Ч.БЯМБАХАЖИД

 

Хиймэл оюун ухааныг боловсролын салбарт нэвтрүүлсэн нь дэлхий даяар багшлахуй, суралцахуй болон байгууллагын удирдлагын орчныг хурдацтай өөрчилж байна. Зүүн Азийн орнуудад хиймэл оюун ухаан, тэр дундаа үүсгэгч хиймэл оюун ухааныг ашиглах хандлага эрчимжиж, шинэлэг бүтээгдэхүүн, шийдлүүд маш хурдацтайгаар хөгжин гарч ирэх болжээ. Түүнчлэн Зүүн Азийн удирдлага, сурган хүмүүжүүлэгчид хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх, туршлагаа солилцох, хил дамнасан шинэлэг санаа, шийдлийг хэлэлцэх хамтын ажиллагааны платформ байгуулах нь нэн хэрэгцээтэй болж байна.

Энэ хүрээнд өчигдөр “Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээ нь дээд боловсролын салбарын төлөөлөгчид орон нутгийн дээд боловсролын салбарт хиймэл оюун ухаан нэвтрүүлэх боломж, тулгамдсан сорилтуудыг хэлэлцэх, хэрэгцээ шаардлага, асуудлыг тодорхойлох, амжилттай хэрэгжиж буй сайн туршлагыг хуваалцахад чиглэх юм. Мөн хуралдаан нь хувийн хэвшил, аж үйлдвэр, боловсрол хоорондын олон талын оролцоог дэмжих гүүр болох аж. Арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО болон ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв нь бүс нутгийн дээд боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих хэд хэдэн томоохон хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд танилцуулсан юм.     

 

“Багш нарын ур чадварын хөгжлийн хурд технологийн дэвшлийг гүйцэхгүй байгаа нь цахим шилжилтийг нэн тэргүүний зорилт болгоход нөлөөлж байна”

 

Хэлэлцүүлгийн үеэр Монголын дээд боловсролын боловсон хүчний цахим болон хиймэл оюун ухааны чадавхыг олон нийтэд таниулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол дахь Цахим боловсролын олон улсын төв , ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.

Энэ талаар ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан “ЮНЕСКО-гийн Дээд боловсролын инновацын олон улсын төвтэй ШУТИС 2022 оноос албан ёсоор хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд ШУТИС-ын харъяа Цахим боловсролын олон улсын төвийг Монгол Улсад анх удаа байгуулсан юм. Улмаар бид нээлттэй, цахим, дижитал агуулга бүхий контентуудыг бэлтгэх, олон улсын байгууллагуудтай хамтран цахим сургалтын технологиудыг шинээр бий болгох, энэ чиглэлийн судалгаа боловсруулалтын ажлуудыг хийх, агуулгыг нээлттэй болгох чиглэлээр хамтарсан дүрэм, журам зохицуулалтын талаар олон ажил хийсэн. Мөн сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор 65 сургагч багшийг Монгол Улсын 30 гаруй их дээд сургуулиудаас хамруулан ШУТИС, ЮНЕСКО-той хамтран бэлдсэн. Үүгээр дамжуулан дээд боловсролын салбарын 450 гаруй багшид сургалт явуулсан юм. Цаашлаад бид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны үр дүндээ суурилаад хиймэл оюун ухаан, цахим технологийг дээд боловсролын салбарт хэрхэн ашиглах талаар томоохон стратегийн бичиг баримтыг боловсруулахаар зорьж байна” гэлээ.

Түүнчлэн хиймэл оюун ухааны ашиглалт, хөгжүүлэлтийн хувьд Монгол Улс дэлхийтэй зэрэгцэн алхаж байна. Мөн ШУТИС хиймэл оюун ухааны чиглэлээр шинэ анги нээж, бакалавр болон ахисан түвшинд оюутнуудаа бэлтгэж эхлээд байна.

Монгол Улс боловсролын нөөцийн тэгш бус хуваарилалт, багш нарын цахим ур чадвар хангалтгүй байх зэрэг сорилтуудтай удаан хугацаанд тулгарсаар иржээ. Эдгээр сорилтууд нь хиймэл оюун ухааны боловсролд түлхүү илэрч байгаа бөгөөд багш нарын ур чадварын хөгжлийн хурд технологийн хурдацтай дэвшлийг гүйцэхгүй байгаа нь цахим шилжилтийг нэн тэргүүний зорилт болгоход нөлөөлж байна. Энэхүү хамтын үйл ажиллагаа нь Монгол Улсын багш, сурган хүмүүжүүлэгчдийн цахим ур чадварыг сайжруулахад чиглэсэн тууштай санаачилгыг илэрхийлээд зогсохгүй ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв болон дотоодын дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үе шатыг харуулж байна.

 

“Боловсролын системд хиймэл оюуныг бодлоготойгоор нэвтрүүлэхгүй бол 900 мянган хүүхдийн ирээдүй бүрхэг болно”

 

Хэлэлцүүлгийн үеэр “Болорсофт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлөөс хойш сууж байгааг шүүмжилж, төрөөс дорвитой бодлого хэрэгжүүлэн, стратеги батлах шаардлагатайг онцоллоо. Хиймэл оюуны стратеги гэдэг нь тухайн улс, байгууллага, салбарын хүрээнд хиймэл оюун ухааныг үр ашигтай, хариуцлагатай, тогтвортой хөгжүүлж, ашиглах зорилготой алсын хараа, зорилт, бодлого, үйл ажиллагааны цогц төлөвлөгөө юм. 

Тэрээр “Монгол Улс өнөөг хүртэл хиймэл оюуны стратегийн баримт бичгээ батлаагүй. Гэтэл дэлхийн 100 гаруй улс нэг жилийн дотор шил шилээ даран аль хэдийн стратеги баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Бид уламжлалт хандлагаасаа салахгүй бол энэ салбараас арчигдана. Монголд интернэт хэрэглээ өндөр, үндэсний хиймэл оюун ухааны эхлэл бий ч зохион байгуулалтгүй байдал, шийдвэр гаргагчдын идэвхгүй хандлага энэ боломжийг удаашруулж байна. AI дурдахгүй бол ажил явахгүй мэт болсон энэ нөхцөлд шоу төдий ярьсаар байх бус, бодит үйлдэл хийх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан бол түр зуурын трэнд биш цахилгаан шиг бүх салбарт нэвтрэх технологи. Боловсролын системд хиймэл оюуныг бодлоготойгоор нэвтрүүлэхгүй бол 900 мянган хүүхдийн ирээдүй бүрхэг болно. Нэг сургууль барих гэж явах биш, цахим дэд бүтцэд хөрөнгө оруулах цаг болсон” гэв. 

Уг арга хэмжээг ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУТИС, (Цахим боловсролын олон улсын төв), ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв (UNESCO ICHEI) хамтран, Хятадын Поси Групп ХХК-ийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)