П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Зүүний үзүүр дээр ганц будаа тогтох шиг зүйрлэшгүй ховор тохиолоор төрдөг хүмүүний орчлонг ижил заяагаар мялаасан ихэр дуучин Г.Алтанхундага, Г.Алтанбагана нарыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа онцолж байна. Уйлж биш дуулж төрсөн болов уу гэлтэй тэдэнд тансаг хоолой хүртэл ижилхэн заяажээ.

 

Хошин зан, хорших хоолой нь ижилхэн царайнаас нь ялгаагүй адилхан

 

Говь, хангай, тал хээрийн үзэсгэлэнт байгаль хосолсон Баянхонгор аймгийн Богд сумын малчин Ган-Эрдэнийд ихэр хөвүүд төрсөн сургаар эрлийн хүн өнжиж, хонины хүн саатаж сониучирхан зочилно. Өдрийн од шиг энэ тавилан тэдний удамд харин цөөнгүй гэнэ. Ижий аавыг ивээсэн хоёр талын удмыг татаж ураг бүрэлдсэн нь энэ аж. Хоёр амь тээж байгаа таван сартай ээжийн гэдэс төрөх дөхсөн мэт том. Тиймдээ ч сумын эмч удахгүй төрнө гэж эмнэлэг аваад явчихна. Эхо гэж байхгүй тухайн үед хэвлийдээ үрээ тээсэн ээж уламжлалтын Дашням эмчээр судсаа бариулж, давхар цохилтоо тэмдэглүүлээд суман дээр очиж үзүүлчхээд цагтаа төрөхөөр харьсан гэдэг.

Алтан дэлхийд мэндэлсэн алдрай бяцхан үрсийнхээ дуудах нэрийг аав нь хайрлажээ. Ингэхдээ ах, эгчтэй нь ижилсүүлж, хос тавиланг бэлгэдэж Г.Алтанбагана, Г.Алтанхундага гэж нэрлэсэн аж. Хошин зан, хорших хоолой нь энэ бие, ижилхэн царайнаас нь ялгаагүй адилхан санагдана. Ижий аав нь эндүүрэх тохиолдол цөөнгүй байсан тэдний төрхийг харин одоо энхрий бяцхан үрс нь андуурдаг гэнэ. Цаашлаад Г.Алтанхундагын хамт олон болох Үндэсний урлагийн их театрынхан андуурсан тохиолдол цөөнгүй.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 82 (7579)