Ч.Бямбахажид
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч, гол анхаарах асуудал болоод байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш нийт 204 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийт 204 ой хээрийн түймрээс 135 нь ойн түймэр байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн байна. Харин хээрийн түймэр 69 удаа буюу өнгөрсөн оноос 1.2 дахин өсжээ.
“135 удаагийн ойн түймрийн 90 нь Сэлэнгэ аймгийн бүс нутагт гарсан”
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ганзориг мэдээллэсэн юм.
Тэрээр “Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Ялангуяа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат суманд гарч эхэлсэн. Өнгөрсөн өвөл харьцангуй хур тунадас багатай, дулаан өвөл болсон. Дээрээс нь Сэлэнгийн бүс нутагт хуурайшилт өндөр, ялангуяа Хүдэр, Ерөө, Мандал, Цагааннуур, Мөнгөнморьтын хойд хэсэг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын баруун хэсгээр хур бороо маш бага орж, хэт халалт ихтэй, халсан өдрүүдийн тоо өндөр эрсдэл, шалтгаантай байна. Улмаар 135 удаагийн ойн түймрийн 90 нь Сэлэнгэ аймгийн бүс нутагт гарсан байна. Энэ тоог сумдаар нь авч үзвэл, 90 түймрээс 32 нь Ерөө суманд, 10 нь Мандал суманд, 21 түймэр нь Хүдэр суманд тус тус бүртгэгджээ. Өчигдрийн байдлаар нийт унтрахаар ажиллаж буй 23 ойн түймрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд арав хоног буюу хамгийн удаан хугацаанд ажиллаж байна. Түймрийн голомтод бид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэг эзэнгүй түймэр, ар тал хангамж тасарсан, шатахуунгүй хоол хүнсгүй байгаа асуудал огт байхгүй. Энэ асуудлыг сум орон нутаг, Онцгой байдлын байгууллага, төр засгаас бүх шатандаа шийдвэрлээд явж байна” гэв.
Долоодугаар сарын 24-ний байдлаар 22 удаагийн ойн түймэрт Онцгой байдлын байгууллага, орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн анги, иргэд, сайн дурынхан, ААН, байгууллагын оролцоотойгоор нийт 670 гаруй хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.
Нийт гарсан ой, хээрийн түймрийн 73 нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүджээ
Мөн долоодугаар сарын 24-ний байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрвөн түймэр, Хүдэр суманд нэг буюу таван ойн түймрийг цурамд оруулжээ. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тав, Ерөө суманд тав, Мандал суманд зургаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг буюу нийт 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллага сансрын зураглалаар хиймэл дагуулын мэдээллээр “дулаан цэгийг илрүүлэх” ажиллагааг явуулж, түймрийг шуурхай илрүүлж байгаа юм байна. Тодруулбал, нийт ойн түймрийн 39.7 хувийг сансрын зургаас илрүүжээ. Мөн нисдэг тэргээр агаараас тандаж нийт ойн түймрийн долоон хувийг илрүүлсэн байна. Үүний үр дүнд нийт түймрийн 45 хувийг цаг алдалгүй илрүүлэн арга хэмжээ авчээ.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хур бороо орох үеэр үүлэнд нөлөөлөх ажлыг хийж байгаа ч түймрийн голомт болох Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумдад хур бороо орох нөхцөл бүрдэхгүй байгааг албаныхан мэдээллээ.
Мөн ой, хээрийн түймэр цаашлаад баяр наадам, амралтын үеэр байнгын усны эргүүл, төв суурин газрын гал гамшгийн аюулд гээд Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд гарсан 204 удаагийн ой, хээрийн түймрийн 78 түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоожээ. Үүний 73 нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан байна.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг цаг агаарын процесст хур тунадас үүссэн тохиолдолд явуулах боломжтой
Энэ үеэр ЦУОШГ-аас цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар мэдээллээ.
ЦУОШГ-ын Улсын сүлжээний хэлтсийн дарга Д.Уламбаяр “Манай байгууллага цаг агарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хөрсний чигийг нэмэгдүүлэх, усан сангийн усны хэмжээг нэмэгдүүлэх, ой, хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт түймрийн голомтод ажиллахаар гурван экспедиц бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн ихэнх сумдаар 0.5-6 мм хур тунадас орсон. Үүн дээр манай гурван экспедиц ажилласан. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг цаг агаарын процесст хур тунадас үүссэн тохиолдолд явуулах боломжтой” гэлээ.
Энэ сар гарсаар 24-ний өдрийн байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ.
Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан хоёр түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.