Ч.БЯМБАХАЖИД

 

Ном бол  хуудас бүрт нь түүх, амьдрал, өрнөж байдаг баялаг ертөнц билээ. Номын соёлт ертөнцийг түгээх зорилготой “Үндэсний номын баяр” жилээс жилд өргөжин тэлсээр ээлжит хавартайгаа золгож байна. Зохиолч, уншигчдын учран золгох завшаан болсон 37 дахь удаагийн “Үндэсний номын баяр” Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх юм.

Бид “Үндэсний номын баяр”-ыг тохиолдуулан Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Номын баяр бол зохиолч уншигчдын хүсэн хүлээдэг баяр. Энэ жил ямар бүтээлүүдээрээ оролцох вэ?

-Номын баяр хавар, намар хоёр уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ бол зохиолч, уншигчдын хэн хэнийх нь хүсэн хүлээдэг том баяр, уулзалт болдог. Хаашаа л харна ном барьсан, инээмсэглэсэн хүмүүс номын баяр дээр байдаг шүү дээ. Миний хувьд Үндэсний номын баяртаа найм дахь жилдээ оролцох гэж байна. Энэ удаад таван роман, гурван өгүүллэгийн зохиолтой оролцоно.

-Та анхныхаа туурвиж байсан ном, зохиолынхоо тухай яривал. Анхны номоо хэвлүүлэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Би зохиол бичээд 15 жил болж байна. Хожуу зохиол бичиж эхэлсэн. Өгүүллэг, тууж, роман гээд уран зохиолын төрлөөр бичдэг. Зохиолдоо ихэвчлэн монгол ахуй, хөдөөгийн амьдралыг шингээдэг.

Анх 2015 онд “Зүүд эргэх зөн” өгүүллэгийн түүвэр номоо гаргаж байсан. 2003 оноос эхлээд өгүүллэг бичиж эхэлсэн. Тухайн үед зохиолчдыг ч таньдаггүй байсан болохоор бичсэн өгүүллэгээ хүнээр уншуулж, “Танд авах өгүүллэг байвал аваарай” гээд л явдаг байсан.

2014 оны сүүлчээр зохиолч н.Бум-Эрдэнэтэй танилцаж, өөрийн бичсэн 20 гаруй өгүүллэгээ үзүүлсэн юм. Тэгтэл нөгөөдөр нь намайг дуудаад “Энэ чинь өгүүллэг болох юм байна” гээд алдааг нь засаж, сайжруулах тал дээр зөвлөсөн юм. Ингээд би анхны номоо хэвлүүлж байлаа. Анхны бүтээлээ хэвлүүлчхээд гарын үсэг зураад өгөх тэр мэдрэмж мартагдашгүй сайхан байсан. Их л баярласан. Үүнээс хойш 2016 онд хоёр ном, 2017 онд хоёр ном, 2018 онд гурван ч бүтээлээ гаргасан. Анхны бүтээлээсээ их урам авсан учраас цаашид бичих хүсэл илүү төрж, бичих тусам чадвар маань ч илүү дээшилсэн дээ.

-Таны хувьд зохиолоо бичихэд хэдий хугацааг зарцуулдаг вэ?

-Зохиол бичихэд бодох хугацаа маш их шаардагддаг. Нэг сэдэв олоод түүгээрээ өгүүллэг бичихийн тулд олон талаас нь бодож, дахин шинэ санаа төрнө гээд 4-5 хоногийн бодох хугацаа шаарддаг. Ингээд ном бүр харилцан адилгүй хугацаанд бүтдэг. Жишээлбэл, “Зардас” романаа хоёр жил орчим хугацаанд бичиж гаргасан. Харин “Гүний нутаг”, “Нарны нутаг” гээд хос романаа нэг жил бичсэн. Аль болох өөртөө цензур тавьж, уншигчдадаа сэтгэлийн таашаал өгөх талаас нь илүү бодож бичиж байна.

-Туульсын роман нь уран зохиолын бусад төрлөөс ямар ялгаатай вэ, “Зардас” романы тухайд дэлгэрүүлэн яривал?

-Энэ бол түүхээс сэдэвлэсэн уран зохиолын роман. Энгийн роман 2-3 гол дүртэй байдаг. Тухайн дүрүүдээр төлөөлүүлэн нийгмийн амьдрал, аж ахуйг харуулдаг.

“Зардас” гэдэг нь зарц гэх үгний хүндэтгэлийн нэр юм. “Зардас” роман 950 оны үеийн Монголын аймгуудын тэмцэл, төр дээдлэх ёсны тухай өгүүлэх бүтээл. 950-аад оны үед жижиг аймгууд зэрэгцэн оршдог байсан. Тэдгээр аймгуудын ноёд газар нутаг гэхээс илүү өвөр зуурын маргаан, эд хөрөнгө, гоо хатад, эрх мэдлийн төлөө л хоорондоо тулалддаг байсан үе. Энэ хэцүү үед оршин байсан Хяруун гэх овгийнхны тухай бичсэн. Тухайн үеийн бодит амьдрал дээр нь тулгуурлан бусад түүхэн эх сурвалжуудаас мэдээлэл авч, гол шугамаа болгон бичсэн. Зохиолын гол агуулга нь “Бид төргүй болчих вий” гэхээс айх хэрэгтэй. Тиймээс төрийн төлөө зарц мэт зүтгэх хэрэгтэй гэдгийг уншигчдадаа зохиолоор дамжуулан хүргэх зорилготой бичсэн.

-Одоогоор та хэчнээн ном, зохиол бичиж хэвлүүлсэн бэ?

-Долоон өгүүллэгийн ном, найман роман, хоёр шүлгийн ном, туужийн хоёр ном, хүүхдийн нэг зохиолыг туурвин гаргасан байна.

-Зохиол бүтээл туурвихад олон хүндрэл, бэрхшээл тулгардаг байх. Зохиолчдод тулгарч буй ямар асуудлууд байдаг вэ?

-Ном бичих нь зохиолчдын хамгийн сайхан мөчийн нэг байдаг. Харин бичсэн номоо хэвлүүлэх нь бидэнд тулгарч асуудал болж байна. Зохиолчид санхүүгийн боломжоос шалтгаалаад бүх номоо хэвлүүлж чадахгүй байгаа. Дээр нь хамгийн хэцүү асуудал бол борлуулалт. Тэр тусмаа шинэ, залуу зохиолчид номоо хэвлүүлж, хүмүүст түгээхэд хүндрэлтэй байдаг. Би ч өөрөө энэ замыг туулсан. Дэлгүүрүүд хүртэл 10-аас илүү ном авдаггүй зэрэг олон хүндрэл гардаг. Тиймээс дэлгүүрүүд энэ тал дээр анхаарч, залуу зохиолчдын номыг олонд түгээж өгөх тал дээр дэмжиж өгвөл зүгээр санагддаг. Нэг авууштай нь сүүлийн үед цахимаар захиалдаг, хүргэлттэй болсон нь давуу тал болж байна.

-Манай улсад уран зохиолын чиглэл хэр хөгжиж байна, цаашид хэрхэн хөгжих боломжтой гэж харж байна вэ?

-1960 он бол Монголын уран зохиолын салбарт тэсрэлт хийсэн үе байсан. Тухайн үеийн бүх л төрлийн роман, өгүүллэг, киног хүмүүс чанартай сайн болсон гэдгийг ч хэлдэг. Хамгийн гол нь тэр үед цензуртэй байсан. Хэн хүссэн нь л зохиол бичдэггүй. Бичсэн ч хэвлэлтэд зөвшөөрөл өгөхгүй байх гээд амаргүй үе байсан. Тиймээс одоогийнх шиг олон зохиолчид зэрэг төрж чадахгүй, төрөх боломжгүй байсан байх. Харин 1990-ээд оноос хойш эрх чөлөөтэй, ардчилсан нийгэм бий болсноор хэн бичих дуртай нь л бичиж нийтлэх боломжтой болсон. Үүнийг дагаад олон чанаргүй “Зохиолч нэртэй” хүмүүс гарч байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр цензур тогтоох хэрэгтэй ч гэдэг. Гэхдээ миний хувьд энэ олон дундаас л “Жинхэнэ зохиолч” төрнө гэж боддог. Мэдээж хүн бүр сод авьяастай биш учраас алдаа гаргаж болно. Тиймээс энэ салбар манайд хөгжиж байна гэж боддог. Өнөөдөр аравдугаар ангийн охин роман бичээд зохиолчдод уншуулах гээд явж байна шүү дээ. Энэ нь роман болохоор байна уу, үгүй юу хамаагүй. Үнэхээр сайн бүтээл болж чадвал тэр уншигчдад хүрч, амжилтад хүрнэ шүү дээ. Ингээд л өөрсдөө шигшигдээд, сайн нь тунаж үлдэнэ.

- “Утгын чимэг” наадмаас олон шагнал хүртэж байсан?

-“Утгын чимэг” наадамд 2016-2021 он хүртэл оролцсон. Энэ хугацаандаа 2019 онд “Аав хүү хоёр” өгүүллэгээрээ гуравдугаар байрт орж байсан. 2020 онд “Хөнөгийн цагаан жавар” өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлж байлаа. Харин 2021 онд “Шаазгайн үүр” гэж өгүүллэгээр шагналт байранд орсон. Мөн энэ “Шаазгайн үүр” өгүүллэгийг маань СУИС-ийн багш н.Энхгэрэл уншиж, олон улсын наадмаас Грапри шагнал хүртэж байсан.

-Та ямар үед мэргэжлээрээ хамгийн бахархаж, баярладаг вэ?

-Бичихийн тулд бид үгийн сонголтоос эхлээд л тархиа зовоодог. Харин энэ бүхний ард ном дээрээ гарын үсэг зураад уншигчдаа өгөх тэр агшин хамгийн сайхан. Бид яг л зохиол дотроо амьдарч байгаа мэт болчихдог. Ингэж бичсэн зохиолоо дуусгаад хэвлэлтэд өгөх тэр үед зохиолчийн сэтгэл хоосорч, гунигтай мэдрэмж төрдөг. Нэг л тийм гонсгор болоод дотны хүмүүсээсээ ганцаараа үлдчихсэн ч юм шиг, хийх зүйлгүй ч болчихсон юм шиг санагддаг. Зохиолдоо ээнэгшин дасдаг гэж хэлж болно.

-Та одоо ямар шинэ бүтээл уншигчдадаа хүргэхээр зорьж байна?

-Би “Зурамтын хөндий” гээд шинэ өгүүллэгээ эхлээд явж байна. Энэ нь зурам гэх амьтнаар төлөөлүүлэн хүмүүсийн амьдрал, нийгэмд болж буй үйл явдлыг харуулах зорилготой юм. Энэ зохиол маань их сонирхолтой болох байх. Хүмүүс өөрсдийнхөө мэддэг зүйлийг л унших дуртай байдаг.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 92 (7589)