Т.БАТСАЙХАН

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй ” Их ,өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг  Эрүүл мэнд, Боловсрол Хууль сахиулах , Шүүхийн салбарын хэмжээнд хэлэлцүүлэх салбар дундын хамтарсан хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо. Хэлэлцүүлэгт  40 гаруй байгууллагын хиймэл оюун их өгөгдлийн стратегийг салбар бүртээ хэрэгжүүлэх мэргэжилтнүүд  оролцсон юм.  Хэлэлцүүлгийг нээж ЦХИХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од үг хэллээ.  Тэрээр  их өгөгдөл, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн ашиглахад бүх салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од: Цахим засаглалын индексээр Монгол Улс Азидаа дээгүүрт орж байна

 - Өнөөдөр 40 гаруй байгууллагын төлөөлөл ирж хиймэл өгөгдөл, их өгөгдлийн чиглэлийг хэрхэн салбартаа ашиглах асуудлыг хөндөж байна. Нэгдүгээр сараас хойш манай улсын хувьд НҮБ-тай хамтран ес дэх удаагийн хэлэлцүүлгийг салбар бүрд амжилттай зохион байгууллаа. Цахим засаглалын индексээр Монгол Улс дэлхийд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа нь бүс нутагтаа дээгүүрт орж  байна. Хиймэл оюун ухаан, их өгөгдлийг нэвтрүүлснээр авлига буурах, төрийн хүнд суртлыг үгүй болох, бүтээмжийг нэмэгдүүлэхэд эерэг үзүүлэлтүүдийг бий болгоно гэсэн хүлээлт байна.

 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Яан Му:  Хүүхэд, залуусын эрхийг хангахад анхаарна

 -НҮБ-ын хүүхдийн сангийн хувьд  Монгол Улсын Засгийн газраас  баталсан үндэсний хиймэл оюуны стратегийг хэрэгжүүлэхэд маш ойрхон, уялдаа холбоотой ажиллах болно. Тэр дундаа цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуусын эрхийг хангахад анхаарах болно.

 

Боловсролын яамны  Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ: Есөн төрлөөр хиймэл оюун ухааныг ашиглана

-Боловсролын салбарт есөн төрлөөр хиймэл оюун ухааныг ашиглаж болох юм байна гэх судалгааг гаргасан. Үүнд багшийн туслах буюу сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, байгууллагын үйл ажиллагаанд, заах арга зүйд ашиглах, сурагчдад туслах, боловсролын салбарт ашиглагдаж буй дүрэм журмуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдэж авах гэх мэтчилэн ашиглахаар төлөвлөж байна. Боловсролын салбар сүүлийн гурван жилийн хугацаанд суурь дэд бүтэц болон багшийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрүүд дээр төвлөрч ажилласан. Энэ жилээс шинэ стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж, засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хиймэл оюун ухааны системийг оруулж ирсэн. ЦХИХХЯ өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж хэрэгжүүлсэн AI stratage арга хэмжээнд зөвлөмж өгч байгаа. Мөн боловсролын яам сургалтын орчинд хиймэл оюун ухааныг ашигласан бүтээл, баримт бичгийг хэрхэн зөв ашиглах зөвлөмжийг боловсруулж нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнтэй холбоотойгоор багш нарын хувьд есдүгээр сарын 1-нээс өмнө заавар, зөвлөмжүүдийг авахаар төлөвлөж байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Баттөр: Дата мэдээлэл буюу өгөгдлөө цуглуулахад асуудалтай байна

-Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад хоёр асуудал тулгарч байна. Нэгдүгээрт хиймэл оюун ухаан,  хоёрдугаарт дата мэдээлэл буюу өгөгдлөө цуглуулах асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн салбарт гурван үндсэн зарчим байдаг. Тэдгээр зарчмууд нь бидний тэргүүлэх чиглэл гэж явдаг. Өгөгдөл, мэдээллүүдийг цуглуулж явах, тэдгээр мэдээлэлд анализ, дүгнэлт хийх, үүний дараагаар шийдвэр гаргалтдаа тэдгээр мэдээллүүдийг ашиглах ёстой. Хиймэл оюун ухааны хувьд бид хязгаарлагдмал байгаа. Технологийн тусламжтайгаар хиймэл оюун ухааныг ашиглах асуудал тулгардаг. Бидэнд мэдээллүүд байгаа ч цаг алдалгүй шийдвэр гаргах хэрэгтэй байна гэлээ.

 

Цахим эдийн засгийг хөгжүүлэхэд ЦХИХХЯ манлайлж ажиллана

 

Засгийн газраас “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь салбарт 50 гаруй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн үр дүнд улсын хэмжээнд 443 эмнэлэг хооронд мэдээлэл солилцож, иргэдэд 37.5 сая мэдэгдэл илгээсэн бөгөөд жирэмсэн эхчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, дархлаажуулалт зэрэг долоон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ.  Тухайлбал, Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын мэдээлэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн мэдээлэл, цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хариуны мэдээлэл, дархлаажуулалтын мэдээлэл цахимд шилжээд байна.  Цаашид шинэ технологи, инновац ашигласан цахим эдийн засгийг Засгийн газар, ялангуяа ЦХИХХЯ манлайлж ажиллана. НҮБ болон бусад хөгжлийн түншүүд дэмжиж ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 126, 127 (7623, 7624)