Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Энэ жил нутагтаа наадам үзэхээр шийдэж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг зорилоо. Зам зуур зуншлага хэр байгааг ажихад уул, тал нов ногоон болж, мал ундаалах тогтоол ус арвинтай хангай шиг л байх нь тэр. Хүн малын зоо тэнийсэн ногоо, хур тэгширсэн сайхан зун болж байна. Манай сум Улаанбаатар хотоос 300 км зайд байрлах бөгөөд байгалийн баялаг ихтэйгээс гадна амьтны аймгийн ховордсон амьтад болох “Улаан ном”-д бүртгэгдэн аргаль, янгир сүргээрээ нутагладаг сайхан нутаг билээ.
Сумын төв рүү ойртож очиход баяр наадмын уур амьсгал хэдийн оржээ. Тухайлбал, наадмын талбайн ойр орчимд уяачдын галууд буудаллажээ. Харин төв талбайд хуушуурын гэр, шагайн харвааны эрээн асрууд харагдана. Маргаашийг догдлон хүлээх бяцхан хүүхдүүд, уясан морио айрагдана даа гэж итгэл тээх уяачид, эр бяр тэгширсэн идэрхэн хүчтэнүүд, оноо мэргэн байх болтугай гэх харваачид гээд бүх хүн сумын наадамд бэлдэж, догдлон байх нь хамгийн сайхан.
Наадмын өдөр эхэлж төв талбайг зорив. Уухайн түрлэг дор цэц мэргэнээ сорих шагайн асрыг зорилоо. Ерөөлт ахлагчтай бяцхан хөвгүүд багийн харваанд томчуудтай өрсөлдөж байх нь сонирхол татав. Тэд томчуудаас дутах зүйлгүй сайн харвасаар хоёрдугаар байрт орох нь тэр. Сүүлийн жилүүдэд ажил, амьдрал хөөж сумаас гарсан би тэднийг үл танина. Харин тэд хэний хүүхэд болох талаар ээжээсээ асуухад Хүндэт харваач Д.Бүүмэдийн дунд хүү Түмэн-Өлзийгийн ихэр хүү болох Энхтулга, Мөнхтулга, Бага хүү Түмэн-эрдэнийн хүү Ерөөлт, Дунд охин Түмэндэмбэрэлийн хүү Анхтулга, Цогтгэрэлийн Анхтулга нар тус багт байх ажээ. Хүндэт харваач Д.Бүүмэдийн хүү, ач зээ нар нь сум болон улсын наадмын эрээн асарт уухайн түрлэг дор цэц мэргэнээ сорьсоор энэ цаг үед сорьсоор байгаа нь энэ билээ. Тиймээс энэ удаагийн “Удмын бахархал” буландаа Уян хуруундаа оноо тээн харваж уухайн дуунд хийморио баясган даатгасан удам дамжсан харваачид болох Хүндэт харваач Д.Бүүмэд, хүү Б.Түмэн-Эрдэнэ, зээ хүү Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, Спортын мастер Б.Хонгор, ач хүү Б.Ерөөлт нарыг онцолж байна.

Өвөөгийн дурсамж

Өөрийгөө хэрхэн амьдарснаа үр, ач нараасаа хар гэдэг. Тэгвэл хүний сэтгэлийн хязгааргүй эрэл хайгуул дундаас өөрийн хүсэл сонирхлыг олж түүгээрээ амжилтад гаргаж үр хүүхэд ач зээ нарынхаа бахархал нь байсан хүн бол Д.Бүүмэд юм. Эрээн бараантай энэ орчлонд хүмүүний заяаг олж мэндлэн түүнийхээ эзэн нь болж явсныг түүний ач, зээ нарынх нь амжилтаас харж болно. Тэгвэл эл хүмүүний амьдралын эхний хуудас руу таныг хөтлөн хүргэе. Д.Бүүмэд 1955 онд Данзанчүлтэм хэмээх гурван хүүхэдтэй айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Бага насаа аав, ээжийн гар дээр айлын хүүхдүүдийн адилаар ах дүүсийн хамт сурч, хүмүүжин өнгөрөөжээ. 1963 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын бага сургуульд элсэж дөрөвдүгээр анги дүүргэн, 1967 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын найман жилийн сургуульд элсэж, 1972 онд Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн техникумд сантехникч мэргэжлээр элсэн суралцаж төгссөн байна. Хичээнгүй, томоотой эгэл хөвгүүн энэ үеэс эх орныхоо үнэт капитал нь болж хөдөлмөрт шамдаж эхэлсэн гэдэг. Харин 1977 онд эхнэр Б.Бат-Оюунтайгаа ханилан Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Иххэт, Даланжаргалан зэрэг сумдад ажиллаж амьдарчээ. Түүний гэргий Б.Бат-Оюун нь 1956 онд Базарвааны охин болж мэндэлжээ. Бага сургуулиа Даланжаргалан сумандаа дүүргэж, Говьсүмбэр аймгийн найман жилийн сургуулийг дүүргэж, дараа нь Улсын багшийн их сургуулийг Түүх, газарзүйн багш мэргэжлээр төгссөн байна. Тэгвэл Д.Бүүмэдийн шагайн спортоор хичээллэх болсон шалтгаан нь түүний гэргийтэй холбоотой ажээ. Учир нь Б.Бат-Оюун сургуулиа их сургуулиа дүүргээд Дорноговь аймгийн Алтанширээ суманд очиж багшлахаар болжээ. Тус суманд шагай харвадаг хүмүүс цөөнхгүй байжээ. Тэд Д.Бүүмэдийн даруу төлөв, нухацтай зан чанарыг анзаарч шагай харвахыг санал болгожээ. Энэ талаар зээ хүү Б.Хонгор “Тухайн үед Алтанширээ суманд шагай харвадаг нэлээн хэдэн хөгшчүүл байсан гэдэг. Гэхдээ тухайн үед нууцаар шагай харвадаг байсан юм билээ. Нэг өдөр өвөөд маань шагай харвахыг нутгийн харваачид санал болгосноор харваж үзэхээр болсон гэсэн. Анх удаа харвахдаа хасаагаа шууд онож л дээ. Гэтэл тэр хүмүүс ирээдүй байна гээд магтаж өвөө ч урамшиж дахиад нэг сум тавьтал байшингийнх нь цонхыг хагалчихсан гэсэн. Ингээд чамд ирээдүй байна гэж магтаж байсан хүмүүс нь чи ёстой бүтэхгүй юм байна гээд хэсэг хугацаанд дахин шагай харвах талаар дуугараагүй аж. Хэдэн сарын дараа өвөө өөрөө хашлага сум авч шагай харвахаар бэлдэж, тэр үед өнөөх хүмүүс ч дахин дуудаж, хэрхэн харвах талаар зааж өгсөн гэсэн” хэмээн өвөөгөө дурсан ярьсан юм. Ингэж л Д.Бүүмэд шагайн спортод анх хөл тавьжээ. Тэрээр анхандаа гэрийнхээ унинаас зоос уяж харвах бэлтгэл хийдэг байсан бол сүүлдээ хүүхдүүд нь том болж сумаа зөөлгөдөг болжээ. Энэ тухай түүний гэргий Б.Бат-Оюун “Тухайн үед шагайн харвааны хэрэглэгдэхүүнүүд тийм ч элбэг байгаагүй. Өвгөн минь хашлага, сумаа хүнээс худалдан авч хожим нь зурхайгаа өөрөө хийсэн байдаг. Ажлаа тарж ирээд л 2-3 цагаар шагай харвана. Хүүхдүүдээрээ сумаа зөөлгөнө. Сүүлдээ сум зөөж байсан хүүхдүүд минь харваж эхэлсэн дээ” гэсэн юм. Тэд Алтанширээ суманд хэсэг хугацаанд амьдраад дараа нь Иххэт, Айраг суманд амьдарч байгаад 2005 оноос Дорноговь аймгийн Даланжаргалан сумандаа суурьшжээ. Тухайн үед суманд нь шагай харвадаг цөөн тооны хүмүүс байсан бөгөөд түүнийг шагайн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нутгийнхан дурсан ярьдаг. Учир нь Д.Бүүмэд гэргий Б.Бат-Оюунтайгаа ханилаад найман хүүхдийн ээж аав болжээ. Тэгвэл түүний бага хүү Б.Түмэн-Эрдэнэ нь Даланжаргалан сумынхаа шагайн холбооны тэргүүн, зээ хүү Б.Хонгор нь тус сумаас улсын цол хүртсэн анхны харваач юм. Тэдний амжилт үүгээр ч дуусахгүй дараагийн үеийн харваачид бэлтгэгдэн гарч эхнээсээ сумын наадамдаа байр эзлээд эхэлжээ.
Аавыгаа үлгэрлэж, үргэлжлэл нь болсон бага хүү Б.Түмэн-Эрдэнэ
Хүүхэд бол аав, ээжийн толь гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд байхдаа харж байсан зүйлээ насанд хүрсэн хойноо хийх нь олон. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн хүн олон байдаг нь үүнтэй холбоотой ч байж магадгүй. Д.Бүүмэдийн бага хүү Б.Түмэн-Эрдэнэ аавынхаа ажил мэргэжлийг эзэмшиж, дуртай спорт болох шагайн харваагаар нь хичээллэдэг аж. Аавынхаа сумыг зөөдөг байсан бяцхан хүү өнөөдөр сумынхаа шагайн холбооны даргаар томилогдон, залуу үеэ манлайлан тус спортыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцон явна. Түүний шагайн спортыг сонирхох болсон нь мэдээж аавтай нь холбоотой. Энэ тухайгаа “Ухаан орох үед л гэрт минь хашлага сум, шагайн зурхай байсан. Аав минь ажлаасаа ирээд өдөр бүр шагай харвана. Анхаарлаа төвлөрүүлэн, их л нухацтай харж нэг сум тавина. Хурдан хурдан олон сум тавьж болдоггүй байх даа гэж бодно. Харин бид ээлжээр сум зөөнө. Заримдаа харваж үзмээр санагдана. Удалгүй жаахан том болоод сум зөөхгүй өдрөө ганц нэг сум тавьж эхэлсэн. Тэр үед шагай харвах сонирхолтой байгааг аав минь анзаарч хашлага, сум бэлдэж өгч байсан. Ингэж л би гэдэг хүн шагайн спортод хөл тавьсан даа. Гэхдээ 2010 оноос илүү идэвхтэй шагай харваж аав болон Б.Хонгор дүүтэйгээ нэг баг болж тэмцээнд оролцох болсон” гэсэн юм.
Б.Түмэн-Эрдэнийн хувьд 1987 онд Дорноговь аймгийн Айраг суманд Д.Бүүмэдийн отгон хүү болж мэндэлжээ. 1995 онд дунд сургуульд элсэж 2005 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж, Барилгын коллежид хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцаж төгсжээ. Энэ тухайгаа “Би ер нь аавыгаа л их үлгэрлэдэг хүүхэд байсан. Аав маань Даланжаргалан сумынхаа Чулуун завод үйлдвэрт ковшийн оператораар ажилладаг байсан. Ажил дээр нь очихоор их гоё санагдана. Тэгээд л хүүхэд байхаасаа аав шигээ ажил хийнэ гэж мөрөөдсөөр энэ мэргэжлийг сонгосон доо. Ер нь эрэгтэй хүүхэд аавыгаа л дуурайдаг юм шиг санагддаг. Аав минь үргэлж сайн сайхан зүйлийг үлгэрлэдэг байсан учир өнөөдөр бид ийнхүү амьдарч байна л гэж боддог доо. Би ч бас хүүдээ сайн зүйлийг үлгэрлэх гэж хичээдэг” гэсэн юм.
Тэрээр гэр бүл зохиож шагайн спортоосоо хэсэг хөндийрч байгаад гурван жилийн өмнөөс эрчимтэй хичээллэх болжээ. Энэ тухайгаа “Хэсэг хугацаанд шагайн спортоос хөндийрсөн байсан. Гэтэл хүү маань том болж, шагай харвахыг сонирхох болсон. Би ч өөрөө шагай харвах дуртай. Тиймээс дахин шагай харваж эхэлсэн. Өнгөрсөн жил манай сумын 100 жилийн ой болсон. Хүүтэйгээ баг болж ороод гуравдугаар байрт орсон. Энэ жил хүү маань багийн ахлагч болж сумынхаа баяр наадамд хоёрдугаар байр шалгарлаа. Манай багт миний хүү Ерөөлт, ахын минь хоёр ихэр хүү Энхтулга, Мөнхтулга нар байдаг” гэсэн юм.
Хамгийн залуу Улсын цолтон болж байжээ
Монгол Улсын Дархан мэргэн Б.Хонгорын хувьд 1998 онд Баярцэнгэлийн ууган хүү болон мэндэлжээ. Түүний ээж Б.Цэцэгдэлгэр нь Б.Бүүмэдийн хоёр дахь охин юм. Тэрээр дунд сургуулиа Даланжаргалан суманд төгсөж, ахлах сургуулиа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар сургуульд суралцан төгсжээ. 2016 онд Тээврийн дээд сургуульд зүтгүүрийн инженер мэргэжлээр элсэж 2020 онд төгссөн байна. Тэрээр 20 насандаа Монгол Улсын Үлэмж дархан мэргэн цол хүртэж байжээ. Шагайн харвааны хамгийн дээд цол болох Монгол Улсын даяар дуурсах мэргэн цолонд хүрэхэд одоо түүнд ганцхан алхам л үлдээд байгаа юм. Монгол Улсын хэмжээнд Даяар дуурсах мэргэн цолтой хоёр хүн байдаг бол Монгол Улсын Дархан мэргэн цолтой 20-30 насны гарын таван хуруунд багтахаар залуус байдаг аж.
-Сайн байна уу. Сайхан наадав уу. Сум мэргэн үү?
-Сайхан наадлаа. Энэ жил улсын наадмынхаа шигшээ 16-д шалгарч, тэмцээнээ өндөрлүүлээд байна.
-Нэлээн бага байхаасаа шагай харвасан гэдэг. Хэдэн настайгаасаа шагай харваж эхэлсэн бэ?
-Би найман настайдаа шагай харваж эхэлсэн. Хоёрдугаар ангид байхдаа гэсэн үг л дээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 20 жил шагайн спортоор хичээллэж байна.
-Шагайн харвааг сонгох болсон шалтгаан болон өнөөдрийн амжилт тань мэдээж өвөөтэй чинь холбоотой байх?
-Тэгэлгүй яах вэ. Өвөө минь миний анхны багш. Надад хашлага, сум бэлдэж өгч хэрхэн харвах, сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх гээд олон зүйлийг зааж өгсөн. Саяхныг болтол өвөөгөө дагаад л сум болон аймгийн наадамд явдаг байсан даа. Манай суманд Лууврийн тойром гэж Монголын дөрвөн том тойрмын нэг нь бий. Тэнд зохиогддог тэмцээнд өвөөтэйгөө хамт явна. Мөн сумдын наадамд баг болж орно. Өвөөтэйгөө хамт яваа учир айдасгүй нэг тийм хамгаалуулсан юм шиг түшигтэй мэдрэмж авдаг байсан.
-Өсвөрийн улсын аваргаас эхлээд л амжилтын буухиа тань эхэлсэн. Одоо ганцхан цол ахихад л шагайн харвааны хамгийн дээд цолонд хүрэх нь байна шүү дээ. Хэдэн онд ямар амжилт гаргаж байснаа хуваалцахгүй юу?
-Намайг бага байхад одоогийнх шиг цол олгодоггүй байсан. 2010 онд буюу долдугаар ангийн сурагч байх үед Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх орж түрүүлж байсан. Түүнээс хойш Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2013, 2015 онд түрүүлж, 2012, 2014 онд мөнгөн медаль хүртсэн. Харин 2017 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт орж Монгол Улсын Мэргэн цол, тэр жилийнхээ улсын наадамд түрүүлж Монгол Улсын Хошой мэргэн цол хүртсэн. 2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт орж Монгол Улсын Гарамгай мэргэн цол авч мөн л тэр жилийнхээ улсын наадамд түрүүлж Монгол Улсын Дархан мэргэн цол хүртсэн. 2019 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт орсон. 2020 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт, 2022 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн цол хүртсэн, тэр жилийнхээ Ардын хувьсгалын 100 болон 101 жилд түрүүлж спортын мастер цолны болзол хангаж байсан. Сонирхуулахад, 2010 оны Өсвөрийн улсын аваргад 20 гаруй хүүхэд өрсөлдөж байсан бол өнөөдөр 120 гаруй хүүхэд өрсөлддөг болсон. Үүнээс харахад л шагайн харвааны хөгжлийг харж болох байх.
-Нас залуу ч ийм амжилттай явах хүүгээ хараад гэр бүлийнхэн болон өвөө нь их баярладаг байх даа?
-Аав, ээж болон хамаатнууд баярлаж хүлээж авдаг байсан. Өвөө маань харин тэгдэггүй байсан. Цол авах бүртээ хамгийн түрүүлж өвөө дээр очно. Маш их баярлаж байгаа байх даа, үнсэх байх гэж бодоод очихоор ер тоосон шинжгүй байдаг. Энэ нь намайг их хурцалдаг байсан. Ер нь өвөө маань надад их өндөр шаардлага тавьдаг байлаа. Тэр нь ч өнөөдрийн амжилтад нөлөөлсөн. Харин тэмцээнд явах бүрд минь мөнгө өгнө. Энэ нь дэмжиж буйн л илрэл шүү дээ.
-Хамаатны дүү нар нь шагайн спортоор хичээллээд эхэлжээ. Өөрийн тань амжилт тэднийг энэ спортыг сонирхоход нөлөөлсөн юм болов уу?
-Ээжийн маань дүүгийн хүү Анхтулга шагай харваад дөрвөн жил болж байна. Бага нагац ах Б.Түмэн-Эрдэнийн хүү Т.Ерөөлт шагай харваж байна. Б.Түмэн-Эрдэнэ ахын дээд талын ахын хоёр ихэр хүү бас шагай харваж байна. Дүү нар маань тань шиг харваач болно. Аргаасаа заагаад өг гэдэг.
-Шагайн харваагаар хичээллэх нь ямар давуу талтай вэ?
-Хүнийг маш сайн хүмүүжүүлж өгдөг юм шиг санагддаг. Багийн спорт учраас хүмүүстэй харьцаж, ойлголцож сурахаас гадна бусдыг хүндлэх, ах захтай байх ухаанд сургадаг. Мөн шагайн спорт нь сэтгэлзүйн тогтвортой байдлыг их шаарддаг. Сэтгэлээр унах эвэл баярлах юм бол онохгүй шүү дээ. Тэгэхээр сэтгэлзүйгээ хэрхэн тогтвортой байлгах гээд олон зүйлийг заадаг. Сэтгэлзүйгээ удирдаад сурсан хүн амьдрал дээр ч хөнгөн хуумгай алхам хийдэггүй юм шиг санагддаг.
-Багийн спорт учир олон зүйлийг сурдаг гэлээ. Та ямар багуудад тоглож байв?
-Би хүүхэд байхдаа Дорноговь аймгийн Айраг сумын Үлэмж дархан мэргэн Б.Хатанбаатар ахынхаа багт тоглодог байсан. 2016-2019 оны хооронд Ш.Отгонбаяр ахлагчтай Болд төмөр ерөө гол багт тоглосон. 2020 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Номт даншиг багт тоглож байна.
-Улсын наадмын сүүлийн тоглолтууд өрсөлдөөнтэй болдог юм билээ. 2018 оны шагайн харвааг сурвалжилж байхад зоос онож байсан. Тэр тухайгаа ярихгүй юу?
-Тийм ээ. Сүүлийн тоглолтууд дээр багууд тэнцэх тохиолдол их. 2018 оны улсын баяр наадмаар хоёр баг оноо тэнцсэн юм. Энэ тохиолдол дүүжин онох буюу дүүжилсэн зоос онодог юм. Эсрэг багийн нэг хүн нь тэр дүүжинг оносон юм. Би тэр хүний дараа дүүжинг онож, манай багийн дараагийн хүн маань онож бид түрүүлж байсан. Тэр бас миний сэтгэлд тод үлдсэн хожлуудын маань нэг нь байсан.
-Мэргэжлээрээ ажилласан уу?
-2021-2023 онд УБТЗ-ын Сайншанд татах хэсэгт машинчаар ажилласан. Одоо шагайн спортдоо цаг зав гаргахаар түр ажлаасаа чөлөөлөгдөөд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 130, 131 (7627, 7628)