Доржийн ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор “Өргөө” амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч, АНУ-ын “Bloom team” багийн хүүхдийн зүрхний эмч Б.Өлзийхишигийг урилаа.
ХОЛБООЧИН ААВЫН ЭМЧ ОХИН
-Бид эрүүл мэндийн салбар тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд бүр нарийвчилбал зүрхний эмгэгтэй төрөх нярай хүүхдийн оношилгоо, эмчилгээний талаар ярих гэж байгаа. Гэхдээ Б.Өлзийхишиг гэж хэн бэ гэдгийг уншигчид маань сонирхож байгаа болов уу. Та үүнд хариулах уу?
-Аав, ээж хоёр маань хотод төрж өссөн. Аавынхаа талын гарлыг харвал Говь-Алтай аймгийнх л даа. Манай өвөө лам, үзмэрч хүн байсан. Удмын зураг дээр лам үе олон бий. Тэгэхээр би ламын удамтай айлын үргэлжлэл гэж боддог доо. Гэхдээ миний аав өөрөө цэргийн хүн. Цэргийн ангид холбоочин хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Харин ээж минь боловсролын байгууллагад ажилладаг. Би гурван дүүтэй айлын ууган хүүхэд байгаа юм. Ганц охин дүү минь сэтгэл зүйч. Одоо Их Засаг их сургуульд сэтгэл судлалын багшаар ажилладаг. Бас Дотоод хэргийн их сургуулийн докторант. Харин том эрэгтэй дүү маань металлургийн инженер мэргэжилтэй. Шунхлай группийн шуурхай удирдлагын төвийн ахлах хийж байна. Бага эрэгтэй дүү маань болохлоор IT-гийн салбарт ажиллаж байгаа Монгол Улсдаа нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх IT-гийн инженер. Би гурван дүүгээрээ бахархаж бас омогшдог. Өөрсдийн ажиллаж буй салбартаа манлайлж яваа хүний нөөц гэж болно.
-Аав, ээж нь хүүхдүүдийнхээ боловсролд их сайн анхаарсан юм байна шүү дээ?
-Тийм шүү. Биднийг хичээлээ хийж, суралцах боломжийн маш сайн бүрдүүлдэг байлаа. Тийм болохоор гэрийн ажилд маруухан гэдгээ би хүлээн зөвшөөрдөг л дөө. Нэг удаа би өрөөгөө өөрөө цэвэрлэчихье гэтэл бага дүү маань “Цагаан сараар ханаа угаахаас эхлээд булан тохой бүрийг нэгбүрчлэн угаадаг юм шүү” гэж хэлж билээ. Хамгийн гол намайг гэр цэвэрлэж чадахгүй гэж бодоод хэлсэн байгаа юм. Гэр дүүрэн инээд болж байсан маань саяханы л үйл явдал. Ер нь би хүүхдийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл дунд өсөж торних ёстой гэж боддог. Ээж аав минь биднийг өсгөхдөө энэ бүхнийг мэдрүүлсэн болохоор би бусад хүүхдүүд ч ийм байх ёстой гэж үздэг.
Хэдийгээр би ажлаас өөрийг хийдэггүй мэт харагддаг ч бүхий л зүйлийг нарийн төлөвлөж үр хүүхэддээ, гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Хүн зав гаргая гэвэл боломж бий. Манай ажил 16:40 цагт тардаг. Долоо хоногт 1-2 удаа жижүүрт гарна. Гэсэн хэдий ч би хийж байгаа ажлаасаа, гэрийн бүлийнхнээсээ амьдралын аз жаргалыг мэдэрдэг. Үр хүүхдээ тоглоод гүйж явааг харах, аав ээж минь эрүүл саруул дэргэд минь байх, хань минь өмөг түшиг болж байгааг харахад үгээр илэрхийлэмгүй сайхан байдаг юм. Бас хүнд байгаа нярай хүүхдийн амийг аварчихаад ээжид нь аюулыг давлаа гэж хэлэх тэр агшин үнэхээр гоё. Баярлаж, догдолж байгаа ээжүүдийг харах хамгийн сайхан нь. Энэ мэдрэмжийг би өөр хаанаас ч авч чадахгүй байх.
“КРИМИНАЛИСТ ОХИН” ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМЧ БОЛСОН НЬ
-Оюутан Б.Өлзийхишиг сонирхол татаад байна?
-Дунд сургуулиа төгсөөд оюутан болсон ч аав ээж минь аанай л халамж хайраар дутаагаагүй. Хичээлээ сайн хийгээрэй. Маш сайн мэргэжилтэн байх ёстой шүү гээд бүхий л боломжоороо биднийг дэмжиж тусалдаг байсан юм шүү дээ. Мэдээж бүхий л эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө миний аав ээж шиг л зүтгэж байгаа.
Би оюутан байхдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийг нэг, нэг удаа, Голомт банкны нэрэмжит тэтгэлэгийг дөрвөн жил дараалан авч байсан. Энэ бүхэн надад маш их урам зориг өгч, илүү шамдан суралцаж маш сайн эмч болох зорилгыг минь бататгаж байсан юм. Тийм болохоор судалгааны ажилд илүү анхаарч, судалгаа хийж эхэлсэн юм шүү дээ.
-Яагаад эмч мэргэжлийг сонгосон юм бэ. Танай удамд эмнэлэгийн салбарын хүн бий юу?
-Эмч болно гэж ерөөсөө боддоггүй байсан. Би шүүх эмнэлгийн шинжээч криминалист болно гэж мөрөөддөг байлаа. Би багаасаа л нотолгоонд дуртай байсан болоод тэр үү шүүх эмнэлэгт ажиллана гэж бодсон хэрэг. Хэдийгээр криминалист болоогүй ч дандаа судалгаа хийдэг.
Миний хоёр талын хамаатан садан дунд эмнэлгийн салбарт ажилладаг хүн байхгүй. Харин миний ээжийн нэг эмэгтэй дүү нь олон жил хувийн бизнес эрхэлж байгаад намайг эмч болсны дараа сувилагч болсон байдаг юм.
-Эмч болно гэж бодож байгаагүй атлаа хүүхдийн зүрхний эмч болчихсон байна шүү дээ?
-Би Анагаахад хүний их эмчийн ангид орох гэсэн боловч хоцорчихсон юм. Тэгээд л хүүхдийн эмчийн анги руу орчихсон. Мэдээж эхлээд дуртай байгаагүй явцын дунд ангиа солино гэсэн бодолтой явж байлаа. Ингээд гуравдугаар курстээ хүүхдийн зүрхний эмч болохоор шийдсэн. Эндээс эхлээд л мэргэжилдээ дурлаж нэлээдгүй судалгаа хийсэн юм. Тэгээд төгссөнийхөө дараа лицензийн шалгалтаа тавдугаар сарын 31-нд өгсөн. Тэгэхэд зургаадугаар сарын 1-нд БГД-ийн хүүхдийн эмнэлгээс утасдаад маргаашаас ажилдаа ороорой гэж хэлсэн. Би лиценз гараагүй байхад ажилдаа орж байсан юм шүү дээ. Хагас жил амбулаторийн эмч хийж байгаад Солонгос улсад мэргэжил дээшлүүлэхээр явсан. Ингэж явахдаа ажлаасаа гарч байлаа. Дөнгөж сургууль төгссөн хүүхдийг шууд амбулаторидоо ажиллуулаад, надад итгэл хүлээлгэсэн болохоор БГД-ийн хүүхдийн эмнэлгийн хамт олондоо маш их баярладаг. Тийм болохоор хүүхдийн зүрхний маш сайн эмч байх ёстой гэж өөртөө амласан юм.
-Ажлаасаа гараад сурахаар явчихсан байна шүү дээ. Төгсөж ирээд ямар ажил хийнэ гэж бодож байв?
-Сурч байхдаа ажил бодох ч завгүй тун шаргуу байлаа шүү дээ. Ингээд Солонгос явж ирчихээд дөнгөж нэг л хонож байсан юм. Багш маань утасдаад нэгдүгээр төрөхөд ажиллах уу гэдэг юм. Энэ цагаас хойш өнөөдрийн хүртэл Өргөө амаржихдаа ажиллаж байна. Би ажиллаж байх явцдаа нярайгаар сурсан.
Манай төрөх эмнэлэг дээр зүрхний эхо байгаагүй. Бид яаралтай тохиолдолд эх нялхсаас эмч дууддаг байлаа. Энэ хооронд хүүхэд үхэх сэхэхийн заагт хүлээнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгээд л би хамгийн анх үтрээгээр хардаг дачикаар эхо харсан юм. Түүнээс хойш 3, 4 жил ийм маягаар хүүхдийн зүрхний эхо хийсэн юм шүү дээ. Ингэж явсаар нярайн эмчээр нарийн мэргэшиж суралцсан.
ӨСВӨР НАСНЫ ТӨРӨЛТӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛСОН
-Урт бас амаргүй замыг туулжээ. Мэдээж бүхий ажил мэргэжил амар хялбар байдаггүй. Тэр дундаа нярай хүүхдийг зөв оношилж эмчилнэ гэдэг бас их ур чадвар, тэвчээр сорих байх, тийм үү. Нөгөөтээгүүр нярайн эмчийн хүний нөөц төдийлөн хангалттай биш байна уу гэж хардаг?
-Монголд нярай хүүхдийн эмчийн хүний нөөц хангалтгүй байгаа нь үнэн. Яагаад гэвэл цалин хангамжаас эхлээд ажлын ачаалал ихтэй. Эрсдэл өндөр, дандаа амь настай холбоотой байдаг. Үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь жижүүрт хонож байж арай ахиу цалин авна. Хэрэв амбулаторид ажиллавал бага цалинтай. Тэгээд хүйтний улиралд дүүргийн хүүхдийн эмч нар өдөрт 70-80 хүүхэд үзнэ, эмчилнэ. Тиймээс л эмнэлэгүүдэд нярайн эмчийн хомсдол үүсээд байгаа хэрэг.
Нөгөөтээгүүр манай улс хүүхдийн эмч нарыг төдийлөн үнэлдэггүй юм байна гэж хардаг. Одоо бараг энэ байдалд бид дассан байна. Бидний ажлаа дурлаж хийх шалтгаан бол хүүхдээ тэврээд баярласан сэтгэлээ илэрхийлээд гарч байгаа ээжүүдийн халуун дулаан үг байдаг. Бидэнд баярлаж талархсан хүмүүс байхад гомдож цөхөрсөн хүмүүс ч таарна. Мэдээж янз бүрийн сэтгэл хөдлөлийг дааж, түүнийг давж гарна гэдэг бол эмч хүнд амар ачаа биш л дээ. Тийм болохоор дөнгөж төрсөн ээжтэй сайн ойлголцоод ээжтэйгээ хамт нэг талд гарч чадвал сэтгэл зүйн хувьд даваад гарах боломжийг бүрдүүлдэг.
-Сүүлийн үед өсвөр насны төрөлтүүд нэмэгдэж байгаа харагдах юм?
-Тийм. Тэд жирэмсний хяналтад оролгүй нуучихсан байдаг. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчтэй эсвэл гажигтай хүүхдүүд байгаад байна. Эндээс хүүхдээ хайхрхагүй асуудал их гардаг. Тэр болгонд ээжтэй нь ярилцаж, ойлголцох гэдэг маш чухал. Гэтэл манай салбарт баярлалаа гэхээс илүүтэй гомдол гараад байдаг юм. Гэхдээ энэ нь эмчийн харьцаа хандлага, эмчилгээ, үйлчилгээнээс хамаардаггүй. Ихэвчлэн хувь хүнд таалагдаагүй гэх шалтгаанаар гомдол гаргачихдаг юм билээ. Хамгийн гол улсын хэмжээнд өсвөр насны төрөлт нэмэгдэж байгаа учраас анхаарал хандуулах шаардлагатай гэсэн үг. Мөн жирэмслэлт, гэр бүл төлөвлөлт эхийн эрүүл мэнд хамгийн чухал байна. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс энэ асуудлыг орхигдуулж болохгүй.
-Таныг гадаад харилцаа сайтай. Тэр ч бүү хэл эмч нараа чадавхжуулах, мэргэшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж сонсож байсан юм. Энэ талаар та ярьж болох уу?
-Одоогоор дэлхийд данстай гурван том эрүүл мэндийн байгууллагад Монгол Улсаа төлөөлөн албан ёсоор ажилладаг. Америкийн Хүүхдийн Анагаахын Академи, “Bloom team” Олон улсын судалгааны багт хүүхдийн зүрхний эмч, судлаач эмчээрээ бас ажиллаж байна. Дэлхийд томоохон эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагч “Global health committee” багт хүүхдийн зүрхний эмчийн хувиар ажилладаг. Мөн Мексик улсын нярайн скринингийн багт олон улсын зөвлөхөөр зөвлөгөө өгч ажилладаг.
Өргөө амаржих газартаа 14 жил ажиллаж байна. Нярайн тасгийн эрхлэгч болоод 2 жил болж байна. Нярайн эрчимт эмчилгээ чиглэлд тасралтгүй 14 жил ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд ямар ч л байсан эмч нараа дэлхийн хаана ч очсон хөл алдахааргүй болгохыг зорьж гадны байгууллагуудтай харилцаж ирсэн. Үүний үр дүнд манай эмч нар хаана ч ажилласан ур чадвар, мэдлэг, туршлагаараа гологдохгүй. Мэдээж цаашид илүү нарийн бэлдэнэ гэж бодож байгаа.
Би дөнгөж эмч болоод удаагүй гадаад томилолтод явж байсан юм. Тэр томилолтоос ирэхдээ Монгол Улсын эмч нар дэлхийг байлдан дагуулна аа. Дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг улсуудтай хамтарч ажиллана гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Би ер нь өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө уйгагүй хичээж, зүтгэдэг. 2019 онд АНУ-аас “Global Innovation Award” гээд дэлхийн шинэ бүтээлийн нээлтийн шагналыг Ази тивээс хамгийн анх удаа авч байсан. Шагнал аваад зогсож байхдаа ажлыг ялархаж биш талархаж хийсэн болохоор би үр дүнд хүрлээ гэж өөртөө урам өгсөн юм.
ЦААСАН ТАЙЛАНГАА БОДИТ ХӨРСӨНД БУУЛГАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Та нэлээдгүй судалгаа хийж. Бас гаднын улс орнуудын туршлага, стандарт, дүрэм журмыг сайтар судалж, ойроос харсан байна шүү дээ. Тэгвэл таны үзсэн, харсан бүрийг Монгол Улсад нутагшуулна гэвэл нэн тэргүүнд шаардлагатай зүйл нь юу вэ?
- Монгол Улс аль ч салбарт ялгаагүй “тоглоомын дүрэм”-ийг маш тодорхой болгох хэрэгтэй. Стандарт шаардлагыг дэлхийн жишигт хүргэх шаардлагатай.
Миний ажиллаж байгаа Bloom team баг олон оронд эмч нарыг чадавхижуулах, нарийн мэрэгжлийн үзлэг зөвлөгөө өгдөг. Манай багт NASA агаарын зайн инженер бас байдаг. 2022 онд анх АНУ-Хүйстон хотод NASA болон Innovation center -д байрлаж ажилласан. Ингэх явцдаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг дараагийн шатад хүргээрэй гэдэг “даалгавар” өгдөг. Ингэснээр үзлэг, оношилгоо хийгээд өнгөрөх нэг хэрэг. Харин биднийг очсоны дараа тухайн улс оронд илүү дэвшил, хөгжил бий болох ёстой юм. Тэгэхээр очсон улс орнууддаа тодорхой хэмжээнд эмч нарыг нь сургачих юмсан гэдэгт санал нэгдэж хамтран ажилладаг даа. Энэ хүрээндээ монгол эмч нараасаа гадагш сургах боломжийг эрэлхийлж бүхий л хүчээ дайчлан ажилладаг. Цаашид ч өөрийнхөө чадлаараа эмч нараа мэргэшүүлэх, сургахад анхаарч, тусална гэж боддог.
-Та хүүхдийн нас баралтын талаар аймшигтай тоон мэдээлэл хэлсэн шүү дээ?
-Хүүхдийн нас баралт эндэгдэлд анхаарал хандуулах цаг нь болсон. Хүн ер нь өөрт нь тулгарахгүй болохоор мэдэхгүй байгаа юм. Ойрын хугацааны статистик мэдээллийг харахад л сэрдхийлгэм тоо гарч байгаа юм. 2024 онд нярайн эндэгдэл мянган амьд төрөлт 7.7 байсан. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000-д 13 байсан.
Тэгэхээр 0-5 хүртлэх настай хүүхдүүдийн өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан гүйлгэлт, суулгалт, уушгины хатгалгаа байдаг. Манай улсад дутуу нярайн эндэгдэл, тархины хүчилтөрөгчийн дутагдал байнгын тэргүүлэх шалтгаан болдог. Тиймээс дата дээр сайтар ажиллаад бууруулах арга зам, гарцыг эрэлхийлэх нь зүйтэй л дээ.
Миний хувьд олон улсын байгууллагад ажиллаж байгаа давуу талаа ашиглан эх орондоо төсөл хэрэгжүүлэх боломжтой байгаа учраас боломжоороо шинэ технологи, хамгийн сүүлийн үеийн эмчилгээг нэвтрүүлэхээр зорин ажилладаг. Одоо үүнийг бодит хөрсөнд буулгаж аливаа төсөл, хөтөлбөрийн эерэг үр дүн, нөлөөг нийгэмд бий болгох шаардлага бий. Учир нь манай улсад ажлын тайлан хангалттай их байна. Үр дүнг бодит болгоход маш олон хүний хүчин чармайлт орно.
Би 2022 онд хиймэл оюун ухаанд суурилсан зүрхний эхо дээр ажилладаг. Энэ чиглэлээр бас докторын зэрэг хамгаалахаар АНУ, Англи улстай хамтран ажиллаж байна. Одоо бол хиймэл оюун ухаан өдөр тутмын хэрэглээ болоод байна. Одоо ЭМЯ-ны хиймэл оюун ухааны ажлын хэсэгт байгаа. Тэгээд Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байгаа хиймэл оюун ухааны зохицуулгыг бид нар бий болгох гээд ажиллаж байгаа юм.
2011 онд Ач Анагаах ухааны их сургуулийг Хүүхдийн эмч мэргэжилээр сурч төгссөн.
2014 онд АШУҮИС -д Нярайн эмчээр нарийн мэргэжил эзэмшсэн.
2015 онд Хүүхдийн зүрхний эмчээр нарийн мэргэжил эзэмшсэн.
2012 онд Солрнгос улс, 2014 онд Тайвань улс,
2016 онд Франц улс, 2017 онд БНХАУ, 2019 онд АНУ Мауо клиник,
2021 онд Тайвань улсад Нярайн тархи хөргөх чиглэлээр мэргэшсэн.
2022,2023 онд Children’s National, 2024 онд АНУ, Мексик улсад хүүхдийн зүрхний эмчээр,
2024 оны 9 сараас Америкийн хүүхдийн Анагаахын академи,
2025 оны 1 сарын Global Health Committee д ажиллаж эхэлсэн.
Одоо Дэлхийн топ АНУ-н Mayo clinic, Minnesota Children’s hospital, Childrens National, Texas Children, БНХАУ Шанхай хотын Фудан эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өвөр монголын өөрөө зорих орны Хөх хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдтэй хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 124 (7621)