-Хүний нэр төр, ажил хэргийн алдар хүндийг хамгаалья-
М.ЭРДЭНЭЧИМЭГ
Нийгмийг түүчээлэгч, оюун санааг манлайлагч сэтгүүлчид эх сурвалж, үйл баримтыг нягтлахгүйгээр зөвхөн нэг талыг баримталж, ОНМХ-ээр нөгөө талыг олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээж, “цахим орчинд яллаж бараг цаазын ял оноодог” шахуу болсон нь эмгэнэлтэй. Төр иргэн хоёрыг холбогч гүүр болдог сэтгүүл зүйн үр нөлөөллийг нэгэн цагт дэлхий дахинд өндрөөр үнэлж “дөрөв дэх засаглал” хэмээн алдаршуулсан болохоос “ШҮҮХ ЗАСАГЛАЛ”-ын эрх хэмжээг санаан зоргоор ашиглахыг санаархаж, түүгээрээ бохир мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлдэг болсон нь хууль зөрчсөнөөс ялгаагүй гэмт үйлдэл юм.
Сүүлийн үед цахим орчинд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн хүний нэр төр, ажил хэргийн алдар хүндэд илт бүдүүлгээр халдаж, гүтгэн гүжирдэх, доромжлон гутаах явдал газар аваад зогсохгүй Шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэн дуртай нь өс санасан, дургүй хүрсэн, атаархаж хорссон нэгнийгээ Эрүүгийн хүнд ноцтой гэмт хэрэгт буруутгаж, сошиалд “алуурчин” гэж айж ичилгүй цоллодог болсон нь өдгөө Монгол Улсад худал мэдээ, мэдээллийг зохицуулах, тэмцэх, хянах эрх зүйн цогц зохицуулалт нэн шаардлагатай байгааг харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...”, 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...” хэмээн тусгасан. Иргэн нь нэг талаас үзэл бодлоо аливаа хязгаарлалтгүйгээр илэрхийлэх эрхтэй боловч ийнхүү илэрхийлэхдээ нэрээ нууцлан, олон нийтийг илтэд төөрөгдүүлэх, бусдыг гүтгэх доромжлох утгаар илэрхийлж болохгүй. Нэгэнт “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл нээлттэй байхаар хуульчилсан ч үүнийг туйлын утгаар ойлгож, худал мэдээ, мэдээлэл цацах эрх гэж ойлгож яасан ч болохгүй. УИХ-аас 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргах, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон. Үүнээс гадна 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар төрийн мэдэлд байсан үндэсний радио, телевизийг олон нийтийн радио, телевиз болгон өөрчлөх эрх зүйн үндсэн зохицуулалтыг хийсэн. Ингэснээр телевиз олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, хяналтан дор нь үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хуулийн этгээд болж, аливаа этгээд (хувь хүн, албан тушаалтан, байгууллага гэх мэт) хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангахад чухал түлхэц болсон байдаг. Гэвч энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ямар хүрээнд хэрхэн эдлэх, ямар тохиолдолд эрх зүйн хариуцлага оногдуулах гэсэн зааг ялгааг гаргах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болчихлоо. Монголд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний үр дүнд энэхүү Үндсэн хуулиар олгогдсон эрхийг урвуулан ашиглаж, худал-буруу-ташаа мэдээ, мэдээллийг олон нийтэд чөлөөтэй тараах болсон нь аюулын харанга дэлдэж байна. Олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд зогсохгүй хэн дуртай нь бусдын нэр төрд халдаж, гүтгэлэг гүжирдлэг, басамжлал доромжлол бий болох хөрс суурь боллоо. Монгол Улсын Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж зохицуулсан нь тус зүйлээр Үндсэн хуулийн 16.16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтыг тодорхойлжээ. Иргэний хуулиас гадна иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх явцдаа бусдын нэр төр, алдар хүндэд халдсан тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан . Гүтгэлэг, доромжлолыг 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн үздэг байсан ч тухайн заалтуудыг нэгтгэж, 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуульд оруулсныг өнөөдөр эргэж харахад буруудахгүй нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хувьд Үндсэн хуульд нийцсэн олон улсын гэрээ конвенцид нэгдэж орох эрхтэй бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200A(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-д 1968 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр нэгдэн орох тухай хуулийг баталж, 1979 оны 11 сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болж дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөгдөж эхэлсэн байна. Энэхүү нэгдэн орсон Пактын 19.3-т “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх” ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарах ёстой:
1. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх,
2. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах үүднээс хязгаарлалтыг зөвхөн хуулийн дагуу хийж болно.
Монгол Улсад “худал мэдээ, мэдээлэл”-ийн тодорхойлолтыг дотоодын бие даасан хууль тогтоомжид тусгаж, бусдын талаар худал мэдээ, мэдээлэл аливаа хэлбэрээр тараах, бодит мэдээллээс олон нийтийг холдуулж төөрөгдүүлэх, улмаар нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, зарим тохиолдолд үндэсний аюулгүй байдалд аюул учруулах, онц ноцтой үр дагаврын бий болгохоос урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага гарч байгаад анхаарлаа хандуулцгаая. Гүтгэх, доромжлохыг Эрүүгийн хуульд оруулах эс бөгөөс Худал мэдээ-fake news-ийн эсрэг хуулийн төсөл боловсруулж, бие даасан хуультай болгосноор дээрх асуудлуудыг цэгцлэх боломжтойг сануулья. Ингэснээр цахим орчинд ХХЗХ-нд бүртгэлтэй сайтаас эхлээд эзэнтэй эзэнгүй нь мэдэгдэхгүй тролл хаягуудаар дүүрсэн хуурамч спам сайт, пэйж хуудсууд болон фэйс хаягаа цоожилсон, нэр хаяггүй, зураг хөрөггүй, хэн нь мэдэгдэхгүй хуурамч нөхдийг IP хаягаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлж, улмаар хуулийн хатуу ял шийтгэл оноодог болох нь ШУДАРГА ЁСонд нийцнэ. Бусдын нэр төрийг уландаа гишгэлж, халтар хэдэн цаасаар халаасаа дүүргэсэн мэргэжлийн ёс зүйгүй, мэргэжлийн бус сэтгүүлчдээр СЭТГҮҮЛ ЗҮЙН салбар дутахгүй. Нийгмийг ёроолд хүртэл унагаадаг, өлөн золбин сэтгэхүйтэй өлсгөлөн хүмүүст СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖЛЭЭР ажиллах ахадна.
Нийгмийг түүчээлэгч, оюун санааг манлайлагч сэхээтнүүд нийгмийг авч явдаг болохоос сэтгэцийн эмгэгтэй, өс хонзон өвөртлөгч, өнгө мөнгөний шуналтай, эрүүл бус хүмүүстэй ШУДАРГА ЁС яриад нэмэргүй. Сул дорой сэтгэлгээтэй, мөнгөний дэв шүглэсэн, мэдлэг мэдээлэлгүй хүмүүст хууль ёс сануулж, шүүхээс ял шийтгэл ногдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэвэл зохино. Сошиал орчинд харсан, уншсан болгондоо шүүлтүүргүй итгэж, бусдыг “алуурчин”, хүчирхийлэгч болгож, цаазлахаас наагуур “яллаж” буй “үзгээ худалдагсад-биеэ үнэлэгчид” хууль ёст оронд амьдарч буйгаа саначихад илүүдэхгүй. Бусдыг эрүүгийн хүнд гэмт хэрэгт гүтгэж, улмаар худал мэдээ тараах нь хувь хүн ч тэр, хуулийн этгээд ч ялгаагүй хуулийн хатуу ял шийтгэлтэйг бүү март. Ялангуяа СЭТГҮҮЛЧИД сошиал орчинд хүн амины хэргийн талаар хэрсүү бас болгоомжтой хандацгаах ёстой.
Яг адилхан хүний амь нас хохирсон хэрэг дээр тухайлбал, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид хэрхэн ямар хандлагатай мэдээллийг түгээж байсныг цухас өгүүлье. Өөрөөр хэлбэл, золгүй тохиолдлоор амь насаа алдах, хүний гарт зэрлэгээр алуулах хоёрын хооронд асар их зөрүү бий. Нэр төртэй хүний хүүхэд байсныхаа төлөө буруутгагдаж, ажил мэргэжлээрээ өсөн дэвжиж байсныхаа төлөө хань ижлээ алдсан хүнд хэцүү цагтаа сошиалд шууд “алуурчин” гэж цоллуулж, есөн жороор доромжлуулж бас гүтгүүлсэн эр нөхөр нь талийгчийнхаа 49 хоногийг ямар их уй гашуудлаар дүүрэн, яажшуухан тэсэж тэвчиж туулж өнгөрүүлсэн бол гэхээс зүрх зүсэгдмээр. Ядаж байхад талийгч бүсгүйн үлдсэн гурван хүүхдийнх нь ээжийнхээ ажил явдалд оролцож буй фото зургийг хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хувь хүний нууц, орон зайг илтэд басамжлан олон нийтэд хууль бусаар тарааснаас болж юу болж өнгөрснийг сануулья. Ээжийгээ цаг бусаар алдаж, шаналсан тэдгээр хөөрхий хүүхдүүдийг цахим орчинд зарим ёс суртахуунгүй зэрлэг балмад бүдүүлэг хүмүүс хараад, “-Эхийгээ үхүүлээд баярлаж, инээсэн байна” гэж хүртэл хүний адаг гэдгээ харуулж байсан нь хэчнээн аймшигтай байваа. Хэн ч эцэг эхээ алдаад, хань ижлээсээ хагацаад инээж баярлаад суудаг ёсон гэж үгүй билээ.
Сэтгүүлчид, нэр бүхий нөхөд айж ичихгүй, эмээж хүндлэхгүйгээр бурхан болооч бүсгүйн зураг хөргийг нийтэлж, хань ижлийг нь эцэг эх, эгч дүүс, энхрий үрстэй нь хамт Эрүүгийн хүнд ноцтой хүн амины гэмт хэрэгт буруутгаж, гүжирдэн гүтгэчихээд гавьяа байгуулсан аятай талийгчийн “төрсөн эгч, дотны найз” гэх хүч чанараа уландаа гишгэсэн хөндлөнгийн улсын яриаг бодит үнэн мэтээр хэт нэг талыг баримталж, ОНМХ-ээр цацаж байсан нь эмгэнэлтэй. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Gem Mall худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр 38 удаа хутгалж амь насыг хохироосон гэмт этгээдийг болохоор гэнэтхэн өр нь нимгэрч, өрц нь нялхарч “-Алуурчны зургийг устга, амиа алдсан хүүхний талаарх постыг арилга” гэж гэнэт сэхээрсэн аятай мэдэгдэл удаа дараалан хийж буйг харлаа. Санаа нь зөв боловч урьд өмнөх асуудлууд дээр хэрхэн увайгүй бүдүүлэг хандаж, одоог хүртэл Тайландад золгүй явдлаар амиа алдсан талийгч бүсгүйн хань ижил, 3 хүүхдийг тэр дундаа дауны синдромтой бага хүүгийн зургийг устгаагүй байсаар байна. Цахим орчинд “Алаагүй хүнийг алуурчин гэж хашгирахдаа айж ичээгүй байж, алуурчин яргачныг хаацайлахдаа гэнэтхэн гурван хүүхдийг бодсон гэх нь шударга бус харагдуулж байна. Адилхан хүний нэр төр, адилхан гурван хүүхдийн сэтгэл зүй асар хүнд хэцүү байхад айж ичихгүй түгээж, гүтгэн гүжирдсэн нүгэлтнүүд одоо буянтан болж бузраа хаацайлах нь хачирхалтай. Албан ёсны хууль хүчний байгууллагын дүгнэлт гараагүй байхад хэнийг ч шууд буруутгаж, цахим орчинд яллаж буй нь ёс суртахуунгүй үйлдэл мөнөөс мөн. Монгол хүний ёс жудаг хийгээд бурхан болоочийг хүндэтгэх ухаан Монголын ард түмэнд эртнээс байж ирсэн, хойшид ч байх ёстой гэдэгт итгэж байна.
Түүнчлэн БОСМЭГҮ(Боловсрол, соёл, мэдээллийн гүүр) ТББ-ын тэргүүн, сэтгүүл зүйн доктор (Ph.D) Б.Галааридын санаачилгаар 2019 оны аравдугаар сарын 9-ний өдөр Fake news-тэй тэмцэх талаар “Худал мэдээний эсрэг аян”-ыг орон даяар өрнүүлэх үедээ тэрээр “...XXI зуун бол мэдээллийн зуун билээ. Аливаа мэдээ, мэдээллийг сайтар шүүн нягталсны үндсэн дээр олон нийтэд хүргэдэг байсан мэргэжлийн сэтгүүлзүйн ач холбогдлыг нийтээрээ анхаарахаа больж, нийгмийн сүлжээгээр түгж буй мэдээлэл рүү хошуурах хандлага илэрхий нэмэгдэж байна. Гэтэл сошиал орчны мэдээлэл дунд баталгаа, шалгуур дамжаагүй буруу ташаа мэдээлэл, санаатайгаар түгээсэн худал мэдээлэл, бусдын анхаарлыг ямар ч хамаагүй аргаар татах зорилготой зохиомол мэдээ мэдээлэл ихээхэн байдгийн улмаас хэрэглэгчид төөрөлдөн хохирч байна. Ялангуяа бусдын нэр хүндийг гутаах зорилгоор түгээсэн гүтгэлэг гүжирдлэгийг үнэн мэтээр хүлээн авах, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой худал мэдээг ялгаж салган ойлгохгүйн улмаас үндэстний ухамсар сэтгэхүйд буруу чиг хандлага бий болох, улс орны аюулгүй байдалд шууд болон дамаар хор хөнөөл учруулах байдал газар авч байна. Олон нийтийг үзэн ядалт, аллага хүчирхийлэлд уриалах, хэн нэгнийг буюу нийгмийн хэсэг бүлгийг ялгаварлан гадуурхаж доромжлох, нацизмыг сурталчлах үзэгдэл сошиал орчинд түгээмэл байгаа нь санаа зовоож байна. Сошиалыг иргэд үзэл бодлоо хуулийн хүрээнд илэрхийлэх хувийн орон зай гэж дэлхий нийтээр үзэж хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ нь манайд бусдын анхаарлыг татахын тулд оргүй худал мэдээлэл түгээх, хувийн өш хонзонгийн сэдлээр хэн нэгнийг хүссэнээрээ гутаан доромжлох, хувь хүн, байгууллага хамт олныг нийтийн дунд шившиглэн сэтгэлзүйн дарамтад оруулж байж мөнгө төгрөг авах, сэжиг таамаг, өөрсдийн бодлоо эцсийн үнэн мэтээр олон нийтэд ойлгуулах зэрэг хууль зөрчсөн, ёсзүйгүй үйлдлийн талбар болох нь олонтаа байна. Худал мэдээ үйлдвэрлэн түгээгчид өнөөдөр өөрийн нүүр ном, хуудас, сайтад байршуулсан гүтгэлэг доромжлолоо хандалт ихтэй, гишүүд олонтой фэйсбүүк группүүд рүү удаа дараа шэйрлэх, сошиал орчинд төлбөртэйгээр түгээх, лайв хийх зэргээр хар пиарын бохир технологийг шат дараатай компанит ажил болгон зохион байгуулж байгаа нь илэрхий гэмт хэрэг боловч төр, засгийн зүгээс ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Худал мэдээний ийм хяналтгүй байдал нь нийгмийн сэтгэл зүй, нийтлэг соёл, иргэдийн ёс суртахуун, ялангуяа залуу үеийн хүмүүжил боловсролд сөргөөр нөлөөлж байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, улстөрчид, шийдвэр гаргагчдад хандан нийгмийн оюун санааны хүчирхийлэгч-худал мэдээтэй шийдвэртэй тэмцэж, “Худал мэдээтэй тэмцэх тухай хууль”-ийг нэн даруй баталж мөрдүүлэхийг уриалж байна. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон нийт, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоодыг “Худал мэдээний эсрэг аян”-нд нэгдэн, иргэд мэдээллийн цагаан толгойд тайлагдах (information literacy), мэдээллийн боловсрол (media education)-той болох үйлсэд хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна. Худал мэдээтэй тэмцэх асуудлаарх Европын холбооны зөвлөмж, интернэтийг зохицуулах талаар улс орнуудын Засгийн газарт хандсан Марк Цукербергийн уриалга, худал мэдээний асуудлыг хуулиар зохицуулсан Франц, Герман, ОХУ, Сингапур, Малайз зэрэг олон орны жишээг судалж, асуудлыг хуулиар зохицуулах гарц гаргалгаа санал болгохыг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хуульчид, холбогдох газруудад хандан уриалж байна. Худал мэдээ үйлдвэрлэгчидтэй хамтдаа тэмцэж, мэргэжлийн нэр хүндээ аврахыг үнэн бодитой, баталгаатай, тэнцвэртэй мэдээ мэдээллээр хэрэглэгчдийг хангах мэргэжлийн ариун үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн салбарынханд хандан уриалж байна. Худал мэдээг сэтгэлийн хөөрлөөр дэвэргэхгүй байж, аливаа мэдээ мэдээлэлд шүүмжлэгч байр сууринаас хандаж, гагцхүү баталгаа нотолгоотой мэдээлэлд ач холбогдол өгч, бусдыг гутаан доромжилсон, хүчирхийлэл үзэн ядалтад уриалсан, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц мэдээ мэдээллээс татгалздаг соёлыг бий болгохыг нийт иргэддээ хандан уриалж байна. Төр засаг, хувийн хэвшлийнхэн, нийгмийн янз бүрийн төлөөлөлд нийтэд нь хандан “Худал мэдээтэй тэмцэх тухай хууль” батлагдан хэрэгжих хүртэл “Худал мэдээний эсрэг аян”-ыг тал бүрээр дэмжиж, оюун санааны хүчирхийллийн аюулт зэвсэг-худал мэдээний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна” гэсэн энэ УРИАЛГА одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.
ХУДАЛ МЭДЭЭ-FAKENEWS БОЛ НИЙГМИЙН АМЬДРАЛЫГ
ХОРТ ХАВДРЫН ЭС ШИГ БҮХЭЛД НЬ ӨВЧЛҮҮЛДЭГ ТУЛ ХОЛ БАЙЦГААЯ!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 126, 127 (7623, 7624)