Монголиа Форумыг зохион байгуулагч “Цэнхэр Сүлд” ТББ-ын Гүйцэтгэгч Др. Ж.Энхсайхан

 

Монгол Улсын онцлог ба Монголиа форум байгуулагдсан түүх

Монгол Улс нь хөрш орнуудтайгаа сайн хөршийн харилцаатай, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаангүй зүүн хойд азийн цорын ганц улс билээ. Мөн олон улсын хэмжээнд цөмийн зэвсэгтэй гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн  байнгын таван гишүүнээс ганц улс дангаар цөмийн зэвсгээс ангид статусаа улс төрийн хэмжээнд баталгаажуулсан улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц улс юм.Тус улс идэвхтэй гадаад бодлого явуулж буйн дээр хоёр Солонгостой аль алинтай нь найрсаг харилцаатай. Тиймээс Монголын тэрхүү бодлогыг харгалзан Өмнөд Солонгос, Хятад, Япон, Орос, Монгол болон АНУ-ын төрийн бус байгууллагууд (ТББ-ууд) болон судалгааны зарим байгууллага хоёр Солонгосын эв нэгдлийн асуудлыг өнөө үед дэмжих боломж байгаа эсэхийг судлаж ажиллах үүднээс 2017 онд Улаанбаатарт хуран цуглаж зөвлөлдөв. Солонгосын эв нэгдлийн асуудлыг дангаар нь хэлэлцэх нь үр дүн багатай байх тул холбогдсон бусад асуудалтай нь хамт авч үзэх нь зохимжтой гэж үзэж уг асуудлыг 2018 онд Улаанбаатарын дугуй ширээний ярилцлага хийх хэлбэрээр бүх талаас нь нухацтай хэлэлцэж эхэлсэн. Улс төрийн нарийн асуудлуудыг холбогдох засгийн газрууд хэлэлцдэг үүний  зэрэгцээ ТББ-ууд болон судалгааны байгууллагууд худалдаа, эдийн засаг, мөн түүнчлэн байгаль орчны асуудлуудыг хэлэлцэж санаа бодлоо олон нийтэд болон өөрсдийн засгийн газруудад уламжилж байх нь асуудлыг шийдэхэд тус дэм болж болох юм гэж үзэж 2019 оны уулзалтаар  Зүүнхойд Азийн энх тайван, хөгжил дэвшил ба Солонгосын нэгдлийн асуудлыг Улаанбаатарт хэлэлцэж байхаар тохирч түүнийгээ товчоор Монголиа Форум гэж нэрлэсэн.

2020-2021 онд цар тахлын улмаас Монголиа Форум цахимаар хуралдаж Зүүнхойд Азийн байдал, Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудал, эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг тус тус хэлэлцэж санаа бодлоо аль болохоор ойртуулах, түүндээ залуу үеийхэнийг татаж оролцуулж байх нь үр дүнтэй талаар ярилцаж  тохиров.

 

Хэлэлцэх асуудлыг Монголын асуудалд хандуулах болов

 

Тус форумын Монголын оролцогчдын саналаар гадаадаас ирж буй оролцогчдыг хурал зөвөлгөөний  төрлөөр Монголд ирж буй жуулчид хэмээн үзэж болох ба тэднийг Монголын түүх, соёл, гадаад бодлогыг илүү тодорхой танилцах боломжоор хангах нь үр дүнтэй талаар   ярилцаж тохирсон. Энэ ёсоор 2022 оны хурлын өмнө хуралд оролцогчдыг  нүүдэлчдийн ахуй соёлтой танилцуулах зорилгоор хөдөө нутагт явуулж, морь унах аялал зохион байгуулав. Мөн  энэ үеэр санаа бодлоо чөлөөтэй ярилцаж байх үүднээс “зангиагүй уулзалт”-ыг зохиосон нь форумын оролцогчид бие биенээ сайн таньж мэдэж ойлгоход дөхөмтэй болж хурлын уур амьсгалд эергээр нөлөөлөв. Монголын оролцогчид тус улсын түүх, нийгэм эдийн засгийн талаар тодорхой мэдээлэл хийж бүс нутгийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох практик санаачилгуудын талаар хэлэлцсэн. Ерөнхийлөгч 2021 онд тэрбум мод тарих санаачилгыг НҮБ-н индэр дээрээс дэлхий дахинд танилцуулсаныг тайлбарлаж түүнийг тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд, нэн ялангуяа цөлжилттэй тэмцэхэд чухал арга хэрэгсэл болж байгааг тайлбарлав.  Чингээд санаачилгыг 2022 оныхоо хурлаар хэлэлцээд цаашид форумын үндсэн хэлэлцэх асуудалд албан ёсоор оруулж дэмжиж ажиллахаар тохиров. Солонгосын хойгийн тулгамдсан асуудлуудыг дан ганц улс төр, дипломатын аргаар шийдвэрлэх боломжгүй тул түүний зэрэгцээ НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хоригийг багасгах, мөн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвжүүлэх боломж байгаа эсэх, байгалийн гамшиг, цөлжилтөөс зэрэг экологийн холбогдолтой нийтлэг олон асуудлуудыг шийдэх үр дүнтэй шийдэл болох  мод тарих санаачилгад илүү түлхүү анхаарч ажиллах шийдэлд хүрэв.

Форумын 2023 оны хурлаар 2026 онд Монголд болох Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцид оролцогчдын 17 дугаар бага хурлыг угтаж 3 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиров. Форумын зарим төлөөлөгчид Энэтхэгт болсон G-20 буюу эдийн засгийн хамгийн хөгжилтэй 20 улсын хурлыг угтаж хийсэн олон улсын ТББ-уудын бага хуралд оролцохдоо байгаль орчны асуудлаар гаргасан мэдэгдэлд цөлжилттэй тэмцэх талаархи Монгол Улсын санаачилгыг дэмжсэн заалтыг оруулсан болно. Мөн Форумаас бүс нутагт (нийт хүн амын 10 орчим хувь болох) 200 сая залуу үеийхэн байгааг ач холбогдолтойд тооцож тэднийг дэмжиж тэдний санаа бодлыг сонсож, тэднийг бүс нутгийн асуудлын шийдлийг эрэлхийлэхэд оролцох оролцоо, тэдний манлайллыг дэмжих, цаашилаад залуу судлаач эрдэмтэдийг бэлтгэх зорилгоор Монголиа Форумын  залуучуудын салбарыг эхлүүлж олон улсын болон дотоодын 100 гаруй залуу манлайлагчид ын оролцоотойгоор  “Олон улсын Залуусын Манлайллын форум” хэмээх нэрээр форумын үеэр хамтдаа хуралдуулав. Монголын залуучуудын манлайллын форумд оролцохоор ирсэн гадаадын оролцогчдод зориулан нүүдэлчин амьдралын хэв маягийн тухай танин мэдэх тусгай хөтөлбөр бүхий морин аялал, байгальд бясалгах, цэлмэг тэнгэрт од харж ярилцах, галын наадам хийх зэрэг арга хэмжээг зохиов. Дэлхийн энхийг бэхжүүлэх сайн дурын олон улсын корпус 2023 онд  Манилад байгуулагдахад тус форумын залуучуудын салбарын төлөөлөл  идэвхийлэн оролцож анхны таван орны нэгээр Монгол улс оролцож  ажиллахаар болов. Мөн энэ оны нэг онцлог нь Дэлхийн шилдэг 50 архитектур компанийн захирал болон өмнөд америкын хамгийн том карбон кредитын компанийн төлөөлөл, олон улсын атомын эрчим хүчний агентлагын захирал асан зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж Монголиа форумд оролцогчдын хүрээ улам өргөжин тэлж байгааг онцолмоор байна.

Форумын 2024 оны хурлын өмнө “зангиагүй хурлыг хөдөө хийж Солонгосын хойгийн болон түүнийг тойрсон байдлын асуудлыг нухацтай хэлэлцэж ярилцсаны дүнд форумаар хэлэлцсэн асуудлаар анх удаа хамтарсан мэдэгдэл гарав. Оролцогчид үүгээр Солонгосын хойгийн асуудлаар өөрийн байр суурийг анх удаа хамтран илэрхийлсний дээр, жижиг гэж үзэлгүйгээр Монголд хамтран мод тарьж ирсэн уламжлалыг бататгаж цаашдаа үргэлжлүүлэн тарьж байхаар тогтсноо мэдэгдэж мөн бусдыг чингэхийг уриалав. 

Форумын энэ жилийн хурал энэ 6 сарын 20-24-нд болох гэж байна. Тус форумын нэг онцлог болон хөгжсон “зангиагүй хурлыг” 22-23 нд хөдөө илүү нарийн зохион байгуулалттай, протокол тусгайлан хөтлөлгүйгээр хийж хурлын уур амьсгалыг улам чөлөөтэй үр дүнтэй болгохын зэрэгцээ уламжлал болсон сэдвээр хэлэлцэх асуудлуудыг илүү дэлгэрэнгүй  сэдэвчилэн ярилцах боломжоор хангах байдлаар зохион байгуулагдах болно. “Зангиагүй хурлын” эхэнд Монголын оролцогчид тус орны түүх, явуулж буй гадаад бодлогын онцлогын талаар тодорхой мэдээлэхийн зэрэгцээ өнгөрсөн 7 жил  хийж ирсэн ажлаа хамтдаа дүгнэж Зүүнхойд Азийн бүх улсыг оролцуулсан эдийн засгийн нэгдсэн үр дүнтэй хамтын ажиллагааны механизм байгуулах боломжийн талаар ярилцах, хоёр Солонгосын тасарсан харилцааг сэргээх талаар ТББ-уудын хэмжээнд авч болох арга хэмжээний талаар авч үзэж ярилцана. Мөн тэр бум мод тарихад олон улсын хэмжээнд хэрхэн дэмжиж туслаж болох, ТББ-уудын шугамаар босгож болох хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх, НҮБ-аас ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих явдлыг нэмэгдүүлэх, мод тарих талаар хуримтлуулсан олон улсын тэргүүн туршлага, тухайлбал Өвөрмонголын туршлагатай танилцах ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 6 сарын 24-нд Улаанбаатарт болох форумын үндсэн хуралдаанаар “зангиагүй уулзалтын” үеэр ярилцсан тодорхой асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж 2026 онд хийх ажлынхаа агуулга, хэлбэрийн талаар хэлэлцэх болно.

Өнгөрсөн хугацаанд форумын үйл ажиллагааны талаар гадаадын хэвлэлд мэдээ, сурвалжлага тогтмол хэвлэгдэж ирсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)