Рагчаагийн ОЮУН

 

Би нөхөртэйгөө 2011 онд гэр бүл болсон. Үүнээс хойш тасралтгүй мал аж ахуй дээр ажиллаж байна. 2021, 2022, 2023 онд их ган, зудтай байсан учраас Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу 2000 малаа ачаад нүүхэд хүнд тэр бүү хэл засаг захиргаа нь хүртэл хөөж байсан. Тиймээс нөхөртэйгөө ярилцаад нүүх биш, өвөлжөө, бууц, усаа ашиглах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрч өнгөрсөн жилээс 100 гаруй мод тарихад арваннэгдүгээр сар гэхэд хөөрхөн ургасан. Тиймээс хүүхдүүдтэйгээ очиж дахин мод суулгаснаар 200 гаруй модтой болсон. Дээрээс нь энэ жил манайх бууцаа янзлаад, сумынхаа малчидтай ярилцаж эрдэнэшишийн үр аваад тарьж эхлэх гэж байна. Эрдэнэшиш ус бага ордог, хэзээ ч суулгаж болдгоороо давуу талтай. Бууц чийг хадгалалт сайтай байдаг.

Өнгөрсөн сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл өвөлжөө бууцаа янзалсан, өөрсдийнхөө худаг ус, бууцаа ашиглаад мод тарьсан малчин өрхүүдээ шалгаруулна. Үүнийг цаашид уламжлал болгоно. Эхний гурван байрыг урамшуулна. Ийм ажлыг манай гэр бүл хийж, өөрсдөө хөрсөн дээр буулгаад хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэ форумаас нэг зүйлийг олж авлаа. Гурвантэс сумынхаа малчдын холбоог НҮБ-тай хамтраад олон малчинд хүргэе. Та нар бидэнд тусалж, дэмжээд, заавар зөвлөгөөг нь өгдөг, бид гүүр нь болж малчдад хүргэе гэсэн зорилго өвөртлөөд буцах гэж байна хэмээн ярих энэ бүсгүй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Д.Амааеэ байв. Тэрээр “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” форумд оролцох үеэрээ ийн ярьсан юм.

Гурвантэс сумын малчин Д.Амааеэ

Монгол Улсын Засгийн газар ирэх онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын XVII бага (СОР17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форумыг Дундговь аймагт энэ сарын 16, 17-нд зохион байгууллаа. Үндэсний форумд 10 аймгийн 60 гаруй залуу малчин оролцож газрын доройтлыг бууруулах, бэлчээр хамгааллын зохистой шийдэл, арга туршлагаа солилцож, Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн суурь болсон бэлчээрийн доройтолд тулгарч буй сорилтуудыг хөндөн хэлэлцсэн нь онцлог байлаа.    

Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөр, арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн зургаадугаар сарын 17-нд “Цөлжилт, гантай тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан залуу малчид Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, газрын доройтлыг бууруулах, говийн бүсийг ногооруулахад хувь нэмрээ орууллаа.

Үндэсний форумд оролцогчдын байр, суурийг хүргэе.

 

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: Дундговь аймаг хамгийн эмзэг, доройтолд өртөмтгий бүс

-Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан, байгаль орчин, бэлчээр, газар нутгаа хамгаалахад сэтгэл зүтгэлээ зориулж буй та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2025 оны энэ өдрийг дэлхий нийтээр газрыг сэргээцгээе, боломжуудаа нээцгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ нь зөвхөн байгаль хамгаалах бус, ирээдүйг дахин сэргээж, боломжийг нээхийг уриалсан гүн утгатай. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Дундговь аймаг хамгийн эмзэг, доройтолд өртөмтгий бүс юм. Энэ нөхцөл байдлыг бид зүгээр харж зогсох биш, ирээдүйгээ хамгаалах алхмыг эрчтэй авч эхэлсэн. 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилтийн эсрэг Конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ыг угтан зохион байгуулж буй энэ форум нь олон улсын анхаарлыг татсан том алхам болж байна.

Бид “Ногоон Дундговь” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 10 жилд 640 мянган мод тарьж ургуулсан. Энэ онд нэг сая мод тарих зорилт тавьсан. Бүх төгөл, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд усалгааны автомат систем нэвтрүүлж, мод тарьсан өрхүүдэд усны нөөцийн савыг үнэгүй өгч, дэмжиж ажилласан нь орон нутгийн сайн туршлага боллоо. Залуусын оролцоо хагас хийсвэр биш. Амьдрал дээр батлагдсан жишгээр хэрэгжиж байна. Тухайлбал, манай залуу малчид Б.Насанжаргал, Г.Сангидорж нар бэлчээр болон усны даацад тохирсон хагас фермийн зохион байгуулалттай суффолк үүлдрийн мал өсгөж, сүргийн бүтцийг оновчтой болгосон. Бүсчлэн бэлчээх, усны зохион байгуулалтын арга аргачлал нэвтрүүлэн бэлчээр хамгаалсан. Энэ залуусын ухаан, инновац, байгальд ээлтэй хандлагын амьд жишээ юм.

Мөн бидний хэрэгжүүлж буй ойжуулалт, бэлчээр нөхөн сэргээх ажил нь зөвхөн экологид ашигтай төдийгүй олон улсын зах зээлд карбон кредит үүсгэх чадамжтай. Нэгэн шинэ санаачилга бол “New Gobi Oasis” төсөл. Үүний онцлог нь салхины хамгаалалттай ойн зурвас, таримал ой болон малчны үндэсний загвар бүс, нүүрстөрөгчийн кредитэд оролцох боломж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх бүтээлч шийдлүүдийг нэгтгэж байна. Дундговь аймаг эдгээр санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхэд бэлэн байна.

 

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, СОР17 Ажлын албаны дарга Н.Чимгүүндарь: Статистик мэдээллээр манай улсын малчдын 70 орчим хувийг 40-өөс дээш насныхан эзэлж байна

-Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын  XVII бага хурал (СОР17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээж авсан. Энэ хурал нь бидний байгаль орчныг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна үндэсний түвшинд бүх талын оролцоог хангах ялангуяа, залуусын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх чухал боломж байх юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн ач холбогдол, эко системийн тэнцвэрт байдалд оруулж буй хувь нэмэр, уламжлалт мэдлэг, соёлын өвийг хамгаалах асуудал дэлхийн анхааралд байгаа.

Үүнтэй уялдуулан өнөөдрийн форумд цөлжилтөд илүү өртөж буй говь хээрийн бүсийн 10 аймгаас хүрэлцэн ирсэн 40 хүртэлх насны 60 гаруй байгальд ээлтэй залуу малчин оролцож байна. Тэдний уламжлалт мэдлэг, шинэлэг санаачилга, арга туршлагыг солилцох нь байгаль дэлхийгээ хамгаалах залуу үеийн манлайллыг бэхжүүлэх чухал алхам. 2024 оны статистик мэдээллээр манай улсын малчдын 70 орчим хувийг 40-өөс дээш насныхан эзэлж байна. Эрэгтэй малчдын тоо давамгайлж байгаа. Залуу малчдын тоо сүүлийн жилүүдэд буурч уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас хөндийрөх хандлагатай байна. Бэлчээрийн зөв зохистой ашиглалт, усны нөөцийг хамгаалах, малын чанарыг сайжруулах, байгалийн нөхцөлд дасан зохицох уламжлалт арга ухааныг шинжлэх ухаанч хандлага, дэвшилтэт технологи, залуу үеийн манлайлалтай уялдуулан хөгжүүлэх шаардлагатай байна.   

 

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн: Шинэ шийдлийг авчрах боломжтой хүмүүс бол залуучууд

-Өнөөдрийн цөлжилт ирээдүйн асуудлыг ярьж байгаа учраас залуучуудын оролцоо чухал. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээрийн даац хэтрэлтээс үүдэлтэй. Шинэ шийдлийг авчрах боломжтой хүмүүс бол залуучууд. Цөлжилтийн асуудлыг ярихаар бид дэлхийн хэмжээнд ярьдаг. Хятад улс олон шийдлийг гаргаад явж байгаа. Өнөөдөр Монгол Улс ч цөлжилттэй холбоотой олон шийдлийг гаргаж байгаа нь онцлууштай юм. Тиймээс Монголын шийдлүүдийг дэлхийд таниулах ач холбогдолтой. НҮБ-аас хэрэгжүүлж буй цөлжилттэй холбоотой төсөл хөтөлбөр зөвхөн НҮБ-аар хязгаарлагдах ёсгүй. Олон улсын түншлэгч байгууллагууд, дотоодын болон олон улсын иргэний нийгмийн байгууллагуууд, Засгийн газар хамтдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдэх ёстой.

Хамгийн гол нь энэ асуудлыг шийдвэрлэхэд монголчуудын өөрсдийнх нь оролцоо их чухал. Яагаад гэвэл Монголын нүүдэлчин ахуйн соёлыг ярьж байна. Энэ соёлыг хэн сайн мэдэх вэ, олон зуун жилийн турш малаа бэлчээртээ бэлчээж явсан хүмүүс бол монголчууд. Тиймээс залуу малчид үүнийг өвлөж үлдээд цаашид ирээдүйгээ, байгаль орчноо хамгаалах замаар нүүдэлчин ахуйг хамгаалж, хадгалж үлдэхэд чухал үүрэгтэй хүмүүс. Олон улсын бэлчээрийн жилийг 2026 онд зарлаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улс цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын уулзалтыг зохион байгуулж буй энэ цаг мөчид энэ арга хэмжээг зохион байгуулж энэ асуудлыг анхааралдаа хандуулж авах нь ач холбогдолтой юм.

 

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Жанцанноров: Говь тал хээрийн бүс маань бороо хур ороогүйгээс гандаж байна

-Манай Өвөрхангай говь, хангай хосолсон нутаг. Цөлжилтийн байдлаар хангай талаараа үлийн цагаан оготнотой байсныг сум орон нутаг, аймгийн удирдлагууд устгасан. Одоо эргээд сэргэлтийн байдалтай аятайхан байгаа. Говь тал хээрийн бүс маань бороо хур ороогүйгээс гандах буюу цөлжилт явагдах шинжтэй. Салхи гарвал шороо хуйларч босож байна. Бороо хур орвол цөлжилт байхгүй байна. Миний хувьд 2018 оноос хойш мал маллаж байгаа. Малынхаа тоог цөөлж, чанарт нь анхаарч байна. Манай говьд мал маллахад бэлчээр, усны асуудал бэрхшээлтэй. Гол, горхи гэж байхгүй. Булаг шанд байсан нь ширгэсэн. Би 2022 оноос хойш эделбай үүлдрийн хонийг говь нутагт үржүүлж байна. Хаана ямар мал маллаж эрчимжүүлж өсгөх вэ гэдэг нь байгаль, цаг уураас шалтгаалж байна.         

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан А.Хауленбек:  Нүүдлийн мал аж ахуйг сонгодог хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй

-Монгол Улсын хэмжээнд мал аж ахуй, малын тоо өссөнөөс цөлжилт үүслээ гэдэг буруу ойлголт. Яагаад гэвэл тэр үед засаг захиргааны систем нь өөр байсан. Одоо бол 330 сум гэж жижиг хуваасан. Нүүдлийн мал аж ахуй сонгодог утгаараа байх ийм нөхцөлийг засаг захиргааны бодлогоор бүрдүүлээгүй. Тухайлбал, уулын ард зусдаг, өвөрт нь өвөлждөг ийм байдлаар хязгаарлаж ирсэн. Тиймээс үүнийгээ чөлөөлж хуучин захиргааны системд шилжих арга хэмжээг авах нь зөв байна. Яагаад гэвэл бид энэ нутагт олон мянган жил амьдарч ирсэн.

Бэлчээрийн мал аж ахуй байгаль орчныг нөхөн сэргээхэд их үүрэг гүйцэтгэж байсан. Өөрөөр хэлбэл, говь нутагтаа зусдаг, хээрийн нутагтаа хаварждаг, хангай буюу ойт хээрийн нутагт намаржих гэх мэтээр сэлгэж явсан. Ингэж явах хооронд нөгөө тал нь байгалийн аясаар өөрөө нөхөн сэргэж байсан ийм онцлогтой. Нүүдлийн мал аж ахуйг сонгодог хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуй, тариалангийн бүс нутагт хэрэгжих үр дүнтэй. Яагаад гэвэл тариалангийн бүс нутагт тариа байна. Тарианыхаа үлдэгдлээр тэжээл бэлдэж хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой байгаа юм. Тэгэхээр засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хийх нь зөв арга.

Монгол байгалийн таван ялгаатай бүсэд оршдог орон. Урд говь нутагт заган ой гэж бий. Хээрийн нутаг байна. Энд харгана ургадаг. Монгол орны хэмжээнд 13 төрлийн харгана бий. Харганаа үржүүлэх. Гол, горхитой газрууд, жижиг тариалангийн эрхэлдэг газруудад ганд тэсвэртэй улиасыг тарьж ургуулах хэрэгтэй. Хойд бүс нутагт нарс, шинэс тарих. Нутагт нь олон мянган жил дасан зохицож ирсэн ургамлаас тарьж ургуулах нь чухал ач холбогдолтой.

 

Гадаад харилцааны яамны дэргэдэх COP17 бэлтгэл ажлын албаны хэлтсийн дарга Ш.Цэрэндулам:  Малчин иргэд хөрөнгө оруулалт босгох боломж хязгаарлагдмал байдаг

-Малчин иргэдийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө, тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтыг босгох боломж хязгаарлагдмал байдаг. Сайн санаачилга гаргаж буй залуучуудаа ямар байдлаар дэмжих вэ. Үүнд та нар маань анхаарч өгөөчээ гэсэн асуудлыг тавьж байна. Бидний хувьд олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нэг давуу тал бол малчдын хийж, хэрэгжүүлж буй ажлыг нь дэмжих агуулгууд байгаа. Нөгөөтэйгүүр COP17 буюу 2026 онд зохион байгуулах арга хэмжээний хүрээнд өөрсдийн кейсүүдийг гаргаж ирээд боломжит хөрөнгө оруулалтыг татах нөхцөл байдлыг эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд бэлчээр дээрээ тулгуурлаад газрын доройтолтой асуудлуудыг ярьж байгаа.

Бид сүүлийн гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжиж байгаа газруудынхаа хүрээнд “Байгальд ээлтэй малчин”-г шалгаруулсан. Энэ нь байгалиа хамгаалахын зэрэгцээ мал маллах, өөрийнхөө орлого, амьжиргааг дэмжих үйл ажиллагаа руу чиглэсэн байдлаар хийж байсан. Цаашид ч өргөжүүлэх шаардлагатай байгаа. Үүнийг СОР17-д танилцуулах хэрэгтэй юм байна гэж харсан. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу цөлжилт, газрын доройтолд нэгэнт нэрвэгдсэн байгаа тохиолдолд дахин хөрөнгө оруулалт оруулах асуудал хэцүү байдаг. Өнөөдрийн бодлого, үйл ажиллагаа бол аль болох элсний нүүдлээ зогсоох, барих, хашиж хамгаалах, механикийн хашилтуудыг хийж байна. Гол хэрэгжиж байгаа ажил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн байгаа. Өнөөдрийн байдлаар 87 сая мод тарьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)