч сайхан, гүн ухаантай, зохист аялгуунч алив бүтээлийг ярьж, шунан дурлаж, нулимс цийлэгнүүлэх нь үнэхээр сайхан. Хорвоогийн явдлыг бүрэн таниж ойлгосон, бусдын гэмийг өөртөөн үгүйгээр баясдаггүй, харин бусдын гэмийг илааршуулах арга бодлыг ивэлгэж боддог нь Т.Батчулууны маань жинхэнэ хүн ширхэгийн явдал. Т.Батчулуун бид хоёр Эрдэнэтийн хоёрын найм хэмээх байранд олон үдэш буу халсан, басхүү зүгээр суугаагүй, хундага чилээсэн. Энэ бүхнээс эргэн санахад, Т.Батчулууны маань нэг л чанар онцгой тод буудаг. Тэр нь байснаараа байх, үл хувирах. Нэг зангаараа. Амьдралын аар саархан юмыг үл тоох хэнэггүй. Юм үзэж нүд тайлсан шинж цухалздаг. Нөхрийн төлөө өөрийгөө зольж чадах, нөхрөөс үүдэлтэй цагийн салхинд хатат тэсэх онц сайхан чанар бий. Бидний явдал дээдийн явдал биш ч, Т.Батчулуунд байгаа шиг сэтгэл бол дээдийн сэтгэл юм. Их сайхан нөмөрлөсөн, ээл дулаахан. Зун бүр эцгээн аваад Ханхөхийдөө явж одно. Насан өндөр эцгээн нутгийнх нь зун зуны цэцгийг үзүүлчихье гэдэг сайхан ухаан байгаа юм. Өөрөө морь унаж, уул хангайдаа бэдэрч цэнгэгшээд эрчээ аваад ирнэ.
Ханхөхийтэйгээ хамт ирчихсэн юм шиг болчихсон байдаг. Тийм бадрангуй.
Т.Батчулууны маань хань Мангын Долгорсүрэн гэж онцгой сайхан бүсгүй бий. Уудам тэнүүн сэтгэлтэй, ашдын намуун. Т.Батчулууны бүрэн яваагийн бах энэ бүсгүй л дээ. Т.Батчулууны маань хадам ээж ер гарсан азай эднийд байдаг. Энэ хөгшинд Цагаан сараар ирж золгох хүн бум байлгүй яахав, Т.Батчулуун нөгөө ажлаа л дааж сууна гээд ярьдаг. Энэ бол ээж дээр нь ирсэн хүмүүсийг тосож үдэж, хундага сөгнөж, ууц шүүс зүсэж, бууз жигнэж, ид уу болон сууж байгаагаа хэлж байгаа хэрэг. Тэрбээр, энэ ажилдаа таатай нь мэдэгдээд байдаг, гол нь настай ээжийгээ үлэмж хүндлэх , өргөн асрамжлах, гүн тойлох гэгээн хандлага нь илэрхийлэгдээд байдаг. Толилуулан буй, Т.Батчулууны энэ ном бол Эрдэнэтийн амьдрал, Эрдэнэт үйлдвэр, түүнийг бүтээгчдийн тухай зүрхний бичлэг, амьд яриа, халуун хөөрөлдөөн, илүү дутуугүй баримт, гэгээн яруу цадиг юм. Дэлгэн буй,
Т.Батчулууны энэ ном бол уурхайчид, хөдөлмөрч хийгээд яруу туурвилч хүмүүсийн тухай бүтээлч илэрхийллүүд, түүхчлэн үлдээх өв, цаг хугацааны бичээсүүд, үнэ цэнжин сударчлагдах бүтээлүүд юм. Т.Батчулууныхаа оюун билгийн шид зохионгуй ашид өрнөн, зөн бэлгэч, эв эеийн тунхагт үзэл санааны нь орчил мөнх дархлаажин, яруу сайхны нь шүтэн барилдлага үргэлж асан гийж байхын ерөөлийг өргөе. Таалан болгооно уу.
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Баастын ЗОЛБАЯР
2025. 03.28
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 151 (7648)