Төмөрбаатарын Батсайхан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог. Энэ удаад бид “Болор цом”-ын эзэн яруу найрагч, археологийн ухааны доктор (Ph.D) До.Болдхуягийг урьж, ярилцлаа.

-Таны “Хархорум” шүлгийг олж уншаад өөрийг тань зорин ирлээ. Шүлгийн агуулга, мөр шад бүхэн түүхэн эх сурвалж, баримтад тулгуурласан мэт санагдав. Яруу найраг бол сэтгэлгээний, сэтгэл хөдлөлийн урлаг гэж боддог. Түүн дээр нэмээд түүхийн агуулга орж ирэхээр бүтээлийг хэр даацтай болгодог вэ?  Юуны өмнө танд баяр хүргэе.

-Баярлалаа. Түүхэн сэдэвт шүлэг жинхэнэ яруу найраг биш байж мэднэ, сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би археологич мэргэжилтэй болохоор түүхэн шүлэг бичих дуртай. “Монгол-Германы Хархорум экспедиц”-д 6 жил ажилласан. Тийм болохоор Хархорум хотын тухай нэг сайхан шүлэг бичье гэж олон жил бодож явсан. Санаагаа тэмдэглэж явсаар 10 гаруй хоногийн өмнө гэнэт бичмээр санагдаад гүйцээлээ. Цаг нь ирж, нөхцөл нь бүрдсэн юм байлгүй дээ. Гэхдээ энэ шүлэг нэг л дутуу оргиод, сэтгэлд арай хүрэхгүй байгаа юм, дахин бага сага засах зүйл бий. Орхоны хөндий бол гайхалтай нутаг. Хүннү гүрнээс Их Монгол улсын үе хүртэл “Орхоны хөндийд нийслэлээ байгуулбал хүчирхэг болно” гэсэн итгэл үнэмшил, тэнд нийслэлээ байгуулах эрмэлзэл нүүдэлчдийн дунд 1000 гаруй жил амь бөхтэй оршиж ирсэн. Би түүхийг шинжлэх ухааны нүдээр хардаг учраас мухар сүсэг ярихгүй. Гэхдээ Хүннүгээс өгсүүлээд Орхоны хөндийд нийслэлээ байгуулсан үе үеийн нүүдэлчид хүчирхэг болсон нь үнэн юм. Хүннүгийн нийслэл Луут хот Орхон-Тамирын хөндийгөөс олдсон. Жужаны нийслэл Мумучен хот Орхоны хөндийд бий гэж үздэг. Түрэгийн мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөөнд “Орхоны хөндийд нийслэлээ байгуулбал эргэх дөрвөн цагт айх аюулгүй болно” гэсэн утгатай бичээс бий. Түрэгийн дараа мандсан Уйгур гэж өндөр соёлтой, хүчирхэг улсын нийслэл Ордубалык буюу Орхоны Хар балгас Хархорумаас холгүй, Архангай аймгийн Хотонт сумын нутагт бий. Энэ бол Монгол нутагт байгаа хамгийн том, хамгийн сүр жавхлантай балгас юм. Чингис хаан Орхоны хөндийг “Нийслэл хот байгуулахад машид найралдан тэнцэх газар” хэмээн зарлиг болгосон байдаг.  Персийн түүхч Ата малик Жувейнийн “Ертөнцийг байлдан дагуулагчдын түүх” хэмээх сурвалжид “Хархорум хотыг урьдын Уйгуруудын  Муубалык хотын туурин дээр байгуулсан” гэх утгатай мэдээ бий. Ер нь нүүдэлчид цоо шинэ газар суурин байгуулахаасаа илүүтэй хуучин хот балгадыг түшиглэж, барилгын материалаар нь барьдаг онцлогтой. Хожим 1585 онд Абтай сайн хан Эрдэнэзуу хийдийг Хархорум хотын барилгын материалаар барьсан байдаг.  

 -Таны “Хархорум” шүлэг “Дэрсэн хэвнэгээр хучуулж, Хөрсөн дороо зүүрмэглэсэн, Боржин мэлхийгээр мануулж, Арван жарнаар зүүдэлсэн” гэж эхэлдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Малын өтөг бууцан дээр халгай, дэрс ургадаг даа. Эртний хотын туурин дээр ч мөн адил иймэрхүү ургамал ургадаг. Хөрсөн дор нь хүн малын яс, ялгадас байдаг учраас дэрс, халгай ургадаг юм. Эртний хотыг энэ шинжээр нь илрүүлж олж болдог. Хархорумыг туурь ч дэрс ихтэй. Хотын туурин дээр, ойр орчимд нь хэд хэдэн боржин чулуун яст мэлхий бий. Мэлхийний нуруун дээр байсан гэрэлт хөшөөг нь хожим Эрдэнэзууг барихад ашигласан хэрэг. Яст мэлхий урт настай амьтан учраас дорно дахины орнуудад тухайн хот, улсыг урт удаан настай байхыг бэлгэддэг байсан юм.

-Ер нь та шүлгээ үргэлжлүүлээд тайлбарлаад өгөөч. “Өндөр хааны зарлигаар, Өгэдэй эзний дэлдүүлсэн” гэжээ?

-Зохиогч нь шүлгээ тайлбарлана гэдэг зохимжтой юм биш. Яах вэ, түүхэн шүлэг гэдэг утгаар нь зарим нэг тайлбар хэлж болох юм. Өндөр хаан гэдэг эзэн богд хаанаа хэлж байгаа юм. Хэнтий аймгийн төв ийм нэртэй байсан, ихээхэн утга учиртай нэр шүү дээ. Хархорум хотыг Чингис хааны зарлигаар Өгэдэй хаан дэлдүүлсэн. Эрт цагт хот балгад, сүм хийдийг “барьж байгуулах” гэдэг бус харин “дэлдэн сууна” гэж хэлдэг байсан юм. Чингис хаан нэг насаараа дайтаж яваад хот суурин байгуулж амжаагүй, харин Өгэдэй хаан их ор суугаад 1230-аад оноос Хархорум хотыг барьж байгуулсан түүхтэй.  Нүүдэлчид нэгдэж, их улсаа байгуулаад хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцаа тогтоож, элч төлөөлөгч солилцоход нийслэл хот хэрэгтэй болсон байх. Хоёрт, нүүдэлчдэд суурьшмал иргэдтэй худалдаа хийж гурил будаа, даавуу даалимба авах мөнхийн хэрэгцээ байсан юм. Тэд хаа байсан хол Цагаан хэрэм хүрч худалдаа хийнэ.  Заримдаа Хятадууд хилээ хаачихна, тэгэхээр нь хүчээр авах хэрэг гарна. Харин хүчирхэг гүрэн байгуулж, амар амгалан тогтоосны дараа нийслэл хотоо байгуулж, гадаадын худалдаачдыг урьж авчирсан. Хотын оршин суугчид нь монголчууд байсангүй, Хятад, Дундад Азийн худалдаачин, уран дархчуул, гар урчууд байв. Хархорумыг хятад худалдаачдын, исламын шашинт худалдаачдын хоёр хороололтой байсан гэж үздэг. Хот дөрвөн хаалгатай, дөрвөн хаалган дээр нь дөрвөн өөр төрлийн барааны зах ажилладаг байв. Хэдэн мянган бээр явж эд бараа худалдаж авдаг байсан нүүдэлчид нутгийнхаа төвөөс хэрэгцээтэй юмаа авчихдаг, тун амар болов. Өнөөгийнхөөр бол цахимаар бараа авч, гэртээ хүргүүлж  байгаатай адилтгаж болно. Хархорумд худалдаачдын хоёр хорооллоос гадна Хааны ордон буюу Түмэн-Амгалант харш, Цогт-Асар тэргүүт 10 гаруй сүм, бас эрдэнэсийн сан байсан байх магадлалтай. 1253 онд Хархорум хотод ирсэн Францын IX Луи хааны элч Гийом де Рубрук “Хархорум хотод Буддын (магадгүй зарим нь Бомбын) 10-аад, исламын 2, христийн 1 сүм байна” гэж бичсэн байдаг.  Монголын нууц товчооны 248 дугаар зүйлд “...Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг Жүндүгээс гаргаж цэргийн хүмүүст даах хирээр өгч... Эд уурсыг манай цэргүүд өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явав” гэж гардаг. Энэ мэтчилэн монголчуудын аян дайнаар асар их алт эрдэнэ цугласан болов уу. Үргэлж нүүж явдаг тэдэнд илүү ачаа хэрэггүй байдаг тул Хархорум зэрэг том хот балгадад эрдэнэсийн сан гарцаагүй байж таарна. Тэр их эрдэнэс хожим нь Далай ламыг зорьсон мөргөлчдийн жимээр Төвөд рүү цутгасан болов уу.

“Жаргалын умдаан оргилсон мөнгөн модтой

Жаран дөрвөн баганат Түмэн-Амгалант харш

Гурван цагийн мянган бурхан заларсан

Гурван зуун тохой өндөр Цогт-Асар сүм минь” Түмэн-Амгалант бол 1236 оны орчимд баригдаж дууссан Өгэдэй хааны ордон юм. “64 баганатай Түмэн-Амгалант харшид Францын уран дархан Буше айраг, сүү, балын ундаа, будааны шар айраг зэрэг 4 төрлийн умдаан гоождог мөнгөн мод урласан тухай” Рубрукийн тэмдэглэлд бий. Энэ мөнгөн модны зураг манай 5 мянгатын дэвсгэртийн ард байдаг шүү дээ. Монголчууд Хятад, Төв, Зүүн Европ, Дундад Ази руу аян дайн хийж олон арван мянган гар урчуудыг олзлон авчирч, Хархорум зэрэг хот балгадын бүтээн байгуулалт, зэр зэвсэг дархлах зэрэг ажилд дайчилж байв.

Хархорум хотод байсан хэдэн тонн жинтэй гэрэлт хөшөө, чулуун мэлхий, баганын суурь чулуудыг тэндээс холгүй Бага-Элстэй хэмээх боржингийн ордоос олборлож, тэнд нь урлан бүтээсний эцэст өвлийн цагт ус асган хөлдөөж, түүн дээгүүрээ түрж авчирдаг байв. Бага-Элстэйн ордын ойр орчмоос олдсон нэгэн хятад бичээст, Хархорумын бүтээн байгуулалтын ажилд дайчлагдаж ирсэн нэгэн хятад чулуучин, тэнд ажиллаж амьдрах нөхцөл хүнд байгаа тухай гомдоллож бичсэн байдаг.  

-“Гурван зуун тохой өндөр Цогт-Асар сүм минь” гэжээ.  Тийм өндөр барилга байх боломжтой юу? Өнөөгийнхөөр бол хэдэн давхар байшинтай тэнцэх вэ?

-Нэг хэсэг нь тус сүмийн үүдний мэлхийний дэргэдээс олдсон, зарим хэсэг нь Эрдэнэзуу хийдээс олдсон, Тогоонтөмөр хаан Цогт-Асар сүмийг сэргээн босгосон тухай 1346 оны гэрэлт хөшөөнд тэгж бичсэн байдаг. 300 тохой гэдэг  90 орчим метр, 30 давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг. Хархорум хотыг малтан судалсан үе үеийн судлаачид Цогт-Асар сүмийн туурийг Түмэн-Амгалант харштай эндүүрч ирсэн байдаг. Хожим “Монгол Германы Хархорум эксдедиц”-ийн судлаачид, энэ бол Түмэн-Амгалант харшийн туурь биш, Цогт-Асар сүм гэдгийг хөдөлбөргүй баталж, харин Түмэн-Амгалант харшийн туурин дээр Эрдэнэзуу хийдийг барьсныг олж тогтоосон юм.  

-Тэгэхээр Түмэн-Амгалант орд Эрдэнэзуу хийдийн яг доор байгаа  гэсэн үг үү? Судлаачид үүнийг хүлээн зөвшөөрсөн үү?

-Тийм ээ. Эрдэнэзуугийн хэрмийн дороос 13 дугаар зууны хэрэм олдсон. Өөр хувилбар угаасаа байх боломжгүй. Эрдэнэзуу өөрөө түүх соёлын дурсгал тул дотор нь сорил малтлага хийхээс том хэмжээний малтлага хийх боломжгүй. Хийдийн хэрмэн дотор 60 гаруй сүм дуган барьсан, тэр бүхний дор барилгын суурь ухсан учраас хийдийн доор малтлага хийнэ гэдэг утга учиргүй юм. Түмэн-Амгалант харшийн дээр Эрдэнэзууг барьсныг, хийдийн хэрэм, доторх сүм дуган, маанийн үсэгтэй чулуудыг Хархорум хотын тоосго, боржин, гэрэлт хөшөөгөөр хийснийг судлаачид бүгд мэднэ.

-Нүүдэлчдийн байгуулсан ихэнх төрийн нийслэл Орхоны хөндийд байдаг. Энэ газар нийслэлээ байгуулсан улс гүрэн мандан бадардаг гэж гэж та ярьсан. Яагаад энэ газрыг чухалчилдаг байсан юм бол?

-Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ нэгдүгээрт Монгол нутгийн төв, хоёрт цэвэр усны нөөц ихтэй, гуравт бэлчээрийн даацтай, дөрөвт алсын харууцтай зэрэг олон хүчин зүйл нөлөөлж, аажимдаа уламжлал, итгэл үнэмшил болсон байж мэднэ. Хүннү улс байгуулагдсанаас Чингис хааны төр мандах хүртэл 1400 жил гэж үзье.  Энэ хугацаанд нүүдэлчдийн итгэл үнэмшил өөрчлөгдөөгүй. Орхоны хөндийд нийслэлээ байгуулсан эртний улсууд бүгд л хүчирхэг гүрэн болсон, тийм л зүй тогтолтой.  Шинэ Хархорум хотыг үнэхээр байгуулбал эртний Хархорум хотоос жаахан холхон зайд барих хэрэгтэй. Орхоны хөндий бол ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийн өв. Археологийн судалгаа хийж, ойр хавьд нь түүхийн дурсгалгүй, эрүүл газар бариасай гэж хувьдаа боддог юм. Би сүсэгтэй хүн биш. Гэхдээ монгол хүн учраас бэлгэдлийг бодно. Үнэхээр шинэ Хархорум хотыг байгуулчихвал бид сэргэн мандах, сайн цагийн эхлэл болох ч юм билүү. (Инээв)

-Хожим Хубилай хаан нийслэлээ Бээжин рүү нүүлгэсэн гэдэг. Ер нь Хархорум хотод ямар ямар хаан сууж байсан бэ?

-Өгэдэй, Гүег, Мөнх, Аригбөх хаад лавтайяа суусан. Хожим Монголын Их Юань гүрний үед ч хааныг залгамжлагч хунтайж Хархорумд сууж, уугуул Монгол нутгаа захирдаг уламжлалтай болсон. Цаг нь ирэхээр хунтайж их хаан болж, өөрийг нь залгамжлах хунтайжаа Хархорумд суулгана. Тэгэхээр 10 гаруй хаан суусан гэж хэлж болно.

 -Таны шүлэгт үүнтэй холбоотой мөртүүд байна л даа.

“Хайсан хааны үеэс “Давааны ар” гэж чамлагдсан ч

Хашир таниагүй хунтайжийг эзний зэрэгт хүргэсэн

Мингийн их цэрэгт хоёронтоо галдуулж эзгүйрсэн ч

Миний дээдсийн нийслэл орхигдож хулширсан удаагүй” гэжээ?

-Хайсан хүлэг хааны үеэс Монгол нутгийг “Давааны арын муж” гэж нэрлэх болсон. Жаахан чамласан утгатай ч юм шиг, гэхдээ үгүй ч байж мэднэ. Тэр үед яг ямар утгаар ийн нэрлэснийг тааварлах аргагүй.Юань гүрний дараа мандсан Мин улсын эрх баригчид нэг талаар Юань улсын газар нутаг, хүн амыг бүхэлд нь уламжлан авах, нөгөө талаар Монголчуудыг дахин сэхэхгүй болтол дарах зорилгоор Монгол нутагт олон удаа цэрэглэн ирсэн байдаг. Тэр үеэрээ Хархорум хотыг хоёр удаа галдан шатаасан юм. Гэвч энэ хотын орчимд монголчуудын бөөгнөрөл, суурьшил тасралгүй явсаар 1580-аад онд Эрдэнэзуу хийдийг, хожим 1956 онд Хархорины сангийн аж ахуйг байгуулж, суурин амьдрал тасралгүй өнөөг хүрсэн түүхтэй. 

 -Хархорум хот, Хархорины сангийн аж ахуй, Хархорин сум гээд энэ олон жил нэр нь хэвээрээ явж ирсэн нь бас сонин юм аа?

 -Тийм ээ. 1956 онд Хархорин гэж нэрлэснийг бодоход XIV зууны эцсээс ХХ зууны дунд үеийг хүртэл 600 шахам жил монголчууд энэ газрын нэрийг мартаагүй байсан нь илэрхий байна. Тэр үед, бидний өвөг дээдэс хүчирхэг байхдаа энд нийслэл хотоо барьж байгуулсан гэдгийг яг таг мэдэж байжээ. Өнөөгийн Монгол улсын нутагт эртний хот 300 гаруй бий. Харин Хянганы нуруунаас Эрчис мөрөн, Байгаль далайгаас Цагаан хэрэм хүртэлх монголчуудын уугуул нутагт 1000 орчим эртний хот бий болов уу гэж би таамагладаг. Ялангуяа говийн өмнө, Өвөр Монголын нутагт эртний хот олон бий. Нүүдэлчдийн байгуулсан олон зуун эртний балгадаас зөвхөн Хархорумд олон үеэр хүн суурьшин амьдарснаараа онцлог юм.

-Та Хархорум хотод малтлага хийж байсан гэсэн. Хэдээс хэдэн онд ажилласан бэ?

-Би 1999-2005 оныг хүртэл Хархорумын судалгааны ажилд оролцсон. Харин “Монгол Германы Харрхорум экспедиц” өнөөг хүртэл малтлага судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Энэ төсөлд Германы талаас Германы Археологийн хүрээлэн, Бонны Их сургуулийн Археологийн хүрээлэн гээд хоёр ч баг ажилласан. Одоо Бонны их сургуулийн төсөл үргэлжилж байгаа.

-Та судлаачаас гадна яруу найрагч хүн. Хэдийнээс эхэлж түүхэн сэдвээр шүлэг бичих болсон бэ?

-Би дунд сургуулийн найм, есдүгээр ангид байхаасаа анхны шүлгүүдээ бичиж эхэлсэн. Аав минь намайг шүлэг оролдож байгааг мэдээд багын найз Б.Пүрэвдорж гэж зохиолчийнд дагуулж очсон юм. Б.Пүрэвдорж багш маань олон түүхэн роман, яруу найргийн ном гаргасан хүн л дээ. Миний шүлгүүдийг уншиж алдаа оноог маань хэлж өгч, урам өгч, уншаарай гэж том яруу найрагчдын ном бүтээлийг өгч явуулдаг байлаа. Дунд сургууль төгсөхдөө шүлэг бичих дуртай байсан ч ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй, аав ээжийнхээ зөвлөснөөр түүх археологийн ангид орж, археологийн хээрийн шинжилгээний ажилд оролцон мэргэжилдээ зүгширсэн. Сургуулиа төгсөөд ШУА-ийн Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болж, хожим их дээд сургуулиудад багшилж байлаа. Гэхдээ би өөрийнхөө жинхэнэ натурыг “зохиолч” л гэж боддог доо (инээв). Мэргэжлийнхээ давуу талыг би саяхан л олж харж 4-5 жилийн өмнөөс л түүхэн шүлэг дагнаж бичдэг болсон. 10 гаруй жилийн өмнө бичсэн “Өвөр Монгол” хэмээх шүлэг маань тухайн үедээ хөөрхөн дуулиан тарьж, Өвөр Монголын Хишигтэн нутгийн залуус шүлгийн зарим мөр бадгийг нь цээж, бугалга дээрээ шивж  байлаа.

-Уран зохиолд 80-аад оныхон, 90-ээд оныхон гэж үечилдэг билүү. Та аль үед багтах вэ?

-2000-аад онд хотод оюутан болон ирж, шүлэг зохиол нь Хонгорзул зэрэг сонин хэвлэлд гарч, яруу найргийн наадмуудад оролцон, утга зохиолын үйл амьдралд орж ирсэн учраас манай үеийнхнийг “Шинэ мянганыхан” гэж томьёолдог юм. Тэр үед хотын хүүхэд гэвэл Л.Хасар, Г.Сүхзориг, бид гурав л байлаа. Бид утга зохиолын дугуйлан хэсэж, нэгнийхээрээ бичсэн дөмгүүр шүлгийг бүгдээрээ цээжилдэг, нэгнийхээрээ ирж очиж, хонож өнждөг, одоо бодоход сайхан үе байж дээ. Манай үеийнхний дундаас Л.Ганзул, Ш.Лхамноржмоо, Л.Моломжамц, Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй олон сайхан зохиолч, яруу найрагчид төрсөн. Мөн доктор А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Э.Батжавхлан, Д.Цэвээндорж гэх мэт утга зохиол судлаач, шүүмжлэгчид төрсөн. Манай “Шинэ мянганыхан” 20 гаруй жилийн турш уран зохиолдоо, бас нөхөрлөлдөө үнэнч хэвээрээ явж ирлээ. Бид одоо хэрнээ ойр ойрхон уулздаг. Л.Ганзул, Л.Хасар, Б.Эрдэнэбулган гээд цөөнгүй авьяастнууд маань тэнгэрийн оронд одож дээ.  

-Та 2011 оны “Болорцом-29” наадамд “Монгол хэл” шүлгээрээ түрүүлж байлаа. Болор цомын эзэн болоод танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? “Монгол хэл” шүлгээ та хэрхэн үнэлдэг вэ?

-Би Өвөр Монголын их сургуульд докторантурт суралцаж байхдаа энэ наадамд түрүүлсэн юм. Тухайн үедээ учиргүй их баярлаж байсан. Тэгээд буцаад сургуульдаа ирэхэд манай ангийнхан төдийгүй манай гадаад оюутны 5 дугаар байрныхан нэг нэг улаан сарнай бариад шатны хоёр талаар эгнэж зогсоод угтсаныг хэзээ ч марташгүй. Бодох бүрдээ уярч, тэдэндээ хайр хүрдэг юм. “Монгол хэл” шүлгийн тухайтад МУБИС-ийн профессор, ардын багш Ц.Өнөрбаян, АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ зэрэг мэргэжлийн судлаачид үнэлэлт дүгнэлт өгсөн учраас надад нэмж хэлэх юм байхгүй. “Монгол хэл” шүлэгтээ мэдээж хайртай байлгүй яах вэ.  

-“Болор цом” наадмыг яруу найрагчид төдийгүй уран зохиол сонирхогчид их хүсэн хүлээдэг. Гэвч олон нийтийн дунд нэр хүнд нь унаад байгааг юу гэж ойлгодог вэ?

-“Болор цом” бол олны хүсэн хүлээдэг сайхан наадам. Гэхдээ энэ наадам бол шалгуур биш. “Болор цом”-ын эзэн бүхэн сайн яруу найрагч байх албагүй. “Болор цом”-д байр эзлээгүй бол тааруухан шүлэгч гэсэн үг бүр ч биш. Харин “Болор цом” бол уншигч, яруу найрагчдыг уулзуулдаг баяр юм гэдгийг би зориуд хэлье. Тэр өдөр одтой наадсан нь өргөдөг цом юм уу даа.Энэ наадмын нэр хүнд унаж байгааг яруу найрагчид ч, олон түмэн ч, Зохиолчдын байгууллагын удирдлагууд ч хаа хаанаа мэдэж байгаа. Ер нь ямар ч уралдаан тэмцээний нэр хүнд юунаас болж унадаг вэ гэвэл шударга бус шүүснээс болж л унадаг. Үзэгч түмний нүдэн дээр илэрхий сайн бүтээлийг дарж, сулхныг нь тодруулаад байвал хэн ч дургүйцнэ шүү дээ. Тийм ч учраас жинхэнэ авьяастнууд энэ наадамд шүлгээ өгөхөө больсон нь бас нууц биш юм. 2022 онд Их эзэн Чингис хааны эснэн мэндэлсний 860 жилийн ой тохиож Болор цом наадамд “Яруу найрагч бүр Чингис хааны сэдэвтэй шүлэг” өгөх, дараа нь цугласан шүлгийг эмхэтгэж Соёлын яамнаас ном болгож хэвлэнэ гэдэг зар тараасан юм. Энэ зарыг хайж үзвэл одоо ч бий дээ.  Миний хувьд “Хааны санаашрал” гэж шүлэг өгөөд тэнцээгүй, гэхдээ энэ шүлэг олны дунд ихэд түгэн дэлгэрсэн юм. Тэр жилийн наадамд М.Амархүү гэж авьяаслаг найрагч ах түрүүлсэнд би одоо ч баярладаг. Харин “Соёлын яам” хувь хүн биш төрийн яам байтлаа Их эзэн хааныхаа нэрийг барьж худал зар тараан, эзэн хааны сэдэвт шүлгүүдийг эмхэтгэж ном гаргаагүйг бодохоор их гайхдаг даа.

...Дөчин түмэн Монгол Улсынхаа

Нэр төрийг аван суусан

Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хот минь... (Тогоонтөмөр Ухаант хааны гэмшлийн шүлгээс)

 

ХАРХОРУМ

 

У.Эрдэнэбат багшдаа зориулав.

 

Дэрсэн хэвнэгээр хучуулж

Хөрсөн дороо зүүрмэглэсэн

Боржин мэлхийгээр мануулж

Арван жарнаар зүүдэлсэн

 

Хархорум минь

Хаадын сүнс минь

Дэлхийн хот минь

Дээдсийн сүр минь

 

Өндөр хааны зарлигаар

Өгэдэй эзний дэлдүүлсэн

Очир эрдэнийн өнгөтэй

Орхоны гэрэлт сувд минь

 

Жаргалын умдаан оргилсон мөнгөн модтой

Жаран дөрвөн баганат Түмэн-Амгалант харш

Гурван цагийн мянган бурхан заларсан

Гурван зуун тохой өндөр Цогт-Асар сүм минь

 

Орчлонгийн охь баялгийг ачиж нүүхгүйн учир

Оньсолж орхидог эрдэнэсийн сан хөмрөг

Хаа холоос зүдэж ирсэн элчийг алмайруулж

“Хаан эзгүй, нүүж яваа, араас нь одтугай” гэх үг

 

Орхон голоос залж хашсан татмал цөөрөм

Олзны хүний хөлс шингэсэн хөх тоосгон зам

Олон зуунаар гэрэлт хөшөө үүрэх мэлхийг

Олборлож урлаад түрж авчрах мөсөн харгуй

 

Зүсэн зүйлийн бараагаа магтан хашхирах

Зүг зүгийн худалдаачдын дуу тасраагүй

Алт мөнгө хайлж, зэр зэвсэг дархлах

Алх дөш, хөөргийн чимээ сарниагүй

 

Мяндсан торго, сагад тутарга олох гэж

Мянган бээрийг туулж явсан нүүдэлчид

Их хотынхоо дөрвөн үүдний зээлээс

Эд агуурсын дээдийг голж шилж авна

 

Түм түжигнэж, бум бужигнасан

Дөрвөлжин хэрэмт балгас минь

Идэрмэг хотын жавхлан бүрдсэн 

Их хөлийн газар минь

 

Хайсан хааны үеэс “Давааны ар” гэж чамлагдсан ч

Хашир таниагүй хунтайжийг эзний зэрэгт хүргэсэн

Мингийн их цэрэгт хоёронтоо галдуулж дүрэлзсэн ч

Миний дээдсийн нийслэл орхигдож хулширсан удаагүй ээ

 

Гэзэг үс даахируулсан Өлийн зэрлэг салхи

Гийчдийн нүд хужирласан Маамуу толгой, Тосох орд

Харуулын цэрэг шивээлсэн Цагдуултын намхан уулс

Хангайн нурууны эхлэл Шарга-Азарга хайрхан минь

 

Хааны ордны туурин дээр хотын тоосгоор урласан

Халхын шүтээн Эрдэнэзуу, Цогчин их дуган минь

Алсаас сүслэхэд ивээдэг зуун найман суварга

Абтай ханы үүрч ирсэн Гомбогүр сахиус минь

 

Цагийн ирийг эмтэлсэн мөнхийн их нийслэл

Цадиг түүхийг эрхшээсэн хаадын суу заль минь

Цөс зоригт нүүдэлчдийн мянган суурины нэг

Зүрхэндээ тээж явдаг аяа Хорумхан балгас минь

 

Буур хээр 2025 он. До.Болдхуяг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 150 (7647)