П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн таван жилд эрс нэмэгдэж, түүнийг дагасан осол гэмтэл ихээр гарч байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй байна. Мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод  байгаа билээ.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна

Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, Төрийн ордонд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тиймээс тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэгээс энэ тухай тодрууллаа. Тэрээр “Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч “Jet Sharing Mongolia” ХХК, “Би Эм Си” ХХК, “Суррон Монголиа” ХХК, “Эко технологи” ХХК зэрэг ААН-ийн удирдлагуудтай мэдээлэл авах, мэдээлэл солилцох уулзалтуудыг удаа дараа зохион байгуулсан. Цахилгаан дугуйн эрх зүйн зохицуулалт, зарим орны туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал сэдэвт харьцуулсан судалгааг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээр хийлгүүллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандах, судлах ажлыг мэргэжлийн судлаачдын баг хийж дүгнэсэн” гэв. Ингэхдээ хуулийн төслийн тандан судлах ажлын хүрээнд Европын Холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, цахилгаан скүүтертэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалжээ. Эдгээрээс Герман, Ирланд, Испани, Эстони, Болгар, Казахстан зэрэг улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрэмд тусгагдсан шинэ, шинэлэг зохицуулалтыг хуулийн төсөл боловсруулахад харгалзан үзсэн байна. Ингэхэд манай улсын цахилгаан дугуй, скүүтерийн ангилал тодорхой биш, уг тээврийн хэрэгслийг жолоодогчийн үүрэг, хариуцлагын зохицуулалтгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Хуулийн төслийг 2025 оны гуравддугаар сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан гэв.

 

Цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой осолд 10-19 насныхан илүүтэй өртөж байна

Хэлэлцүүлгийн үеэр, ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг “2022 онд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослын 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 305, 2024 онд 532, 2025 оны эхний дөрвөн сард 98 буюу сүүлийн 4 жилд энэ төрлийн нийт 985 осол гэмтэл бүртгэгдлээ. Энэ төрлийн осол гэмтэл зуны саруудад ихсэх хандлагатай бөгөөд осолд орсон иргэдийн 67 хувь нь эрэгтэйчүүд байв. Насны бүлгээр авч үзвэл ослын 39 хувийг 10-19 насныхан  эзэлж байна.  Цаашлаад 744 иргэн мопед, цахилгаан дугуй, скүүтерээс онхолдсон, 65 иргэн энэ төрлийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтжээ. Осолд орсон иргэдийн хамгийн олон буюу 222 иргэн толгойн гэмтэл авч байна” гэв. Мөн цахилгаан дугуй унаж яваад онхолдсон, мопед суудлын машинтай мөргөлдсөн, явган зорчигч сурронтой мөргөлдсөн, цахилгаан дугуйтай явж байгаад машинд мөргүүлсэн гэх мэт ослоор 2024, 2025 онд 17-50 насны эрэгтэй, эмэгтэй таван хүн нас барсан тухай мэдээллээ.

 

2024 оноос хойш 3050 суррон импортоор орж иржээ

 

Монгол Улсад сүүлийн гурван жилд цахилгаан дугуй, скүүтер импортоор олноор оруулж ирж байгаа аж. Энэ тухай ТЦА-ны албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат  “2024 оноос хойш мотоцикл, мопед 9075, унадаг дугуй, мопед 4700, суррон 3050-ийг оруулж ирсэн. Суррон, мопедын хурдны тохиргоог 50 км/цаг хүртэл тохируулсныг бууруулж, 5-10 км/цаг-аар хязгаарлах саналыг ТЦА-наас тавьсан. Замын хөдөлгөөний тухай хуульд 16 нас хүрсэн хүн мопед, 18 нас хүрсэн бол мотоцикл унана гэж заасан. Зориулалтын зогсоолтой болгож, хаа хамаагүй иргэдийн явган зам дээр орхидог байдлыг зохицуулалтад оруулж, хариуцлага тооцдог болно. ТЦА болон олон нийтийн хяналтыг эрчимжүүлж, замын зорчих хэсэгт эдгээр тээврийн хэрэгслийг хаяад явж байгааг зохицуулж, түр саатуулах арга хэмжээ авна. 16, 18 насанд хүрээгүй хүүхдүүд эдгээр унааг унаж байгааг зохицуулна. Эдгээрийг хэрэглэх боломжоор хангасан эцэг эх болон энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч ААН-үүдэд хариуцлага тооцно. Мөн явган замаар явуулахгүй байх хяналт шалгалтыг тавина. Зориулалтын суудалгүй, давхарлаж яваад байгаад хяналт тавина. Үүнд иргэд, ТББ-уудын оролцоо чухал байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр “Jet Sharing Mongolia” ХХК-ын гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүхээс зарим зүйлийг тодруулахад “10-19 насны хүүхэд осолд орж, гэмтэл авах нь элбэг байна гэнэ. Би бас өөрөө аав хүн энэ асуудал эмзэг тусаж байна. Гэвч бид хүүхдүүдийн тэр хэрэглээнд хяналт тавьж чадахгүй. Хэлэлцүүлгийн үеэр бүртгэлийг EMongolia-тай холбох зэрэг санал гаргаж байна. Бодит байдал дээр яаж хэрэгжихийг мэдэхгүй байна. Хэрвээ хэрэгжиж чадвал сайн байна. Бид шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл хэрхэн хэрэглэх болон анхаарах зүйлсийн талаар Цагдаагийн ерөнхий газартай хамтарч таван контент хийсэн байгаа. Цахилгаан скүүтер унахдаа дуулга өмсөх тухай ярьж байна. Энэ болно. Гэхдээ олон нийтийн дунд хэрэглэхээр ариун цэврийн шаардлага хангах уу гэдэг асуудалтай юм. Бид 10 дуулга гаргаж байршуулсан ч одоогоор яасан нь мэдэгдэхгүй алга болсон байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 100 (7597)