Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

Тэртээ 1955 оны налгар намар Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын арван жилийн сургуулийн алтан босгоор алхан орсон 10 А, Б ангийнхан өдгөө 60 жилийн дараа дахин уулзлаа. Зуны эхэн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр төв талбайд цугласан тэд он удаан жил уулзалдаагүй нөхдөө харан баясаж, нүднээ баярын нулимс мэлтэлзүүлж байлаа.

Цаг хугацаа үсийг нь бууралтуулж, алхааг нь аажуухан болгосон хэдий ч тэд хэзээний л хөнгөн инээд, хөгжүүн яриатай арван жилийн хүүхдүүд хэвээрээ мэт харагдана. Энэхэн мөчид 60 жил уулзаагүй явсан найзууд бие биеэ “чи мөн үү, танихгүй өнгөрөх нь байна, яг л ийм хүүхэд байсан даа” гэлцэх бүрд нь үеийн гэгээн дурсамж нүдэнд нь гялалзана.