П.ЛХАГВАЖАРГАЛ
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол бичгийн “Хос уянга” нэгдлийн сурагчдыг онцолж байна. Тэд өөрсдийн сурч, эзэмшсэн бүхнээ каллиграфаар дамжуулж энэ сарын 5-7-ны өдөр “Норфей” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан билээ.
Үндэсний бичиг үсэгдээ хайртай иргэн, ирээдүйн судлаачийг бий болгодог “Хос уянга”
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл 2003 онд үүсгэн байгуулагдаж байв. Тус нэгдлээс хамгийн анх салаалан гарч ерөнхий боловсролын сургуульд салбар дугуйлан байгуулсан нь 23 дугаар сургуулийн монгол бичгийн “Хос уянга” клуб ажээ. Н.Золжаргал багшаар удирдуулан 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэхүү клуб нь сурагчдад монгол бичгийн олон тигийг сурталчлан таниулах, хөгжүүлэх, үндэсний бичиг үсэгдээ хайртай иргэн, ирээдүйн судлаачийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэ хугацаанд клубийн гишүүд хичээнгүй, бийр, эвхмэл, хулсан үзгийн бичвэр зэрэг бичлэгийн төрлүүдээр бүтээл туурвиж нийслэл, улс, олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн төдийгүй “Айсуй”, “Тэмүүлэл”, “Эрдэм” үзэсгэлэнгүүдийг улсын хэмжээнд толилуулжээ. Харин энэ удаа “Гэрэлт” дөрөв дэх бүрэн хэмжээний үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.
“Тэмцээн, үзэсгэлэнгийн агуулгад тохируулан өөрийн мэдрэмжээр бүтээлээ хийдэг”

“Гэрэлт” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хос уянга” клубийн шинэ тэргүүнээр Г.Утгатөгөлдөр сонгогдож, тамгаа гардаж авав. Тэрээр тус сургуулийн есдүгээр ангид сурдаг бөгөөд хоёр жилийн өмнөөс бийрийн бичлэгээр хичээллэж эхэлжээ. “Клубийн тэргүүн болох гоё санагдахын зэрэгцээ шинэ сорилтуудтай тулгарах байх гэж бодож байна. Энэ зунжингаа юу хийхээ бодно доо” гэж баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин бүтээлийнхээ тухай “Космик гэдэг нь ертөнц гэсэн утгатай үг. Тиймээс монгол бичиг Монголоор хязгаарлагдахгүй ертөнц дахиных гэдэг үүднээс энэ бүтээлээ хийсэн” гэв. Харин тус клубийн тэргүүний үүргийг олон жил нэр төртэй биелүүлсэн Б.Баяр-Эрдэнэ энэ жил оюутан болж, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэх гэж байгаа юм. Тэрээр “Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” тэргүүтэй улс, олон улсын уралдаануудад удаа дараа амжилтын богц дүүрэн оролцож, МУИС-д дөрвөн жил үнэгүй суралцах тэтгэлгийн эзэн болжээ.

Дөрвөн жилийн өмнөөс монгол судлаач болохоор зориг шулуудсан тэрээр “Каллиграфаар хичээллэснээр хүнтэй харилцаж, үр бүтээлтэй цагийг өнгөрүүлж, сууж сурдаг. Мөн амгалан тайван мэдрэмжийг авдаг. Анх зургаадугаар ангидаа хичээлийн агуулгаар монгол бичгийг сурч байлаа. Удалгүй ангийн багшийн удирддаг ийм клуб байдгийг мэдсэн. Бямба гарагт хичээллэдэг байсан тул гэрээс гарах шалтаг болгож, клубт нэгдсэн. Гэтэл удалгүй улс даяар хөл хорио тогтооход гэртээ зүгээр суулгүй өөрийгөө хөгжүүлье гэдэг үүднээс тогтмол бичиж эхэлсэн юм. Тэмцээн, үзэсгэлэнгийн агуулгад тохируулан өөрийн мэдрэмжээр бүтээлээ хийдэг. Би одоохондоо залуу, хүүхдээрээ байна. Тиймээс ах эгч, багш нарынхаа хийж бүтээснээс суралцаж, санаа авдаг. Багш маань оюутан байхдаа хоёр дахь тэргүүнээр нь ажиллаж байсан МУИС-ийн “Хос уянга”-ын гал голомт дээр очиж, өөрийгөө дахин шинээр сорьж, суралцах гэж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 86 (7583)