П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Хунгийн дуу” аялсан “Суварган цэнхэр уулс” киноны Солонгын дүрийг  мэдэхгүй хүн ховор болов уу. Магадгүй заримынх нь мөрөөдлийн дүр гэхэд хилсдэхгүй байх. Тэр тусмаа залуу сэтгүүлч миний.

Сэтгүүлч гэх эрхэм мэргэжлийн эзэн болоод анхны томилолтоороо өмнийн цэнхэр говийг зорилоо. Ингэхдээ Хил хамгаалах байгууллагын “Сэтгүүлчид торгон хилд” аянаар ганзага нийлсэн нөхдийн хамт дөрөө харшуулж, мэдлэг туршлагын дээдээс өвөртлөн аяны богцоо дүүргэсээр, дурсамжаар бялхаж ирээд энэ тэмдэглэлээ бичиж сууна.

 

Бидний дурсамж ингэж эхэлсэн юм

Анхны томилолт болохоор уу эсвэл торгон хилийн багана Монгол орны урд захын цэг дээр очно гээд ч юм уу догдолсон сэтгэлээ барьж дийлэхгүй байсаар замд гарах өглөө наран ургахтай зэрэгцэн бослоо. Цаг бол алт. Ялангуяа цэргийн хүмүүст. Тиймээс товлосон газраа тогтсон цагтаа яаравчлан очиж, мэнд мэдэн үүдээр оров. Гэтэл хэдийнээ хилчин сэтгүүлч болчихсон хоёр эрхэм урсгах үг бүрээсээ дархан хилийн сайхныг өгүүлэн, дурсамж дэлгэн сууна. Тэд бол “BPress” сайтын Б.Будхүү эгч, “МОНЦАМЭ” агентлагийн Ц.Анхбаяр ах хоёр байсан юм. Харин мишээл тодруулан дотно гэгч нь танилцах охиныг Э.Баасандулам гэнэ. Бид хоёр өөр сургуулийн нэг оны төгсөлт байв. Харин одоо үе тэнгийн сэтгүүлч нөхөд. Тэрээр одоо “Эх орны манаа” сонинд сэтгүүлчээр ажилладаг.

Хилчдийн ямар найрсаг, элгэмсэг хүмүүс байдгийг эх орны торгон хил гэж юутай сайхныг нэг л бүсгүйгээс үргэлж сонсож, сэтгэлдээ зураглаж явсан бол ийнхүү өөрийн бие, сэтгэлээр мэдрэх боломж олдсон юм. Тэрхүү сонорыг минь мялаадаг байсан бүсгүй бол манай сонины гэрэл зурагчин Л.Номингэрэл билээ. Түүний хувьд Хил хамгаалах ерөнхий газарт 14 жил гэрэл зурагчнаар ажиллаж, хилийн түүхийн дахин давтагдашгүй торгон мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн бэлтгэл ахмад юм.

Цаашлаад алсын аяныг хамтдаа зорьсон нөхөрсөг бүрэлдэхүүнээ танилцуулъя. Аяллын маань нэг тод өнгө, дуутай, дуулиантай мөчүүдийг бэлэглэгч Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Азбаяр. Алтан хамтрагчид болох гэрэл цацруулсан ахлах дэслэгч Г.Мөнхгэрэл эгч, дэслэгч М.Бат-Орших ах. Харин түшигтэй, тулгатай, донжтой нэгэн бол манай багийн ахлагч, хошууч Г.Оргил ах. Алсын аянд хүлгийн жолоо атгах Эрхмээ ах. Эд бол манай багийн анхны гишүүд болно.

 

Цэргийн ёсоор ёслоод, нөхрийн ёсоор тэврэлдэх тэдний нөхөрлөл гайхалтай

 

Төв сайхан нутгаас дуу хуурын өлгий Дундговь аймгийг өртөөлсөөр нар буухын алдад зорьсон газраа хүрлээ. Энэ нь хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0131 дүгээр анги байв. Цэргийн ёсоор ёслоод, нөхрийн ёсоор тэврэлдэх тэдний нөхөрлөл хэзээ, хаана ч таарсан халуун дотно энэ л хэвээрээ байдаг нь гайхалтай. Тэдний зочломтгой зан нь цэргийн энэ ангиас дугаар салбар хүртэл, эр нөхрөө дагасан хилчин гэргийн сэтгэл зүрхэнд бат оршжээ.

Тус ангиас биднийг чиглүүлэн дараагийн зогсоол руу хөтөлсөн хүн бол дэд хурандаа Б.Эрдэнэбаяр. Угтаа тэрээр наран ургах Сүхбаатар нутгийн унаган хүү. Гартаа дүйтэй, хоолойндоо хөгтэй түүнийг харах төдийд хүндэлмээр санагдана. Харин бид манай дүүгийн хэлж байсанчлан “дээр үеийн машин” буюу пургоноор төмөр хүлгээ сэлгэсэн юм. Гүвээ толгод, хад асгатай өргөн уудам талд салхи татуулан давхихад түүн шиг тохирох унаа үгүй. Тэр замыг тэгтлээ сайн мэдэж,  жолоо мушгих нь ангийн жолооч Заяабаатар ах. Ийнхүү бид шинэхэн бүрэлдэхүүнтэйгээ Соёмбот багана сүндэрлэсэн Орвог гашууны бор толгойг зорив.

 

Говь нутаг чинь элсэн цөл, цэлийсэн зэрэглээ биш байсан юм уу

Говь гэхээр яагаад ч юм элсэн цөл, цэлийсэн зэрэглээн дунд л давхих юм шиг санагдаж байтал Алтайн уулсын үргэлжлэл Гурван Сайхан хайрхнаас сунан татсан уулс хаяа дэрлэн дүнхийнэ. Бутан хөндийн цаана сайр чулуу болсон хадан цохиотой уулсаар дамнан урт холын аян үргэлжилнэ. Бид газар мэдэхгүй хүний ёсоор “Одоо хэр явах уу, болж байгаа болов уу” хэмээн хэдэнтээ асууж, аманд орох дууг ганц бадаг аялсан шигээ явтал зорьсон газрыг маань хариуцах дугаар ангид салбарт ирлээ.

Цагаан сэтгэлийн бэлгэдэл мөнгөн аягатай сүүг цэнхэр хадагтай алдлан барьж, мэнд мэдэх тус дугаар салбарынхан шижигнэсэн залуу бүрэлдэхүүнтэй юм. Бүр саяхан бүл нэмж, бяцхан маамуу нэгээр нэмэгджээ. Тус анги хоёр залуу гэр бүлтэй бөгөөд механик жолооч, ахлагч Б.Ганзориг, О.Батболд нар эхнэр хүүхдийн хамт энэ салбарт төвхнөжээ. Харин салбарын захирагч гэх эрхэм үүрэгт томилогдоод анхны хугацаат цэргийн алба хаагчдаа хүлээж авах гээд сандрал, догдлол дүүрэн байгаа нэгэн бол дэслэгч О.Ууганбаяр юм. Хоймор нутаг Хөвсгөлийн хүү өмнийн цэнхэр говьд хэрхэн ирж, ямар нэр төртэй албыг яаж сэтгэл зүрхнээсээ гүйцэтгэж байгаа болон эх орны хүү, хилчин офицер байхын утга учрын тухай хүүрнэсэн яриаг бид дараа тусгайлан хүргэе.

Тус дугаар салбар нь эх оронч З.Жигжидсүрэнгийн нэрэмжит аж. Түүнийг 1949 оны аравдугаар сард Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах Баянголын заставын туслахаар ажиллаж байхад Хятадын гоминданы дөрвөн машинтай, зэвсэглэсэн 120 орчим хил зөрчигч нэвтэрчээ. Харин тэрээр цэргийн уран тактик хэрэглэн хилчдийн хамт эрэлхэг зориг гарган “Буун дуу гаргалгүй”-гээр буулгаж авсан гэдэг.  Энэ тэргүүт үе дамжин уламжлан яригдах алдар суут хилчдийн үргэлжлэл өнө мөнхөд оршсоор байна. Энд бид тогооч Б.Номин-Эрдэнийн бэлтгэсэн идээ ундааны дээдийг амтархан зооглоод багийн бүрэлдэхүүнээ дахин нэгээр нэмж хилийн багана руугаа хөдөллөө. Тэр хоёр төрлийн боорцогны амт одоо хэр тодхон байна шүү.

 

Бодит хэр нь домог шиг түүхээр сонороо мялаасаар

Дугаар салбараас хөдлөөд удалгүй “Хахуулын гол”-оор гэх газраар өнгөрөв. Голын хатсан сайрын хоёр талын эргээс өнгийсөн боржин чулуун хаданд сийлсэн зураг харагдана. Үүнийг “Хахуулын хадны зураг” гэх нэртэйгээр судалгааны эргэлтэд оруулсан байдаг аж. Тус хаданд ан гөрөөс, араатан амьтан, мал адгуус, хүний нүүрний багаар төлөөлүүлсэн од гариг, уул усны сахиусан буюу сүсэг бишрэлийн сэдэвт зураг, бүсний арал, тамга тэмдэг гээд таван төрөлд хуваагдах төрөл бүрийн зургаар баялаг ажээ.

Дараа нь “Баянголын тооройн төгөл”-д хэсэг саатан онц сонин түүхээр сонороо мялаав. Юу гэхээр, энэхүү төглийг 1800-аад оны үед ах дүү таван тайжийн нэг Төгс тайж  үрээр тарьж ургуулсан түүхтэй аж. Номгон сумаас 150 км, Дэрсэнэ-Ус багийн хилийн зурвас бүсэд орших уг төгөлд улаан, цагаан гоёо, хулс, зэгс ихээр ургадаг байна. Нэгдэл нийгмийн үед хөрш зэргэлдээ сумын хадланчид хадлан тэжээл хураадаг байсан говийн үзэсгэлэнт баян бүрд юм. Төглийн гол руу ороход “Шаравын чангалан” хэмээх тоорой мод байв. Энэ тухай салбарын дарга О.Ууганбаяр “1960-аад оны үед Цагаан дэрсний заставд цэргийн алба хааж байсан Ноён сумын харьяат Шарав гэх цэрэг төмөр утсаар тойруулан хашаа хийсэн. Учир нь тэмээн сүрэг хил дамнан орж ирэхийг хориглох зорилготой байсан юм. Ингэхдээ хил дамнан орж ирсэн тэмээнүүдийг сар шахам хашиж хориод, идэх зүйлгүй эцэж туйлдахын цагт гаргасан гэдэг” гэх бодит түүхийг хуваалцав. Одоо хэр нь төмөр утасны мөр тоорой модонд байв. Хилчдийн хэлсэн хамгийн үзэсгэлэнтэй намрын улиралд нь бас энэ төглийг тольдох хүсэл төрж л сууна.

 

 

Дархан хилийн амь нь дайчин хилчид юм байна

Удалгүй бид сүлдэт баганынхаа барааг харж, дархан хилийн баганадаа мөргөх тэр л хүсэн хүлээсэн мөч ирлээ. Намайг тэнд юу хүсэж шивснийг та мэдэх үү. Өмнө нь би ижий, аавыгаа, элэг нэгт ахан дүүсийгээ, ижилдэн дассан найз нөхдөө эн түрүүнд залбирч, эрүүл энхийг хүсдэг байв. Гэтэл энэ удаа тэр бүхэн хаашаа ч юм сарнин одож, “Монгол орны минь дархан хил тайван байг” гэхээс өөр юу ч бодол санааг минь эзэмдэхгүй байсан юм. Бидний өнөөдрийн эрх дураараа, омог бардам амьдарч байгаа энэ л газар шорооны төлөө хэдэн аавын хүү, хэдэн хилчин цэрэг амь биеэ өргөсөн бол гэж бодохоор хоолой зангирмаар. Энэ бол Монгол Улсын минь урд захын цэг, үүнээс цааш хүний нутаг гэж бодохоор санаа алдмаар. Сүрдмээр, бахархмаар, хайрламаар, юу гэхээ мэдэхгүй балмагдаж зогсох энэ мөчийг нэг эрхэм амь оруулах шиг болсон нь дэслэгч О.Ууганбаяр байв. Дэд хурандаа Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хил тайван байгааг илтгэх тэр л мөчид би нулимсаа залгиж чадаагүй юм. Үнэхээр дархан хилийн амь нь дайчин хилчид юм байна.

Монгол орны дөрвөн захын цэг дээр сүндэрлэх Соёмбот баганыг Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар босгожээ. Энд монголчуудын ахуй соёл, үүх түүх, ёс заншил, хөгжил дэвшил бүгд сийлээстэй байх юм.

“Хүн Монгол гүрний үеэс нь тахиж ирснийг бодож, 

Билиг бэлгэдлийн дээдийг хурааж цогцлоосныг нь биширч,

Эрдэнийн алтан соёмбоо тэргүүнд нь залж бүтээв ээ. ...” хэмээн Соёмбот баганын дор сийлжээ. Мөн үүнийг барималч Лх. Ганхуяг урласан байна.

Ийнхүү бидний энэ өдрийн төлөвлөсөн аялал дүүрэн гэх ч нь бүтэж танил болсон дугаар салбараараа дахин орж, тайван гэх ч нь хэсэг тухлан хөөрөлдөөд маргаашийн аялал өрнөх дараагийн дугаар салбарын зүг харуу бүрий тасрахын алдад хөдлөв. Танихгүй хэр нь дотно санагдах газар тэнд л нэг байсан юм. Танилцаад удаагүй хэр нь нулимстай буцах мөч тэнд л нэг үзэгдсэн юм даа. Аргагүйдээ миний эх орон чинь тэр чигтээ миний гэр юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 116 (7613)