П.АМГАЛАНБАЯР

 

Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт долоодугаар сарын 4-6-ны хооронд  Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтад манай улсаас 12 их  сургуулийн  57 төлөөлөгч,  ОХУ-аас  54  их сургуулийн  63 төлөөлөгч оролцсон. Энэ үеэр хоёр улсын  их сургуулиуд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, үйл ажиллагаа илүү тэлж өргөжүүлсэн нь онцлог байлаа.

Чуулганы үеэр Монгол Улсын Их Сургууль Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуультай 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 24 дугаар гэрээний хүрээнд нэмэлт гэрээ, Газар төлөвлөлтийн улсын их сургууль, Б.Б.Городовиковын нэрэмжит Халимагийн их сургууль, М.К. Аммосовын нэрэмжит Якутын Хойд-Дорнодын холбооны их сургууль болон Москвагийн автозамын дээд сургуультай шинээр гэрээ байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. МУИС ОХУ-ын нийт 23 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг байна.

Энэ хүрээнд МУИС-ийн ректор тэргүүтэй төлөөлөгчид  А.С.Пушкиний нэрэмжит орос хэлний дээд сургууль болон Халимагийн их сургуультай орос хэлийг дэлгэрүүлэн, сурталчлан ажиллахаас гадна орос, монголын эрдэмтэн хоорондын судалгааны хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр, Эрхүү болон Буриадын улсын их сургуультай хамтран Хөвсгөл нуурын иж бүрэн хамтарсан судалгааг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Чуулга уулзалтын нээлтийн үеэр МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг илтгэлдээ “Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын анхдугаар чуулга уулзалт Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог. Учир нь дэлхийн II дайны гал дүрэлзсэн 1942 онд Зөвлөлт Холбоот Улс, Москвагийн улсын их сургуулийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхны их сургууль үүд хаалгаа нээснээр манай орны дээд боловсролын систем  бүрэлдэн бий болох эх суурь тавигдсан юм.

Б.Очирхуяг

Шинээр байгуулагдсан манай их сургуульд анхны тусламж болгон  шинжлэх ухааны өндөр зэрэглэлийн  долоон доктор, профессор багшийг илгээж, физик, хими, амьтан судлал, мал үржүүлгийн ухааны лабораторийн хэрэгслийг бэлэг болгон ирүүлж байжээ. Тэр ч бүү хэл багш нарын зарим нь фронтоос  шууд ирсэн тул дайны шарх нь бүрэн илаарьшаагүй хүн ч  байсан гэх баримт бий. Энэ нь ахан дүүгийн чин сэтгэлийн тусламж, зориг тэвчээр, хатуужил, хүнлэг чанар төдийгүй хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх их үйлсийн төлөө хэцүү бэрхийг үл тоон зүтгэсэн үлэмж их алсын хараатай бодлого байсны илрэл юм.

Манай орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль МУИС-ийг үүсгэн байгуулахаас  эхлэн   дэмжин тусалж, өнөөдрийн хөгжилд хүрэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг бид ямагт хүндэтгэж явдаг тухайгаа онцгойлон дуулгахад таатай байна.

1961 онд Москвагийн их сургууль, МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны анхны гэрээг байгуулж байсан бол өнөөдөр МУИС ОХУ-ын 20 гаруй их дээд сургууль, судалгааны байгууллагатай бүхий л түвшинд хамтран ажиллаж, туршлага судлах, багш, оюутан солилцох, шинжлэх ухааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ бүхэнд ОХУ-ын их, дээд сургуулийг төгссөн МУИС-ийн  эрдэмтэн багш нар санал, санаачилгатай ажиллаж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 

Дубна дахь цөмийн судалгааны төвтэй МУИС бүр 1957 оноос эхлэн хамтран ажилласаар буй бөгөөд хамтарсан сургалт, ажлыг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний хамтарсан хурал зохион байгуулж, эрдэмтэн, судлаачдын мэргэшил дээшлүүлэн ажиллаж байна” гэлээ.

1970 онд Эрхүүгийн их сургууль болон МУИС хамтарсан биологийн иж бүрэн экспедиц явуулах гэрээ зурагдаж хоёр улсын эрдэмтэд 1997 он хүртэл хамтран ажиллаж байжээ.  Тиймээс энэхүү уламжлалт хамтын ажиллагааг бид дахин эхлүүлж хоёр үеийн эрдэмтэн, судлаачдыг дахин судалгааны ажилд оролцуулах хүсэлтэй байна. Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо дөрвөн өдрийн турш үргэлжлэн олон чухал асуудлыг ажил хэрэгчээр хэлэлцэх Монгол, Оросын их, дээд сургуулиудын захирлуудын анхдугаар чуулга уулзалт  хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Мөн МУИС-ийн зүгээс оросын их дээд сургуулиудтай багш, оюутан солилцоог илүү идэвхжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүнчлэн нийгэм, хүмүүнлэг, соёлын чиглэлээр шинэ санал, санаачилга гарган ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

 

Тэргүүлэх арван салбараас  Буриадын улсын их сургууль

 

Хоёр улсын Боловсролын яамны ивээл дор зохион байгуулагдсан чуулганы зохион байгуулагчаар ОХУ-ын талаас Буриадын улсын их сургууль, Монголын талаас ШУТИС ажилласан юм. Ийнхүү чуулганы хүрээнд Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудтай танилцлаа. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүлэх  сургуулийн нэг Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуультай танилцсанаа хүргэе.

Тус сургуулийг зорин очиход  биднийг найрсагаар угтан авлаа.  Доржи Банзаровын нэрэмжит Буриад Улсын Их Сургууль нь 1932 онд Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Улсын Ардын Комиссаруудын Зөвлөлийн  тогтоолоор  Буриад-Монголын  Хөдөө аж ахуй  багшийн  дээд сургууль нэртэйгээр  байгуулагдсан түүхтэй.  Харин 1995 онд ОХУ-ын  Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын  шийдвэрээр  Буриадын Улсын Их Сургуулийг байгуулсан байна. Их сургууль  байгуулагдсанаас хойш  100  мянга гаруй мэргэжилтэн төгссөн бөгөөд  тэдний  3000 гаруй нь  Монгол Улсад  зориулсан боловсон хүчин гэдгээрээ онцлог аж.

Тус сургууль нь Физик, математик, компьютерийн  ухааны сургууль,  Байгалийн шинжлэх ухааны  сургууль,  Түүх хэл бичгийн сургууль,  Дорно дахины сургууль , сурган хүмүүжүүлэх  сэтгэл зүйн  сургууль, Биеийн тамир, спорт ба аялал жуулчлалын сургууль, Эрх зүй эдийн  засгийн сургууль, Анагаах ухааны сургууль, Уламжлалт анагаах ухааны сургууль, Зогсолтгүй боловсролын сургуультай. Боловсролын бүх түвшинд 8013 оюутан суралцаж байна.

Биднийг очиход салбар сургуулиудын удирдлагууд хүлээн авч, сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм.  Тэдний  хувьд Улаан-Үд хотод Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт зохион байгуулагдсанд баяртай байна гэдгээ илэрхийлж байлаа.

 

“Найман улсын хэлийг сурах боломжтой”

 

Тус сургуульд  Буриадад амьдардаг, оршин суудаг олон  үндэстэн, ястан суралцдаг аж. Мөн тус сургуульд суралцсанаар найман  улсын хэлийг үзэж, суралцах боломжтой аж. Тухайн оюутан сонгосон мэргэжлийнхээ хүрээнд  суралцахаас  гадна өөрийгөө хөгжүүлэх олон боломж байдаг гэнэ. Жишээлбэл, тус сургуульд соёл урлагийн чиглэлээр найман хамтлаг, спортын чиглэлээр 20 клуб, секц үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тухайн спортын клуб, секцэд тив, дэлхийн аваргууд  хичээллэдэг учраас тэдэнтэй хамт  сонирхлоо хөгжүүлэх боломжтой юм.

Тус сургуулийн удирдлагууд Монголоос суралцахаар ирсэн оюутнууд маш их идэвх санаачлагатай, дайчин  залуус байдаг гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн сургуулийн Гадаад оюутны холбоонд монгол оюутнууд идэвхтэй оролцдог гэдгийг хэлж байв.

 

Буриадын Засгийн газрын тэргүүний нэрэмжит тэтгэлгээр 70 оюутан суралцаж байна

 

Их эрдэм өвөртлөхөөр алс холоос зорин ирсэн улс бүрийн залуус тус сургуульд суралцаж,  амьдралынхаа хамгийн сайхан цаг үеийн дурсамжийг хамтдаа бүтээн, сурч хөгжиж буй нь бахархалтай байсан юм. 2021 оноос тус сургуульд Буриадын Засгийн газрын тэргүүний нэрэмжит тэтгэлгээр “Орос хэл,  уран зохиолын багш” бакалаврын  хөтөлбөрөөр суралцах боломж бүрдсэн байна. Манай улсаас  Буриадын Засгийн газрын тэргүүний  тэтгэлгээр 70  оюутан суралцаж байгаа аж.

 Тэдний нэг нь орос хэл, уран зохиолын багшаар суралцахаар Дорнод аймгаас ирсэн Д.Бямбасүрэн,  Увс аймгаас суралцаж буй Э.Баярмаа нар байв. Тэд нэг ангийн оюутнууд бөгөөд одоо хоёр дугаар дамжаанд суралцдаг. Тус сургуульд суралцаад олон  улсын найзтай болсон бөгөөд өөрийгөө олон чиглэлд хөгжүүлэх боломжийг олгодог гэсэн юм.  Тэд сургуулиа төгсөөд  орос хэл, уран зохиолын сайн багш нар болно хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Танхимын болон практик хичээлийн орчин нь нэг дор байрлаж буй нь онцлог байв

 

Үүний дараа Буриад улсад  байгуулах 500 оюутны багтаамжтай  хотхоны бүтээн байгуулалтын ажлын дижитал хувилбарыг танилцуулсан юм. Уг хотхоны бүтээн байгуулалтын ажлыг дараа жилээс эхлүүлэн 2029 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн бид анагаах, болон философийн ангийн оюутнуудын хичээлийн үйл явцтай танилцсан юм. Анагаах төгсөх курсийн оюутнууд улсын шалгалтаа өгч байлаа. Тус сургуулийн хувьд танхимын болон практик хичээлийн орчин нь нэг дор байрлаж буй нь онцлог байв. Ингэснээр оюутнууд суралцаж буй мэргэжлийнхээ хүрээнд цаг алдалгүй нэг дор практик, мэргэжлийнхээ хичээлийг үзэж, судлан, чадвар эзэмших боломж бүрдэж байгаа юм.

Мөн хэл шинжлэлээр суралцаж буй оюутнууд дадлага ажлаа хийж буйтай танилцлаа. Тэд хуучны ном уншиж, судалж байсан юм. Тэгэхдээ оюутан бүр бээлий өмссөн нь сонирхол татлаа. Учир нь хэдэн зуун жилийн түүхийг хадгалах үнэ цэнтэй номуудыг нэг хувь нь хадгалагдаж байгаа учраас бээлийн өмсөж, уншдаг байна. Тус газар хуучны 7000 мянган ном хадгалагдаж байгаа бөгөөд хамгийн эртний ном нь XVII  зууных аж. Эдгээр номыг мэргэжилтнүүд, архивын ажилтнууд, хэл шинжлэлийнхний  судалгааны гол хэрэглэгдэхүүн болдог аж.

Мөн Буриадын улсын их сургуульд дэлхийд ганцхан байдаг анги нь лам, хуврагууд философийн чиглэлээр  дээд боловсрол эзэмших боломжтой гэдгээрээ онцлог.

Ийнхүү арван салбар сургуулиас бүрдсэн Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүлэх  сургуулийн нэг Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль монголын залуус сонирхсон мэргэжлийнхээ хүрээнд суралцахад үргэлж нээлттэй гэдгийг удирдлагууд хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7626)