Базарбямбын НЯМСҮРЭН
Хүүхэд байхад Шамбалын орны тухай эмээ маань хааяа нэг нутгийн хөгшидтэй хуучилна. Ямар газар юм бэ гэж сониучирхан асуухад минь “Бурхны ном үүссэн газар аа, Төвөд гэдэг нутаг зүг рүү л байдаг юм гэнэ лээ” гээд алга хавсран ихэд сүсэг бишрэлтэй өгүүлдэгсэн. Эмээгийн яриад байдаг Шамбалын орныг нүдээр үзэх нь дээ хэмээн бодохын сацуу олон жилийн өмнө тэнгэр болсон эмээгээ санагалзаж, хүүхэд наснаас чихэнд хоногшсон Шамбалын орон мөн бишийг мэдэхгүй ч Буддын шашны өлгий нутгийн талаарх элдэв таамаг бодол тээсээр Төвөд орныг зорив.
Төвөдийн Өөртөө засах орны 60 жилийн ойд зориулсан олон улсын сэтгүүлч, судлаачдын Төвөдтэй танилцах аялал маань МИАТ-ийн суман цагаан онгоцоор Бээжин хотыг зорьсоноор эхлэв.
Бурхны шашинтай холбоотой улс орнуудаас сэтгүүлч, судлаачдыг урьж танилцуулж байгаа энэ аяллын замд Монголоос Олон улс судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн С.Батдорж бид хоёр ганзага нийлэн хамт явахаар болжээ.
Хоёр цаг ч хүрэхгүй нисч Бээжингийн Сapital онгоцны буудалд газардсан бид тэндээсээ халуун ногоогоороо алдартай Сычуан мужийн нийслэл Чендун хот руу таван цаг нисч хүрэв. Чендуны онгоцны буудлын дэргэдэх зочид буудалд Орос, Япон, Швейцар, Энэтхэг, Непаль, Тайланд, Шри Ланка гээд олон газраас ижил зорилго өвөртлөн ирсэн сэтгүүлч, судлаачидтай танилцсанаар бидний өөр өөрсдийнхөөрөө таньж нээх Төвөдийг зорих шинэ аялал маань эхэллээ.
Онгоцны буудлын зочид буудалд хоносон бидэнд Чендун хотод тухлах цаг төдийлөн гарсангүй. Хотын төв рүү shuttle bus-р цаг орчим давхиж, нутгийн алдарт халуун ногоотой татмал гурилтай шөл идэж, ойр зуурхныг сонирхсоор буцаж буудалдаа ирэхэд тосч авсан албаны хүмүүс өглөө Төвөдийн томоохон хот Линжинээс үндсэн аялал эхлэх хөтөлбөрийг танилцуулав.
Төвөдийн талаар бид хэр сайн мэдэх вэ. Үнэнийг хэлэхэд Төвөдийн талаарх бодит гэхээс илүү хийсвэр гэмээр таамаг ярианууд цөөнгүй. Бид “Төвөд бол бурханы шашны өлгий, өндөр уулсын дунд малаа маллан амьдардаг нүүдэлчин ард түмний нэг, соёл зан заншлын хувьд ч манайхтай төстэй” гэсэн ам дамжсан ярианаас хэтэрдэггүй. Бүр цаашилбал, “усанд ордоггүй юм гэнэ билээ”, “хир буртагаа арилгах нь буяндаа бузар хийж байгаа юм гэнэ лээ” хэмээн хаанаас дуулсан нь үл мэдэгдэх цуу үгсээр л төсөөлж байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Бүр харанхуй шашинд хэт автсан хэтэрхий харанхуй бүдүүлэг гэж зарим “боловсорсон” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг нөхөд шоглож дэгсдүүлэх нь ч бий. Гэвч ертөнцийн олон өнгөний нэг нь болж, өөр өөрийн хэв маягаар оршин байгаа энэ хүмүүсийн үнэн амьдралыг олж нээнэ гэдэг сэтгүүлч миний хувьд ч сонирхолтой аялал байлаа.
Чендунаас дөрвөн цаг гаруй нисч Линжин рүү хүрнэ. Онгоц газардах дөхөх тусам хөвөн цагаан үүлсийн дундаас сүрлэг өндөр уулсын орой цухуйж хараа булаах нь үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд сүрдэм юм.
Линжин хотын онгоцны буудалд буумагц монголжуу царайтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уртаа цагаан хадаг дэлгэн биднийг угтлаа. Хүн бүрийн хүзүүнд цагаан хадаг зүүн мэхийн ёслож угтах нь энэ нутгийн хамгийн том хүндэтгэл гэнэ. Биднийг угтан авсан хөрслөг царайтай хөтөч эр Цэдэн гэж өөрийгөө танилцуулангаа, сайн явж ирсэн, өндөрийн өвчний шинж тэмдэг байгаа эсэх гээд хүн бүрт санаа тавин асууж ажлаа эхлэв. Англиар ч аялга багатай тун цэвэрхэн ярьж байгаагаас нь үзвэл “архаг” хөтөчийн шинжтэй. Бид далайн төвшнөөс дээш 3000 метрийн өндөрт иржээ. Тиймээс ч “өндөрийн өвчин” буюу толгой эргэх, өвдөх, даралт хэлбэлзэх, бүр гэдэс, дотор эвгүйрхэх гээд бие махбодид олон өөрчлөлт гарч болзошгүй тул аливаа асуудалд яаралгүй, аль болох удаанаар алхах, ирсэн өдөртөө усанд орохгүй байх зэрэг чухал зөвлөгөөг өгч байна. Мөн хүн бүрт шаардлагатай тохиолдолд шууд хэрэглэх зориулалттай тусгай лаазанд битүүмжилсэн хүчилтөрөгчийг гарт бариулах нь тэр.
Орчин үеийн Төвөдийн нүүр царай болсон Линжин хот. Төвөдийн нийслэл Лхасыг зорих хүмүүс Линжинд эхэлж буудаллах нь олонтаа. Учир нь Лхас хот далайн түвшнээс дээш 3650 метрийн өндөрт оршдог. Харин Линжин түүнээс арай нам дор. Тиймээс газрын өндөрт шууд нисч хүрэх биш бага багаар дээшлэх нь эрүүл мэндийн хувьд дасан зохицоход хэрэгтэйн дээр төвөд хүмүүсийн соёл уламжлалтай танилцахад ч илүү сонирхолтой гэмээр. 20 шахам жилийн өмнө Монголоос ирж байсан сэтгүүлчид анхны монголчууд байсан бол түүнээс хойш монгол хүмүүс аялал жуулчлалын шугамаар цөөнгүй ирдэг болжээ. Цаашдаа ч монголчуудыг авчрах талаар жичдээ яримаар байгаагаа Цэдэн маань яриан завсраа хавчуулж амжина лээ.
Линжинд ирсэн бидний гол зорилго төвөд айлд зочилж, Төвөдийн олон зууны уламжлалт цаасан болон хэвлэмэл урлалын жижиг үйлдвэртэй танилцах байлаа.

Линжин хотод нийт 50 гаруй үндэс, угсаатнууд амьдардаг. Тэдгээрийн дотор төвөдийн уулын тосгоноос ирсэн айл өрхүүд цөөнгүй бий. 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн шинэ суурьшилд нүүлгэх хөтөлбөрийн хүрээнд 85 өрх айл Линжин хотын Xiga тосгонд шилжин суурьшжээ. Тэдний нэг Suolang гэх нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан, үндэсний хувцсаа өмссөн 40 эргэм насны залуу ихэд ёс төр болон биднийг хүлээн авав. Эдний сүүтэй цай Монголынхоос үл ялиг гашуувтар бол ширээн дээр тавьсан хурууд гэмээр цагаан идээ нь яг л монгол ээзгий шиг амттай юм.
Гэрийн эзэн Suolang өмнө нь уулын ойролцоох тосгондоо малаа маллаж амьдардаг байжээ. Зөвхөн хоол хүнсээ цуглуулахын тулд хоёр, гурван өдрөөр алхах энүүхэнд, ер нь хүнд хүчир амьдралтай байсан бол одоо тухтай байшинд амьдарч, хүүхдүүд сургуульд суран амьдралын чанар эрс өөрчлөгдсөн тухайгаа гэрийн эзэн хуучилж байна. Эднийх хүү охин хоёртой. Өөрөө орон нутгаас хэрэгжүүлсэн сургалтад хамрагдаж, хүнд машины жолооч болжээ. Барилга дээр ажиллахаас гадна хувьдаа эксковатортой учир ажлын хажуугаар халтуур хийчихдэг, дундаж төвөд айлаас ч илүү орлоготой тав тухтай амьдарч байгаа тухайгаа ярьж байна.
1000 жилийн түүхтэй цаасны үйлдвэр
Манайхны сайн мэддэг цаасан дээр олон янзын хээ гарган хэвлэсэн бурханы бүтээлүүдийг хэрхэн хийдгийг бидэнд сонирхуулахаар энэ удаагийн хөтөлбөрт оруулжээ. Тэдгээр шашны бүтээлүүдийг урлахад Төвөдийн олон жилийн уламжлалт цаас боловсруулах технологи, хэвлэх үйл явц гээд олон шат дамжлагыг дамжиж байж бидний мэдэх урлагийн бүтээл гэмээр бурхны дүрүүд амилан тодордог байна. Энэхүү өвөрмөц хэвлэлийг бий болгодог уламжлалт техологи нь одоо ч хадгалаатай хэвээр бөгөөд бүгдийг гараар урлан бүтээдэг нь давтагдашгүй шинж чанарыг нь бий болгодог гэнэ. Олон янзын бурхдын хөрөг, Эвтэй дөрвөн амьтан, болон бүр Маогийн үеэс эхлээд өнөөгийн Хятадын удирдагчдын хөрөг олон хэлбэр хэмжээтэй зураг хөргийг ханаараа дүүрэн өлгөсөн энэхүү үйлдвэрт хөл тавихад л эртний гэмээр өвөрмөц содон үнэр ханхална. Төвөдийн энэхүү цаасан бүтээл олон жилийн зуун жилийн эдэлгээ даах чанартай байдлаараа ихэд алдартай. Хамгийн багадаа л 500 жил цаашлаад 1000 жил ч болсон өнгө алдахгүй хадгалагдах боломжтой гэнэ. Энэхүү олон жил болох увидасын гол нууц нь түүхий эд буюу үндэс шиг тусгай ургамалд бий. Тэрхүү үндэс шиг модлог ургамлыг хатааж, дараа нь нүдэж, тусгай “бодис” бүхий цавуулаг бүтэцтэй усанд дэвтээж, түүнийгээ шүүн наранд хатааснаар олон жилийн настай тусгай цаас бэлэн болно. Түүн дээрээ уламжлалт тосон бэх болон бусад будгаар будаж үндсэн үйл ажиллагаа нь явагддаг.

Бидний очсон эл үйлдвэр гаднаас нь харахад жижгэвтэр дуган шиг боловч дотроо зөвхөн цаасан үйлдвэрлэл гэлтгүй музей болгон засч, олон зууны туршид цуглуулсан ховор нандин олдворуудыг дэлгэн сонирхуулжээ. Монгол домботой төстэй цайны домбо, төвөд хүмүүсийн үндэсний дээл хувцас, авдар сав болон бурхны шашинд олонтаа хэрэглэгддэг эд зүйлс их байна. Тэр дундаа 14 дүгээр зууны үед амьдарч асан Төвөдийн Соронзонгомбо хааны болон хатны хувцас эд зүйлс ч бий гэнэ. Харахад том биш энэ жижигхэн байшинд зочилсон хүн бүр ямар нэгэн байдлаар Төвөд гэсэн түүхээс танин мэдэж байгаагаас харахад ер нь байшин жижигддэггүй, үзмэр багаддаггүй гэлтэй. Улсын биш, хувийн нэгэн бизнесмений өөрийн сонирхлоороо ариглан хамгаалж, хадгалж ирсэн бүхнээ дэлгэн сонирхуулж жуулчдыг татах нэг хэрэгсэл болгон ашиглаж байгааг нь хараад манайхан ч энэ бүхэн шиг дэлгэн сонирхуулвал асар олон сонин содон түүхэн олдворуудтай даа хэмээн бодогдсоор байсныг нуух юун.
Линжин хэмээх шинэ тутам хөгжүүлсээр байгаа Төвөдийн орчин үеийн хотод түрхэн саатахад эхэндээ хятаджуу өнгө аяс харагдавч байшин барилгын хээ хуар, хэв маягаас харахад өөрсдийн өнө эртнээс уламжилж ирсэн үүх түүхээ хадгалж үлдэх гэсэн эрмэлзлэл хана туурганаас нь хүртэл харагдах аж. Хүндэт зочдоо угтахдаа сүүн цагаан хадгаа дэлгэн байгаа зэрэг нь бас ч олон жилийн хугацаанд өөрсдийн үндэстний шинжээ хадгалан байхыг хичээж байгааг нь илэрхийлэх шиг. Нэг талаар царай төрх нь жаахан бараан боловч монголчуудтай тун ойролцоо, зочломтгой зангаараа ч ижил гэмээр эл нутгийн хүмүүстэй уулзахад элгэмсэг дотно хүлээн авч байгааг нь харахад сэтгэл дүүрч байв.
Линжин хотод хагас өдөр саатсан бид Төвөдийн нийслэл, 3.6 сая хүн амтай Лхасыг зорих бэлтгэлээ базаан зочид буудлын зүг жолоо залав.
Дараагийн нийтлэлээр Лхасын оронд зочилж, алдарт Потала ордон, орчин үеийн төвөдийн дунд сургууль, төвөдийн уламжлалт эмийн сургууль зэрэг олон сонирхолтой газраар зочилсон тэмдэглэлээ хүргэх болно.
/Төвөд гэдэг үгийг Монгол хэлний журамласан толинд бичсэний дагуу оруулав./
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 123 (7620)