Ц.БАЯР

Боловсролын салбарт 28 дах жилдээ ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Дэлгэрмөрөн” сургуулийн захирал Б.Гантулгатай ярилцлаа.

- Танай сургууль энэ хичээлийн жилд улс, бүсийн олон уралдаанд голдуу тэргүүлэх байруудад шалгарсан байна?                                         

-Улсын уралдаан тэмцээн, олимпиад болон ЭЕШ-д оролцоно гэдэг бол багш, сурагчдын олон жилийн хөдөлмөр байдаг. Улсын олимпиадад оролцохоор манайхаас багш, сурагч нийлсэн 38 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ удаагийн улсын олимпиадаас Хөвсгөл аймаг 21 медаль хүртсэний 10 нь Дэлгэрмөрөн сургуулийнх байлаа. Сайхан амжилт гаргасан багш, сурагчдаараа бахархаж байна. Мөн манай багш нар есдүгээр сарын 01-ээс зургаадугаар сарын сүүлч хүртэл  сурагчдынхаа амралт хүртэл ямар шинэ арга зүйгээр хичээлээ заах талаар судалж бэлтгэдэг.Хичээсний үр дүнд  багш сурагчид маань ийнхүү амжилт гаргаж, баяр хөөртэй байхыг харах сайхан байна.  

- Уралдаан тэмцээнд тогтмол оролцох нь багшийн болон хамт олны ур чадвар, сурагчдын сурлагын чанарт хэрхэн  нөлөөлдөг вэ?

- Манай сургуулийн хувьд баримталдаг нэг зарчим бий. Онолтой хүн арга зүйг судалж болно. Багш нараа авахдаа ч онолоо сайн судлаарай гэж захидаг. Онолдоо суурилж арга зүйгээ боловсруулж ажилладаг. Залуу багш манай сургуульд орж ирээд ахлах ангийн сурах бичгийн даалгавар дасгалаа дэвтэрлэж хийгээд эхэлдэг. Заадаг судлагдахууныхаа бага, суурь, ахлах түвшинд хөтөлбөрөө судалж, багшлахуйн арга зүйд суралцан, ээлжит хичээлээ суралцахуйгаа хэрхэн чиглүүлэхээ сайн төлөвлөн бэлтгэж, онолын агуулгаа өөрийн болгож орох нь багш хөгжиж, хичээл хүүхдэд өгөөжтэй байхын үндэс болдог. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн хүрээнд хоёр долоо хоногт нэг удаа онолын сорил, тэнхим улиралд нэг удаа,  сургуулийн түвшинд жилд хоёр удаа багшийн мэргэжлийн онолын сорил, чансаа тогтоох шалгалтууд авч, үр дүнгийн мөрөөр нь сайжруулах төлөвлөлт гарган ажиллаж хэвшсэн.

-Багш нар ачаалал ихтэйг хэн бүхэн мэднэ. Дээр нь өөрийгөө улсын хэмжээнд сорино гэдэг их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах байх. Энэ бүгдийг хэрхэн зохицуулж ажилладаг вэ?

- Бид ямар ч шалгалт, зөвлөгөөнд бэлтгэлтэй байдаг.Учир нь хичээл эхэлснээс хойших бүхий л хугацаанд ур чадвар, арга зүйгээ сайжруулахын төлөө манай багш нар багаар ажиллаж, өөрсдийнхөө шинэ санааг бусадтайгаа хуваалцдаг. Ийм үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг болохоор амралтын өдөр сунгах шаардлагагүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, багш хичээлээ заах болон багаар ажиллах явцад шинэ санаа хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаж, долоо хоногт нэг удаа багаар ажиллах хурал, хэлэлцүүлгээ хийнэ. Ганцаараа биш багаар илүү амжилт гаргах гэж бид хичээн ажилладаг. Энэ нь багшийн ур чадварт ч нөлөөлнө. Багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжих мэргэжлийн хөгжлийн бүлгийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн сайн байгаагийн илрэл юм.

- Аль ч сургуульд багш нар тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл чухал байна. Энэ тал дээр танай сургуулийн туршлагыг сонирхъё?  

- Багш нар сэтгэлээсээ ажлаа хийдэг.Ихэнх багш нар эзэмшсэн мэргэжилдээ дуртай, хайртай нь анзаарагддаг.Гэсэн ч авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүйн улмаас өөр мэргэжлээр ажиллах тохиолдол бий. Иймд багш нарын нийгмийн асуудлыг дэмжиж, цалинг нэмэх хэрэгтэй. Ингэж чадвал  багш нар илүү их амжилт гаргах боломжтой гэж хардаг. Манай сургуулийн тухайд хүний нөөцийн хувьд тогтвор суурьшилтай болж, аймагтаа тэргүүлэх зэрэгтэй олон багш нар төрсөнд үнэхээр баяртай байгаа.

-Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сургууль 3000 гаруй сурагчтай юм байна. Нэг багшид хэдэн хүүхэд, өдөрт хичээлийн хэдэн цаг оногдож байна вэ? Ачааллыг хэрхэн зохицуулдаг бол?

-Манай сургууль 86 бүлэгтэй, бүлэг дүүргэлт 40 гаруй, нэг багшид ногдох долоо хоногийн цагийн ачаалал дунджаар 23, математик, байгалийн ухааны судлагдахууны багш нарынх дунджаар 25, түүнээс дээш байна. Хүний нөөц харьцангуй тогтмол байдаг болохоор үүнийг ачаалал гэж үздэггүй, мэргэжлийн багш нар хамтын ажиллагаагаараа тал талын ажлаа даана.  Суралцахуйг үргэлж судлан, шинэд суралцаж, онол судалгаа, арга зүйгээ цогцоор нь авч,  багшлахуйдаа ахиц гарган ажилладаг багш нараараа бахархаж, талархаж явдаг аа.

-Сурагчдын сурлагын, боловсролын, хүмүүжлийн чанар, үр дүн эцэг эх, гэр бүл, багш, бусад гээд олон талын хамтын ажиллагаанаас шалтгаалах байх. Үүн дээр та бүхний хамтын ажиллагааны туршлага, эцэх эхчүүдийн оролцоо?   

-Хүүхэд бүрийн  сурах зорилгоо ухамсарлан идэвхтэй суралцах, хөгжих орчин нь таатай байх, сургуулийн ажил, үйлчилгээ тогтвортой байхад эцэг эхийн оролцоо дэмжлэг маш чухал. “Дэлгэрмөрөн” сургууль 3000 гаруй хүүхэд, түүний ард байгаа 2000 гаруй гэр бүл, 5000 гаруй эцэг эх асран хамгаалагч, 170 гаруй багш, ажиллагсад түүний гэр бүл бүхлээрээ нэг алсын хараанд зорилгоо тавин, хамтран ажиллаж байгаагийн үр дүн олон зүйл дээр тод харагдаж байгаа.Тухайлбал, “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийг сургалт боловсролын арга зүйд суурилсан арга зүйгээр амжилттай хэрэгжүүлж, бүс улсад туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Монгол Улсад төрөлжсөн ахлах сургуулийг туршиж байгаа энэ хугацаанд манай сургууль математик, байгалийн ухааны чиглэлээр шинжлэх ухааны ахлах сургуулийн туршилтын хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилээс Монголын Боловсрол сургалт үйлдвэрлэлийн түшиц сургууль болсон. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн “Түмэн бодис” хичээлийн хөтөлбөр сайжруулах туршилт манай сургууль дээр амжилттай хэрэгжсэн.

Товч танилцуулга:

          “Дэлгэрмөрөн”  ЕБС нь 3065 гаруй сурагчтай, 86 бүлэгтэй. 171 багш, ажилтантай. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр хоёр жил дараалан нэгдүгээр түвшинд үнэлэгдээд байна. 2024-2025 оны хичээлийн жилд улсын олимпиадын хоёрын даваанд нийт 18 алт, 39 мөнгө, 30 хүрлийг тус тус авч, бүсийн  дөрвөн олимпиадаас нийт 27 медаль, улсын олимпиадын 3-ын даваанаас гурван алт, зургаан хүрэл медаль авсан. “Интеграцид суурилсан багшлахуй, суралцахуй” 2025 оны улсын шилдэг илтгэлийн уралдаанд тус сургуулийн байгалийн ухааны баг дэд байр эзэлж мөнгөн медаль хүртсэн.Олон улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд оролцохоор одоогоор сургуулийн гурван сурагч эрхээ авлаа.