Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Тува улсын бөх сонирхогч, биеийн тамирын багш Оюн Александрыг урьж ярилцлаа.
Оюн Александр Тува улсын Кызыл хошууны төв Каа-хэм сумын хоёрдугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Бөх сонирхогч нэгэн юм. Түүний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь эмч мэргэжилтэй. Харин том охин маань оюутан, дунд сургуулийн хоёр хүүгийн хамт амьдардаг. Хоёр хүүгээ бөх болгоно гэж боддог. Одооноос бэлтгэлийг нь базаагаад явж байна гэсэн юм.
Увс аймаг нь хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575 км газар нутгаар хиллэн оршдог.
ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай учир тус улсын иргэдийн хувьд Увс руу орж ирж худалдаа наймаа хийх нь их байдаг ажээ. Оюн Александрын хувьд 2010 онд анх Монгол Улсад аялахаар ирж байжээ. Түүнээс хойш худалдаа наймаа болон найз нөхдийнхөө урилгаар жилдээ 10 гаруй удаа Монголд ирдэг аж.
Энэ тухайгаа “Улаанбаатар руу аялахаар Увсын Боршоо боомтоор орж ирсэн. Тэр үед шороон замтай байсан учир олон хоног явж Улаанбаатарт ирж байсан. Хэнийг ч танихгүй, хэл мэдэхгүй ирж байсан тэр үеийг бодвол одоо Монголд олон найзтай болжээ. Хэлийг ч бас тодорхой хэмжээнд сурсан байна. Жилдээ 10 гаруй удаа ирдэг. Аялах болон худалдаа наймаа хийх, найз нөхдийнхөө хурим, баяр ёслолд их ирдэг. Монголын бараа бүтээгдэхүүн Туваг бодоход үнийн хувьд хямд. Мөн дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд чанартай, загварлаг байдаг” гэсэн юм.
Бөх сонирхогч түүнтэй Монгол бөх болон Тува бөхийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Монгол болон Тува Үндэсний бөх хоорондоо ямар ялгаатай вэ?
-Монгол бөх зөвхөн өвдөг газар хүрсэн бол унасанд тооцдог. Харин Тува бөхийн хувьд гар газар хүрсэн л бол унасанд тооцдог. Харин хувцас хэрэглэлийн хувьд зодог шуудаг, гутал нь адилхан. Малгайны хэлбэр хийц болон цолны тэмдэг өөр байдаг.
-Тува бөхийн цолны эрэмбэ Монгол бөхөөс жаахан өөр юм билээ?
-Улсын начин, Улсын харцага, Улсын арслан, Улсын заан, Улсын хүчтэн гэж эрэмбэлдэг. Өөрөөр хэлбэл, Улсын заан цол нь Улсын арслан цолноос дээгүүр гэсэн үг. Хамгийн том цол нь Тува Улсын хүчтэн хэмээх цол бий. Манай улсын хэмжээнд хоёр хүчтэн бий. Улсад 17 удаа түрүүлсэн Могуш Аяс, дөрвөн удаа түрүүлсэн Кара-Сал-Эрес нар байна. Гурван удаа түрүүлсэн Улсын заан цолтой Монгуш Айдын гэх бөх бий.
-Тува улсын хүчтэн Кара-Сал Эрес бөхийн хувьд Монголд сургууль төгссөн гэдэг. Аль сургуулийг төгссөн юм бол?
-Тэрээр Х.Баянмөнх аваргын байгуулсан Шонхор дээд сургуулийг төгссөн. Улсын заан Д.Бумбаярын шавь. Тува улсын хүчтэн цолтой. Монгол цолоор бол Дархан аварга юм.
-Сүүлийн жилүүдэд Тува улсын бөхчүүд манай улсад ирж амжилттай сайн барилдаж аймаг, сумын цол хүртэж байна. 2022 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орж бусад улсын бөхчүүд барилдах эрхтэй болсон. Тэр үеэс ирж барилдах нь ихэссэн үү?
-Тийм ээ. Түүнээс өмнө миний мэдэхээр 2018 онд Улаанбаатар хотноо "Монгол туургатны бөхийн барилдаан" болж, Өвөрмонгол, Тува, Буриад, Монгол зэрэг улсын бөхчүүд гурван төрлөөр хүч үзсэн. Үүнд анх оролцож байсан. Энэ тэмцээнд Монгол үндэсний бөхийн төрөлд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Б.Бат-Өлзий, начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн. Харин Буриад бөхийн барилдаанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан Улсын харцага Т.Бэгзсүрэн, Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, Улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж байсан. Харин 2022 оны Монгол Улсын баяр наадамд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын урилгаар Тува улсын 10 гаруй бөх ирж барилдсан. Энэ үеэр Тува улсын төрийн тэргүүн маань ирж бөхчүүддээ амжилт хүссэн сайхан тохиолдол болж байсан.
-2022 оны баяр наадамд хэр амжилттай барилдсан байдаг юм бол?
-Тува Үндэстний бөхчүүд дотроос Карасал Цэдэн-Очирыг онцлох нь зүйтэй. Түүний хувьд Тувагийн парламентын гишүүн бөгөөд Үндэсний бөхийн холбооныхоо тэргүүнээр ажиллаж байсан. Тэрээр улсын наадамд барилдахаас өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол авсан. Наадмын барилдаанаар, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын арслан Ц.Мөнх-Эрдэнийг Тува Үндэстний бөх Монгуш Сылдыс, Улсын арслан Д.Ганхуягийг Тува Үндэстний бөх Түлүүш Сайнбилэг, Монгол Улсын гарьд Д.Рагчааг Тува Үндэстний бөх Карасал Цэдэн-Очир тус тус давсан байдаг. Бөхчүүд маань наадмаа ийнхүү дуусгалгүй тэр жилийн "Уяачдын наадам"-д бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Монгуш Айдын шөвгийн дөрөвт үлдсэн. Түүний хувьд Тувагийн 2020 оны наадмын түрүү бөх юм. Баяр наадмын барилдаанд Улсын харцага Ц.Мөнхбаяртай оноолт таарч, нэгийн даваанд өвдөг шороодсон байдаг.
-Монгуш Айдыны хувьд Тува улсаас Монголд ирж аймгийн цол хүртсэн анхны бөх байх тийм үү. Түүнээс өөр аймаг, сумын цол хүртсэн бөхчүүдийн талаар та уншигчдад маань сонирхуулахгүй юу?
-2023 онд Монгуш Айдын Багахангай дүүргийн баяр наадамд үзүүр булааж аймгийн цол хүртэж байсан. Би бас тус наадамд түүнтэй хамт ирж, дээлийнх нь захыг мушгиад сууж байсан.Түүний хувьд 2018 онд Бишкекь болсон Дэлхийн нүүдэлчдийн наадамд Монгол бөхийн барилдаан болон сүмогийн барилдаанд түрүүлж Монгол бөхчүүдийн үнэмлэхүй аварга болсон. Мөн 2023 онд Монгол Улсад болсон “Алтан цом”-ын төлөөх барилдааны эхний шатанд Сэлэнгэ аймгийн багтай Тува улсын багтай оноолт таарч, 16:9 харьцаагаар ялалт байгуулж байсан. Сэлэнгийн багаас Улсын начин Б.Баярбаатар, Аймгийн хурц арслан Д.Төрболд, Аймгийн арслан Б.Ганбаяр нар дөрвөн даваа авч байсан бол Тува улсын багаас Монгуш Айдын нэг ч уналгүй таван даваа багтаа авч ирж байсан түүхтэй. Мөн 2024 онд Үндэсний бөхийн өсвөр болон залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны 17 насны ангилалд ОХУ-ын Тува улсын бөх Максим Ооржак түрүүлсэн. Энэ жил Тува Улсын заан, Сүмогийн ОХУ-ын аварга Сайын-Белек Завхан аймгийн Их Уул сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Манай бөхчүүдийн хувьд Увс нуур гал дээр бэлтгэлд гардаг. Энэ нь амжилт гаргахад нөлөөлж байна гэж хардаг.
-Одоогийн байдлаар Тува Улс хоёр Хүчтэн цолтонтой. Үүнээс харахад бөх сонирхогчид цөөн байна гэсэн үг үү?
-Манай улсад бөхийн спортыг сонирхон хичээллэх залуус Монголтой харьцуулахад бага байна. Улсын баяр наадамд 256 бөх барилддаг. Бусад барилдаануудад 64-256 бөх барилддаг. Сүүлийн жилүүдэд Бөхийн холбоо шинэ тэргүүнтэй болж хийж буй ажлууд нь идэвхжиж, өмнөх жилүүдээс илүү хөгжиж байна. Тухайлбал, сумын цол гэж байхгүй байсан бол одоо Сумын начин, Сумын заан, Сумын арслан цолыг баталсан гээд олон жишээ бий. Харин Монголд бөхийн спорт маш сайн хөгжсөн учир өрсөлдөөн их учраас бөхөөр хичээллэх залуус их байна. Бэлтгэл ч сайн хийж байна гэж хардаг. Аймаг аймгаараа бөхийн галтай байх жишээтэй. Манайд бол бөхийн клубүүдэд бэлтгэл хийдэг.
-Бөхчүүд нь олон янзаар дэвдэг юм билээ. Энэ юутай холбоотой вэ?
-Тийм ээ. Гурван янзаар дэвдэг. Монгол бөх шиг болон гараа тохойгоороо нугалж хоёр тийшээ нугалж бух дэвээгээр дэвдэг. Залуу бөх том цолтой бөх дэвсэн тохиолдолд бух дэвээгээр дэвэх нь бий.
-Тува хүмүүс хэр ихэвчлэн Монгуш гэдэг овогтой байх юм?
-Монголд Боржигон овогтой хүн олон байдаг шиг Тувад Монгуш гэдэг овогтой хүн олон бий. Түүнээс Монгуш гэсэн хүн бүр хамаатан гэж ойлгож болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 150 (7647)