Өвөр Монголын эрдэмтэн ахмад түүхч Намсрайн Манж Чин улсын үеийн монгол үндэстний түүхийг судлан шинжилсэн цуврал бүтээл Монгол Улсад хэвлэгдэхээр боллоо.
“Ухаарлын хөтөч” ТББ-аас санаачлан Өвөр Монголын түүхч Намсрай гуайн судалгааны таван номыг хөрвүүлж, хэвлүүлэх ажлын үеэр Хөх хотын “Оюун сан” компанийн захирал Цэцэнтүтэй ярилцлаа.
-Дэлхийн Эзэнт гүрнийг байгуулж явсан Чингисийн монголчууд XVII-XVIII зуунд ээлж дараалан харь Манж Чин улсын эрхшээлд орсон гашуун түүх буй. Манжийн эрхшээлийн үеийн 200 гаруй жилийн монгол үндэстний түүхийг судалсан түүхч Намсрайн таван боть бүтээл Монгол уншигчдын хүртээл болж байна. Энэ талаар яриагаа эхлэе?
-Сайхан явдал болж байна. 2024 оны шувтаргаар манай “Оюун сан” компанийн дэд захирал Мөнхдалай нэгэн удаа надад Намсрай багшийн хэдэн бүтээлийг Монгол Улсад хэвлүүлэх санал ирснийг дуулгав. Өнөөг хүртэл Монгол Улсын ямар нэгэн компани Өвөр Монголын түүхчдийн номыг авч улс орондоо хэвлүүлэх санал тавьж байсан удаагүй тул би төдий л шимтэж анхаарсангүй, тэгсхийгээд орхисон юм. Харин энэ 2025 оны гуравдугаар сард дахин санал тавьж уг байгууллагын хүн уулзахаар ирлээ гэж Мөнхдалайг хэлэхэд нь номын зохиогч, эдүгээ 80 хэвийсэн өндөр настай Намсрай багшийг урьж манай компанид хамт уулзацгаасан юм.
Монгол Улсын “Ухаарлын хөтөч” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Бат-Өлзий биеэр хүрч ирээд хүсэлтээ дахин тавихад, Намсрай багш ихэд олзуурхаж “Галдан бошогт”, “Зүүнгар хаант улсын түүх”, “Дөрвөн Ойрадын түүх”, “Дайчин улсын үеийн Монголын түүх”, “Чин улсын үеийн Монгол хошуу чуулган” гэсэн судалгааны бүтээлүүдээ Монгол Улсад хэвлүүлэхийг зөвшөөрч, манай компани гэрээ хэлцлийг хийж баталгаажууллаа.
Сая миний бие Улаанбаатарт ирж “Ухаарлын хөтөч” ТББ-ынхантай уулзаж ярилцлаа. Туршлага чадвартай тус багийнхан энэ таван номыг монгол бичгээс кириллээр хөрвүүлж дуусаад түрүүчээс нь хэвлэж эхэлсэн байна. Хэлсэн амандаа хүрч, шуурхай хичээж буй Ц.Бат-Өлзий тэргүүтэй баг хамт олонд талархаж байна.
Манж Чин улсын эрхшээлд орсон 200 гаруй жилийн түүхэн урт хугацаанд монголчууд улс төрийн талаар эрх мэдэлгүй, аж ахуйн талаар ядууран хоосорч, соёл боловсролоор дэлхий дахинаас хоцорч, оюун санаа нь мунхран битүүрч, гурван сөгдөл, есөн мөргөл хийхээс өөр юу ч мэдэхгүй буурай болсон, монголчуудын түүхэн дэх хамгийн харанхуй цаг үе мөн. Бид доройтож явсан түүхээ мэдэж, дүгнэлт хийх чухалтай. Нэн ялангуяа залуучууд багачуудад мэдүүлж, зөв хүмүүжил хүртээх чухалтай гэж бодож байна.
Намсрай багшийн таван ном бол Манж Чин улсын түүхэн данс эвхмэлд суурилж бичсэн үнэн бодтой түүхийн судалгааны бүтээлүүд юм. Эдгээр бүтээл Монгол Улсад хэвлэгдэх болсон нь Монголын ард олон өөрийн өвөг дээдсийн ул мөрийг мөрдөн мөшгөж, түүх судлалыг цааш үргэлжлүүлэхэд дөхөм болох байх гэж бодож байна.
-Та Намсрай багштай хэзээ танилцсан бэ. Гарын шавь нь уу?
-Би 1980-аад оны сүүлчээр Өвөр Монголын Багшийн их сургуулийн түүхийн салбарт оюутан суралцаж байхдаа түүний энэ номуудтай танилцаж, оюуны шим болгож явсан. Энэхүү таван номыг уншаад Манж Чин улсын үеийн монголчуудын тухай дөхөм анхны ойлголттой болсон. 2010 онд Хөх хотын “Хангарди” ном хэвлэлийн компани үүсгэн байгуулсны дараа энэхүү таван номыг дахиж хэвлүүлэх санаа төрж, Намсрай багшийг эрж хүрээд жинхэнэ танилцсан юм.
-Намсрай багшийн таван номын дотор таны сонирхолд хүрсэн хамгийн сайн ном нь аль вэ?
-Таван ном бүгд үнэн бодитой түүхэн баримтад суурилж бичсэн үнэ цэнтэй сайхан бүтээлүүд юм. Түүний дотор “Чин улсын үеийн Монголын хошуу чуулган” ном бол эл газрын монголчуудын удам судрыг хайж мөрдөхөд гарын авлага болмоор ном гэж би үздэг. Энэхүү ном нь монголчууд өөрийн хошуу түүх, соёл, овог ястнаа эрж мөрдөхөд эх материал болно. “Ухаарлын хөтөч”-ийнхөнтэй хэд хоног хамт байхдаа Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх судлалаар мэргэшсэн залуу эрдэмтэн, Япон Улсын Васеда их сургуулийн зочин судлаач, доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддорж болон эх түүхээ шимтэн сонирхогч Б.Наранхүүтэй уулзаад, Монгол Улсад өөрийн түүх судраа сайн мэддэг залуу хүмүүс зөндөө байдагт сайхан санагдаж, талархаж байна.
Бас Намсрай багшийн таван номыг монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлэх ажлыг түүртэлгүй шуурхай амжуулж буй хариуцсан найруулагч Н.Баярсайхан, 2000-2004 оны УИХ-ын гишүүн Б.Өвгөнхүү гуай нар үндэснийхээ бичгийг сайн мэддэгийг хүндэтгэн талархаж байна.
-Та сая “Эл газрын монголчуудын ...” гэж ярилаа. Эл гэдэг нь бүх гэсэн санаа гэж хөрвүүлгийн явцад ойлгосон. Манайхан болохоор эл гэвэл энэ гэж ойлгоно. Намсрай түүхчийн номыг кирилл бичигт хөрвүүлэхдээ Монгол Үндэстний эртний олон овог ястны хэл яриа, бичгийн хэлний онцлог, зохиогчийн хэл найруулгыг эвдэхгүй яг хэвээр хадгалахыг эрмэлзсэн. Тэгэхээр мэргэн уншигчид цөхөх юмгүй ойлгох байх?
-Тийм бол бүр ч сайн, Намсрай багш монгол хэлтэй л бол ямар ч хүн уншиж ойлгохоор нягт бичдэг, баримтыг л дурдахаас бус, илүүг нуршдаггүй түүхч.
-Та Өвөр Монголд ямар сургууль төгсөж, хаана юу хийж ирсэн бэ?
-Би Өвөр Монголын Ордос хотын отог хошууны уугуул, 1989 онд Өвөр Монголын багшийн их сургуулийн түүхийн салбарыг төгсөж, 2010 онд Хөх хотод “Хангарди” ном бичгийн компани үүсгэн байгуулаад одоо болтол ажиллаж байна. Компани маань одоо “Оюун сан” нэртэй болсон.
-Түүхчийн хувьд та ямар ямар бүтээлтэй вэ?
-Миний бүтээл гэвэл, одоо Бээжин дэх Төвийн Үндэсний их сургуулийн Түүхийн салбарт багшаар ажиллаж буй Хасбаганатай хамтарч бичсэн “Манжийн ноёлол доорх монголчууд” хэмээх ном юм. Тус бүтээл одоогоор хоёр удаа хэвлэгдээд буй. Бас залуучууд багачуудад зориулан бичсэн “Тэнгэрийн элч, түмний шүтээн Чингис хаан” гэдэг олон зураг хавсаргасан хүүхдийн унших ном буй. “Манжийн ноёлол доорх монголчууд” хэмээх ном маань Өвөр Монголын Их сургуулийн түүхийн салбарын оюутны хичээлээс гадна заавал унших чухалтай хэдэн номын нэг юм.
-Танай “Хангарди” ном хэвлэлийн компани Монгол Улсын түүхч, зохиолчдын нэлээд номыг Өвөр Монголд хэвлүүлсэн дуулдаж байна?
-Манай компани байгуулагдаад, 15 жилийн нүүр үзэж байна. Энэ жилүүдэд Монгол Улсын түүх, соёлын сэдвээр олон эрдэмтдийн ном зохиолыг монгол бичгээр хөрвүүлж хэвлүүлсэн. Ш.Нацагдоржийн “Болор толь”, “Мандухай сэцэн”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хубилай хаан”, “Боржин цохио доргилоо”, “Мөхөлтэй өрсөлдсөн он жил”, Б.Сарантуяагийн “Сорхугтани бэхи хатан”, “Сайн хаан Бат”, О.Батсайханы “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд”, “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт: Амьдрал ба домог”, Батбаярын “Монгол ба их гүрнүүд 20-р зууны эхэн хагаст” зэрэг түүх бичлэг, түүхэн романыг хэвлүүлэхэд манай компани гол үүрэг гүйцэтгэсэн.
Өвөр Монголын шинэ нэгэн үеийн залуучууд Ренчиний Чойномын шүлэг яруу найргийг унших их дуртай. Түүний “Хар цэцэг”, “Улаан дэвтэр”, “Хорвоод үлдээх дуун”, “Мөнх зул” зэрэг олон сайхан бүтээлийг хэвлүүлж гаргасан. Өвөр Монголчууд Р.Чойномын шүлэг найраглалыг уншаад уйлдаг улс.
-Танд баярлалаа. Намсрай түүхчийн судалгааны таван номыг нөхөдтэйгөө хамтран кирилл бичигт буулгах явцад бусдын эрхшээлд байсан гашуун түүхийнхээ балархай жимээр орсноо мэдрэв. Төрсөн сэтгэгдэл гэвэл, “хэвэл нэгт, хэлхээ бэхт” Монгол үндэстэн, Монгол туургатнаа монголчууд бид төрийн тэргүүнээсээ түмэн олноо хүртэл дор бүрнээ дурсан дурдаж, эв нэгдэлтэй аж төрөхийн эрхэм чухлыг хойч үедээ үргэлжид сануулж байгаасай гэж бодогдов.
Бямбажавын Өвгөнхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 122 (7619)