Б.БАЯРЖАВХЛАН

 

Манай улсад 112.000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гэвч тэдэнд гэртээ байхаас өөр сонголт байдаггүй. Учир нь тэд гэрээсээ гараад л саад, бэрхшээлүүдтэй тулгардаг. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөн өчигдөр төрийн ордонд боллоо.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа  үндэсний зөвлөгөөнийг нээж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах нь бодлогын тэргүүлэх чиглэл болж буйг дурдаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анх удаа парламентын төлөөлөлтэй болгосон нь эрх, тэгш байдлыг бодитоор хангах чухал алхам” гэсэн юм.

 

Дэд бүтэц муу байгаа нь ажил хийх, сурч, боловсроход саад болж байна

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15-20 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг гол асуудал нь дэд бүтэц хүрэлцээгүйтэй холбоотой.

Энэ талаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол хэсэг бүлэг хүний асуудал биш. Тиймээс энэ асуудлыг бүх нийтийн асуудал болгож анхаараасай гэж хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15-20 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хааж буй гол хүчин зүйл нь орчны саад юм. Би Улаанбаатар хотын иргэн. Улаанбаатар хотын хувьд дэд бүтэц хангалттай биш. Дугуйт зорчигч болон явган хүн нэг замаар алхаж байна шүү дээ. Мөн нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр дундаа тэргэнцэртэй хүн суух ямар ч боломж байдаггүй. Учир нь энгийн иргэд нь ч нийтийн тээвэрт багтахгүй байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Мөн хүн бүр бүх төрлийн боловсролыг тэгш эзэмших эрхтэй гэж хуульд заасан байдаг. Гэвч хөрсөн дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурах боломжгүй байна. Хууль, дүрэм бол хангалттай байна. Тиймээс хэрэгжилт дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Манай улс тэр дундаа Улаанбаатар хотын дэд бүтцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн төдийгүй тэрэгтэй хүүхэд түрээд явах орчин нөхцөл бүрдэлгүй олон жил болж байна. Нийгэмд оролцох анхдагч хэрэгцээ болох дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ байхаас өөр сонголт олгохгүй байна. Харин ажил хийж буй хүмүүс үргэлж бусдын тусламжтайгаар нийгмийн харилцаанд орж байна.

Тэдний нэг бол Г.Эрдэнэсүрэн. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллах боломжгүй учир өөр салбарт ажиллаж буй. Гэвч ажилдаа ирж, очихоос эхлээд саад бэрхшээл үргэлж тулгардаг байна. Энэ талаар “Миний хувьд 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай. Гэхдээ би ажил хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэн хөдөлмөр эрхэлнэ гэдэг хэцүү. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудал яригдана. Хүн болгон сургуульд сурч чадахгүй, хүн болгон бичиг үсэгтэй байна гэж байхгүй. Байгууллагууд нээлттэй ажлын байр зарладаг ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгуурт нь тэнцдэггүй. Ажилд орлоо гэхэд нийгмийн харилцаанд чөлөөтэй орох боломж хязгаарлагдмал байдаг. Тухайлбал, албан байгууллагуудын налуу шат стандартын шаардлага хангадаггүй. Явган хүний зам, автобусаар зорчих нь ч хэцүү байдаг. Гэхдээ 2014 оны үетэй харьцуулахад одоо зам талбай сайжирч байгаа. Гэхдээ сайжирч байгаа ч яг төгс болж чадахгүй байна. Шинээр замууд тавигдаж байгаа, явган хүний зам нь хэт их дэржгэнүүртэй байдаг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бөөрний асуудал яригддаг. Мөн бродюр хэт өндөр учир ганцаараа явах боломжгүй болдог. Буцаад л ахиад хэн нэгнийг гуйж тусламж авах шаардлагатай болдог. Бидний хувьд халамж, тэтгэмж бус тэгш оролцоог л хүсэж байна” гэсэн юм.

 

Эрх зүйн орчин, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах төрийн үүргийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын үндсэн агуулгад суурилсан “Нэн тэргүүнд хийх ажлууд”-ыг санал болгож, нийт 13 ажил, 32 шалгуур үзүүлэлтийн хамт боловсруулжээ. Энэ тухайгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нь салбарын яам, төрийн албан хаагчид эсвэл нийгмийн нэг хэсгийн асуудал биш, харин бүх салбарын чухал асуудал байх ёстой. Мөн олон улсын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг судалж, хандлагаа өөрчлөх, цаашлаад  салбарын тэгш оролцоог хангах нь зүйтэй. Иймд Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг өргөн хүрээнд, дунд, урт хугацаанд хариуцлагатайгаар шийдвэрлэх чиглэлд ажиллах,  улмаар хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, төсвийг зөв эрэмбэлж зарцуулах, хуулиар хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох, хяналт үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлэх, олон нийтийн мэдлэг болон хандлагыг сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай” гэсэн юм.

Түүнчлэн, орон нутгийн удирдлагуудыг уг үйл ажиллагаанд татан оролцуулах, мэдлэгийг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэх үндэс болно гээд асуудалд бодитой хандаж, бүлэгт зарцуулах хөрөнгө оруулалтыг зохих эрэмбээр хуваарилах, хуулийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж буй  байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, сайжруулах нь ирээдүйд үр дүнтэй болохыг онцолж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 хүн тутамд нэг хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажилд авна гэсэн хуулийн заалт бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр төлөхөөр заасан байдаг. Тэгвэл төрийн байгууллагууд хүртэл үүнийг хэрэгжүүлдэггүй байна. Прокурорын байгууллагаас энэ талаар асуухад гурван хүн ажиллуулдаг бол АТГ “мэдэхгүй” гэж хариулжээ. Харин яамдуудаас гурван яам л хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулдаг гэж хариулжээ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөр төлсөн 192 аж ахуй нэгж өнгөрсөн жилийн байдлаар төлсөн байна. Энэ нь төлөх ёстой аж ахуй нэгж, албан байгууллагын 10 хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ÎÍÛ ÒÀÂÄÓÃÀÀÐ ÑÀÐÛÍ 21. ËÕÀÃÂÀ ÃÀÐÀÃ. ¹ 95 (7592)