Хууль зүйн ухааны доктор Буянаагийн Ган-Очир
Аливаа улс үндэстэн тодорхой түүхэн цаг хугацааг туулж, онцгой гоц авъяас суу билигтэй, хүч чадалтай, давтагдашгүй төрсөн түүхэн суут хүмүүсийн үйл хэргийн үр дүнд улс болон бүрэлдэж тусгаар тогтносон байдаг. Монголчуудын хувьд ч гэсэн Төв Азийн өндөрлөгт орших энэхүү монгол төрийн голомт газар нутагтаа МЭӨ 209 онд Модун Шаньюй нүүдэлчдийн анхны төрт улс буюу Хүннү гүрнийг байгуулснаас хойш өнөөг хүртэл түүхийн зангилаа нугачаанд унаж боссон ч тасралтгүй монгол төрийн гал голомт энэ нутагтаа бадарсаар байна.Модун Шаньюй байгуулсан нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхлэлтэй монголчуудын төр түүхэн зарим үед бүр мөхөж үгүй болох аюултай ч нүүр тулж байсан олон цаг үе бий. Үүний хамгийн тод том жишээ гэвэл бидний мөнхийн хөрш, суурьшмал соёлт ард түмний Хятад нутагт Зүрчид угсааны Манж Чин улсын төр хүчирхэгжин ойролцоох хязгаар нутгийн ард түмнүүдийг өөрийн эрхшээлд оруулж байсан үе юм. Манж Чин гүрний эзлэн түрэмгийлэх бодлогод монголчууд ч өртөх нь ойлгомжтой болсон. Чухам энэ ээдрээтэй цаг үед хэдэн үеэрээ хүчирхэг байж, дэлхийн дайтай их гүрэн байгуулж байсан монголчууд маш уран зөв шийдэл гаргаснаар өнөөдөр бидний Монгол Улс оршин байгаагийн чухал түүхэн нөхцөлт үе болсон юм. Энэ чухал цаг үед мэдээж Чингис хааны угсааны олон хаад ноёд чухал үүрэг гүйцэтгэсэн ч тэдний хамгийн гол төлөөлөгч нь Өндөр гэгээн Занабазар юм.
ТУСГААР ТОГТНОЛ ЭЗЭНТЭЙ БОЛОВ…
Түүхийн нэхлээр халхын томоохон ноёд тайж, ван гүн, томоохон шашны төлөөлөгчид 1639 оны намар Халхын Ширээт Цагаан нуур хэмээх газар Чингис хааны шууд угсааны Автай сайн ханы язгуур угсааны үр Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн юм. Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хаан нас барсан ч удалгүй улс орон мөхсөнгүй, төр улс оршин тогтнож буйг илтгэн Занабазарыг Анхдугаар Богд нэрээр өргөмжилсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Халх даяараа шашны тэргүүнээ Алтан ургийн хүнээр сонгон өргөмжилснөө зарлан тунхаглаж ард олныг төр, шашны нэгдэлд уриалан дуудаж байсан гэж хэлж болох юм. Энэ тухай сурвалжуудад олонтаа тэмдэглэсэн байдаг.
ЗАЯ БАНДИДАГИЙН БИЧСЭН НАМТАРТ…
Тухайлбал, Зая Бандидагийн Анхдугаар богдын намтарт “Хүчний хүрдийг эргүүлэгч, эсрэн тэнгэр Чингис хаан, Батмөнх Даян хаан (хойчис) Очир түшээт хаан хэмээх шашин, төр хоёрыг аугаа ихээр болгон үйлдэгч энэхүү Богдын эцэг мөн” гэжээ. Мөн Эрдэнэ зуу ба Өндөр гэгээний намтар” хэмээх зохиолд: “Түшээт ханы хатан Ханджамц жирэмсэн болсон тэр цагт Гэгээн Сэцэн хаан бээр Түшээт хаанд бэлэг бичиг илгээж, Халхын хан, ван, ноёд эртний сайн ерөөлийн хүчээр тэнгэрийн суут Богд Чингис хааны алтан ургийн хөвгүүн биднүүдийн удирдагч нэгэн сайн хөвүүн чамд ирэхийг ямагт миний сэтгэлд төрмүй. Тиймийн тул би чамд очиж, хэдэн хоног наадам хийсүгэй хэмээн дараа Сэцэн хаан бээр хэдэн хүнтэй очоод наадам наадаад буцав” гэжээ.
ДАГВАЖАМЦАНГИЙН БИЧСЭН НАМТАРТ…
Дагважанцангийн бичсэн өөр нэг намтарт “...Язгуур нь хотол төгс Чингис угсааны шашин төрийг уужим ухаан ид заль чин зоригоор тэтгэгч хан Гомбодоржийн хүү...” хэмээн тэмдэглэж байснаас харахад Занабазарыг Чингис хааны шууд угсааны хүн гэдгийг маш тодорхой дурдаж байсан байна. Ийнхүү Халхын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар өргөмжлөгдсөнөөр халх даяар Чингис хаанаас улбаатай төрийн залгамж холбоо тасраагүйг илтгэж байсан бөгөөд нөгөө талаар өөрөө ч шашны үйл хэргээс гадна яалтгүй төрийн үйл хэрэгт хүссэн хүсээгүй татагдан оролцож төр, шашны тэргүүн болсон билээ.
ФРАНЦ ГЭЛЭН ЖАН ЖЕРБИЛЬОН…
Өндөр гэгээнийг амьд ахуйд өөрийн нүдээрээ харж, биеэр уулзсан франц гэлэн Жан Жербильон: “...Энэ лам тавь гаруй настай, намхавтар нуруутай, бүдүүн хүн агаад ихээхэн улаа бутарсан, нэн эрүүл царайтай... Дүү лам нь засагладаг. Түшээт хан зүрхэлж үг сөрөх нь үгүй” гэжээ. Үүнээс үзэхэд, Түшээт хан Чахундоржийн улс төрийн үйл ажиллагаанд Өндөр гэгээний нөлөө үлэмж их байсныг харуулж байна.
ОРЧИН ЦАГИЙН СУДЛААЧИД ҮЗЭХДЭЭ…
Мөн шинэ цаг үеийн түүхчид ч бичсээр ирсэн. Жишээ нь, түүхч Л.Чулуунбаатар өөрийн өгүүлэлдээ: “...Тухайн цаг үеийн араншин нь Өндөр гэгээн Занабазарыг шашин ном, соёл урлагийг дагнан хөөх бололцоог алдагдуулж улс төрийн бодлогын хүрээнд татан оруулсан байна. Ер нь Занабазарыг халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн нь монголчуудыг шашны тугийн дор нэгтгэн барилдуулах зорилготой байсан билээ” гэжээ. Учир нь Занабазарын амьдарч байсан үе бол Ойрдын Галдан Бошигт халхруу дайрсан, Манж нар түрэмгийлсэн, хойд Хаант Оросоос бас шахалт орж ирсэн, мөн дотооддоо ноёд тайж нар хоорондоо толхилсон цаг үе байсан юм. Ингээд Манжийн төрөөс монголчуудыг дагаар орохыг удаа дараа шаардаж, шашин болон төрийн олон бодлого явуулга явуулж байсан юм. Гэхдээ Өндөр гэгээн энэ хэцүү цаг үед үнэхээр холч нарийн ухаанаар хандаж, Манжийн төрийн хаанд хүртэл номын багш, зөвлөхөөр хажууд нь байнга очиж байсан учир Манжийн төрөөс Халхыг хэрхэх тухай Манжийн хаан болон Өндөр гэгээн хоёр байнга зөвшилцөж байсан нь дамжиггүй юм. Ингээд тэрээр: “Богд хаан анхнаас намайг халамжлан харгалздаг бүлгээ. Би бас тэнгэрийн төрийг түшиглэн амьдрах билээ. Эдүгээ энэ мэт агуу энэрлийг яахан хариулахаа олохгүй тул, өглөө үдшийн хувьд залбиран ерөөх төдий болой” гэж байжээ.
НИЙСЛЭЛ ХОТ ба ТУСГААР ТОГТНОЛ…
Гэвч бид цөөн хэдийг энд тэмдэглэе. Тухайлбал, аливаа туурга тусгаар улсын нэг гол чухал зүйл бол төрийн удирдлага орших нийслэл хот юм. Тэгвэл Өндөр гэгээн өнөөдрийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл эхлэлийг тавьсан юм. Түүхчдийн судалснаар 1639 онд Өндөр гэгээнд “Шар бөсийн хот” өргөснөөс хойш Халхын Богд Живзундамба хутагтуудад “Шар бөсийн хот өргөх” төр шашны зан үйл хэвшин тогтсон бололтой бөгөөд Манж Чин гүрний үед Живзундамба хутагтыг Бээжинд Манжийн хаанд бараалхахаар очиход нь шар бөсийн хот өргөдөг байжээ. Галдан туслагчийн “Эрдэнийн эрхи”-д буй 1794 оны Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигт: “...Живзундамба хутагт ирэхүйд Сүндэвдорж даруй харгалзан иртүгэй. Гагцхүү Живзундамба хутагт урьд дүрээс Шар хот хэрэглэдэг бөлгөө. Тэр энэ удаа замын зуур хэрэв басхүү Шар хот хэрэглэвээс түүний дураар хэрэглэтүгэй...” гэсэн байна. Түүхч Н.Хатанбаатар өөрийн өгүүлэлдээ: “...Хутагтын орд өргөө нь тийнхүү анх үүсч буй болсноос хойш Богд Живзундамба хутагтуудын хамт нүүдэллэн явсаар түвдээр Рибогэжэйганданшаддублин буюу монголоор Төгс баясгалант Номын их Хүрээ хэмээх шашны хүрээ хийд байгуулагдсанаар түүний хамтаар нийлж, түүнийг дагалдан буй болсон хүн ам бүрэлдсэнээр Өргөө, Да Хүрээ, Нийслэл Хүрээ, Улаанбаатар гэсэн хот суурин газрын эх үндэс болсон хэмээн үзэх нь зохистой ажээ” гэжээ. Ингээд 1651 онд Өндөр гэгээн байгуулсан Баруун хүрээнд Их хүрээний анхны 7 аймгийн эх үүсвэр тавигдсан бол 1654 онд Хэнтий ууланд Өндөр гэгээний байгуулж эхэлсэн Номын их Хүрээ буюу Зүүн хүрээ “Рибогэжэйганданшадублин” номын их хүрээг үндэслэн байгуулсан нь өдгөөгийн Монгол Улсын нийслэлийн тулгын чулууг тавьсан юм. Энэ нь нүүдэлсээр 1778 онд Туул голын хөндийд Хүрээ болон суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өндөр гэгээний байгуулсан өргөөгийн хоёр мянган хүний багтаамжтай, тэлж том болгох бүтэц бүхий асар том “Батцагаан” хэмээх цогчин дуганы зураг төслийг эдүгээгийн барилгын инженер, уран барилгачийн мэдлэгийн зураглал, тооцооллын өндөр түвшинд зохиосон нь байдаг. Оросын эрдэмтэн Н.М.Шепетильников эл цогчин дуганыг “Монголын уран барилгын дархны оргил, монголын үндэсний уран барилгын алдарт дурсгал” гэж үнэлжээ.
СОЁМБО ҮСЭГ ба ТУСГААР ТОГТНОЛ…
Мөн Өндөр гэгээн Занабазар хожмын тусгаар тогтносон Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон бүтээсэн хамгийн чухал зүйл бол “Соёмбо” үсэг юм. Занабазар Соёмбо үсэг буюу түүний түүх намтарт тэмдэглэгдсэнээр “өөрөө гарсан гэгээн” үсгийг 1686 онд эртний Энэтхэгийн ланз үсэгт тулгуурлан зохион олныг гэгээрүүлжээ. Түүний зохиосон Соёмбо үсэг бол Монгол улсын төр тусгаар, шашин ариун байх төдийгүй дэлхий дахинаараа амьтан бүхэн амгалан энх оршихын гайхамшигтай сайхан бэлгэдэл асар гүн утга агуулсан сүлд шүтээн билээ. Монгол улсын сүлд соёмбо нь монголын анхны төр улс Хүннүгийн үеэс бэлгэдэл болгож ирсэн гал дөл, нар сарыг багтаасан монголын түүх соёлын хийгээд арга билгийн гайхамшигт цогц бүтээл учир он удаан жил мөнхөд монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болж байгаа юм. Тиймээс Монголчууд соёмбоо Монгол төр бат бэх, эв нэгдэлтэй тусгаар тогтнон оршихын бэлэг тэмдэг хэмээн эрхэмлэн дээдэлж алтан соёмбо гэж нэрлэдэг сайхан заншил бий.”Соёмбод наран саран дээр галыг гурван үзүүртэй дөлөөр дүрслэн монгол хүний уг удам, гал голомт гурван цаг буюу үүрд мандан бадарч байхыг, Монгол хүн бүхэн нэгэн сэтгэлээр тусгаар тогтнолоо хамгаалан дайсныг даран сөнөөхийг, хүн ард бүр их бага цөм улсынхаа төлөө шулуун шударгаар, арга билгийг хослуулан, сонор сэрэмжтэй төр түмэн хамтаар эв эеийг хичээн төмөр хэрэм мэт байвал Бидний монгол улс үүрд мандан бадрах болно гэдгийг билэгдэн зохиосон” гэж Бямбын Ренчин бичжээ. Өндөр гэгээн ирээдүй цагт бидний Монгол ямар болохыг билгийн мэлмийгээр тольдон болгоож эш үзүүлсэн найман зүйл байсны нэг нь өөрийн зохиосон Соёмбо үсгийн тухай “Миний номын үсэг дэлхий дахинд түгэх” хэмээн зөгнөж хэлж байжээ. Энэ нь Монгол улс Соёмбо үсгийн тэмдэг бүхий далбаатай болох ба тэр соёмбот туг дэлхийн улс оронд эв найрамдлыг илэрхийлэн мандаж байхыг бэлгэдсэн байна.
СОЁМБО ҮСЭГ ОЛНОО ӨРГӨГДСӨН ҮЕД…
1911 онд Монголчууд Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарлаж Олноо Өргөгдсөн Монгол Улсаа тунхагласан бөгөөд хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу “Төрийн далбаа”-тай болсон явдал юм. Ингээд Богд Хаант Монгол улсын Төрийн сүлд нь “Соёмбо” үсэг байсан. Улмаар Богд хаант Монгол Улсын төрийн хуулиар улсын тамга, туг далбаанд хэрэглэх сүлд тэмдгийг тогтооход соёмбо үсэг нь сүлд болсон бөгөөд энэ тухай “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т “Тамгын төвийн үсэг соёмбын Э-бам, зүүн баруун этгээдэд монгол үсэг сийлэх, төрийн далбааны дундад мөн үсгийг хийх тухай” заасан байна.Олноо өргөгдсөн улсын далбааг гурван ам, Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй, гал дэвсгэр нь шар, ишний эсрэг талд “ум а хум” гэсэн үсэгтэй гурван улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа бүхий “соёмбо”, “Э бам” үсгийг сайн сайхныг бэлгэдсэн ном (ламааданномбо, санжаадансүрэн, лүймүддонжи) зэрэг барласан дэвсгэр дээр урлан хийсэн байна. Мөн тус далбааг тэр үеийн төрийн гол баярын өдрүүдэд айл өрх, орд сүм , яам тамгын газар мандуулж байхаар тогтоосон ажээ.
СОЁМБО ҮСЭГ БНМАУ-ын ҮЕД…
1921 оны ардын хувьсгалын үеэр төрийн сүлд далбаанд ч залгамжлагдан ирсэн түүхтэй. Мөн 1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.1960 оны Үндсэн хуулийн 91 дүгээр зүйлд улсын далбааны тухай заахдаа, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээсэн байдаг.
СОЁМБО ҮСЭГ АРДЧИЛСАН МОНГОЛД…
Харин Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 12-р зүйлийн дөрөв дэх хэсэгт: “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” гэж заажээ. Дээрх бүхнээс харахад Өндөр гэгээн монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, монгол хүн бүрийн зүрхэнд байрлах мөнхийн бүтээлийг бүтээжээ. Зөвхөн монголдоо төдийгүй дэлхий дахинаа монгол гэдгийг илэрхийлэх ганц чухал дүрслэл, илэрхийлэмж бол Соёмбо тэмдэг билээ.
ЦАГААН САР ба ТУСГААР ТОГТНОЛ…
Мөн монголчуудын туурга тусгаар тогтносон улсын бэлгэдэл болоход Өндөр гэгээний оруулсан бас нэгэн гавъяа бол “Цагаан сар” юм. Хэдийгээр дэлхийд, ялангуяа Азийн зарим улсууд хаврын баяр буюу цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг ч монголчуудын хувьд бусдаас өөр буюу монгол үндэсний түүх, ахуй соёлыг илтгэж тусгаар улсын иргэн монгол хүн бүрийн омогшин бахархаж тэмдэглэдэг баяр бол цагаан сар юм. Судлаачид Өндөр гэгээн нь монголчууд хоёр мутраар өвчилдэн тэврэлдэх нууц тарнийн бясалгалын бурхдын зан үйлд хүргэхийг бэлгэшээн хоёр гарыг сунган тосож, зөрүүлэн золгох монгол ёс заншлыг бий болгосон гэж үздэг. Ийнхүү дэлхийн хаана ч байхгүй хоёр хүн золгох зан үйлийг Өндөр гэгээн бий болгосон нь мөн л нууц тарнийн ухааныг шингээсэн учир өнө удаан жил ингэж золгох ёс тогтсон байна. Энэ тухай сурвалжид тэмдэглэсэн нь: “...Шар хар нийтээр шинийн нэгнээс эхлэн баярлах мэт учрах цагт харилцан хоёр гараар тэврэх хийгээд “зод”-оос хоёр хоёроор тэврэх хийгээд гар атгах хийгээд догшин харваас хурьцал мөн хэмээн номлосон мэт. Богд ч тэр лүгээ зохилдуулж тэврэх хөлөлөөр оромжлосон...” гэжээ. Мөн Өндөр гэгээн цагаан сарыг шашны зан үйл гэхээсээ илүү төр ёсны бэлгэдэл хүндэтгэлийг шингээсэн хэвийн боовыг бүтээсэн гэдэг. Гандан хийдэд Өндөр гэгээний өөрийн мутраар сийлсэн хэв байдаг гэж судлаачид тэмдэглэдэг. Өндөр гэгээний санаачилгаар хэвийн боовоор зассан идээ нь өдгөө улам төгөлдөржсөн бөгөөд энгийн айлаас эхлээд өндөр настан, цаашлаад төрийн хэмжээнд хэдэн үеэр идээгээ засах нь бараг тогтсон хэв ёс болжээ. Өндөр гэгээн Цагаан сарын ёс уламжлалд бас нэгэн хүндэтгэлийн зоог бий болгож тогтоосон нь ууц тавих ёс гэж үздэг. Тэрээр амьд ахуйдаа өөрийн хөргийг шавь нараараа зуруулсан тухай сурвалжийн мэдээнд: “Бас урьд шавь наруудаар хэрэв Богд эрдэнэ өнгөрөх цагт, бидний авралын шүтээнд лагшингийн орлогч дүрийн дүр байдлыг ба мутрын барьцыг ямар янзаар урлах вэ” хэмээн айлтгахад Богд баясан мишээх ёсонд миний дүрийг монгол дээлтэй, баруун гартаа хурц хутга, зүүн гарт хонины тарган ууц бариулж урла хэмээн айлдсан, сүүлд ламын зарлиг мэт үйлдвээс таарах бөгөөд бусдууд шоолж доромжлох болмуу хэмээн санаж баруун гарь очир, зүүн мутарт хонх барьсан дүрээр урлалаа...” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Үнэхээр өдийг хүртэл мөн цаашид ч Цагаан сарын баярын гол утга төгөлдөр, төр шашны ёслол хүндэтгэл, монголчууд бусдаас ялгарсан тусгаар улсын үндэсний баяр болгож хөгжихөд хамгийн чухал нөлөөлсөн хоёр зүйл бол яахын аргагүй хэвийн боовоор зассан тавгийн идээ, ууц хоёр билээ. Энэ бол Өндөр гэгээнээс монголчууд бидэнд үлдээсэн маш чухал үндэсний дархлааг бий болгосон агуу соёл юм. Тиймээс монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг төр болон шашны ёсны утга учрыг шингээсэн монголчуудын оюун санааны нэгдмэл үнэт зүйлийн нэг болтол хөгжүүлсэн нь Өндөр гэгээн Занабазартай шууд холбоотой юм.
ЭРИЙН ГУРВАН НААДАМ ба ТУСГААР ТОГТНОЛ…
Мөн монголчууд тусгаар тогтносон улс байхын бас нэгэн бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын өнөөгийн хэв шинж нь тогтоох гол эхлэлийг Өндөр гэгээн тавьсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, монголчуудын баяр наадмын түүхэнд онцгой шинэ дэвшил, шинэчлэл гарсан үе бол 17 дугаар зууны сүүл, 18 дугаар зууны эхэн үе бөгөөд үүнд Халхын Анхдугаар Богд Живзундамба хутагт Өндөр гэгээн Занабазар шууд холбогдох юм. Түүх, сурвалжуудад тэмдэглэснээр тухайн үед монголчуудын баяр наадмын хамгийн том нь буюу нийт халх монголчууд оролцсон баяр наадам бол Халхын Анхдугаар Богд Живзундамба хутагтад зориулсан “Долоон хошуу наадам” хэмээх баяр юм. Энэ наадмыг сурвалжид “Бат оршил наадам”, “Бат оршлын наадам”, “Даншүг наадам” , “Даншгийн наадам” гэж бичсэн байна. “Даншүг” гэдэг нь “Үл гүйх буюу үл хөдлөх бат”, “орших” гэсэн үгсийн нийлэмж “Бат орших” хэмээх холбоо үг бөгөөд халхын шарын шашны тэргүүн Богд Живзундамба хутагтыг урт насалж, удаан жаргахыг бэлгэдэн хийдэг баяр наадам юм. Даншиг наадам нь нэг талаасаа Монголчуудын эв нэгдлийн наадам бол нөгөө талаасаа төр засаг хуралддаг Их хуралдай байв. Уг хуралдаанаас хууль эрх зүй, засаглал, татвар гээд бүхий л зүйлсээ төрийн бодлого тогтож шийдвэр гардаг байв. Эхэндээ 3 жилд нэг удаа наадамладаг байсан бол 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан цагаас хойш жил бүр тасралтгүй тэмдэглэсээр ирсэн билээ. Өдгөө Монгол Улсад цорын ганц тусгайлан хуультай Үндэсний баяр бол Үндэсний их баяр наадам билээ. Энэ хууль хэд хэдэн удаа шинэчлэн засварлагдаж батлагдсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2022 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 4.1.1-д: “Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр” гэж заасан байдаг. Монголчуудын тусгаар тогтнолын бэлгэдэл болсон хамгийн үнэ цэн бүхий баяр бол Үндэсний их баяр наадам бөгөөд өнөөгийн бөхийн цол, морины уралдааны дэг ёс зэрэг олон чухал зүйлийг Өндөр гэгээн санаачлан хэвшүүлсэн билээ.
ЖИНЛАВЦОГЗОЛ ба ТУСГААР ТОГТНОЛ…
Мөн нэгэнт Өндөр гэгээний монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө хийж бүтээсэн зүйлсийг дурдаж байгаа тул энд түүний зохиосон “Жинлавцогзол” бүтээлийг цухас боловч дурдах нь зүйтэй болов уу. Монголын нийгэм төрд Манжийн төрөөс түрэмгийлэл хурцадсан, Халх-Ойрад өвөр зуураа хямралдсан хүнд үед Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн улс орноо амар жимэр байлгахын тухайд бурхан сахиусдаа даатган залбирч Жинлавцогзол хэмээх алдарт зохиолоо туурвисан юм. Хожим нь энэхүү ном нь монголчуудын эв найрамдал, тусгаар тогтнолын бэлгэдэл болтлоо ард олны дунд түгэн дэлгэрсэн бөгөөд Жинлавцогзол нь өдийн болтол буюу бараг 400 орчим жилийн турш, манай сүсэгтэн олны хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болж уншуулсаар байна.Ийнхүү Өндөр гэгээн Г.Занабазар нь монголчуудын эв найрамдал, тусгаар байдал, монгол түмний хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө бүх л оюун ухаан, бие сэтгэл, хүч чадлаа чилээн барин олон зүйлийг хийж бүтээсэн нь өнөөгийн монголчуудад өвлөгдөн үлджээ. Түүний бүтээл туурвил бүрээ өөрийн сэтгэл зүрхээрээ зөвхөн шашны талаас нь биш монголчуудын өнгөрсөн түүх, соёл, тухайн үеийн тал талын нөхцөл байдал, ирээдүй цагийг зөгнөж бүтээсэн учир түүний үзэл баримтлал, санаа бодол шингээн бүтээсэн бүтээл бүр өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс болж өнө мөнхөд оршсоор байна. Тиймээс Өндөр гэгээн бол монголын төр шашны гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, дэлхий дахинаа мөнхөд дуурсагдах агуу их суут сэтгэгч билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 135 (7632)