Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

 

“Ижий бурхад”-ын энэ дугаарт Дархан-Уул аймгийн ДарханХ сумын Ахмадын хорооны дарга Пүрэвсүрэнгийн Энх-Амгаланг ижий Сэрдамбын Цэрэнгийнх нь хамт урилаа. Цэрэн эгч дал гарч ная дөхөж яваа гэж хэлэхээргүй хөнгөн шингэн. Хоол ундыг харахын завдалгүй л хийчихнэ. Гэрт нь орж ирсэн хэнийг ч аяганы амсар зуулгалгүй гаргана гэж үгүй. Ширээ дүүрэн идээ ундаа өрчихөөд ид уу гэж суудаг буянтай сайхан хүн байдаг юм.

Насаараа худалдаанд ажилласан тэрбээр улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байхаас эхлээд зах зээлд шилжиж хувийн хэвшил давамгайлсан худалдаа аль алинд нь эдийн засагч-нягтлан бодогчоор ажиллахдаа алдаа дутагдал гаргаж үзээгүй чамбай нямбайгаараа алдартай нэгэн. Тэгээд ч тэр үү Сэлэнгэд “худалдааны” Цэрэн гэхээр дундаас дээш насныхан түүнийг андахгүй.

Тэрээр Сэлэнгийн анхны хоршоог байгуулалцаж тэтгэвэрт гартлаа хоршоондоо ажиллаж, залууст дэм болж явсан бөгөөд тэтгэвэрт гарсан хойно нь ч тайлан баланс хараад өгөөч, энийг яах билээ, тэрийг яаж зохицуулах вэ гээд хоршооны хэд нь дуудахаар хойшлуулж цааргалалгүй гүйгээд л очдог байж. Харин том охиноо бараадаад Дарханд нүүж ирснээс хойш хоршооны ажлаасаа холдож, өрх гэрийн гол санхүүчийн цаггүй албандаа өнөөдрийг хүртэл зүтгэж яваа юм.

П.Энх-Амгалан айлын том, ижийгийнхээ мэргэжлийг өвлөж эдийн засагч болсон. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Дарханд ирснээс хойш энэ нутгаасаа холдоогүй өдгөө ижийтэйгээ ижил тэтгэврийн хүн болсон ч өнөө л зүгээр сууж чаддаггүй зангаараа сумын Ахмадын байгууллагыг удирдаж буй юм. Тэрээр “Би таван хүүхэдтэй айлын том нь. Өдийг хүртэл ижийгээрээ хоол цайгаа бэлдүүлээд эрхэлж амьдарч байгаа даварсан охин шүү дээ” хэмээн яриагаа эхэлсэн.

 

ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН ХУДАЛДААНЫХАН НЬ ОДОО Ч ЭЭЖТЭЙ ХОЛБООТОЙ

Сэлэнгэ аймгийн Худалдааны удирдах газрын улсын байцаагч нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ.

П.Энх-Амгалан: -Ээж минь Сэлэнгийн Орхонтуул суманд төрсөн. Найман хүүхэдтэй айлын гурав дахь нь. Дээрээ нэг ах, нэг эгч, доороо таван дүүтэй. Аав ээж нь хэдэн хүүхдээ бүгдийг нь сургууль номоор явуулсан. Тэднийх хувьдаа цөөн малтай ч аав ээж нь сумын төвд албаны ажил хийдэг байж. Сумандаа сургуульд сурч, Сэлэнгийн төвийн арван жил Бумцэндийн нэрэмжит сургуулийг төгссөн. Сурлага сайтай сүрхий охин суманд ирсэн малын эмчтэй танилцаад, 1964 онд анхны үрээ өлгийдсөн нь, би. 

Аав минь Хөдөө аж ахуйн дээд төгсөөд Орхонтуул суманд хуваарилагдаж очоод таних айлгүй, буудалд амьдардаг байж. Ээжийн ээж манай эмээ буудлын эрхлэгч. Тэгээд суманд ирсэн малын эмч залууг хоол унд хийж идэхгүй бэлэн зэхээний юмаар аргалаад байгааг анзаарч гэртээ аваачиж хоол хийж өгнө, аав хариуд нь түлээ модыг нь хагалж гэрийн ажилд нь тусалж байгаад охиныг нь аваад суучихсан юм билээ.

Сэлэнгэ аймаг Зүүнхараа. Том охин П.Энх-Амгалан аав, ээжийн хамт. 1964 он.

С.Цэрэн: -Эрт хүнтэй сууж, хүүхэд гаргалаа гээд муу юм болоогүй ээ. Сайн ханьтай учирч, олон сайхан хүүхэдтэй, эзэмшсэн мэргэжилтэй, олныхоо дунд сайхан л амьдарч ирлээ. Том охиноо төрсний дараа Худалдааны техникумд сурч нягтлан болсон. Төгсөөд Сэлэнгэд Худалдааны трестийн нягтлан болоод. Дараа нь нөхрөө дагаад Шаамарт очиж, тэнд бараг найман жил амьдарсан. Эхлээд эдийн засагч, дараа нь Худалдаа бэлтгэлийн ангийн дарга хийж байгаад буцаж аймагт Худалдаа удирдах газарт байцаагч нягтлан болоод зах зээл эхэлсний дараа хамт ажиллаж байсан нэг залуутайгаа хамт “Сэлэнгэ” гэж анхны хоршоог байгуулаад, нягтлангаар нь ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа.

П.Э: -Тэр үед хамт ажиллаж байсан худалдааныхан одоо ч ээжтэй холбоотой. Аймгийн худалдааныхан цуглахаараа дууддаг юм. Ээж ч баярлаад л. Гэхдээ хөөрсөн царайгаа барагтай бол ил гаргахгүй шүү дээ. Хамт ажиллахад хаялга  сайтай гэдэг юм. Тэр нь залуусыг ажилд сургадаг, мэдэхгүй, чадахгүйг нь зааж  өгөхдөө цааргалж уцаарлаад байдаггүй, үглэж загнах ч үгүй энгийн аргаар мартах аргагүй хэлээд өгдөг гэхийг олон хүнээс сонссон. Тэр бүрт ээжээрээ бахархана.

С.Ц: -Сумдын бүх худалдааг Удирдах газар хариуцна. Олон хэлтэстэй.  40-50 хүн ажилладаг том газар байв. Худалдааны трест нь аймгийн төвийн бүх дэлгүүр, нийтийн хоолны газруудаа хамаарна. Ажил ихтэй. 1986 оноос хойш байнга хөдөө сумдаар шалгалтаар явсан даа.

П.Э: -Ээж хөдөө их явна. Бид нарын эцэг эхийн хуралд сууж үзээгүй. Аав л сууна. Ямар сайндаа манай дүү Зоригоогийн багш нь ааваас “Ээж нь байдаг уу” гэж асууж байсан гэдэг. Ээжийг явсан хойно гэрийн бүх ажлыг аав бид хоёр дааж үлдэнэ. Харьцангуй том болчихсон байсан даа, бид.

С.Ц: -Хөдөө доод тал нь долоо хоног явна. Ялангуяа Худалдаа удирдах газрын байцаагч нягтлан гэхээр сумдад очиж бүх баримтыг нь шалгаж, тулгана. Алдаа дутагдал байна уу гэж. Балансаа гаргаж чадахгүй тайлан мэдээгээ зөрүүлэх энүүхэнд шүү дээ.

Тэр үеийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар гэдэг аймгийн хэмжээнд бүх сумын худалдаа, бэлтгэлтэй холбоотой асуудлыг хариуцна. Нягтлан болохоор сумдын тайлан, баланс гаргаж нэгтгэнэ. Дээд сургууль төгсөөд балансаа гаргаж мэдэхгүй ирнэ. Ажил дээр гарч л сурдаг. Олон ч хүнийг сургасан даа. Манай Занаа гээд надтай хамт ажиллаж байсан охин аймгийн ойгоор уулзаад “Цэрэн эгчид загнуулсны хүчинд тайлан баланс гаргахдаа толгой өвдөхгүй болсон доо. Түүнийхээ ачаар одоо тэтгэвэртээ гарсан хэрнээ хувийн компанийн ерөнхий нягтлан хийгээд сууж байна” гэж байсан.

П.Э: -Худалдаанд ажилладаг ээжтэй хүн чинь аймагт ирсэн гоё ганган гутал хувцаснаас хоцрохгүй. Есдүгээр ангид байхад надад нэг гоё туфли авч өглөө. Аймагт цөөхөн ирсэн бараанаас хуваарилахад ээжид оногдсон хэрэг. Тэгээд хичээлдээ өмсөөд очсон чинь багш нар загнаад. Ийм үнэтэй гутал сургуулийн хүүхэд байж гээд. Тэгээд ганц өмсөөд гоё туфлиэсээ салсан даа. Ээж ажил дээрээ аваачаад хамт ажиллаж байсан залуухан бүсгүйд өгчихөж билээ.

 

ЭЭЖИЙН ХУРУУНУУД САМПИНГИЙН ЭРХЭН ДЭЭР БҮЖИГЛЭЖ БУЙ МЭТ

 

П.Э: -Манай ээжийн талд эдийн засагч нар олон. Ах дүү наймын тав нь  нягтлан, эдийн засагчаар гадаад дотоодод сурч, бүгд л мэргэжлээрээ улсад ажилласан, нэртэй төртэй улс болсон. Хоёр нь эмч, нэг нь багш.

Харин манай таваас би л ээжийгээ залгамжилж эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Миний дараагийн дүү Энхтайван мебелийн технологич, Бат-Орших модны үйлдвэрийн, Батзориг нефтийн, бага дүү Энхжаргал хэлний хүн болсон.

Ээжийн аав бидний өвөө нутагтаа багийн дарга, агент хийж байгаад тэтгэвэрт гарсан. 1939 оны дайнд оролцсон сүрхий хөгшин байсан юм. Хятад сампин маягтай гоё, хурдан цохино, нэг ч алдахгүй шүү дээ. Өвөө “Нэг төгрөгт 10-ын чихэр 12 хагас ордог юм, би 13-ыг өгчихдөг надаас дутдаггүй л юм” гэж байсан. Тэр үед чихэр гэлтгүй бүх зүйл яг л хэмжээ дамжаагаараа байдаг байсны л илрэл шүү дээ. Аав нь тэр олон жил ажиллахдаа нэг ч төгрөгний алдагдалд ороогүй чамбай нямбай хүн байсныг ээж дуурайсан. Ээжийн гар хуруу нь огт эвдрээгүй. Сампингийн эрхэн дээр бүжиглэж байгаа мэт л харагддаг сан. Аавынхаа өгсөн хятад сампинг ээж өнөө хэр нандигнан хадгалсаар л байгаа. 

С.Ц: -Аав минь таван жил цэргийн алба хаасан 24 настай сайхан залуу халагдаж ирээд 16 хүрч байгаа нутгийн охиныг гэргийгээ болгож, жилийн дараа тэд хүүтэй болж, манай ах төрсөн юм билээ. Аавын аав нь манай нутгийн Хавцгайтын хийдэд хурал ном хурдаг лам хүн байж. Тэгээд хэлмэгдлээс айгаад төрүүлсэн хүүхдүүдээ Чойжив гэж өөрийнхөө эцгээр овоглосон.

П.Э: -Ээжийн өвөөг тэр хийдийн том лам байсан гэсэн. Гэхдээ Хавцгайтын хийдийн талаар мэдээлэл тийм ч элбэг биш юм билээ.   Хавтгайтын мэргэн ламын хурал гэж нэрлэдэг. Орхонтуулын нутаг Хавтгайтын давааны баруун аманд нэг модон дугантай, 20 гаруй лам байнга сууж хурдаг жижгэвтэр хийд байсан, хэзээ байгуулагдсан хэр удсаныг нь ч мэдэхгүй, ямартай ч  1937 онд хүрээ хийдийг хоморголон устгах үед хийдийн тэргүүн байсан ламыг гурав дахь үеийн мэргэн лам гэж байсныг, бас тэр хийдийн лам нар ганцхан Таравчамбо судрыг байнга хурдаг байсан гэхчилэн ганц нэг сонин зүйлийг интернэтээс уншсан.

С.Ц: -Залуудаа тэр талаар нь асууж сураглаж ч байсангүй дээ. Аав минь тун сэргэлэн, авхаалжтай хүн байсан юм. Юмыг их амархан сурна. Хүний сурсан зүйл хэдийд ч хэрэг болно гэнэ. Цэрэгт явахаасаа өмнө хүнээр заалгаад монгол бичиг сурсан. Цэрэгт очоод хүмүүсийн захиа уншиж, бичиж өгнө. Хариуд нь тамхи тариагаар тасардаггүй байсан гэдэг сэн. Сүүлд 1955 онд намайг нэгдүгээр ангид ороход хүнээр хоёр гуравхан өдөр заалгаад шинэ үсэг сурчихсан, хачин гоё бичдэг байж билээ.

Ээж минь ч эхээс дөрвүүл. Мал маллаж байгаад аавыг дагаж сумын төвд ирээд буудлын эрхлэгч, ясли цэцэрлэгийн тогооч гээд янз бүрийн ажил хийсэн. Ээж минь тун ажилсаг. Биднийг гэр орны ажил, үйл үртсэнд хар багаас сургасан нь амьдралд мөн ч их хэрэг болсон доо.

Биднийг нэгдүгээр ангид байхад сумын клубт эмэгтэйчүүдээр дээл оёулаад. Манай эгч бид хоёроос гадна манай ангийн Өлзийдалай гэж охиноор дээлийн товч хадуулж билээ. Тэр жаахан юмнууд чадаж л байсан юм байлгүй. Гоё болж гэж урамшуулаад л байсан санагддаг. Тэрнээс хойш юм оёх дуртай болсон байх. Их олон дээл оёсон. Баяр бүрээр шинэ дээл хийж өмсөнө. Наадмаар, Октябрын баяраар, шинэ жил, цагаан сараар гээд алгасахгүй. Албатай юм шиг л дээлийнхээ өнгийг хуулаад л шинээр өнгө татаад л. Өөртөө, нөхөртөө, хүүхдүүддээ гээд хийнэ шүү дээ. 

Хонин холбоогоор хатгамал их хатгана. Тэр үед айлууд чемодан, ор, дэрээ хатгамалтай бүтээлгээр чимдэг байв. Ээжийнхээ зааснаар хатгамал хатгаж сураад тавдугаар ангид байхдаа л гэрээ гоёчихдог болсон. Удалгүй таван зүүний нэхмэл сураад өөртөө ороолт, малгай, бүр оймсны түрий хүртэл нэхээд гангардаг байв. Хүнтэй суусан хойноо хүүхдүүддээ малгай, бээлий, цамц их нэхсэн дээ.

 

ӨРХИЙНХӨӨ САНХҮҮГ ЭЭЖ МИНЬ НАСААРАА Л БАРЬЖ ЯВНА

Аав Ж.Пүрэвсүрэн, ээж С.Цэрэн, том охин П.Энх-Амгалан,  дунд охин П.Энхтайван, том хүү П.Бат-Орших, бага хүү П.Батзориг, бага охин П.Энхжаргал.

П.Э: -Аав минь Жамцын Пүрэвсүрэн гэж насаараа төрд зүтгэж, түмний төлөө явсан сайхан хүн байсан. Аав ээжийг маш их хүндэлнэ. Ээжийг тааруу хэлүүлэхгүй шүү дээ. Дандаа гоё сайхныг нь жишээ болгож бидэнд ярина. Аавын талынхан ч ээжид их сайн.

С.Ц: -Хүний амьдралд тохиолдсон үйл явдлууд, ялангуяа залуу үеийн дурсамж нас явах тусам илүү их бодогддог юм байна. Бид хоёр анхны хүүхдээ гарсан жилийн наадмаар дөрвөн сар ч хүрээгүй шахам нялх охиноо  өлгийдөж тэврээд мотоциклтэй Орхонтуулаас Зүүнхараа орж байв. Бороо ихтэй жил байсныг ч хэлэх үү, зам аймаар. Замдаа гурвуулаа мотоциклтэйгээ унаад. Тэгж явж Зүүнхараа ороод хадмынхнаараа хэсээд, Шарын гол орж бас айлчлаад. Тэр өлгийтэй жаахан амьтнаа яасан зоригтой авч явсан юм. Аргагүй л залуу байжээ. Айл хэсч цуглуулсан бэлгээ хийх гээд Шарын голын орос дэлгүүрээс 84-ийн гэж том чемодан авч билээ. Тэр том чемодан, өлгийтэй хүүхэдтэйгээ “Ява”-аар яаж ч явж байсан юм, бүү мэд.

П.Э: -Тэр үеийн хамгийн тансаг унаа “Ява” л байсан хэрэг. Дараа нь “Иж планета”  ирээд. Манай хоёр хамаг цалингаараа авчихаж байсан гэдэг юм. Ээж бас нэг хэсэг багш ч байсан хүн. Багшаа гэдэг хүн байдаг юм.

С.Ц: -Багшлах ч юу байх вэ. Нөхөр минь 1966 онд Орхонтуулаас Зүүнхараагийн спирт заводад малын эмчээр томилогдоод. Би тэнд очоод юу хийх билээ. Тэгтэл намайг бага ангийн багш болгодог юм. Нэг жил гаруй багшлаад дараа нь сангийн аж ахуй руу шилжсэн. Тэндээсээ аймгийн төв рүү ирээд би Худалдааны трестийн нягтлан болсон.

Аав Ж.Пүрэвсүрэн.

П.Э: -Өрхийн санхүүг ээж л барина. Насаараа л барьсан. Одоо ч хэвээрээ. Тэгтэл бид байхгүй ээ. Ээж юу ав гэснийг шууд авчихаад ирээд зэмлүүлнэ. Хугацааг нь харалгүй авчихсан байх энүүхэнд. Манай ойр хавийн дэлгүүрийнхэн ээжийг бүгд танина. Тэд “Танай ээж сүрхий хүн шүү. Авах гэж байгаа барааныхаа шошгыг заавал харна. Хадгалах хугацаанаас эхлээд бүгдийг нь харж байж авна. Гэтэл та орж ирээд захаас нь шүүрээд л гардаг” гэж байсан.

Ээж хашаандаа сонгино тарьсныг ч мэдэхгүй. Ажил тараад замд нэг танил минь сонгино зарж байхаар нь гурван боодлыг аваад сүрхий хүн орж иртэл гаднаасаа тайрч идэж байгаа сонгиныг чи мөнгө төлж авдаг нь яаж байгаа юм бэ гэж гайхаж байх вэ.

Биднийг хүүхэд байхад ээж хөдөө явахдаа идэж уухыг минь бэлдээд загасны консерв, элэгний нухаш, жимсний чанамал, гурил, будаа, элсэн чихэр гээд хэрэгтэй бүгдийг уут саваар нь аваад тавьчихна. Бид манай Сэлэнгийн алдарт гурван төгрөг дөчин мөнгөний бандгар том талх л дэлгүүрээс авна. Өглөө гарахад нь талхны мөнгө гэж арван төгрөг авч үлдээд ганц талх аваад үлдсэнээр нь гуанзнаас хуушуур энэ тэр авч найрлана шүү дээ.

Аавыг минь ээж гэрийн ажилд хүргэхгүй.  Төрөхөөс нь өмнө аав нь өнгөрчихсөн болохоор ээж, эгч хоёр нь газар тавилгүй өсгөж, их сургууль төгсөөд л ээжтэй гэрлэсэн болохоор аавын минь бүхий л амьдралынх нь утга учир хань, үр хүүхдүүд, ажил нь байсан. Ээж, аав минь биднийг эрхэлсэн ажлаа хариуцлагатайгаар, хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ хийх ёстойг өөрсдөөрөө үлгэрлэж сургасан улс. Тийм болохоор манайхан ер нь л ажилдаа хэнхэг талдаа шүү дээ. Насаараа улсын ажил хийсэн завгүй аавын минь, бидний ар талыг одоо ч ээж минь л дааж явна даа. Хоол ундыг хачин амттай хийнэ. Зоогийн газарт ороод идэж үзсэн хоолоо гэртээ ирээд дуурайгаад хийчихнэ. Намар болохоор ногоо дарна. Жимс авч варень хийнэ, элдэвтэй хүн шүү дээ, миний ээж.

С.Ц: -Манай сэлэнгийнхэн алаг салат хийнэ, өргөст хэмх, улаан лооль, байцаа гээд тарьсан бүгдээ даршилна. Тийм юм хийдэггүй айл ч ховор байх.

П.Э: -Нэг жил дунайский хийх гээд амтат чинжүү нь жаахан бага санагдаад дүү Оршихыг зах яваад ирээч гэсэн чинь “За ээж минь хийгээд хүнд тараахад бага байсан ч яадгийн” гэж хэлээд загнуулсан. Ер нь хийснээ орсон гарсан улсад тараагаад дуусдаг хүн л дээ.

Цэрэн эгчийн хообий нь үгийн сүлжээ. Үгийн сүлжээтэй сонин шуудангаар захиалж аваад л бөглөж суудаг юм. Бас гар утсаараа сошиал ертөнцөөр аялж хол ойрын сонин дуулж, хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдтэйгээ өдөр бүр холбогдож эгээ л хамт байгаа мэт ярьж хөөрнө.

Эднийх ер нь зочин тасардаггүй айл. Ялангуяа цагаан сараар  шинийн 15 хүртэл хөл ихтэй. Цэрэн эгч ч цагаан сардаа их ач холбогдол өгнө. Хүний тоогоор бэлэг зэхэхдээ хүүхдүүдийнхээ найз нөхдийг ч орхихгүй яг тоолж яс бэлдчихээд иртэл нь хадгална шүү дээ. 

“Ээжийн хийдэг цагаан тос жинхэнэ утгаараа манай гэрийн брэнд шүү дээ. Цагаан сардаа зориулаад их эртнээс цагаан тосоо бэлдээд хөлдөөчихнө. Манайхаар ирдэг улс бүр ч андахгүй. Ээжийн гарын тосыг амтлах гэж зорьж ирдэг улс ч бий. Зарим нь бүр нэхэж иднэ гээч” хэмээн охин нь ярьсан.

Ийм л нэгэн эгэлгүй хөдөлмөрч ижийгээр үр хүүхэд, ач зээ, ах дүүс, танил олон нөхөд нь бахархан байдаг юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 120 (7617)