С.УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах ээлжит нэгэн бүтээлээ Уяачдын цэнгэлд “ташуурдуулсан” унаач хүүхдийн эрх нэртэйгээр өмнөх дугаартаа нийтэлсэн. Энэ удаад тус нийтлэлийнхээ үргэлжлэлийг дахин хүргэж байна.

 

Эрүүгийн хуулиар хамгаалагдах ёстой эрхүүд ноцтой зөрчигдөж байна

 

Эрүүгийн хуулийн Тусгай ангид хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирвал эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх тухай заагаагүйгээс эрүүгийн хуулиар хамгаалах ёстой чухал объект орхигдож байна.

Үүний нэгэн жишээ нь Өмнөговь аймагт уяач  Я.Цогбадрах 2024 оны дөрөвдүгээр сард айлын 10 настай хүүхдийг эцэг эхэд нь хэлэхгүйгээр хурдан морь унуулахдаа эмээлгүй, олмоор хоёр гуяыг даруулж, хүлээд уралдуулжээ. Морь булгиж, хүлээсэндээ чирэгдсэн хүү тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан. Шүүхээс уяачид нэг жил гурван сарын ял, хүүгийн ар гэрт 200 гаруй сая төгрөгийн сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэхээр шийдсэн асуудал байв.

Тухайн уяач хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргасан. Дээд шүүх энэ хэргийг хянаад “хэргийг бодит байдалд нийцээгүй, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу тооцоогүй” гэж үзээд анхан шатаар дахин хэлэлцүүлэхээр болсон.

Гэтэл хэргийн талаар прокурор болон анхан, давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүй, харин хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүйгээр морь унуулснаас болж нас барсан мэт дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох тухай мөрдөгчийн тогтоолыг Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн боловч дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж, улмаар шүүх шинжилгээний дүгнэлтгүйгээр сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн байна.

Иймд хэргийн нотлох баримтад бодит дүгнэлт хийх болон гэмт хэргийн улмаас сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтийг гаргуулах байдлаар хэргийг нэг мөр шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцнэ гэж үзжээ.

 

Унаач хүүхдийн эрхийг уландаа гишгэж уралдаанд оролцох ёстой гэж үү

 

Энэ л жишээн дээр насанд хүрээгүй унаач хүүхдийн ар гэрийнхэн санхүүгийн асуудлаас болж уяач нартай үнэ тохиролцон хөдөлмөрийн гэрээ хэлэлцэл хийх чадамжгүй хүүхдийнхээ морь унах сонирхлыг ашиглаж өмнөөс нь хөрөнгө мөнгөнийхөө асуудлаа шийдвэрлэж байгааг харж болно. Нөгөө талаас уяач төлбөр төлж хүний хүүхдээр морио унуулж баярладаг нь хүүхдийн эрхийг илт зөрчиж байгаа асуудал юм. Дээрх хэрэг дээр эцэг эхийн зөвшөөрөл ч үгүй уяач өөрийн морио хүний хүүхдээр унуулсан нь ноцтой асуудал төдийгүй амь насанд аюул учруулсан хэрэг юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс нийгэм дэх маргаан дагуулдаг асуудлуудаас хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг хүний эрхийн, соёлын эрхийн асуудал гэж онцгойлон үзэж тайландаа тусгадаг. Үүний эсрэг төр, засгаас дорвитой ямар ч ажил хийгээгүй нь харагдаж байна. Энэ мэтчилэн нийгэмд гарч ирээгүй унаач хүүхдүүдийн эрхтэй холбоотой хэчнээн асуудал байгааг таамаглах боломжгүй нь харамсалтай.

Хүний морь унахдаа хүүхдийн эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг ч мэдэхгүй аав ээж нь зөвшөөрсөн л бол уяачаа дагаад аль ч улиралд морио гээд явдаг хүүхдүүдийн эрхийг хамгаалахын төлөө бид өөр юуг хийж чадах вэ. Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт болон улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа унаач хүүхдүүдийн амь нас эрсдэж, морь унахад нас нь хүрэхгүй хүүхэд бүртгэлгүйгээр морь унаж байгаа нь унаач хүүхдүүдийн эрхийн тухай энэ асуудлыг улам хурцдуулж байна.

 

Биеийнх нь бэртэл хөнгөн бол морио айрагдуулах ёстой гэсэн бодол л тэдэнд байдаг

 

Унаач А.Б- “Манай аав ах нар өөрсдийнхөө морийг уядаг. Хааяа нэг моринд нь хамт яваад, бүр багаасаа морьтой хамт өсчихсөн болохоор дасаад, унах дуртай болчихсон. Өөрийн морийг унах л гоё санагддаг. Ааш занг нь мэддэг болохоор амар гэх юм уу. Айлын морьд уяж байх хугацаандаа гайгүй байснаа уралдах үедээ гараанаасаа гарахгүй эсвэл огцом гараад унагаж үлдээх эсвэл эргэхдээ буруу зүг рүү авч дахиад ам нь дийлдэхгүй ч юм уу хэцүү юмнууд байдаг. Морь дагалаа гээд зарим хүмүүс уурлаад байдаг. Бүр жоохон дүү нараараа морь унуулсан үед санаа зовдог. Араас нь дагавал буруу газар руу аваад давхиж байгаа морийг нь бариа руу хөөгөөд ч юм уу бартаа багатай зүглүүлэх боломжтой байхгүй юу. Морь уралдааны замаасаа гарчихаар бартаа ихтэй газар руу ороод хүүхэд мориноос унаж гэмтэнэ. Хүнд бэртсэн хүүхдээр уяач нар морь унуулах дургүй байдаг. Бид нарын зарим нь мориндоо хүнддэхээс айдаг. Хөнгөн, хөдөлгөөн сайтай байвал хэрэгтэй цагтаа морио явуулж чадна.

Гараанаас гараад бариандаа орох хүртэл мориныхоо хурд хүчийг тааруулах нь бас ухаан шүү дээ. Зарим тод манлай ч юм уу том уяачдын хүүхдүүд унаач хүүхдүүдтэй дээрэлхүү муухай харьцдаг гэж манайхан ярьдаг. Бид нар хоорондоо бол морьдоо, оролцсон уралдаануудаа ярьдаг. Унаач хүүхдүүд бүгдээрээ унаж байгаа морио айрагдуулах л зорилготой. Зарим үед морио яагаад ч явуулж чадахгүй үе байдаг. Уяач нар уурлаж, загнах үедээ загнана. Тэгсэн бол ингэсэн бол гээд хэлэхээр нь харамсаж гэмшинэ. Уралдахад хамгаалалтын хувцасны малгай сайн хамгаалдаг юм шиг санагдсан. Өмсөхөөр халуунд цухалдаад төвөгтэй байдаг. Манай найзуудад бас адилхан санагддаг. Гараанаас заавал хамгаалалтын хувцастай гаргадаг. Хүчээр өмсөж гарчхаад тайлаад шидчихдэг, эсвэл хүнд өгчихдөг. Уяач нар туслах уяачтай тэд нар байнга мориныхоо хажууд байдаг. Бид нар өвөлдөө 500 мянга, зундаа нэг саяар морь унадаг. Таньдаг хүний морийг унах хүүхэдгүй байвал унахад 40-50 мянга төгрөг өгөөд гоё юм авч идээрэй гэдэг. Морь унаж сурах хүртлээ зөндөө унана, унаад сурсан ч гэсэн уралдааны үед санаандгүй уначихдаг. Баяраар морь унахаар сэтгэл догдлоод гоё. Уралдааны өмнөх шөнө бол нойр ч хүрэхгүй. Унаад хөнгөн гэмтвэл хэнд ч хэлдэггүй. Бэртчихээд янз бүрийн юм хэлбэл хүүхдээ солиод би морио унахгүй болчихоосоо айдаг”.

 

Нас нь хүрэхгүй унаач хүүхдийг бүртгүүлнэ гэх санал гомдлыг гагцхүү уяачид л гаргадаг

 

Хүний эрхийн Үндэсний комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн. Улмаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 37 дугаар тогтоол батлагдсан.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Комиссоос зохион байгуулах мониторинг, дүн шинжилгээ хийх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, унаач хүүхэд, уяачдын нэгдсэн бүртгэл хийхэд албан хаагчдын ачаалал нэмэгддэг. Зарим тохиолдолд долоон нас хүрээгүй хүүхдээр морь унуулна, унаач хүүхдээ бүртгүүлэхгүй гэх гомдол, саналыг уяачид гаргадаг. Энэ тохиолдолд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах нь тэргүүний зорилт гэдгийг учирлаж тайлбарладаг гэнэ.

Уулзалтаар унаач хүүхдийг албан хөдөлмөр эрхлүүлж байгаа, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, даатгалын мөнгөн тэтгэмж хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах үйлчилгээнд зориулагдсан эсэх асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийхээр талууд харилцан тогтож, цаашид хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлын хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээлж байсан бол унаач хүүхдийн асуудалтай холбоотой хэр олон хэрэг дээр бүртгэл дутуу хийж, амь эрсдэхээс нь урьтаж зөвлөгөө сэрэмжлүүлгээс өөрөөр хамгаалах зүйл хийгээгүй гэдэг нь хачирхалтай.

 

2024 онд 11 мянга гаруй унаач хүүхэд бүртгэгдсэн

 

Сүүлийн жилүүдэд морины уралдаан бооцоотой болж өргөн хүрээнд зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор өөрийн хүүхдээр морь унуулахаас илүү хөлсөөр хүүхэд ажиллуулах явдал нийтлэг байна. Жишээ нь, 2024 онд 11 мянга гаруй хурдан морь унаач хүүхэд бүртгэгдсэнээс 1000 гаруй нь өөрийнхөө морийг унасан байдаг. Бусад нь гэрээгээр болон эцэг эх, асран хамгаалагч нар нь хоорондоо тохиролцсон байна. Энэ хүрээнд 2002 хүүхэд цалин хөлс авсан эсэх нь тодорхойгүй гэсэн үр дүн гарсан нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүйг илтгэж байгаа юм. Цалин авсан хүүхдүүдийн хувьд 400000-1500000 төгрөгийн хооронд цалин авсан байна.

 

Өглөө эрт босох, ахуйн ажилд туслах, уяачийн зүгээс загнаж зандрах нь унаачдын сэтгэл зүйд хүндээр тусдаг

 

Өглөө эрт босох, аль ч улиралд уяачийн туслахын туслах хийх, уяачдад загнуулж зэмлүүлэх нь хүүхдүүдийн сэтгэл зүйд хүндээр тусдаг байна. Цалин хөлс авахгүй эсвэл бага хэмжээний цалин авч байгаагаас гадна биеийн хүч хүрэхгүй хүнд хүчир ажил хийдэг талаар судалгаанд оролцогч хүүхдүүд ярьсан байна. Хүний эрхийн Үндэсний комиссоос Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газар, Аймаг нийслэлийн засаг дарга нар руу хурдан морины унаач хүүхэд хагас, бүтэн өнчин эсэх, үрчлэгдсэн, эрсдэлт бүлэгт хамаардаг зэрэг бүртгэлийн дэлгэрэнгүй хийх зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Ингэснээр үр дүнд бодитоор дүн шинжилгээ хийх боломжтой болох байж.

2018 оноос 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан гэх зөвхөн бүртгэгдсэн тоо юм. Бүртгэгдээгүй тохиолдлууд үүнээс олон байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс хурдан морины уралдаантай холбоотой эрхзүйн зохицуулалтыг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай байна.

 

29 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох даатгалыг заавал хийлгэдэг

 

2022 онд 85 хүүхэд мориноос унаж бэртсэн ч Эрүүгийн хуулийн дагуу шийдэгдээгүй. Харин хүүхэд нас барсан хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэжээ. 2023 онд 149 хүүхэд мориноосоо унаж бэртсэнээс нэг хэргийг, дөрвөн хүүхэд нас барсан хэргийг Эрүүгийн хэргийн дагуу шийдвэрлүүлсэн.

2024 онд 234 хүүхэд мориноосоо унаж бэртсэний долоон хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)