П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбалыг урьж, ярилцлаа.

 

-Эрүүл мэндийн боловсрол гэсэн ойлголтоос яриагаа эхэлье?

-Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь бүх нийтийн насан туршийн боловсрол юм. Үүнийг дэд боловсролын системээр олгодоггүй. Хүүхдийн нас, өсөлт, хөгжилттэй уялдуулж олгодог гэсэн үг.  Хүүхэд цэцэрлэг, сургууль,  дунд ангид  орох зэргээр байнга нийгэм болоод эрүүл мэнд, бие, физиологийн хувьд өөрчлөгдөж байдаг. Тиймээс энэ өөрчлөлтийнх нь хугацаанд хүүхдэд эрүүл мэндийн боловсролын тухай ойлголт, мэдээллийг зөв өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол бол насан туршдаа хэрэглэдэг, нөхөж олгож болохооргүй зүйл юм.

-Эрүүл мэндийн боловсролыг олгоход юу дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхдийн насанд нь тохируулсан эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр чухал.  Нийгэм цаг үеэ дагаж өөрчлөгдөж байна. Тэгэхээр арван жилийн өмнөх хөтөлбөрөөр  боловсрол олгох боломжгүй. Бид мэдээллийн эрэн зуунд амьдарч байгаа  учраас хүүхдүүдэд сонирхолтой, ойлгомжтой байдлаар боловсролын шилжилт, өөрчлөлтийг хийж, хөтөлбөр боловсруулж, эрүүл мэндийн боловсролыг олгох нь чухал.

-Манай улсад эрүүл мэндийн боловсролыг олгож чадахгүй байгаад юу нөлөөлж байна вэ?

-Системтэй олгож чадахгүй байгаа нь үнэн. Цэцэрлэг эрүүл мэндийн боловсролыг хамгийн сайн  олгож байгаа хэсэг байж болох юм.  Цэцэрлэгт хүүхдийг, шүд, гарыг нь угаалгаж сургадаг. Гэвч нөгөө хүүхэд  нэгдүгээр ангид ороод мартчихдаг. Тиймээс энэ боловсролын системийг үргэлжлүүлэх нь чухал юм. Энэ ажлын хүрээнд есдүгээр  сараас ЕБС-ийн I, II ангийн сурагчдад эрүүл мэндийн боловсролын хичээлийг программын дагуу орохоор төлөвлөөд ажиллаж байна.

Мөн манай улсад эрүүл мэндийн боловсрол хөгжихгүй байгаад нөлөөлж байгаа нэгэн хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэнд салбарын хөгжил муу байгаатай холбоотой. Нийгмийн эрүүл мэндийн салбар одоо л хөгжиж эхэлж байна.  Эрүүл мэндийн боловсрол нь доод тал нь хоёр салбарын  ажил  гэсэн үг. Нийгмийн эрүүл мэнд хөгжвөл хамтдаа хөгжих боломжтой. Түүнчлэн манай улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд эрүүл мэндийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулж олгоно гэж заасан байдаг. Тиймээс нийгмийн бүх шатандаа,  байгаа орчиндоо тохируулаад эрүүл мэндийн боловсролыг нэвтрүүлэх хэрэгтэй.

-Ирэх намраас  I, II ангийн сурагчдад эрүүл мэндийн боловсролын хичээлийг заана гэлээ. Хөтөлбөрийн агуулгын хүрээнд ямар сэдвүүдийг тусгасан бэ?

-Уг хөтөлбөрийг нэвтрүүлэхийн тулд орчин үед эрүүл мэндийн боловсролыг хэрхэн олгох хэрэгтэй вэ гэсэн жишиг байх хэрэгтэй. Тиймээс бид Английн хөтөлбөрөөс туршлага судалсан. Жишээлбэл,  I, II ангийн хүүхдүүдэд олгох хичээлийн агуулгад багтсан гол зүйл нь гар угаах, шүд угаах орчныг бүрдүүлж, дадал болгох. Дадал болгоно гэдэг нь хүүхдүүд үдийн цайгаа уусныхаа  дараа  шүд угаах, өглөө хичээлдээ очоод гар угаах орчныг бүрдүүлэх. Үүнийг дадал болгохын тулд  ангийн  багшийн ажлын цагт оруулах юм.

Мөн хөтөлбөрийн хамгийн гол агуулга нь  эрүүл, дадал зуршил. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг бага наснаас эзэмшүүлж, дадал болгох нь чухал гэсэн үзэл баримтлалаар явж байгаа. 24 цагт хүн яаж амьдрах ёстой. Өдөрт хэдэн удаа шүдээ угаах вэ, хэдэн цагт унтах ёстой вэ гэсэн хичээлийн агуулгыг багтаасан. Эрүүл мэндийн боловсрол нь өдөр тутамд хүнд үйлчилж байх ёстой, мэддэг байх хэрэгтэй зүйл учраас зөвхөн сургууль дээр хэрэгжүүлэх боломжгүй. Тухайн хүүхэд гэртээ очоод ч гэсэн энэ дадал нь үргэлжлэх ёстой. Тиймээс эцэг эхийн үүрэг оролцоо чухал. Тиймээс энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд эцэг эхийн хөтөч номыг гаргана. Энэ нь таны хүүхдэд эрүүл, мэнд, зөв хооллолт, амьдралыг хэв маягийг ингэж заасан шүү гэдгийг аав, ээж нь ижилхэн ойлголттойгоор мэддэг байж  хөтөлбөр нэвтрэх боломжтой.  Тиймээс хөтөч ном хөтөлбөрийн хүрээнд зайлшгүй байх  ёстой гэж үзэж байгаа.

Мөн хөтөлбөрийн хүрээнд тусгасан нэг зүйл нь хүүхэд цэцэрлэгээ төгсөөд сургуульд орохдоо олон найз нөхөдтэй болдог. Шинэ  орчинд хүүхэд өөрийгөө, багшийгаа, найзуудаа яаж ойлгох  вэ гэсэн чиглүүлэг бүхий нийгэмших хичээл орно.

-Олон улсад ямар байдлаар хэрэгждэг вэ?

-Эрүүл мэндийн боловсрол нь зөвхөн манай улсад тулгараад байгаа бэрхшээл биш. Тухайн улсын нийгмийн эрүүл мэнд нь эрүүл мэндийн боловсролыг хэрэгжүүлэхэд нөлөөлдөг. Жишээлбэл, Европын холбооны улсуудаас Англи улс  эрүүл мэндийн боловсролыг олгож, хэвшүүлж,  иргэддээ  зөв  амьдралын хэв маяг болгож байгаа улсад тооцогддог. Мөн Япон улс байна. Бид эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа агуулга, хэрэгжилт тал дээр Япон улсаас  туршлага судалж, шүд угаалтыг хэрхэн нэвтрүүлж байгааг судалж нэвтрүүлж байгаа. Шүд угаахад  ус угаалтуур заавал хэрэгтэй биш, байгаа орчиндоо тохирсон байдлаар нэвтрүүлж болдог гэдгийг Япончууд үзүүлсэн. Жишээлбэл, цунамигийн үед балга усаар яаж шүдээ угаах вэ гэсэн хөтөлбөр нэвтрүүлж байсан.  Бидэнд  балга усаар шидээ угаах боломж бүх газарт байгаа шүү дээ.

-2018 онд ЕБС-ийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг баталсан байдаг.  Энэ нь хэр үр дүнтэй байсан бэ?

-Тухайн үед  эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ЕБС-ийн дөрөвдүгээр ангиас эхэлсэн. Хүүхдүүд дадал, зуршил суудаг насыг алгасаад дөрөвдүгээр ангиас нь хичээл ордог байсан. Дутагдалтай зүйлүүд бас нэлээд бий.  Мөн мэргэжлийн багш дутагдалтай байдаг. Түүнчлэн эрүүл мэндийн боловсролын хичээл албан хичээлд нь багтаагүй учраас ангийн багш, биологи, биеийн тамирын багш нь заах гэхчлэн  ямар багшид заах цаг байна тэр нь заах зарчмаар явж байгаа.  Тиймээс энэ намраас  нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн боловсролын хичээлийг бүх багш заах боломжтойгоор заах арга зүйг эрүүл мэндийн хичээл  дээр  гаргаж өгөх юм. Яагаад гэвэл, шинэ хөтөлбөр хэрэгжүүлсэн ч гэсэн гэсэн эрүүл мэндийн багшаас гадна бусад багш нар хичээл орно. Тиймээс хүүхдэд зориул­сан агуулга, арга зүйгээр хичээлээ оруу­лахаар тусгасан.  Жишээлбэл,  “шохоорхол” гэсэн сэдэвтэй  хичээл орлоо гэхэд тухайн хичээлийн агуулгыг контент хэлбэрээр  оруулна. Тэгэхээр ямар ч багш тухайн контентыг чиглэл болгоод хичээлдээ ашиглах боломжтой. 

-Хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгосноор ямар ач холбогдолтой вэ?

-Хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгосноор хүний  хөгжил  нийгмээрээ ахих боломжтой. Жишээлбэл, 2025 оноос энэ боловсролыг олгож эхэллээ гэхэд үүний үр дүнд хүүхдүүд арван жилийн дараа зөв амьдралын хэв  маягтай, зөв хооллолтын ойлголттой болно гэсэн үг. Энэ нь цаашлаад дундаж наслалт,  өвчлөлд хүртэл нөлөөлнө. Тэгэхээр  боловсролын салшгүй том хэсэг бол яах аргагүй эрүүл мэндийн боловсрол.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 90 (7587)