Т.БАТСАЙХАН

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнгөрсөн бямба гарагт тохиолоо. Хэвлэл мэдээллийн салбарынхан энэ өдөр УИХ-аар хэлэлцэгдэж буй  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.  

 

О.Алтангэрэл: Төр та бүхний сул талыг өөртөө ашиглаж байна

 

Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.  Тэрээр “ Эрүүгийн хуулиар, зөрчлийн тухай хуулиар маш олон хүн шийтгэгддэг. Эрүүгийн хууль нийгмийн харилцааг хамгаалдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө байх ёстой гэж үзэж, энэ эрх чөлөөг хамгаалахыг хүсэж байгаа бол хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Нэг зүйлийг ам бардам хэлэх юм бол өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хамгийн сайн хуулийн төсөл болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ байж болох бүх талаар нь сайжруулсан. 40 гаруй хуульд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зүй бусаар хөндсөн байна гэх дүгнэлт гарсан.  Хууль санаачлагчийн зүгээс таван зүйлийг л багтаая гэж бодсон. Нэгдүгээрт, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, сэтгүүлчийн тодорхойлолтыг тодорхой болгох. Мэргэжлийн сэтгүүлчид уг хуулиар илүү хамгаалагддаг байх ёстой. Харин контент бүтээгч зэрэг бусад хүмүүсийг энэхүү хуулиар хамгаалах боломжгүй. Энэ бол хамгийн том концепц. Сүүлдээ нийгэм хэн чанга хашхирсан, хэн бүдүүлэг, ёс зүйгүй, сенсаацтай байгаагийнх нь талд орох хандлагатай болж байна. Даацтай материал, сайн тойм ховордчихлоо гэж би боддог. Сэтгүүл зүйн жинхэнэ бүтээлийг үзэж, түүнийг гаргадаг хандлага багасаад байна уу гэж харж байна. Энэхүү хуулийн төслийг батлах эсэхийг хууль тогтоогчид шийднэ. Хэвлэл мэдээллийн тухай хуулийн төслүүд батлагдалгүй эргэж, буцсан шалтгаануудыг харахаар яг үнэндээ энэ салбар өөрсдөөсөө болсон байдаг. Хэвлэлийн салбар эрх, эрх чөлөөнийхөө төлөө нэгдмэл байх ёстой. Энэ сул талыг төр өөртөө ашиглаж, салбарын эрх ашгийг баталгаажуулахыг хүсэхгүй явж ирсэнтэй холбоотой юм” гэв.

 

 

Индекс: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр долоон байраар ухарчээ

 

Тэгвэл судлаач, доктор С.Амартүвшин Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос өнгөрсөн онд 109-д жагсаж байсан бол энэ удаад 102 дугаар байрт орж долоон байраар ухарсан тухай мэдээллээ. Энэ нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орнуудын тоонд удаа дараа орж, эрх чөлөөгөө алдаж буй харамсалтай судалгаа хэмээн илтгэлдээ дурдсан юм. 
“Reporters Without Border” (RSF) агентлагаас зарласан энэ жилийн тайланд Ази-Номхон далайн бүс нутагт мэдээ, мэдээллийг гол төлөв эдийн засгийн аргаар хааж, хянаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, найдвартай мэдээллийн эх сурвалжийг олж авахад хохирол учруулж байна гэжээ.  Түүнчлэн редакцын бодлогод хөндлөнгөөс оролцох боломжийг хэвлэлийн байгууллагууд олгож байна. 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр тус бүс нутгийн 32 улс орон, нутаг дэвсгэрийн 20 нь эдийн засгийн үзүүлэлтээр буурсан нь анхаарал хандуулах хэрэгтэй байгааг “RSF” сануулав. Монгол Улсын хувьд 2024 онд 180 орноос 109-т жагсаж байсан бол 2025 онд 102-т жагссан байна. Хэдийгээр үзүүлэлтүүд урагшилсан байх боловч аюулгүй байдлаараа 105-аас 112 болж ухарчээ. “RSF”-ийн үзүүлэлтэд дурдснаар, Монгол Улсад сэтгүүлчдийг гүтгэсэн хэрэг нэмэгдэж байна. Мөн хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэвлэлийн өмч, хэрэгсэл бизнес, улс төрийн элитүүдийн гарт төвлөрч байгаа зэргээс шалтгаалан хэвлэлийн эрх чөлөөний байдал нь “хэцүү” гэж дүгнэж байна” гэжээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “2005 онд би Швед рүү судалгаанд явж байсан. Тэр үед хууль батлагдчих юм шиг л баярлаж, хөөрч явсан. Гэтэл 20 жил өнгөрчихсөн байна. Манай салбарын хуулийг баталдаггүй, жоохон маргаан үүсгээд л орхичихдог. О.Алтангэрэл сайдын өргөн барьсан хуульд би сэтгэл ханамжтай байгаа. Гэхдээ дахиад янзлах зүйлс байна. Үүнийг болиод Хүний эрх, эрх чөлөөний тухай хууль руу явах юм бол манай салбар байхгүй болно шүү. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүйн хууль, салбарын хууль. Энэ нь Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай хууль биш. Үүн дээр Ч.Лодойсамбуу гишүүн бид хоёр санал зөрөлдөөд байгаа. Энэ нь 100 гаруй жилийн түүхтэй салбарын хууль. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй” гэв. АН-ын гишүүн Э.Бат-Үүл “Хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том аюул, хязгаарлагч нь төр. Төрийн нууцыг олох нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны оргил юм. Сэтгүүлчид нууц олох эрхээ алдвал бизнесээ алдана” гэдгийг мөн хэллээ. 

 

“Мэдэх эрх бол иргэн үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр хангагдах эрх”

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ НҮБ болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр “Хиймэл оюун ухааны эрин үе-үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулав.   Энэхүү үйл ажиллагааг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ина Марчюлёните, ХЭҮК-ын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид нар үг хэлэв. Д.Сүнжид хэлсэн үгэндээ “УИХ-аас 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар хэвлэл, мэдээллийн салбар дахь сэтгүүлчийн хараат бус, бие даасан, олон ургалч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн үндсийг тавьсан.  “Хэвлэлийн эрх чөлөө”, “хүний эрх” хаана нэг цэгт огтлолцдог вэ гэхээр нэг талаас сэтгүүлчийн мэдээ, мэдээллийг хайх, олж авах, хүлээн авах, түгээх зэргээр түүний мэргэжлийн үйл ажиллагаа нөгөө талаас иргэний мэдэх эрхийг хангахтай салшгүй холбогддог. Тодруулбал, мэдэх эрх бол иргэн үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр хангагдах эрх юм. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгааг нэмэгдүүлж, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтэд бодитой, үнэн зөв, ил тод мэдээллийг хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тал бүрийн оролцоог хангаж ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна” гэлээ. 
Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт “Глоб Интернэшнл” төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал сэдвээр илтгэл танилцуулав. Мөн энэ хэсэгт “Дижитал эрин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлгийн панелистаар, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Д.Идэржаргал, “Мезис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин, “Mashine Learning UB” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Билэгсайхан, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Т.Батсайхан нар оролцож, “Монголын залуучуудын эвсэл”-ийн Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа чиглүүлэв. 

 

Судалгаа: Төрийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг

 

“Глоб интернэшл” төв нь жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа”-г хийж, танилцуулдаг уламжлалтай бөгөөд 2024-2025 оны судалгааны онцлох үр дүнгээс танилцуулсан юм. Судалгаанд хамрагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамгийн ихээр тулгарч буй асуудлуудын тэргүүнд  төрийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг явдал  гэж 67 хувь, эрх ашгийг нь хамгийн их зөрчдөг субъектээр эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гэж 58 хувь нь хариулсан байна. Түүнчлэн хувийн аюулгүй байдал болон эх сурвалжийн аюулгүй байдал чухал гэж судалгаанд оролцогчдын 65-66 хувь нь онцолсон нь анхаарал татахуйц байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 83 (7580)