“Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) үргэлжилж байна. Форумд APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож байгаа. Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл билээ.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурлын үеэр Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “APPU Vision 2030” буюу 2030 он хүртэлх шинэ стратегийг боловсруулах ажлын хэсгийг даргалахаар албан ёсоор томилогдлоо.
Энэхүү стратеги нь Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) дараагийн 4 жилийн хөгжлийн чигийг тодорхойлох, бүс нутгийн шуудан-логистик, дижитал шилжилт, хамтын ажиллагааны бодлогын суурь баримт бичиг байх юм.
Дэлхийн Шуудан Холбооны дээд байгууллага болох ДШХ-ны Конгресс нь 4 жил тутамд зохион байгуулагдаж дараагийн 4 жилд мөрдөх дүрэм журам, шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой. Дараагийн конгресс энэ оны есдүгээр сард Дубай хотод зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд Удирдах Зөвлөлийн хурлаар ДШХ-ны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн дөрвөн жилд баримтлах стратеги, дүрэм журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган конгресст хүргэх зорилготой юм.
Эх сурвалж:www.polit.mn