Ч.БЯМБАХАЖИД

 

Өчигдөр өглөө орсон усархаг бороо үд болоход Улаанбаатарын зам талбайг усаар бүрхэж орхисон. Өмнө манай хот үерт автаж байсан гашуун туршлага бий. Энэ жил ч гэсэн үерт автахгүй гэсэн баталгаа байхгүй. Яагаад гэвэл ус зайлуулах шугам хоолой улаанбаатарт хангалтгүй хэмжээнд хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл хот хоёр өдрийн бороонд тэсэх үү гэдэг асуудал яригдаж байна.

 

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн онцгой комисст ажиллав

 

Өчигдөр өглөө эртлэн Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй байгалийн гамшгаас сэргийлж Нийслэлийн онцгой комисст ажилласан юм. Засгийн газрын тэргүүн ингэж бороо усны асуудалд анхаарал хандуулж байгаа нь нийслэлд үргэлжлэн бороо орвол гамшиг нүүрлэх хэмжээнд очино гэсэн эхний дохио байв. 

Монголд борооны улирал эхэлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо орох төлөвтэйг ЦУОШГ-аас анхааруулж байгаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгчээ. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб өчигдөр хуралдаж нийслэлийн хэмжээнд бэлэн байдал хангахыг НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрахад үүрэг болгосон байна.

Түүнчлэн хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зэргээр анхаарч ажиллахыг сануулжээ.

 

“Өндөрлөг хэсгүүдээс бууж буй усыг үерийн сан хуримтлуулж авах ёстой ч Улаанбаатарт тийм зүйл байдаггүй”

Нийслэлд ус зайлуулах шугам дутагдалтай байсаар олон жилийн нүүрийг үзэж буй. Цаашлаад ус зайлуулах шугам гол стандартын шаардлага хангадаггүйгээс жилийн жилд асуудал үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Ерөнхий стандартаар 50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой байдаг байна. Гэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсацын хурд, мөн замын өргөн, авто хөдөлгөөний эрчим зэргээс шалтгаалан зураг төслийг гаргадаг аж. Хэдий зураг төсөл зөв байх нь чухал боловч суурьлуулах ажил түүнээс илүү чухал. Гэтэл нийслэлийн хэмжээн дэх ус зайлуулах шугам хоолойг нэгдсэн байдлаар бус олон өөр хувийн компаниуд хийдэг.

Үүнээс үүдэн, зарим газрын суурилуулалт чанарын шаардлага хангахгүй байна. Мөн түүнчлэн, ус зайлуулах шугам бол зөвхөн зам дээрх усыг л авах зориулалттай байдаг. Өндөрлөг хэсгүүд буюу уулын ам зэргээс бууж ирж буй усыг үерийн сан гэдэг зүйл хуримтлуулж авах ёстой байтал Улаанбаатарт тийм зүйл байдаггүй байна. Тиймээс уулнаас бууж ирж байгаа ус болон замын усыг бүгдийг нь ус зайлуулах хоолой шингээж дийлэхгүйд хүрдэг. Үүнээс болж зам дээр ус ихээр тогтож, гудамж талбай үерт автдаг байна.

ЦУОШГ-аас өчигдөр 08:00 цагт өгсөн мэдээллээр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв ажиглагджээ.

Иймд НОБГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол хүлээн авах. Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх. Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байж загасчлах, мал услах, туухгүй байх. Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих. Өндөр хүчдэл, цахилгаан шонд хүрэхгүй байх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үер, усны аюулаас сэргийлэхийг анхааруулжээ.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тээврийн  салбарын бүх байгууллагын дарга удирдлагуудад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг сануулсан юм.

Тэрээр “Өнөөдөр болсон шуурхайн хуралдаанаар бороо үер уснаас үүдэлтэй автозамын эвдрэл гэмтэл нэмэгдэх, авто зам, төмөр зам үер усанд угаагдан зорчих хэсэг хязгаарлагдах, онгоцны нислэгийн цаг хоцрох саатах, орон нутгийн замд осол аваар гарах зэрэг гэнэтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг онцгойлон анхааруулж байна” гэв. Мөн дотоод зохион байгуулалтад анхаарч цаг үеийн шуурхай мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн ЗТЯ-ны харьяа байгууллагууд салбар тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарч төлөвлөгөөнд заасан хугацаанд бүрэн хангаж, ажлаа эрчимжүүлэхийг санууллаа.

 

Түймэрт өртсөн ой мод дахин сэргэхэд хагас жаран шаардлагатай

Мөн үер, усны асуудлаас гадна гал түймрийн аюул эрсдэл ч буураагүй хэвээр байна.

Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 ойн түймэртэй байгаагаас гурвыг цурамд оруулж, долоон түймрийг хяналтад авахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллэсэн юм. Мөн энэ онд бүртгэгдсэн ойн түймрийн дийлэнх хувь Сэлэнгэ аймгийн бүс нутагт бүртгэгджээ. Улмаар түймэрт өртсөн ой мод дахин сэргэх хүртэл хагас жаран шаардлагатай байдаг байна.

Он гарсаар нийт 14 аймгийн 72 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 57 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Үер ус, гал түймэр, хүчтэй салхи шуурга, аянга цахилгаан гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлс нь дэлхий дахинд нөхөж баршгүй хохирлыг учруулсаар  байна.

Тухайлбал, БНСУ-д долоодугаар сарын 16-наас эхлэн хүчтэй бороо үргэлжилснээр 13.000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, 17 хүний амь үрэгджээ.

Мөн БНХАУ-ын Бээжин хотод долоодугаар сарын 23-29-нд орсон хүчтэй борооны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ. Үерийн улмаас 43 хүний амь эрсдэж 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 24 мянга гаруй орон сууц, 242 гүүр, 756 км зам эвдэрчээ.

Улмаар Энэтхэг улсад Ганга мөрний усны түвшин 71.75м хүрч, аюулын хэмжээнээс давж, 60 гаруй тосгон усанд автжээ. Мөн 6.000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Энэ мэт байгалийн гамшигт үзэгдлүүд нь дэлхийн хотуудад цаг агаарын шинэ сорилт болж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 142 (7639)