Б.НЯМСҮРЭН

Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриатайгаар 30 дахь жилдээ тэмдэглэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025” зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болж улс орны өнцөг булан бүрээс ирсэн эмч сувилагч нар салбарын асуудлаа хэлэлцэж, чууллаа. 

Салбартаа 50 шахам жил ажилласан ахмад сувилагчаас эхлээд сувилагчийн мэргэжлийг дөнгөж сонгоод суралцаж буй оюутан охид гээд үе үеийн сувилагч нарын төлөөлөл энд цуглажээ. Монгол Улсад 15 мянга гаруй сувилагч бий. Тэд эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг эзэлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож хэлсэн үгэндээ Сувилагч мэргэжлийн сайхныг олон нийтэд улам сурталчлах, нийгмийн асуудлыг шийдэхэд онцголон анхаарах шаардлагатай байгааг онцолсон. 

Тэрээр “Олон улсын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Аннет Кеннедийн хэлсэн “Сувилагчдын оролцоогүйгээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн үгийг бид маш сайн анхаарах ёстой. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илааршуулах, сэргээн засахад алтан гартай, халуун сэтгэлтэй сувилагч Та бүхний хувь нэмэр, үүрэг хариуцлага нэн чухал юм” гээд сувилагч нарын баярын өдрөөр АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж байгаа таатай мэдээг индрээс дуулгалаа. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож эхэлжээ. 

Эмч нарын ачааны хүндээс үүрэлцэж, найдвартай ар тал болдог сувилагч нарын ахуй амьжиргаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар сүүлийн жилүүдэд овоо ахицтай байгаа тухай сайхан мэдээг цугласан сувилагч нар хэлж байна. 

Хэдхэн жилийн өмнө хамгийн бага цалинтайд тооцогдож байсан сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд шат дараатай арга хэмжээ авснаар жилүүдэд цалин, урамшуулал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь ажлын хүндийг үүрдэг тэдэнд багагүй урам болж байгаа тухай олон сувилагч талархан хэлж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “2022 онтой харьцуулахад сувилагч нарын цалин 2024 онд дунджаар 45 хувиар нэмэгдсэн. Мөн орон нутгийн болон онцгой нөхцлийн урамшууллыг ч тогтмол олгож байгаа тухай таатай мэдээг хэлсэн үгэндээ онцолсон. Цаашид сувилагч нарыг мэргэшүүлэн бэлтгэхэд төрөөс онцгой анхаарч байгаа юм байна. Учир нь манай улсад 1000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн сүүлийн дөрвөн жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарсан нь энэ мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан зөвөөр ойлгуулах, ажлын нөхцлийг сайжруулж, ачааллыг бууруулах зэргээр шат дараатай бодлогын түвшний арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. 

Мэдээж цалин урамшуулал нийгмийн асуудал бага багаар дээшилж байгаа нь сайн ч нөгөө эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай, улсын хэмжээний гуравдугаар шатлалын эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ачаалал ихтэй хэвээр байгааг ч хэлж байна.
Энэ үеэр орон нутгаас ирсэн зарим сувилагч нарын сэтгэгдлээс хүргэе. 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн сувилагч Ж.Буд: Сувилагч гэр бүл гэдгээрээ бахархдаг

-Миний хань С.Мөнгөнцэцэг бид хоёр сувилагч мэргэжилтэй. Би 1985 онд Анагаахын Сувилахуйн сургуулийг төгссөн, 40 гаруй жил нутагтаа ажиллаж байна. Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан, миний хань хүүхдийн тасагт 38 жил сувилагчаар ажиллаж байгаа. Би хагалгааны тасагт 35 жил ажиллаж байна. Хагалгааны тасаг  хүнд өвчтөн олонтой, ядарна,. Заримдаа хагалгаа амжилтгүй болохоор сэтгэлээр унана, тэрнээсээ болоод шантарна. Одоо бол энэ сайхан мэргэжлээрээ маш их бахархдаг. 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Намуун:  Сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллаж байна

-Их залуухан харагдахаар нь сувилагч юм болов уу оюутан уу гэж тааж ядаж байлаа?
-Би 21 настай их сургуулиа төгсөөд нутагтаа ирж эх баригчаар ажиллаад гурван жил болж байна. Мандал сум маань хүн ам ихтэй, том сум учраас ачаалал харьцангуй өндөр. Манай сумын нэгдсэн эмнэлэгт жилдээ 500-600 эх амарждаг, Сэлэнгэ аймгийн нийт төрөлтийн 40 орчим хувь нь манай суманд оногддог. Сувилагч нарын хувьд гол бэрхшээл хүний нөөцийн асуудал болж байна. Бас сумын хэмжээнд тоног төхөөрөмжөө шинэчлэхийг хичээж байгаа ч тэр болгон шинэчилж чаддаггүй. Гэхдээ орон нутгийн сувилагч нарт 40 хувийн нэмэгдэл өгдөг болсон нь бидний амьдралд маш том дэмжлэг болж байгаа. 

 

Сүхбаатар аймгийн “Оточболор” эмнэлгийн бага эмч Л.Жавзмаа:Эрүүл мэндийн салбарыг анхаарч байгаад талархаж байгаа


-Сувилагчийн хүнд хэцүү мэргэжлээр олон жил ажиллаж байгаа сувилагч нартаа баярын мэнд хүргэе. Би эрүүл ахуйч байцаагч эмчээс эхлээд эрүүл мэндийн газарт хүний нөөцийн мэргэжилтэн хүртэл ажиллаж байсан. 2015 оноос өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ч үргэлжүүлэн ажилласаар байна. Улсдаа тасралтгүй 47 дахь жилдээ ажиллаж байна. Биднийг анх ажиллаж байх үетэй харьцуулахад сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг сайн шийдэж, анхаарч байгаад талархаж байгаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин