Рагчаагийн ОЮУН
Дундговь аймгийн Дэрэн сумын залуу малчин Г.Сангидорж, Сайнцагаан сумын Далай багийн залуу малчин Б.Насанжаргал хоёр суффолк үүлдрийн хонийг бэлчээрийн даацад тохирсон, богино хугацаанд эрчимтэй өсгөх, бага зардлаар экологийн цэвэр (мах) бүтээгдэхүүн гаргаж авахаар маллаж байна.
-Та хоёр их сургууль төгссөн ч яагаад хамтарч ажиллахаар болсон талаар яриагаа эхэлье?
Б.Насанжаргал: -Бид хоёр 2006 онд анх нэгдүгээр ангид орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл 19 жил нөхөрлөж байна. 2019 онд тус тусын их сургуулиа төгссөн. Сургуулиа төгссөний дараа цонх үе гэж байдаг. Тэр үедээ уулзаад хүүхэд байхдаа хонины аж ахуй эрхлэх талаар ярьж байснаа гүйцэлдүүлчихмээр санагдаад “Хоёулаа мал маллах гаргалгаа юу байна” гэдгээ ярилцсан. Тухайн үед говийн бүсийг хамарсан ган зуд нүүрлээд манай аймгийнхан тэр чигээрээ Дорноговь руу отор нүүдлээр явахад нь би аавыгаа дагаад нүүж байлаа. Тэгэхэд олон малтай нүүхэд хэцүү байсан. Тиймээс нэг малаас илүү ашиг шим авъя, арай их таргалдаг, жин дардаг мал маллая гэсэн анхны санаа гарч Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас үржлийн хуц авчраад эхэлж байлаа.
-Та хоёр их сургуулиа ямар мэргэжлээр төгссөн билээ?
Б.Насанжаргал: -Би 2014 онд есдүгээр ангиа төгсөөд Монгол, Японы хамтарсан Коосэн технологийн коллежд таван жил барилгын инженерээр сурсны дараа Техник, технологийн дээд сургуулийг барилгын инженерийн ангийг бакалаврын зэрэгтэй дүүргэсэн.
Г.Сангидорж: -Би 2017 онд Дундговь аймгийн “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийг дүүргээд намар нь СУИС-ийн уран зургийн зураачийн ангид элсэн орж зургаан жил сурсан. Уг нь дөрвөн жил сурдаг ч хоёр жил нь завсарлаад аж ахуйгаа эрхэлсэн. Аж ахуйгаа эхлүүлчихээд буцаж сураад 2023 онд их сургуулиа төгссөн. Аж ахуй маань 2020 оноос эхлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
-Та хоёр барилгын инженер, зураач мэргэжлээ орхиод мал аж ахуй эрхлэх болсон шалтгаан юу байв?
Б.Насанжаргал: -Бид хоёр хотод багагүй хугацааг өнгөрүүлсэн ч Улаанбаатар хотод залуус амьдрахад нөхцөл муутай, стресстэй байна гэж үзээд сум, орон нутагтаа ажиллаж, амьдрах ямар боломж байна гэдгийг судалсан. Манай аав ээж хоёр малчин. Байгаа суурь бааз дээрээ хэрхэн хөгжүүлэлт хийж болох вэ, тэр аж ахуй нь цөлжилтөд яаж эерэгээр нөлөөлөх вэ гэдэг гарц, гаргалгааг хайсан. Яагаад хонийг сонгов гэхээр бог мал бодыг бодвол эдийн засгийн эргэлтэд хурдан ордог. Тэр дундаа Дундговь аймаг тачир ургамалтай учраас бог мал илүү тохиромжтой гэж үзсэн. Хүмүүс ч Дундговийн мах амттай гэдэг. Тиймээс суффолкийн мах чанараараа дэлхийд нэгдүгээрт байдаг. Тэгээд ч Монголын махны чанараар Дундговь аймгийнх илүү байдаг юм чинь нийлүүлчихвэл илүү амттай болно гэдгийг харсан. Тэгээд эрлийзжүүлэх ажлыг эхэлсэн.
-Яагаад суффолкийг сонгосон юм бэ. Үнийн талаар?
Б.Насанжаргал: -Суффолк нь махны чиглэлээр дэлхийн номер нэг хонь гэж явдаг. Ямар ч үүлдэр дээр тавьсан сайжруулагч үүлдэр болохуйц ашигтай мал. Махны хувьд бусад малаас онцлогтой, шодон сүүлтэй. Монгол мал шиг өөхөлдөггүй, хүнсний хэрэгцээнд хамгийн тохиромжтой сайн чанарын махтай. Бид хоёрын хувьд мал маллахаас гадна гарч байгаа түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж өгдөг гэж хэлж болно. Бид хоёрын хотонд төрсөн хурганы мах хайрцагладаж савлагдаж вакумдаад айлын хаалгаар ордог системийг өөрсдийнхөө өрхийн хэмжээнд бий болгосон. Бид өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон.
Хэрэглэгчиддээ шууд хүргэдэг учраас мах маань үнэтэй байгаа. Тухайлбал, намар нэг кг мах 16 мянган төгрөгийн үнэтэй. Одоо ч гэсэн хүмүүс эхнэр маань төрчихлөө, авч байсан махаа авъя гэж ярьдаг. Дулааны улирал болохоор хөлдөөж явуулах боломжгүй болохоор сайн сэврээгээд хайрцганд савлаад явуулдаг. Махны үнэ одоо ч энэ үнээрээ байгаа.
Г.Сангидорж: -Малаас гарч байгаа түүхий эдийн үнэ бага байна уу гэж санадаг. Үүнээс болоод малчид маань олон малтай байна. Энэ жилийн хувьд ноолуурын үнэ арай л хэтэрхий байлаа. Энэ жил ноолуур нь мөнгө болоогүйгээс өр зээлээ дарж чадаагүй. Махны үнэ гэхэд дор хаяж 14 мянгатай байдаг бол энэ жил 10 мянга хүрсэнгүй. Махны нийлүүлэлт нэмэгдэж байна. Мөн манай аймагт сүү, цагаан идээ элбэг биш байсан бол энэ жил элбэг байна. Үүнийгээ дагаад эрэлт бага мөртлөө нийлүүлэлт нь ихэссэн.
-Үйлдвэрлэлээ цаашид яаж өргөжүүлэх вэ. Ойрын төлөвлөгөө юу байна?
Б.Насанжаргал: -Бид хоёроос мах авахыг хүссэн хэрэглэгч жил бүр нэмэгдэж байна. Бэлчээрийн даацаас шалтгаалаад сүргийн тоогоо барьж байгаа. Бусад малчиндаа “Бид хоёр хонийг чинь хээлтүүлээд өгье. Бидний зааврын дагуу малаа маллана. Халдварт өвчний вакцин, тарилга ирвэл хургандаа хийлгэхгүй, өөрсдөө дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байх. Бэлчээр, усны хувьд ингэж маллана. Намар хурганы амьдын жин 45 кг-аас дээш байх ёстой. Үүнээс доош жинтэй хургыг бид хоёр авахгүй. Манай хэрэглэгчид ийм мах иддэггүй” гэсэн шаардлагыг харилцан тохиролцоод айлууд маань хийж эхэлж байгаа.
Бүх хүнийг суффолк үржүүлэхээс илүү нэг мал бүрийг ашиг шим гэж хардаг байгаасай. Тухайлбал, нэг гүүтэй байлаа гэхэд сүүг нь саагаад айраг хийгээд зардаг. Мал бүрээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжийг малчид маань өөрсдөө л бий болгоно уу гэхээс хол байгаа Дорж бидэнд зааж өгөхгүй. Тиймээс малчид хотондоо байгаа 500, 1500 малын ашиг шимийг нь хүртэхийн төлөө мал маллах хэрэгтэй. Бид хоёрын мал маллаад байгаа энэ арга тасарсан шинэ зүйл биш. Гэхдээ тодорхой хэмжээнд найз нөхөд, холбогддог хүмүүс маань суффолк биш юм гэхэд эцэг малынхаа чанарыг сайжруулах ёстой юм байна гэдгийг ойлгож байна.
-Анх хэдэн хуц авч байсан бэ?
Г.Сангидорж: -Анх бага багаар нь авсан. Одоо нэг л хуцтай. Өмнө нь авсныгаа зах зээлийн эргэлтэд оруулна. Зарим нь үхэж хоргодно. Энэ жил бид хоёр тэжээл дээрээ жаахан алдсан. Гурван цэвэр хуцаа нэг дор үхүүлсэн. Мал аж ахуй эрхлэхэд хэцүү зүйл олон байна. Амьд амьтантай харьцана гэдэг мэдрэмж шаардсан ажил. Малчид чинь агуу хүмүүс байдаг. Амар мөнгө олохгүй. Хүмүүс ирээд “Танайх хэдэн малтай вэ” гээд тооны машинд хийж үржүүлээд “Паа ямар баян юм бэ” гэдэг. Хоттой хонийг мөнгө гэж хардаг. Үнэндээ хотонд байгаа мал мөнгө болж чаддаггүй. Зуд, шуурга, хулгайч аваад явчихдаг.
Б.Насанжаргал: -Хэдэн жилийн өмнө өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд ямар байсан билээ. Махны үнэ тэр үед ямар байсан өдийд ямар байгаа билээ. Тухайлбал, малаас гарч байгаа ноос, хонины нэхий, өлөн хог дээр хаягддаг болсон. Өмнө нь энэ бүхэн үнэтэй байсан. Өргөн хэрэглээний бараа, шатахуун, өвс, газар тариалангаас гарч байгаа юмны үнэ өсөхөд малаас гарч буй түүхий эд үнэгүйдэж байна. Гадаад руу экспортлоод гаргаад ирэхээр нь хорьчихдог. Гаднаас мах авч байгаа том улсууд чинь тогтвортой нийлүүлэлтийг хүсэж байна. Бид хоёрын бодлоор их, бага хэмжээгээр ч хамаагүй тогтмол гарч байх ёстой. Ингэснээр зах зээлээ олно. Зах зээлээ олсны дараа гарч байгаа махны хэмжээг нэмж болохоор харагдаад байгаа юм.
-Та хоёр малынхаа амьдын жинг нэмэх, ахиу мах авахын тулд хэнээс зөвлөгөө авдаг вэ?
Б.Насанжаргал: -Хаанаас шинэ юм сураад байна гэхээр их сургууль төгссөний гавьяа. Хэдий барилгын инженерээр сураад төгссөн ч гэсэн оюутан байхдаа судалгааны ажил хийдэг байсан. Ядаж нэг юм уншаад бүрэн ойлгох чадвартай болсон. Одоо сошиал хөгжсөн болохоор ямар ч хүнтэй холбогдоно. Ингээд асуучихвал энэ хүн юу гэх бол гэх айдасгүйгээр бид хоёр хөдөө аж ахуйн доктор хэн ч байсан шууд залгана, чатаар холбогдоод асуудаг.
Г.Сангидорж: -Малаас гарч байгаа түүхий эдээс авах орлогыг тооцож болдоггүй. Хавар үнэтэй байсан махыг намар хамгийн бага үнээр борлуулдаг. Энэ савлагаа нь хөдөө аж ахуй тогтвортой хөгжих хамгийн том гацаа болж байгаа. Би оюутан байхдаа мөн хонины аж ахуй эрхлэх үедээ Хөдөө аж ахуйн их сургуульд малчны дээд боловсрол олгодог анги яагаад байж болдоггүй юм бэ гэж боддог байсан.
-Сүүлийн үед сошиалаар вакцинтай малын махны зураг, бичлэг их явлаа. Энэ талаар та хоёр юу хэлэх вэ?
Б.Насанжаргал: -Бид хоёрын хувьд нялх төл мал буюу зургаан сар хүрээгүй учраас халдварт өвчний вакцин, туулга хийлгэдэггүй. Би энэ эм тариа, антибиотик, вакцинд итгэдэг. Вакцины шимэгдэх хугацаа саван дээр нь байдаг. Тарилгаа буруу хийснээс тодорхой хэмжээний асуудал гарна. Энэ бүхнийг сэвээд байх нь зохимжгүй.
-Малчид дур мэдэн тарилга хийдэг. Та хоёрын хувьд мал эмнэлгийн үйлчилгээг яаж авдаг вэ?
Г.Сангидорж: -Малын эмч товлолт вакцинуудаа хийж байгаа. Малчид өөрсдөө тодорхой хэмжээгээр малаа эмчилнэ. Тухайлбал, манай сумын 154 мянган малыг ганц малын эмч хяналтдаа байлгаж чадахгүй. Нэг мал ногооны хордлогод орлоо гэхэд тэр бүр малын эмчийг дуудаад байвал сарын 600 мянган төгрөгийн цалинтай хүн энэ олон малыг эмчлээд явж чадахгүй. Тиймээс малчид өөрсдөө тодорхой хэмжээнд мэдлэг, чадвараа ашиглаад малаа эмчлэхээс аргагүй. Малдаа, үр удамд нь сөрөг нөлөө үзүүлэх хүчтэй антибиотикийг малын эмчийн заавраар хийх хэрэгтэй. Монголчууд цөөхүүлээ шүү дээ.
-Залуу хүмүүсийн нүдээр малчдын ирээдүйг яаж харж байна вэ?
Б.Насанжаргал: -Монголын мал аж ахуйн ирээдүй гэрэлтэй байгаа. Монгол Улс мал аж ахуй дээрээ тулж босож ирэх үндэстэн юм болов уу гэж хардаг. Намайг өвгөн болсон хойно Австрали, Шинэ Зеланд шиг болчихсон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь олон улсад нийлүүлэгдэх үе ирэх байх. Надад нэг ийм санаа байдаг. Махыг чанар, стандартаар нь ангилж янзлаад залуу, өсвөр малынх нь үнэтэй байгаад, 5-6 жил хургалсан эм хонины мах хямдхан байж болно шүү дээ. Тиймээс махыг ангилж, ялгаж зах зээлд борлуулж, нийлүүлэх хэрэгтэй байна.
Г.Сангидорж: -Хугацааны л асуудал. Жилээс жилд тогтвортой хөгжөөд явчихвал хол байгаа зүйл биш. Өвөрмонголчууд яагаад тохь тухтай амьдраад байна вэ. Мал маллаж үзээгүй хүмүүс “Та хэд ядаж Өвөрмонголд байгаа шиг ийм битүү байр барьчихаач. Тэгээд цас зуданд хонио алдчихлаа гээд гоншигноод байх юм” гэдэг. Хятад, Өвөрмонголд махны үнэ ямар байгаа билээ. Монгол махнаасаа ямар орлого олж байгаа билээ. Ашиг гэхээсээ илүү урсгал зардал, хэрэгцээ, өр зээлэндээ явдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)