Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
“Ижий бурхад” буландаа энэ удаа Монголын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч Самбуугийн Мааяа, түүний ээж Монгол Улсын гавьяат эмч Дугарын Дэнсмаа нарыг онцлон дурсаж байна.
МАЙН НЭГЭНД ТӨРСӨН БОЛОХООР МААЯА НЭРТЭЙ БОЛСОН
Хөгжмийн зохиолч, Монголын циркийн анхдагчийн нэг, урлаг соёлын нэрт зүтгэлтэн С.Мааяа гэхээр өнөө цагийнханд төдий л танил биш санагдаж мэднэ. Харин түүний зохиосон “Хүүхэн хүний хүслэн”, “Таксийн цоохор машин”, “Болзоо”, “Хэрвээ би эр хүн байсан бол” зэрэг дууг нь олон хүн мэднэ. Тэр ч бүү хэл “Сайн уу, муу юу аль нь вэ хө” хэмээн цэцэрлэг, сургуульд дуулж өссөн бүхэл бүтэн үе бий.
Ийм нэгэн эрхэм хүнийг онцлон дурдаж буй нь учиртай. Өчигдөр түүний 100 насны төрсөн өдөр байлаа. Майн нэгний өдөр төрсөн болохоор аав ээж нь түүнд тавдугаар сарын орос нэрийг өгч энэ нь явсаар Мааяа болсон гэж ярьж байсан юм.
Мааяа эгчтэй 1998 онд танилцсан. Дал гарсан гэж хэлэхээргүй дэгжин гоё эмэгтэй байж билээ. Намуухан гоё ярина. “Баянгол” рестораны хажууханд байх гэрт нь мөн ч олон очиж амттай котлет, пирожкигоор нь дайлуулсан даа, би. Уулзах бүртээ Мааяа эгчээс хэн нэгний тухай сайхан дурсамж сонсож, шинэ санаа олж авдаг сан. Гэхдээ тэрээр хэзээ ч өөрийгөө магтахгүй, нөхдийнхөө тухай л ярина. Аав, ээж, ханийнх нь тухай зорьж л асуухгүй бол тэр бүр ам нээхгүй. Энэ нь багадаа амссан хэлмэгдлийн хар шуурганы нөлөө гэдгийг Мааяа эгчийн багын найз, С.Гэндэн сайдын охин Цэрэндулам гуай хэлж байсан юм. Тэр хоёр хар нялхаасаа салаагүй. Аавыг нь цаазалж, ээжийг нь барьж хорьсон хар өдрүүдэд хань болсон найздаа Мааяа эгч жигтэйхэн хайртай.
Мааяа эгчийн уран бүтээлийн жагсаалтад нийтийн дуу 60 гаруй, симфони болон үлээвэр найрал хөгжимд зориулсан бүтээл 15 орчим бий гэсэн тойм тоо бий. Тэрээр олон яруу найрагчийн шүлгийг аялгуугаар амилуулж, ард түмний амандаа хүлхэх дуртай дуунуудыг төрүүлсэн нь өдгөө ч эгшиглэсээр байгаа билээ. Тэдгээрээс цөөнгүй нь хүүхдэд зориулсан бүтээл байдаг юм. Ш.Сүрэнжав найрагчтай “Яагаад”, “Миний ном”, “Хэрвээ би эр хүн байсан бол”, Д.Пүрэвдорж найрагчтай “Яая даа, яая даа зүрх минь”, “Хорвоо амгалан байг”, Ж.Бадраатай “Хүүхэн хүний хүслэн”, “Чамтайгаа би”, “Зүүд”, П.Бадарчтай “Тэр бидэнд хайртай байсан юм” зэрэг олон дуу хамтарч бүтээсэн. Тэрээр өөрөө ч олон шүлэг бичиж аялгуу оруулсан байдаг юм.
“ЭЭЖИЙГ МИНЬ ЭСЭРГҮҮНИЙ ЭХНЭР ГЭЖ НЯЛХ БИЕТЭЙД НЬ ШОРОНД ХОРЬЖ БАЙСАН”

1999 онд С.Мааяа гуайтай “Ээжийг минь эсэргүүний эхнэр гэж нялх биетэйд нь шоронд хорьж байсан” гэсэн ярилцлага сонинд нийтлүүлж байв. Энэ ярилцлагаас хэсэглэн толилуулъя.
...С.Мааяа эгч огт зүгээр суудаггүй хүн юм. Ажлын гэж нэрлэдэг намхан ширээн дээр нь үзэг, цаас бэлэн зэхээстэй. Хэрэв түүнд ямар нэг сонин санаа, сэдэв төрвөл шөнө байсан ч хамаагүй босоод бичиж тэмдэглэж авна. Тэр Монголын урлаг соёлын тэнгэрт од болон гялалзах олон сайхан хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж, найзалж, нөхөрлөж явсных тэднийхээ тухай дурсамж хөрөг бичиж хойч үедээ үлдээх өртэй гэж өөрийгөө үздэг.
Тэр бас их нямбай. Аав ээж, найз нөхөдтэйгөө холбоотой гэрэл зураг, ном сонин сэтгүүл, өөрийнхөө бүтээл, бичсэн тэмдэглэлээ ч нандигнан бүгдийг нь төрөлжүүлж эгээ л музейн үзмэр мэт тайлбар сэлт хийн хадгалсан байдаг. Аавыгаа Зөвлөлтөд Элчин сайдаар ажиллаж байхад буюу 1936 онд ээжтэйгээ авхуулсан гэрэл зураг бүхий дипломат паспорт нь цагийн эрхээр хуудас нь жаахан шарласнаас өөр сэвгүй өчигдөрхөн хэрэглэж байсан мэт хэв хэвээрээ.
-Унасан газар, угаасан ус уран бүтээлчийн онгод хийморийг хөглөдөг гэж ярьдаг. Тийм болохоор таны төрсөн газар, аав ээжийн тань тухай сонирхмоор байна?
-Би 1925 онд төрсөн, Улаанбаатар хотын унаган иргэн. Аав минь цэргийн хүн, 1937 онд эсэргүү гэж баригдаад цаазлагдсан анхны 12-ын нэг. Ээжийг 1938 онд төрөөд удаагүй, нялх биетэй байхад нь эсэргүүний эхнэр хэмээн шоронд хийж хагас жил илүү болсны дараа сулласан. Тэгэхэд би арваадхан настай байсан болохоор нарийн ширийн зүйлийг тэр бүр мэдэхгүй. Гэхдээ л аавыг бариад явсан өдрийг, ээжийг минь үхлүүт байхад эмнэлгээс эмчлэхгүй гаргаж, нялх дүү минь нас барж, түүнийгээ цайны модон хайрцагт хийгээд хятад тэрэгчний хөлсний тэргээр аваачиж оршуулж байснаа мартдаггүй юм.
Тэрнээс хойш ээжийг минь эсэргүүний эхнэр гээд ажилд авахгүй, намайг сургуульд суралцуулахгүй, амьдрал ховор тарчиг, орох оронгүй амьдарч явсан. Гэхдээ ээж минь амьдралын хүнд бэрхэд шантарч сөгдөөгүй хэдэн хүүхдээ хүний дайтай өсгөж өөрөө сурч хөдөлмөрлөхийн үлгэр жишээг бидэнд биеэрээ үзүүлсэн гайхамшигтай хүн. Ээж нас ахисан гэлгүй дээд сургуульд сурч эмчийн мэргэжил эзэмшиж, Монголд рашаан сувиллын суурийг тавилцан эрдэмтэн, гавьяат эмч болтлоо ажилласан. Ноднин “Оргил” рашаан сувиллынхан ээжийн 90 насны ойг их мундаг тэмдэглэсэн.
Би таван дүүтэй, айлын ууган охин. Миний удаах дүү Зориг уулын спортын хүн, Энхтуяа эмч, Занабазар кино оператор, Энхбазар хөгжмийн зохиолч, Нарантуяа судлаач.
-Таныг циркийн анхны жүжигчний нэг байсан гэдэг.
-Миний хойт аав Раднаабазар циркийн хүн байсан юм. Тэгээд 1940 оны есдүгээр сард Циркийн сургууль байгуулагдахад намайг оруулсан. Хоёр жижигхэн хавтайгаа хамт сурдаг боллоо. Тэгээд гудамжнаас нэг нохой олж аваад гурван нохой тоглуулдаг, акробат, олсон дээрх тэнцвэр үзүүлдэг байлаа. 1941 оны наадмаар манай цирк анхны тоглолтоо хийж би арван хэдхэн насандаа Засгийн газрын Хүндэт жуухаар шагнуулж байв. Л.Ванганы эхнэр Цэрэндолгор, бас Г.Рина, Д.Даарийжав гээд олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Ардын жүжигчин Л.Цогзолмаа манай циркийн жааз хөгжмийн анхны саксафончин, Гончигсумлаа, Мөрдорж нар цэргийн үлээвэр хөгжмөөс ирж байсан юм.
-Циркчин хүн хөгжмийн урлагтай хэдийд холбогдов?
-Хөгжимд багаасаа л дуртай байлаа. 1957 онд Л.Ванган намайг Соёлын яамны Уран бүтээлийн хэлтэст референтээр авлаа. Тэгэхэд Ванганыг дагаад театр, урлаг соёлын газруудаар их явна. Сүүлд Гончигсумлаа “Ирээдүйд Монголд хэрэгтэй хөгжмийн зохиолчдыг одооноос бэлдэх ёстой. Үүний тулд Хөгжмийн зохиолчдын холбоог зохион байгуулах товчоо байгуулъя. Чи ажиллахгүй юм уу” гэсэн. Тэгэхэд манайд мэргэжлийн хөгжмийн зохиолч Гончигсумлаа, Мөрдорж, Дамдинсүрэн гурав л байсан. Тэр гурав бүх юмыг хийнэ. Тэгээд хөдөө, хотоос хөгжимд сонирхолтой авьяастай залуусыг цуглуулж хичээл заадаг, сүүлдээ гадаадаас багш урьж курс хичээллүүлдэг боллоо. Би ч тэр бүгдэд сууна. Нөгөө хэдийгээ дагаж дуу бичих гэж оролдоно. Мөрдорж, Чимиддорж эд нар болж байна гэж урам их өгнө. Ингэж явсаар жаахан дөртэй болохгүй юу.

-Уран бүтээлч хүн нэрд гарч, түмэнд танигдсан бүтээлтэй байхад ар гэрийн амьдрал зайлшгүй нөлөөтэй гэж ярьдаг. Тийм болохоор та ханийнхаа тухай ярьж өгөхгүй юу?
-Миний хань Шарав гэж олон жил дипломат алба хашсан, гэр бүл, үр хүүхдэдээ халамжтай, өндөр боловсролтой сайхан хүн байсан. Бид хоёр 1944 онд гэр бүл болсон. Дөрвөн сайхан хүүхэдтэй. Том хүү Батзориг нисэхийн инженер, охин Сарантуяа эмч, хүү Ананд аавтайгаа адил дипломатч, бага хүү нисгэгч. Одоо ч томчууд нь ээжтэйгээ адил тэтгэврийн болцгоож дээ.
-Та хоёр анх яаж танилцсан бэ?
-Намайг циркэд байхад Шарав хойно сургууль төгсөж ирээд удаагүй байж. Тэр үедээ манайхаар ирдэг байсан болохоор танилцаж дотносоод л гэр бүл болсон. Манай өвгөн ном их уншина. Надад дандаа ном бэлэглэнэ. Залуудаа хэдэн үлгэрийн номоос цааш гардаггүй байсан надад Шекспир, Шиллер гээд сонгодгуудын зохиолыг бэлэглэсээр байгаад номын хорхойтой болгочихсон...
...Нөхрөө дагаж Ази, Африкийн олон орноор явсан. Манай өвгөн 1959 онд Хятадад Элчингээр томилогдож 1962 он хүртэл бид хүүхдүүдтэйгээ Бээжинд амьдарсан. Тэгэхэд Индонези, Лаос, Кампучи, Вьетнамын хэргийг давхар хамаардаг байлаа. 1963 онд Солонгост Элчингээр явахад нь Хөгжмийн зохиолчдын холбооны анхдугаар их хурлаар нарийн бичгийн даргаар сонгогдсон болохоор хамт явж чадаагүй. Хааяа ирж очдог л байв. Харин 1967 онд Африкт томилогдоход нь дагаж явах болоод ажлаа Бирваад хүлээлгэж өгсөн. Алжирт амьдарч, Мали, Гвиней, Марокка, Мавритан гээд Африкийн хэд хэдэн орноор аялах завшаан тохиож байв. Сахаарын цөл гэж нүдэнд бүртийж харагдах ч юмгүй цэлийсэн элсэн далай. Хааяа нэг ганц бөхтэй тэмээ, эсвэл илжиг унасан хүн таарах. Тэд нар нь яг л манай говийнхон шиг найрсаг, илэн далангүй хүмүүс. Тийм элчилгүй их элсэн далайн дунд гэв гэнэт нов ногоон зүлэг, мод найгасан булаг шандтай баян бүрд таарна. Сахаарт их халуун, бараг 70 хэм хүрч халдаг. Хэдэн жилдээ ганц нэг удаа л бороо орно...
Одоогоос 26 жилийн өмнө хийсэн энэ ярилцлага минь сонины шарласан хуудаснаа түүх болон үлджээ.
ЭЭЖ НЬ ЦАГААТГАСАН ТОГТООЛОО АВААД ГАВЬЯАТ БОЛСНООСОО Ч ИЛҮҮ БАЯРЛАЖЭЭ

Мааяа эгчийн ээж Дугарын Дэнсмаа гэж төрүүлсэн зургаан хүүхдийнхээ төлөө амьдралын хэцүү бэрх бүхнийг туулсан ч бууж өгөлгүй тэмцэж, зовлонг дагаж биш сөрж зоригтой зүтгэсэн баатарлаг ижий юм.
Тэрээр 1908 онд Хиагтын Дээд шивээд төрсөн. Түүнийг багад аав, ээж нь Богдод мөргөхөөр Нийслэл хүрээнд ирээд нутаг буцалгүй суурьшсан улс бөгөөд аав нь “Өндөр” Дугар гэж хувьсгалчдын бичиг баримтыг зөөдөг гол холбоочин, жанжин Сүхбаатарын итгэлтэй хүн байжээ. Хувьсгалын үйл хэрэгт тусалж яваад амиа алдсан Дугарын ганц охиныг сургууль соёлын мөр хөөхөд жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуай онцгойлон тусалсан гэдэг. Түүний ачаар Д.Дэнсмаа 1925 онд 17 настайдаа Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын сургууль буюу манайхны нэрлэдгээр КУТВ-т сурахаар явжээ. Төгсөж ирээд Намын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтэс, Дотоодыг хамгаалах газарт ажилласан байна. Улмаар Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Санхүүгийн сургуулийн захирал зэрэг алба хашиж явжээ. 1935 онд Намын төв хорооноос түүнийг Хүний бага эмчийн сургуульд сургаж, эмнэлэгт ажиллуулахаар болж. Хоёр жил сураад төгсөх үед нь улс орныг хэлмэгдлийн хар сүүдэр нөмөрч, айдас түгшүүр, хардлага мөрдлөг айл гэрийн амьдралыг орвонгоор эргүүлж эхэлсэн цаг таарч.
Түүний нөхөр Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн дэд сайд, Бүх цэргийн жанжны хоёрдугаар орлогч, Зөвлөлтөд Элчин сайдаар ажиллаж байсан Монголын анхны генерал Гончигийн Самбууг хувьсгалын эсэргүү хэмээн баривчлахад Д.Дэнсмаа гуай охин С.Мааяагийн хамт үлджээ. Тэр ч бүү хэл 1938 оны намар төрөөд удаагүй нялх биетэй байхад нь эсэргүүний эхнэр, төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон хэмээн баривчилж өвлийн хүйтэнд галгүй гэрт хэдэн сар хорьсон. Энэ үед нялх хүүхэд нь эндэж, охин, хүү хоёр нь хэдэн сараар харж хандах хүнгүй, сургууль соёлоосоо хөөгдөж, эсэргүүний хүүхэд хэмээн ад шоо үзэгдэж байв.
Мааяа эгч энэ тухай “Ээжийг шоронд хоригдсон тэр хэдэн сар мөн ч хэцүү байсан даа. Сургуулиас хөөхдөө хүүхдүүдийг хоёр эгнээ болгож жагсаагаад дүү бид хоёр өөр бас эсэргүүний гэсэн хэдэн хүүхдийг дундуур нь явуулж, тэднээр жигшүүлж байв. Хүүхдүүд их л зэвүүцэн биднийг нулимж, чулуу хүртэл шидэж байсныг бодохоор л дотор харанхуйлдаг” гэж ярьж байсан юм.
Ээж нь есөн сар хоригдоод гарч ирснээр амьдрал арай л гэгээтэй болж, тэд төрсөн эцэг шиг нь ханддаг Ж.Раднаабазар гэж сайн аавтай, бас хөөрхөн дүү нартай ч болж. Гэхдээ аав нь гэнэтийн гэмээр хачирхалтай байдлаар амиа алдсанаар ээж нь зургаан өнчин хүүхэдтэйгээ үлдэж, тэднийгээ өсгөж өндийлгөхийн төлөө борви бохисхийлгүй ажиллаж байсан гэдэг. Ажиллахын хажуугаар их сургуульд сурч, 1951 онд Монгол Улсын их сургуулийн анагаах ухааны сургуулийн анхны төгсөгчийн нэг болж, 43 насандаа хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ.
Намын Төв хорооноос түүнийг НАХЯ-ны харьяа Дотоодыг хамгаалах газрын эмнэлэгт томилсонд дотроо дургүй ч хэдэн хүүхдийнхээ ирээдүйн төлөө шүд зуун зүтгэсэн гэдэг. Хэдэн жил ажилласны дараа Дотоодыг хамгаалахын эмнэлгээс холдож МҮЭ-ийн Төв зөвлөлд рашаан сувилал хариуцсан эмчээр ажиллах болжээ. Энэ үеэс эмчилж анагаах шидтэй рашаан усыг шинжлэх ухааны үүднээс судлан эмчилгээний рашааны тухай ойлголтыг анагаахын салбарт судлагдахуун болгон оруулж ирж, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвих их ажлаа эхэлсэн байна.
Дэнсмаа эмчийн судалгааг түшиглэн рашаанаар анагаан сувилах амралтын газруудыг байгуулах ажлыг төр засгаас дэмжсэн төдийгүй рашаан судлалыг анагаахын сургалтын хөтөлбөрт оруулсан нь энэ салбар хөгжихөд хамгийн том хөшүүрэг болжээ. Түүний мэдлэг оюун, гар бие оролцон бүтээн босгосон “Хужирт”, “Улаанбаатар”, “Оргил”, “Жанчивлан” зэрэг томоохон рашаан сувиллын газрууд өнөөдөр ч амжилттай ажиллаж, ард олныг анагаан сувилах үүргээ биелүүлсээр яваа билээ. Монголд рашаан сувиллыг хөгжүүлэх, рашааны анагаах чадварыг шинжлэх ухааны үндэстэй судлах ажлын үндсийг тавьсан эрдэмтэн Д.Дэнсмааг 1976 онд Гавьяат эмч цолоор шагнажээ. Түүнийг нэлээд хожим цагаатгасан бөгөөд энэ нь гавьяат цол хүртсэнээс нь илүүтэй баярлуулж, үр хүүхэд, ах дүүс, найз нөхдөө урьж найр хийж байсан гэдэг юм.
С.Мааяа эгчийн хувьд ээжийнхээ хамгийн том түшиг тулгуур нь байж дүү нараа харж асрахаас эхлээд амьдралд хөл тавихад нь дэмжлэг болж нэг үгээр тэдэндээ хоёр дахь ижий нь болж амьдарсан юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 82 (7579)