Г.УНДРАМ
Сэлэнгийнхэн брэнд олонтой. Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд тарьж ургуулах, тарьснаа боловсруулж ашиглах тал дээр сэлэнгийнхнийг гүйцэх газар байхгүй. Зөвхөн тариа ногоо ч биш энэ нутгийнхан зөгий, тахиа, гахай болон малын гаралтай түүхий эдийг ямар ч хаягдалгүй боловсруулах тал дээр бусад аймгийнханд үлгэрлэх хэмжээнд хэдийнэ хүрч өөрийн гэсэн олон брэндийг бий болгоод байгаа билээ.
Тэдгээрийн нэг нь “Төгс” нэртэй мах махан бүтээгдэхүүний эко брэнд. Үхрийн толгой, шийрнээс хоёр төрлийн царцаамаг, жигнэсэн мах, үхрийн хэлнээс гадна “Төгс” коллагентай тосыг гарган авсан нь сүүлийн жилүүдэд эрэлт ихтэй, сэлэнгийнхнээр тогтохгүй, хотоос, холын аймгуудаас, хөрш зэргэлдээ Буриадаас захиалга олноор ирж, арлын Японоос ч сонирхоод эхэлжээ. Энэ брэндийг үүсгэн, үйлдвэрлэл болгон хөгжүүлж яваа Мягмаржавын Гантөгс, түүний гэргий Дорждамбын Норжмаа хоёулаа багш мэргэжилтэй. М.Гантөгс Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургуулийн физикийн, Д.Норжмаа Г.Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр сургуулийн биологийн багш. Тэд түмний хүүхдэд эрдэм заах их ажлынхаа хажуугаар өрхийн үйлдвэрлэл амжилттай эрхэлж, өөрийн гэсэн брэндийг бий болгоод тав дахь жилийнхээ нүүрийг үзэж яваа гэр бүл. “Төгс” брэндийн гол ноён нуруу, өрхийн тэргүүн, аймгийн шилдэг багш нарын нэг шатрын спортын улсын шүүгч М.Гантөгстэй уулзаж бизнесийн түүхийг нь хуваалцсан юм.
ТАВАН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЭХЭЛСЭН БИЗНЕС
-Бид хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг жирийн багш гэр бүл. 2002 онд МУИС-ийн физикийн анги төгсөөд Сэлэнгэ аймгийн МСҮТ-д багшаар очсон. Намайг ирэхэд гэргий минь тэр сургуулийн хичээлийн эрхлэгч байлаа. Ажлаараа танилцаж амьдралаа холбосон бид хоёр өнөөдөр ч багшийн ажлаа хийж хажуугаар нь малын дайвар бүтээгдэхүүнээр өрхийн үйлдвэрлэл явуулж бизнес эхлээд таван жил болж байна.
Дэлхий нийтээр тархаж, хөл хорио тогтоон, айл гэрийн төдийгүй улс орны амьдралыг зогсонги байдалд оруулсан ковидын үед бидний бизнес эхэлсэн юм. Хичээлээ заана, хажуугаар нь хүүхдүүдэд давтлага өгнө, элсэлтийн шалгалтад бэлтгэнэ, шатрын дугуйлан хичээллүүлнэ гээд завгүй өдөр хоногийг өнгөрөөж явсан надад ковидын хөл хорионы үе үнэхээр хэцүү байлаа. Ном уншина, интернэт ухна. Юу хийх вэ гэж бодох ч гадуур хамаагүй явж болохгүй, өдөрт хүнсээ цуглуулах гэж айлаас нэг хүн л гаргана. Гудамжинд цагдаа, эргүүл зогсчихсон, манай Сэлэнгэд нэлээн чанга байсан шүү. Тэр үед гэргийтэйгээ ярилцаад ямартай ч юу ч хамаагүй хийж үзэх боломж олгосон цаг хугацааг ашиглах ёстой гээд малын шийрээр аавтайгаа хийдэг байсан царцаамгийг оролдоод үзье гэж шийдсэн. Тэр үед бид хоёрын гар дээр бэлэн 5000 төгрөг л байв. Түүнийгээ атгаад, том цүнх үүрээд зах руу явлаа. Махны худалдаачдаас үхрийн шийр авах гэтэл өгдөггүй дээ. Бүгд л захьсан эзэнтэй, нийлүүлдэг хүнтэй байж. Маргааш нь дахиад явсан. Тэр үед хэн нэг нь худалдагчид намайг багш гэдгийг хэлснээр анхны дөрвөн шийрээ олж авч байлаа даа.
Аавынхаа зааснаар хийгээд шууд зарна гэж юу байх вэ. Өөрсдөө иднэ, ойр тойрныхондоо амсуулна, санаа бодлыг нь сонсоно. Нэг үгээр судалгаа хийгээд байгаа юм. Дөрвөн ширхэг шийрээ ус ихтэй, хуйх, үс арьсыг хуулахгүй муугаар хэлэхэд заваандуу хийхэд зургаан кг царцаамаг гарах боломжтой юм билээ. Бид хоёр ихийг хийхдээ биш чанар чухал гэж үзсэн учраас илүү нарийн цэвэрлээд ямар ч хатуу бүлх, шөрмөс оруулахгүй хийхэд дөрвөн кг царцаамаг гарсан. Тэгээд ч бидний хийж байгааг хамгийн хайртай хүмүүс минь идэх учраас хамгийн чанартай, хамгийн сайн нь байх ёстой гэдэг ганц л зорилгыг гол болгон зүтгэсэн.
АЛИВААД ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДАХ НЬ БАГШ МЭРГЭЖЛИЙН МИНЬ ОНЦЛОГ
-Стүжин буюу царцаамгийг манай монголчууд их дээр үеэс хийж хэрэглэж ирсэн юм билээ. Дэлхий нийтэд царцаамаг хийх анхны патентыг 1920, 1946 онд АНУ, Солонгост авсан бөгөөд эдгээр улсууд судалгааг ч нэлээд нарийн хийсэн байдаг. Ер нь хүмүүс үхрийн шийрний царцаамаг үе мөч, бэртэл гэмтэлд сайн нөлөөтэй гэдгийг мэддэг. Бас үс хумсыг эрүүл байлгадаг, арьсыг булбарай зөөлөн болгоно, биеэс хорт бодисыг гадагшлуулна, үений шингэнийг нөхөж, үений холбоос, шөрмөс тэтгэнэ, антиоксидантын найрлагад ордог гэхчилэн үр дүнгийн талаар нэлээн мэдлэгтэй байдаг. Сүүлийн үед зөв хооллолтын дэглэм барихад, нойр булчирхай, зүрх судас, сахарын өвчтэй хүмүүст эмч нар зөвлөдөг болсон. Тиймээс бид царцаамгаа хүмүүст таниулахад нэг их хүндрэлтэй зүйл байгаагүй. Сурталчилгаа энэ тэр ч хийгээгүй. Авч идсэн хүмүүс нь дахиж авах замаар танигдсан гэх үү дээ. Одоо бол манай Сэлэнгэд төдийгүй хотоос хүмүүс захиж авдаг болсон. Гэхдээ бид хоёр ганц царцаамгаар сэтгэл ханаагүй. Өөр юу хийж болох вэ гэдгийг эрж хайж үхрийн толгой авч хэлийг нь чанаад нэг төрлийн бүтээгдэхүүн болголоо. Толгойны махаар Оросоос авдаг “тушёнка” буюу жигнэсэн мах хийх аргыг эхнэр минь туршиж үзлээ. Тэднээс дутах юмгүй болсон. Тэгж байгаад жигнэсэн махнаасаа царцаамагтаа хийж болох юм байна гэдгийг тун санаандгүй мэдсэн. Царцаамагт мах холиод арваад хоногийн дараа нээж үзэхэд хөгцөрсөн, эссэн муудсан ч ямар ч шинж тэмдэггүй илүү амттайгаас гадна хадгалах хугацаа уртасдагийг ойлгосон.
Бүтээгдэхүүнээ яаж сайжруулах, амт чанарыг нь хэрхэн дээшлүүлэх вэ гэж янз бүрээр л оролдож үздэг. Юм ч их уншдаг. Хийж туршсан бүхэндээ холбогдох газруудаар зохих шинжилгээг хийлгэж үр дүнг нь баталгаажуулдаг юм. Ингэж явсаар нэг жилийн дараа царцаамаг маань махтай, махгүй хоёр төрөл болж, үхрийн хэл, жигнэсэн мах гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг болсон.
Манайх аль ч бүтээгдэхүүндээ элдэв амтлагч хийдэггүй. Нийтэд тохирсон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ялангуяа хүүхдүүд идэхэд элдэв харшил төрүүлэхгүй, дархлаанд нь нөлөөлөхгүй байхад анхаардаг нь бидний багшийн ажилтай минь холбоотой л доо.
Царцаамаг хийхээр шийрээ чанах явцад маш их тос ялгардаг. Тэр их тосыг яаж ашиглах вэ гэдгийг их судалсан. Аливаа хийх гэж байгаа зүйлээ эхэлж нарийн судалж шинжлэх ухаанчаар хандах нь бидний эзэмшсэн багш мэргэжлийн минь онцлог л доо. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй уулзаж, энд тэнд гарсан холбоотой материалууд хайж олж унших зэргээр янз бүрээр арга хайсан. Яг тэр үед манай Сэлэнгэд ээж охин хоёрын хийсэн “Тугалч хүү” шийрний тос худалдаанд гараад. Мэдээж тэр тосны гаргаж авч байгаа арга нь нууц л даа. Бид хоёр ч гэсэн өөрсдийнхөө хэмжээгээр судлаад, зохих шинжилгээнүүдийг хийлгээд нэг үгээр зах зээлд гаргах боломж бүрдсэн байсан тул тосоо худалдаж эхэлсэн.
СУДЛААГҮЙ, ҮР ДҮНГ НЬ БАТЛААГҮЙ БОЛ СУРТАЛЧИЛДАГГҮЙ
-Коллагентай тосны минь хамгийн анхны том хэмжээний борлуулалтыг СУИС-ийн хөгжимдөх урлагийн сургуулийн захирал Ганцэцэг багш эхлүүлж өгсөн. Улаанбаатараас холбогдоод авч байлаа. Хөгжмийнхөнд хурууны өндөг хагарах, үе мөчөөр өвдөх гээд яс үетэй холбоотой зовиур их байдаг юм билээ. Тэрэнд манай тос тустай байж. Нэг очиход тос бүрийн гадна нэрүүдээ бичээд ирийтэл өрөөд тавьчихсан байж билээ.
Манай коллагентай үе мөчний тосыг хүмүүс царцаамгийн тос гэж андуураад, буруу ойлгоод байх тал бий. Чанасан царцаамгийн дээр ялгарсан тос давстай. Давс хүний биеэс шингэнийг татдаг учраас эрүүл мэндэд яг хэлж байгаа шиг нь үр дүнг үзүүлж чадахгүй. Бас ус ихтэй байдаг. Манай тосонд давсны найрлага байхгүй, 99,51 хувь нь тос, 0,49 хувь нь ус буюу усыг нь маш сайн шүүсэн цэвэр тос гэдгийг мэргэжлийн хяналтын шинжилгээгээр тогтоосон. Өөр гурван ч лабораториос яг адилхан ийм дүгнэлт гарсан байгаа.
Тосыг минь хэрэглээд үр дүн гарсан жишээ олныг нэрлэж чадна. Өвдөг болон хүний биед давсны хуримтлалаас үүссэн яс ургалтыг саармагжуулж зогсоосон, бөөр нурууны өвчнөөсөө салсан, үсний уналтыг зогсоож ургалтыг нэмэгдүүлсэн, суугаа ажилтай хүмүүст хөдөлгөөний хомсдолоос үүссэн давсны хуримтлалыг арилгасан гээд бодитой жишээ олон бий.
Хэрэглэсэн хүмүүстэйгээ үр дүнгийнх нь талаар санал их солилцдог. Өвдөж зовсон хүмүүст өөрсдөө аваачаад өгдөг. Тал харвасан цахилгаанчин ахад зургаан сарын турш нөхөн сэргээх эмчилгээнд манай тосыг хэрэглэхэд атгаад татчихсан гар нь тавигдаж, огт мэдээгүй байсан баруун тал нь мэдээ орсон. Алга нь эвэршээд хагараад байсан сургуулийнхаа мужаан ахад өгөхөд хэдхэн хоног түрхээд гарын алга нь зөөлрөөд гоё болчихсон гээд үзүүлж байлаа. Бас тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй төрөлхийн таталттай хүүхдүүдэд хэрэглэхэд ч эерэг нөлөөтэй байсан.
Тосыг зөвхөн үе мөч биш нүүрэндээ, хумсандаа бүх биедээ ч түрхэж болно. Өндөр настай хүн залуудаа түлэгдэлтээс үүссэн сорви нь зөөлрөөд гоё болсон гээд ярьсан. Мөн үсэнд түрхэхэд бууралтахыг удаашруулдаг, үсний ургалтыг дэмждэг, даралт ихсэхэд тостой гараараа чихэндээ иллэг хийхэд мэдэгдэхүйц буурдаг гээд өөрсдөө хэрэглээд мэдэрсэн үр дүн маш олон.
Буриадаас манай аймагт ирж уламжлалтын эмчилгээ хийлгэдэг урсгал бий болсон. Тэд иллэг бариаг зөвхөн манай тосоор хийлгэдэг. Хүмүүс гадаадад буй үр хүүхэддээ ч их явуулдаг. Тэр шугамаар явсаар Японд дуулдсан байна билээ. Сүмочид бэртэл гэмтэл их авдаг, эдгэрэх нь удаан, үнэтэй хагалгаа хийлгэхэд хүрдгийг коллагентай шийрний тосоор эмчилж үзэх тухай яриа хөөрөө гарсан учраас бид шаардлагатай шинжилгээ, зөвшөөрөл зэргийг ном журмынх нь дагуу бэлтгэхээр судалж байгаа.
Коллаген бол уургийн нэг төрөл бөгөөд үхрийн шийр, гахайн тагалцаг, тахианы далавч, загасны сэрвээнд, зарим төрлийн загасанд их байдаг. Эдгээрээс гаргаж аваад уудаг, иддэг, түрхдэг янз бүрийн хэлбэрээр бүтээгдэхүүн болгон хүмүүс хэрэглэдэг. Манай тосыг арьсанд түрхэж хэрэглэнэ. Ууж болох уу гэж хүмүүс их асуудаг. Тэр ч бүү хэл ууж үзсэн, үр дүнтэй байна гэж ганц нэг хүн хэлсэн ч ийм төрлөөр судалгаа хийж үзээгүй учраас бид уухыг зөвлөдөггүй. Үр дүнг нь мэдэж байж бусдад сурталчилахгүй бол сайн гээд хамаагүй зарлаад байж болохгүй шүү дээ. Хүн хүний биеийн онцлог өөр. Хүлээж авах, таарч тохирох нь ч адилгүй учраас болгоомжтой хандах ёстой.
ШИЙРНИЙ ЯСААР БОРДОО, ТАХИАНЫ ТЭЖЭЭЛ ХИЙХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ
-Жилээс жилд үхрийн шийр, толгойноос авч болох ашигтай бүтээгдэхүүний судалгаа, туршилтыг сайн хийснээр одоогийн байдлаар махтай, махгүй царцаамаг, үхрийн хэл, коллагентай тос, жигнэсэн мах гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна. Нэмээд хоёр төрлийн бүтээгдэхүүн гаргахаар хөгжүүлэлтийг нь хийж байна. Хаягдаад үлддэг шийрний ясаа бутлаад агуулгыг нь шинжлүүлэхэд калий, кальци, уураг, фосфор, зэрэг ашигтай элемент их байдгийг юунд хэрэглэж болох вэ гэдгийг хайж үзсэн. Одоогийн байдлаар хөрсний бордоо, тахианы тэжээл гэсэн хоёр төрлөөр ясаа ашиглахаар туршилтууд хийж эхний үр дүнгүүд маш сайн гарч байна. Буталсан ясаар хийсэн тэжээлийг тахиа маш дуртай иддэг, өндөглөгч тахианд бүр ч илүү.
Хөрсний бордоог тасалгааны цэцэг, жимсний модонд ашиглаж үзэж байна. Цаашдаа тариалангийн талбай бордоход хэрэглэж хөрсийг сайжруулах боломжийг судална. Эхний ээлжинд манай Сэлэнгэд их тарьдаг тосны ургамал рапсын талбайг хорхойноос хамгаалах зорилгоор багахан хэсэгт туршиж үзсэн. Үр дүнтэй байгаа.
Шинжилгээг манай улс маш нарийн хийж чаддаг болсон. Хүнсний бүтээгдэхүүнд гэхэд нянгийн болон эрдэсийн шинжилгээг тогтмол хийлгэдэг. Нэг граммд агаараас орж ирж байгаа нянгийн хэмжээ ямар байна, хэр ариун орчинд үйлдвэрлэж байна гэдгийг тогтоохоос гадна найрлагад нь химийн ямар нэг орц байгаа эсэхийг тогтооно. Мөн хүнсний бүтээгдэхүүний илчлэгийг тооцож гаргадаг. Анхнаасаа бүх зүйлийг стандартын дагуу хийхийг хичээж, шинжлэх ухаанд суурьтай өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ бар кодтой болгосон.
Нэгэнт ийм зүйл хийж болох нь гэдгээ ойлгосон учраас хөрөнгө оруулалт хэрэгтэй болоод хамгийн анх ХААН банкнаас сарын 2,5, жилийн 30 хувийн хүүтэй бизнесийн зээл 12 сая төгрөг авч үйлдвэрлэлийнхээ гарааг эхэлж байв. Дараа нь сумын ЖДҮ дэмжих сангаас зээл авсан. Мөн аймгийн ХХААГ-аар дамжуулан найман сарын хугацаанд дөрвөн шат дамжин төслөө хамгаалж явсаар ЖДҮС-гаас зээл авч цехтэй болсон. Түүхий эд орох болон эцсийн бүтээгдэхүүн болоод гарах шугам бүхий стандартын ажлын байртай болсон нь ажлыг маш их хөнгөвчилж байна. Нэгэнт ажлын байртай болсон тул аль болох хөдөлмөр хөнгөвчлөх талын судалгааг хийж шийр угаах, яс бутлах, вакуумжуулах зэрэг тоног төхөөрөмжтэй болсон. Манайх өрхийн үйлдвэрлэл учраас гаднаас хүн авах биш өөрсдөө л бүх ажлаа хийхийг хичээдэг. Эхнэр минь бараг хоёр багшийн цаг заадаг. Би өөрийн сургуулиас гадна гэрээгээр цагийн багш хийдэг. Хэн түрүүлж ирсэн нь шийрээ чанаад бусад ажлаа амжуулж байдаг. Бидний хамгийн том туслагч хүү минь. Нямлхагва минь энэ жил аравдугаар ангид орно. Бас Лундаагийн Ганзориг гэж үхрийн толгой өвчих, түүхий эд нийлүүлэх гээд олон ажлыг нугалдаг ах минь бий.
ШАТРЫНХНЫХАА СҮЛЖЭЭГЭЭР 13 АЙМАГТ БОРЛУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
-Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нэг хэрэг. Түүнийгээ борлуулах зах зээлийг зөв тодорхойлох, эдийн засгийн үр ашгаа зөв тооцох гэдэг том ажил юм. Манайх тооцоондоо “Бизнес менежер” гэж санхүүгийн программ ашигладаг болсон нь зах зээлийн судалгаа зөв оновчтой хийхэд тун ч тустай байдаг. Бид хоёр жилдээ 50 сая орчмыг л олж байсан бол одоо улиралд 18 сая төгрөгийн орлоготой болсон. Энэ нь зөв судалгаа, сайн тооцооноос ихээхэн шалтгаалдаг юм.
Борлуулалтаа хийхэд болон ажил хөөцөлдөөд явахад багш мэргэжил минь их хэрэг болдог. Сэлэнгэд бүтээгдэхүүнээ аваад зах, дэлгүүрээр ороход шавь нарын минь аав ээж таарна. Дээр нь манай бүтээгдэхүүнүүд өөрийн гэсэн бар кодтой, шинжилгээний бичигтэй учраас найдвартай гээд авах дуртай байдаг юм. Царцаамаг, үхрийн хэл зэргийг Улаанбаатарт гэрээгээр авдаг газрууд бий. Кето дэглэм барьдаг хүмүүсийн 98 мянган гишүүнтэй том группийнхэнд захиалгаар нийлүүлдэг. Дэглэм барьж байгаа хүмүүст илчлэгийн хэмжээ нь хамгийн сайн зохицдог юм.
Тосоо 13 аймагт өөрийн сүлжээгээр борлуулж байна. Өөрийн гэдэг нь шатрынхны минь сүлжээ л дээ. Би шатрын спортын улсын шүүгч юм. Тиймээс аймаг бүрт шатрын найз нөхөдтэй. Тэд нараараа дамжуулаад үүсгэсэн сүлжээ. Үүнийгээ “Бизнес менежер” хөтөлбөртэйгөө уяад маш нарийн судалгаатай, хаана ямар хэмжээтэй тос илүү зарагдаж байна, хэдийд ямар хэмжээгээр нийлүүлэх вэ гэдэг тооцооллоо гаргачихдаг. “Бизнес менежер” санхүүгийн программыг манай зөвлөх, эхнэрийн минь дүү Д.Дамдинжав гэж мундаг эдийн засагч өөрийн хүүтэйгээ хамтраад хийсэн юм. Мөн судалгааны тал дээр ШУТИС-ийн хүнс судлалын эрдэмтэн Ганбаатарын дэмжлэг маш их. Ер нь тал талын туслалцаа дэмжлэгтэйгээр бидний бизнес хөгжиж “Төгс эко коллаген” ХХК болсон. Эхнэр бид хоёр компанийнхаа захирлыг ч, цэвэрлэгчийг ч хийнэ шүү дээ.
Хамгийн гол нь бидэнд ажлыг төгс хийх, чанартай гүйцэтгэх, хүний нүд хуурахгүй байх зөв дадлыг суулгасан аав ээж, ах дүү нартаа болон анхны бүтээгдэхүүнээ хийх санааг минь өгч, ухааныг минь урамшуулсан аавдаа маш их баярладаг.
М.Гантөгс багш өрхийн бизнесийнхээ тухай ийн ярьсан. Тэдний гэр бүлийн хамгийн завгүй үе хавар элсэлтийн ерөнхий шалгалт дөхөх цаг. Олон жил ЭЕШ-д бэлтгэсэн туршлагатай учраас физикийн хичээлээр өндөр оноо авч сайн сургуульд ормоор байна гэсэн хүүхдүүд М.Гантөгс багшаас, хими, биологиор Д.Норжмаа багшаас давтлага авах гэж хандана. Тэр бүгдийг амжуулна, хажуугаар нь үйлдвэрлэлээ явуулна гээд хоногийн 24 цаг ч багадах үе тэдэнд олон.
М.Гантөгс шатрын спортоор олон хүүхдийг сургасан. Өөрийн гэсэн “Төгс морь” шатрын клубийг үндэслэгч. Түүний гар дээрээс шатрын өрөг дээр шандастай үздэг сайн тамирчид ч олон төрснийг сэлэнгийнхэн мэднэ.
Бусдыг сургахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж шатрын олон улсын шүүгч болохоор бэлтгэж, уралдаан тэмцээнд ухаан сорихоор явахад ханиа хамгийн их дэмждэг гэргий нь хамаг ажлаа даагаад үлддэг гэж байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 130, 131 (7627, 7628)