Т.САЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.
Манай улс өнгөрсөн онд Бүгд Найрамдах Казахстан Улстай Стратегийн, энэ оны эхээр Бүгд Найрамдах Узбекистан Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.
Монгол, Киргиз Улс харилцаагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон бусад салбарт гүнзгийрүүлж, цаашид шинэ агуулгаар баяжуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, шинжээчдийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ.
Эх сурвалж:www.polit.mn