Б.Нандин

Өнөөдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр. 340 сая хүн амтай, 51 муж улсаас бүрдсэн нэгдсэн улсын хамгийн том баярын өдөр. Ирэх жил тус улс 250 жилийн ойгоо бүтээмж өндөртэй, сүр дуулиантайгаар тэмдэглэнэ гэдгээ ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөхдөө ч, Илон Маскд DOGE үндэсний бүтээмжийн агентлагийг хариуцуулахдаа ч хэлсэн үгэндээ онцолсон байдаг.

1776 оны долоодугаар сарын 4-ний өдөр өнөөгийн АНУ Их Британийн колоничлолоос албан ёсоор гарч, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан баярын өдөр учир энэ өдрийг америкчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүх сөхвөл, 1776 оны долоодугаар сарын 2-ны өдөр АНУ-ын Конгресс Тусгаар тогтнолын талаар санал хураалт явуулсан бөгөөд хоёр хоногийн дараа албан ёсоор зарласан учир Fourth of July хэмээн нэрлэх нь ч бий. 

Тусгаар тогтнолын өдрийг ёслолын буудлага, баярын парад, баярын арга хэмжээгүйгээр төсөөлөхийн аргагүй. “АНУ-ын төрсөн өдөр” хэмээн нэрлэдэг энэ өдрийн үдэш томоохон хотууд, мужийн нийслэлд гайхалтай ёслолын буудлага болдог бөгөөд америкчууд ойролцоох хамгийн өндөрлөг цэгт очиж олуулаа ёслолын буудлагыг харж баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Ингэхдээ америкийн далбаан өнгөтэй хувцас, шүхэр, туг намируулан баярын талбайг зорин ирдэг бол олонхи америкчууд энэ өдөрт зориулан байшингаа хөх, улаан, цагаан өнгөтэй од бүхий Америкийн далбаагаар чимэглэж бахархлаа илэрхийлдэг. Мөн энэ өдөр төрийн дууллаас гадна “Columbia, the Gem of the Ocean”, “God Bless America”, “America Beautiful”, “This Land is Your Land” зэрэг улс орноо магтан дуулсан олон дуу баярын концертын гол хөтөлбөрт заавал багтдаг.

АНУ-ын нийслэл Вашигтон хотын төв талбай National mall-д төрийн ёслолын буудлага болдог бол Нью-Йорк мужид хамгийн том хэмжээний, Флорида мужийн Маяами хотод хамгийн өндөр ёслолын буудлага хийж байсан зэргээр өөр өөр онцлогтой ёслол томоохон хот, мужуудад зохион байгуулагддаг.

Fourth Of July нь Америкийн Үндэсний баярын өдөр учир олон хоног амардаг, далайн эргийг зорих хамгийн таатай цаг агаартайд тохиодог учир америкчууд далайн эрэгт очиж хүйтэн шар айраг залгилан, баярын өдрөөрөө тухлах дуртай.

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөртэй холбоотой хачирхалтай тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1776 онд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан таван хүний хоёр нь болох Томас Жефферсон, Жон Адамс нар хоёулаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан төдийгүй нэг өдөр буюу Тусгаар тогтнолын 50 жилийн ойгоор 1826 оны долоодугаар сарын 4-нд нас барсан хачирхалтай тохиолдол байдаг.

Түүх сөхвөл, Тусгаар тогтнолын тунхагийг Америкийн хувьсгалын удирдагчид гэдэг, тухайн үеийн улс төрийн томоохон бүлэглэл, хүрээллийнхэн болох гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон тэргүүтнүүд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс ч тэднийг “Founding fathers” буюу “Үүсгэн байгуулсан эцгүүд”- хэмээн түүхэнд нэрийг нь мөнхөлжээ. Тусгаар тогтнолын тунхагийн авторыг Томас Жефферсон хэмээн үздэг бөгөөд тэрээр өөрийн түрээслэн амьдарч байсан гурван давхар байшинд 17 хоногийн турш сууж анхны ноорогийг эхлүүлсэн гэдэг. Philadelphia мужид байдаг энэхүү байшинг Тусгаар тогтнолын хаус хэмээн нэрлэж, одоо музейн зориулалтаар ашиглаж байна.

“Founding Fathers” Тусгаар тогтнолын тунхагаас гадна АНУ-ын Үндсэн хуулийг батлалцахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.