Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

 

“Ижий бурхад”-д энэ удаа Монгол Улсын Төрийн соёрхолт, монгол рокийн тайзнаас гуч гаруй жил буугаагүй домог болсон “Хурд” болон тэдний дүү “Чоно” хамтлагийнхныг төрүүлж өсгөсөн буянтай ижийг нь онцолж байна.

Төмөр замын бяцхан суурингаас тив алгасан цуурайтах нэр алдрын оргилд хүрсэн рок эрчүүдийн ижийг Ж.Памжав гэдэг. Өдгөө нас сүүдэр ер дөхсөн ч ануухнаараа.

Толгодыг даван шувууд буцлаа ээж ээ

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг санагдах юм даа ээж ээ... хэмээн дуулах хөвгүүдээ, тэдний араас залган гарч ирж буй авьяаслаг ач зээ нараараа бахархан суугаа ижийгээ хүүхдүүд нь бидний амьдралын шүтээн, аз жаргалын бурхан, “Хурд” хамтлагийн амин сүнс хэмээн дээдэлдэг юм билээ.  

 

ТӨВ ТЕАТРТ ДУУЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙЛАА

Ж.Памжав гуай Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. Дуучин болох мөрөөдөл тээн нийслэлд анх ирсэн нь 1956 он. Хар багаасаа л дуулах дуртай, ямар ч дууг ядах юмгүй амархан сурчихаад цангинуулж явдаг охиныг хотлоороо хоолой сайхантай хэмээн магтаж энд тэнд найр наадамд урьж дуулуулдаг байж. Нутагтаа сайхан дуулдгаараа гайхуулж явсан бас улс амьтан түүнийг Төв театрт дуучин баймаар хэмээн ил далд магтахыг олонтаа сонсож байсан болохоор ахыгаа дагаад хот руу ирэхдээ яаж ийгээд л театрт шалгуулж дуучин болно гэсэн нууцхан бодолтой явсан гэдэг. Гэвч хотод байх ах дүүс нь төмөр замд голдуу ажилладаг болохоор 17 настай охины амьдрал театртай бус ган замтай холбогджээ.  

Батсүмбэрийн наахна төмөр замын 63 дугаар тоочек гэж цөөн айлтай жаахан сууринд замчин болж очоод тэнд Ц.Дамба гэж Баянхонгор аймгийн Өлзийт сумын гаралтай дуу цөөтэй, даруухан хэрнээ тун ч ажилсаг залуутай танилцсан нь 60 гаруй жил гар гараасаа хөтлөн хорвоог туулсан насны хань нь байсан юм. Хорь ч хүрээгүй залуудаа хүний гэргий болж, 1958 онд анхны хүүгээ өлгийдөн үрийн зулай үнэрлэсэн нь орчлонд ээж байхын жаргал дуучин болох мөрөөдлөөс илүүг мэдрүүлсэн гэдэг. 

Тэрбээр арван хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Ганц охин Байгальмаа нь аав ээжийгээ залгамжлаад төмөр замчин болж, хөвгүүдээс Бат барилгын инженер, Ганбаатар жолооч бусад нь бүгд урлагийн зам мөрийг хөөжээ. Тэгэхдээ бүр бүгд рокууд. Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн продюсер Д.Отгонбаяр, гавьяат жүжигчин, хамтлагийн дуучин Д.Төмөрцог, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Мөнхбат, гитарчин Д.Отгонбаатар, “Чоно” хамтлагийн ахлагч Дэрмээ буюу Д.Батбаяр, бөмбөрчин Г.Батбаяр гээд рок хөгжмийн ертөнцөд домог болсон уран бүтээлчид энэ ижийгийн үргэлжлэл.

 

ОЛОН ХҮҮХЭД ЦӨӨНӨӨСӨӨ ДЭГТЭЙ, ДАРУУЛГАТАЙ ӨСДӨГ ЮМ

Монголын рокийг авч яваа ийм авьяаслаг хөвгүүдийг төрүүлж өсгөсөн Ж.Памжав гуайтай өдгөөгөөс 22 жилийн өмнө 2003 оны гуравдугаар сард уулзаж байв. Сонины шарласан хуудаснаа түүх болон үлдсэн тэрхүү ярилцлагаасаа  товчлон хүргэе.

...Памжав гуай хөгшинтэйгөө хамт төмөр замд насаараа ажилласан. Тэтгэвэрт гараад ч төмөр замаасаа, дасч идээшсэн Рашаант өртөөнөөсөө салж чадахгүй байсаар бараг арваад жил болсон гэнэ. Харин өнгөрсөн жил хүүхдүүд нь тэднийг ятгасаар байгаад хотод нүүлгээд иржээ. Төмөр замаас өгсөн байрандаа Дэрмээтэйгээ хамт амьдардаг. Дэрмээ гэдэг нь “Чоно” хамтлагийн Д.Батбаяр л даа. Багад нь өхөөрдөөд “дэрчгэр шар” гэж хочилсон нь сүүлдээ Дэрмээ болсон гэнэ. Тэгээд ч ач хүү нь бас Батбаяр нэртэй учраас ялгаж дуудахад амар гэж байв.

Тэрбээр хүүхдүүдийнхээ тухай ярих тун дуртай, өөрийнхөө биш тэднийхээ л тухай ярих.

-Манай хүүхдүүдийн хэн нь ч бид хоёрыг зовоолгүй өссөн шүү. Бага байхад нь идэх хоол, өмсөх хувцастай л байлгавал санаа зовох зүйл бага байж. Харин томрохоор нь илүү зовдог юм байна. Иймээ тиймээ юманд орчих вий гээд. Адаглаад машин барьж явахад нь санаа зовох юм байна шүү дээ.

Олон хүүхэд цөөнөөсөө дэгтэй, даруулгатай өсдөг юм. Томчууд нь ямар байна дүү нар нь тэднийгээ дагадаг. Хүүхдүүд минь бүгдээрээ хотод төмөр замын харьяаны сургуульд сурч, замчдын хүүхдүүдийн дотуур байранд суусан. Манай хэд долоон нас хүрэв үү, үгүй юу л гурил зуурах, ус түлш ойртуулах, хурга ишиг хариулах гээд гэрийн ажлын хуваарьт орно шүү дээ. Дандаа эрэгтэй болохоор хөдөлгөөнтэй л байлгүй яах вэ. Гэхдээ биднийг сургууль руу дуудуулж чих халууцуулж байгаагүй. Бид хоёр ч үе үе хот орж багш нартай нь уулзаад, хуралд нь суудаг байсан.

Томчууд нь дүү нараа “командлаад” ажилд сургачихдаг юм. Тэдний хэн нь ч гэрийн ажлаас сугарч үлдэхгүй. Бүгд өдөр өдрөөр хуваагаад хийнэ. Хүүхдүүдийг минь бага байхад юм ч элбэг, бид хоёр цалин ч сайн авдаг байж. Төмөр зам хангамж сайтай, юугаар ч дутаж байгаагүй. Багад нь юухан хээхнээр өмд, цамц оёод өмсгөчихнө. Жаахан томроод ирэхээр нь орос дэлгүүрээс хувцас авч гоёно. Хөвгүүд ер нь амар шүү дээ.

Манай хүүхдүүдийн олонх нь урлагаар явж байна. Удмын жаахан юм бий л байх. Гол нь эд бүгдээрээ урлагт дуртайдаа л ингэж яваа юм. Хамгийн том хүү минь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Тэр л дүү нараа хөгжимтэй нөхөрлүүлсэн дээ. Түүнийг гитар тоглож сурахад дүү нар нь дагаад сурчихсан. Ганбаяр л гэхэд сургуульд ч ороогүй жаахан байхдаа өөрөөсөө том гитар барьчихаад тоглодог байсан юм. Аав нь тэдний сонирхлыг мэдээд хотоос банзан гитар авчирч өгсөн. Тэгээд сургуульд орсон хойно нь сайн багш нар таарсны ачаар хүүхдүүд минь өдий зэрэгтэй явна.

Олон хүүхэд төрүүлснийхээ ач буяныг эгч нь эдэлж сууна аа. Хүүхдүүдийнхээ буянаар энэ жил Монголын дуулаачдын холбооны “Монголын эгшиглэнт ижий” өргөмжлөл, МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар шагнуулсан шүү” хэмээн бахархал дүүрэн ярьсан.

 

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ УЛААН ФЭН

Тэрбээр анхандаа хүүхдүүдийнхээ уран бүтээлийг тэгтэл сайн ойлгодоггүй байсан гэв. “Монгол бөхийн өргөөнд болсон “Хурд” хамтлагийн тоглолтыг үзээд  уран бүтээлийг нь сүрхий тоосон. Одоо бол улаан фэн нь. “Бахархал”, “Аавдаа”, “Ээж минь”, бас “Би эх оронтойгоо адилхан” дууг нь сонсох дуртай. Зарим нэгийг нь дагаад аялна гээч. Хүүхдүүд ч шинэ хийсэн бүтээлээ сонсгож саналыг минь авах дуртай. Би ч санаагаа шуудхан хэлнэ. Харин рок дуунуудыг нь нэг их сайн ойлгодоггүй” гэсэн.

“Хурд”-ынхан ээждээ зориулж “Ээж минь” дуугаа хийсэн. Одоо бас ээжийн тухай шинэ дууныхаа клипийг хийлгэж буй. Бас аав ээж хоёрыгоо клипэнд тоглуулсан. Энэ тухай Памжав гуай “Нэг өдөр Ганбаяр ирээд “Аавдаа” дууны клипэнд зургаа авахуул гээд. Том хүүгийн минь бие их муу байсан болохоор би ч дургүй л байлаа. Гэхдээ хүүхдүүдийн ажил болохоор татгалзаж чадаагүй очсон. Ингэж л уран бүтээлийг нь дэмжихээс өөр тус хүргэж чадах биш дээ” гэсэн юм.

Шинэ уран бүтээл, шинэ тоглолт гээд дандаа завгүй байдаг хөвгүүд нь хагас бүтэн сайнд ээж аав дээрээ заавал ирнэ. Хэрвээ удаан хугацаагаар ийш тийш явсан бол ирэнгүүтээ гэртээ харьж хувцсаа солиод л ээждээ яардаг гэнэ билээ.

Хүүхдүүдийнх нь хамгийн ажилсаг нь Бат, сурлага сайтай нь Ганбаяр, алиа нь Отгонбаатар, дуу цөөтэй нь Цогоо. Харин элдэв юм сэдэх дуртай нь Отгонбаяр, Дэрмээ хоёр. Харин бүх ажилд зохион байгуулагчийн үүргийг Ганбаяр хүссэн, хүсээгүй хүлээнэ. Ийм тийм юм боллоо, ингэлээ тэглээ гэхэд бусад нь Ганбаярын амыг л харна. Ээж нь ч үүнд дасчихсан.

Ганбаяр нэгэнтээ “Бид багадаа ээжээс л айдаг байсан. Биднийг дүрсгүйтэхэд чимхэнэ. Бас ороолгоно” гэж ярьж байсан. Энэ тухай ээжээс нь асуухад “Үнэндээ манай хөгшин барагтай бол дуугарахгүй. Тэднийг зүггүйтсэн үед шийтгэх үүргийг би л хүлээнэ шүү дээ. Гэхдээ хайрлаад хамаагүй хүрч чадахгүй. Том болоод ирэхээр нь дийлэх ч үгүй. Тэгэхээр нь чаддагаараа чимхэж байхгүй юу. Гаднаас хүн ороод ирэхэд урдуур хойгуур нь гүйлдээд л, таваг хуурайлаад л, зэрэгцэж яриад байдаг хүүхдүүд хэчнээн эвгүй харагддаг билээ. Манай хэд харин тийм зангүй дээ” хэмээн Памжав гуай одоогоос 22 жилийн өмнө ярьж байв.

 

“ХУРД” ХАМТЛАГИЙН ДОМОГ ЭЭЖ ААВААС ЭХТЭЙ

Бүх зүрх сэтгэлээ үр хүүхэд, ач гучдаа “тушаачихсан” ээжийнхээ тухай  хүүхдүүд нь ч ярих дуртай юм билээ. Өдий зэрэгтэй яваа нь тэдний минь ач гэнэ. Тиймээс тэднийхээ хийгээгүйг гүйцээж, мөрөөдлийг нь биелүүлэхийг амьдралынхаа нь хамгийн том үүрэг гэж үздэг аж.

Төв театрын дуучин болох ижийгийнхээ бага залуугийн мөрөөдлийг биелүүлж, урлагт нэртэй, мөртэй яваа Монголын рок хөгжмийн домог “Хурд” хамтлагийн амин сүнс болсон буурал ижийгийнхээ тухай хүүхдүүдийнх нь ярьснаас тун багахныг түүвэрлэн хүргэе. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.ГАНБАЯР:

-Ээжийн ген бидэнд нөлөөлсөн байх. Аавын хувьд урлагт ер нь янз бүрийн юм байхгүй. Дуу цөөнтэй, ер нь төлөөлүүлж хэлбэл, манай Цогоо шиг сайхан гүндүүгүй монгол эр хүн. Манай гэрийн ерөнхий командлагч бол ээж. Гэрийн бүх асуудлыг зохицуулж, биднийг хөдөлгөдөг гол хүн нь ээж, ээжийн ухаан байсан шүү. Бидний багад бүх ажил хуваарьтай. Отгонбаяр гурил зуурна. Цогоо шал угаана, гэрийн гадна цэвэрлэгээг Мөнхөө хийнэ ч гэдэг юм уу. Яг эрэмбээрээ дэс дараатай. Маргааш нь хоорондоо хийх ажил нь солигдоод байдаг болохоос уг чанартаа бүгдээрээ нэг дор адилхан ажиллаж амьдарч ирсэн. Бид ингэж л өссөн.

“Хурд” хамтлаг байгуулаад оюуны бүтээл хийгээд олон түмний сэтгэл оюунд эх оронч үзэл, бие биеэ хайрлах сэтгэлийг “асааж” яваадаа бурхандаа, аав ээждээ баярладаг. Бурхнаас заяасан ховорхон хишиг гэж бодож явдаг”.

Гавьяат жүжигчин, гитарчин Д.ОТГОНБАЯР:

-Бидний ээж, аав хоёр тэртээ 1950-аад оны дунд үед танилцан дотносож эхлэхтэй зэрэг “Хурд” хамтлагийн домог бичигдэж эхэлсэн. Хэдийгээр “Хурд” гэдэг нэр бараа сураггүй байсан ч ээж аав хоёрын ариун нандин хайр биежин ууган ах Ганболд хорвоод мэндэлж хөгжимд дурлаж өсөөд, дүү нараа уруу татан хүмүүжүүлснээр өрнөж эхэлнэ. Ганболд ах гитар хөгжимд дурлан төмөр зам, орос цэргийн ангиудаар явж суралцсаар гэртээ хөгжим тоглож хөгжмийн гоё эрчим, урсгал бий болгож эхэлснээс л “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжиж эхэлсэн”.

Гавьяат жүжигчин, дуучин Д.ТӨМӨРЦОГ:

-Ээж авьяасыг минь их мэдэрдэг байсан. Залуудаа их сайхан дуулдаг байсан. Би ер нь ээжийнхээ дуу хоолойг өвлөж авсан байх. Ээж маань залуудаа их цангинасан хоолойтой, би цаашаа сайхан дуулдаг эмэгтэй байсан. Одоо нас явсан хэдий ч сайхан дуулчихна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 140 (7637)