С.УРТНАСАН
Сүүлийн үед иргэд цахим сүлжээнд цагийг их өнгөрүүлдэг болсон. Ингэхдээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор телеграмм, фэйсбүүк зэрэг платформоор дамжуулан мэдээлэлд шүүлтүүргүй хандсанаас үүдэж гэмт хэргийн хохирогч болсоор байна. Энэ сарын 22-ны өдөр иргэн Э телеграмм аппликейшнээр “мөнгөө өсгөх” зорилготой зар мэдээлэлд итгэж, нэр бүхий хаягтай холбогдон хоёр удаагийн гүйлгээгээр бусдын данс руу 13.7 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ.
Энэ төрлийн гэмт хэргийн талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ш.Жамъяндорж: “Зөвхөн баяр наадмын өдрүүдэд гэхэд 28 залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Хохирлын хэмжээ нь 248,7 сая төгрөг. Нийт бүртгэгдсэн цахим залилангийн хэргийн 50 хувь нь “Телеграмм”-аар дамжуулагдан үйлдэгдсэн. Үүнээс үүдэж 170 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. 2025 оны эхний зургаан сарын байдлаар 9696 цахим залилангийн гэмт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 64.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 36.3 хувийг эзэлж байна. Энэ оны зургаан сарын байдлаар даалгавар биелүүлэх телеграмм ашигласан залилан 668, хандив гэх нэрийн дор үйлдэгдсэн 474, бусдын цахим хаяг ашиглаж үйлдсэн цахим залилангийн 386 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн. Гэмт этгээдүүд цахим залиланг олон үйлдлийн аргаар үйлддэг. Мөнгө өсгөх, түрээсийн үйлчилгээ, бусдын өмчөөс зээл авсан, зээлийн эрх үүсгүүлэх, зээлийн урьдчилгаа, интернэт банкаар мөнгө гаргах, мөрийтэй тоглоом, сугалаа, валют солиулах, виз гаргах, жолооны ангилал ахиулах, хөрөнгө оруулалт, ажилд оруулж өгөх, цахим ажлын урьдчилгаа зэрэг аргаар үйлддэг” гэв.