Монгол Улсын орчин цагийн гадаад харилцаа, дипломат албаны түүхэнд 1950 он тодоос тод ул мөрөө үлдээсэн билээ. Учир нь эл оны дөрөвдүгээр сард манай улсын дипломат харилцаат улсуудын жагсаалт Төв болон Дорнод Европын 6 (өнөөдрийнхөөр 7) орноор өргөжин баяжсан юм. Эдгээрийн нэг нъ Румын улс. Энэхүү товчхон өгүүллэгээр Монгол Румыны харилцааны түүхээс өгүүлэх болно.
Мөхөс миний уншиж судалснаар Монгол Румыны харилцааг гурван үе шатаар авч үзэж болох.
Анхны үе, манай эриний III зуунд хүннү нар баруун зүг нүүдэллэн Европын дорнод нутагт нэвтрэн Паноны хөндийн хавьцаа суурьшихад нэг хэсэг нь өнөөгийн Румыны зүүн нутаг, тухайлбал, Дунай мөрний адаг сав нутагт татаар нэрээр суурьшсан билээ. Румынд суурьшсан хүннүчүүдийн эд өлгийн зүйлсийн олдвор Румыны түүхийн төв музейн үзмэрүүдийн алтан фондод бий. Эдгээрээс заримыг дурдвал, Ажиголын ваар, Пояанагийн алтан дуулга зэрэг. Өөрсдийгөө татаарууд хэмээх монголчуудтай адил навтгар хамар өргөн шанаатай 45-50 мянга орчим хүмүүс ихэвчлэн Доброжа мужид нутагладаг бөгөөд тэд манай хасаг хэлтэнтэй аялга жаал ондоо боловч ойлголцдог юм билээ.
Хоёрдугаар үе бол яах аргагүй ХШ зуун, Бат хааны үе. Румыны шашны нэрт түүхч Мирча Элиада “Залмоксис бурхнаас Чингис хаан хүртэл” хэмээх бүтээлдээ “румынчууд, монголчууд эрт орой хэзээ нэгэн цагт уулзах тавилантай байсан тул уулзсан юм” гэж цохон тэмдэглэсэн байдаг.

Залмоксис (Zamolxis) бурханыг тахиж шүтдэг румынчуудын элэнц хуланц гэт-дакууд эртний домгоор бол чонон гарвалтай (гэрэг хэлээр daos –дак гэдэг нь чоно гэсэн үг аж).
“Дак-романы болон тэдний залгамж үеийнхний түүхэнд чоно гурав дахь удаагаа домог болон гарч ирсэн нь ХШ зуун. Чингис хаан, түүний үр удмынхны их довтолгооны үр дүнд Румыны ванлигууд үүсэн байгуулагдсан нь цаанаасаа хувь тавилантай учир нь Чингис хааны язгуур нь дээд тэнгэрээс заяатай хөх чоно нэгэн согоотой ижилссэнээр үүссэн гэж домогт өгүүлдэг” хэмээн Мирча Элиада бугай тэмдэглэжээ. /“Залмоксис бурхнаас Чингис хаан хүртэл”, Бухарест, 1980 он, тал 37/
Бат хааны цэргүүд 1241 онд төв болон дорнод Европыг дайлах үед Румыны дорнод хэсэг эзлэгдэж, нэгэн зууны туршид Монголын ноёрхол дор байв. Ийнхүү ХШ, ХIV монголчууд Румыны нутагт суурьшсанаар тус улсын жижиг жижиг омог отгуудыг ванлиг болгон цогцлооход, тухайлбал Мунтени 1330 онд, Молдова 1359 онд үүсэн байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн Румын Улсын Академийн сурвалжлагч гишүүн, др. проф Виржил Кындя “Румын, Монголын хэлхээ холбоо“ хэмээх бүтээлдээ цохон тэмдэглэсэн байдаг.
Алтан ордоны улс Румын хүртэл уудам газар нутагтай байсан бөгөөд Буча, Орос, Крымын ванлигуудаар дамжуулан Монгол, Румын хоёр хэдэн зууны туршид айл зэргэлдээ оршин байсан агаад аль аль нь дотоод гадаадын хүчин нөлөөнөөс шалтгаалан хүчин сулардаж тухайн үед хүчирхэгжиж байсан Отоманы эзэнт улсад эзлэгдсэнээр харилцаа нь ч бүдгэрчээ. Гэхдээ тэд хамтдаа Европ руу хийсэн туркчуудын аян дайнд оролцож байсан тухай, тухайлбал 1683 онд Венийг дайлахад, мөн австричуудыг Трансилванийн Зэрнэшт хэмээх газарт ялахад оролцсоныг түүхэн хуудаснаа тэмдэглэн үлдээжээ.

Румыны нутгаар монголчууд нааш цааш чөлөөтэй холхилдож байсны ул мөр Карпатын нурууны Том Татаар, Бага Татаар нэртэй оргилууд, Татаар, Татаарка нэртэй олон тосгодын газар зүйн нэр томъёогоор илэрдэг төдийгүй дундад зууны Румын дэх татвар гувчуурын шавыг монголчууд тавьсан хэмээн румын түүхчид үзэх нь бий, татвараас чөлөөлөгдсөн бүтээгдэхүүнийг тархан /дархан/ гэдэг байжээ. Өмчийн баталгаа болгон малыг улайсгасан төмрөөр тамгалдаг заншил мөн л монголчуудаас улбаатай.
Гуравдугаар үе бол ХХ зуун. Монголын ард түмний үе үеийн баатарлаг охид хөвгүүдийн олон зууны тэмцлийн үр дүнд манай улс 1911 онд харийн дарлалаас чөлөөлөгдөн тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа сэргээн тогтоосон бол румыны ард түмэн 1918 онд Их Румын улсаа цогцлоосон юм.
Дэлхийн 1, 2 дугаар дайн олон улсын нөхцөл байдлыг орвонгоор өөрчилж, улс орнууд колоничлолоос чөлөөлөгдөн бие даан тусгаар улс орноо байгуулах болсон билээ. Чухамдаа хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж, түүний үндсэн зарчимд тулгуурлан улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн нь цор ганц оронтой харилцаатай байсан манай улсын хувьд бүрэн эрхт байдал тусгаар тогтнолоо улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн юм. Дээр өгүүлсэнчилэн 1950 оны дөрөвдүгээр сар гэхэд хоёр хөрш болон БНАСАУ, Албани гэсэн дөрвөн улстай дипломат харилцаатай байсан манай улс төв болон дорнод Европын зургаан улсаар тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хүлээн зөвшөөрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм.
1950 оны дөрөвдүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоосноос хойш ялангуяа монголын тал 1963-1997 онд, румыны тал 1964-1995 онд элчин сайдын яамаа хоёр улсын нийслэлд тус тус нээн ажиллуулсан үед хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, эрх зүй хийгээд хүмүүнлэгийн салбарт ихэд идэвхитэй өрнөж өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжиж, нам, үйлдвэрчин, соёл, урлаг, спорт болон хүүхдийн байгууллагын шугамаар зочид, амрагчид солилцож байв.
Румыны улс манай улсын эдийн засгийг дэмжихэд багагүй анхаарч, сүлжмэлийн үйлдвэр, мебель картоны комбинат хөнгөлөлттэй зээлээр барьж, тэнд ажиллах инженер, техникчдыг үнэ төлбөргүй сургаж өгсөнөөс гадна бүтээгдэхүүнийг худалдан авч байлаа. Тухайлбал, монгол, румыны инженер, техникчдийн хамтын хөдөлмөрөөр 1984 онд сүндэрлэсэн мебель-картоны комбинат жилд 15 мянган иж бүрэн мебель тавилга, 2 сая квадрат метр нарс, хар модон хуулга, 1500 тонн картон үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бөгөөд хуулгийг Румын, Унгарт гаргадаг байсан төдийгүй Японы технологийг нэвтрүүлснээр ариун цэврийн цаас үйлдвэрлэж хойд хөршид нийлүүлж байжээ. 1990-ээд оноос хоёр улс аль аль нь эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний тогтолцоонд шилжиж, гадаад улс орнуудын мэргэжилтэн ажилчид Монголыг орхин гарч байсан тэр цагт румыны тал инженер техникчдээ нэмэн ирүүлж уг үйлдвэрийг хувьцаат .компани болгон өөрчилж, тэнд ажиллаж байсан нийт хүмүүсийг хувьцаа эзэмших эрхээр хангаж ашигтай ажиллан зээлийг богино хугацаанд төлж барагдуулан өргүй үйлдвэр болсон байлаа. Гэтэл Монгол Улс маань шинэ тогтолцоонд шилжин өмч хувьчлал явагдах үед мэдээлэлд ойр байсан, хялбар хөрөнгөжих атгаг санаа бүхий зарим этгээд асар хорлонтой үйлдлээрээ тус комбинатыг 1995 онд дампууруулж, машин тоног төхөөрөмжийг төмрийн сэг мэтээр вагон вагоноор ачаалж урд хөрш рүү гаргаж байсныг тэнд чин сэтгэлээсээ ажиллаж байсан олон хүн нулимс дуслуулан ярьдаг. Тэгээд ч румыны тал тэр онд Элчин сайдын яамаа “санхүүгийн” гэх шалтгаанаар хаасан болов уу.

1985-1990 оны хугацаанд багс, бийр, сойзны үйлдвэр, хуванцар эдлэлийн үйлдвэр шинээр барих, сүлжмэлийн үйлдвэрийг өргөтгөх зэргийг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр яригдаж байсан боловч амжаагүй билээ.
Мөн хөнгөлөлттэй зээлээр румын инженер, ажилчидтай мөр зэрэгцэн ажиллан монголчуудын хоёрхон жилийн дотор сүндэрлүүлсэн 2100 хүний суудалтай циркийн барилга олон жил манай нийслэлийг чимэглэж ирсэн төдийгүй хүүхэд залуучууд гэлтгүй хүн бүрийн очих дуртай газрын нэг, дэлхийд танигдсан монгол циркийн урлагийн бахдам уурхай байж билээ. Энэ барилга 8 га талбай бүхий эзэмшилтэй байсан нь шуналтангуудын гараар ороод дашийн шог.
Хоёр улсын хооронд тасралтгүй хөгжиж буй салбар бол боловсролын салбар, 1957 онд анхны монгол охид хөвгүүд Румынд нефть хайгууль, румын хэл утга зхиолын мэргэжлээр суралцаж эхэлснээс хойш эдүгээ хүртэл архитектур, геологи, усан барилга байгууламж, сүлжмэл, ой модны инженер, нүүрс, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, биологи, мэдээллийн технологи, эрх зүй, эдийн засаг, санхүү, банк зэрэг салбарт 200 орчим мэргэжилтэн бэлтгэгдэн тэд өөр өөрсдийн салбарт сайн ажиллаж буй. Тэрчилэн микробиологи, архитектур, усан барилга зэрэг салбараас манай 10 гаруй доктор төрсөн бөлгөө. Энэ хугацаанд 5 румын оюутан монгол хэл, утга зохиолын чиглэлээр суралцсанаас нэг нь Улаанбаатарт докторын зэрэг хамгаалсан бөгөөд хоёр нь дипломат албанд элчин сайдын зиндаанд хүртэл дэвшин ажиллаж байна. Монголд Румынээс анх түрүүнд суралцаж төгссөн агаад өдгөө ч Монголын өргөмжит консулаар ажиллаж буй Родика Поп Францын монголч эрдэмтэн Мари Доминик Эвэн (Even Marie-Dominique)-тай хамтран Монголын нууц товчоог франц хэлээр орчуулан хэвлүүлсэн. Өдгөө Румын Улсын Гадаад харилцааны яамандаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Траян Христеа Монголд Европын Холбооны Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол-румын хэлний толь бичиг хэвлүүлсэн нь оюутан судлаачдын ширээний ном болжээ.
Хоёр тал урлаг, соёл, спортын талбарт өргөн хамтран ажиллаж сонгодог, ардын хийгээд орчин үеийн урлагийн нэрт олон олон жүжигчид, хөгжмийн зохиолч, зураач, зохиолчид харилцан айлчилж, уран бүтээлээсээ танилцуулж байсны дээр олимп дэлхийн аваргад хүрэх замаа засаж байсныг дурдахад таатай байна.
Монгол, Румыны харилцаа сүүлийн жилүүдэд энхэл донхолтой замаар алгуурхан явж байна. Энэ нь нэг талаас түрүүч дэглэмийн үед Румыны талаар манай эрх баригчдын зүгээс баримталж байсан болгоомжлох сэтгэхүй, нөгөө талаар хоёр улс аль аль нь ардчилал, зах зээлийн дэглэмд шилжин, гадаад бодлогын тэргүүлэх чиглэлдээ шинэ хандлага баримтлах болсонтой холбоотой болов уу.
Гэхдээ Румын улс төв болон дорнод Европ дотор хүний болон эдийн засгийн чадавхи сайтай, газрын хэвлийн болон хөрсөн дээрх баялаг арвинтай бөгөөд Ази, Европ, Африкийг холбосон их замын уулзвар дээр оршдог, Европын Холбоо, НАТО-гийн гишүүн орон. 2022 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ 29690 евро байсан нь хөрш зэргэлдээ орнуудтай нь харьцуулбал муугүй үзүүлэлт. Газрын тос хийгээд ховор элементийн /уран, литиум гэх зэрэг/ олборлолт, үйлдвэрлэл чамгүй хөгжсөн нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг цаашид харилцан ашигтай хөгжүүлнэ гэдэгт найддагаа эцэст тэмдэглэсү.
Ахмад дипломатч Р. Янжмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)