Мэдээлэл, технологийн эрин гэгдэх өнөө үед хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан гэдэг сонирхолтой боловч амаргүй нэн шинэ сорилттой нүүр тулах болсныг бид ярьж, бичих боллоо. Тэгвэл хиймэл оюун ухаан AI нь нэг талаар бидэнд цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн асар их нөөц боломж олгож байгаа бол нөгөө талаар хэтэрхий том эрсдэл авчирч ч мэднэ. Ямартай ч одоогоор дөнгөж шинэ тутам судлагдаж байгаа энэ салбар асар хурдтай хөгжиж байгааг бид өдөр тутмын амьдралдаа мэдрэх болсон. Үүний нэг тод жишээ нь гар утас бүр хиймэл оюун ухааны тусгай хөтөчтэй болохын зэрэгцээ саяхан Италид анхны хиймэл оюун ухаанаар бүтсэн сонинг хэвлэсэн байна. Тэгвэл “Зууны мэдээ” сонин ч бас хиймэл оюун ухаан тодорхой асуудлыг хэрхэн дүгнэж байгааг харуулах зорилготой “AI туршилт” буланг нээлээ.
Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд манай улс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр яригдаж байгаа энэ үе мөн давхцаж байгаа нь онцлог юм. Тэгвэл энэхүү олон нийтийн болоод, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа хуулийн төслийг хиймэл оюун ухаан хэрхэн дүгнэж байгаа талаарх AI туршилт-ыг анх удаа явуулснаа хүргэж байна.
* * *
Ингэхдээ 1998 онд анх батлагдсан хууль болон одоогийн өргөн барьсан төслийн гол онцлогийг тусгахыг илүүтэй зорьсон. Энэхүү хиймэл оюун ухааны хариултад зөвхөн редакцийн үг үсэг, найруулгын засварыг оруулсан бөгөөд утгын болон бүтцийн ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй болно.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний шинэ эрин үе
Монгол Улсын Их Хурал 2025 оны нэгдүгээр сард Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан бөгөөд энэ нь сэтгүүл зүйн салбарт шинэ эрин үеийг эхлүүлэх зорилготой юм. Өмнөх хууль нь 1998 онд батлагдсан бөгөөд тухайн үедээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж байсан ч, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон байв.
Шинэ хуулийн төсөл нь нийт зургаан бүлэг, 18 зүйлтэй бөгөөд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбар, хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлох, эзэмшлийн ил тод байдал, эх сурвалжийн хамгаалалт зэрэг олон чухал зохицуулалтыг тусгасан байна.
Шинэ хуулийн төслийг өмнөх хуультай харьцуулъя.
Нэр томьёоны тодорхойлолтын тухайд авч үзэхэд: Өмнөх хуульд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой тодорхойлолтууд тодорхойгүй байсан бол шинэ хуулийн төсөлд олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцсэн тодорхойлолтуудыг оруулсан байна.
Эзэмшлийн ил тод байдал: Өмнөх хуульд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тодорхойгүй байсан бол шинэ хуулийн төсөлд энэ асуудлыг тодорхой зохицуулсан байна.
Эх сурвалжийн хамгаалалт: Өмнөх хуульд сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрх тодорхойгүй байсан бол шинэ хуулийн төсөлд энэ эрхийг баталгаажуулсан зохицуулалтыг оруулсан байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга нь өмнөх хуультай харьцуулахад олон чухал өөрчлөлт, шинэчлэлийг агуулж байна. Гэвч зарим зохицуулалтууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байж болзошгүйг судлаачид анхааруулж байна. Тиймээс хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хянах, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал юм.
Энэ хуулийн шинэчилсэн найруулгын талаар дүгнэлт хийхэд дараах хоёр талын ач холбогдол, эрсдэлийг авч үзэх шаардлагатай.
Батлагдах нь зүйтэй гэж үзэх шалтгаанууд:
Олон жилийн дараа хууль дахин шинэчлэгдэж байна. 1998 оны хууль нь мэдээллийн технологийн хөгжил, олон нийтийн сүлжээний үүргийг тусгаагүй, өнөөгийн нөхцөлд хуучирсан гэж дүгнэж болохоор.
Эзэмшлийн ил тод байдлыг нэмэгдүүлж байна. Мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн ил тод байдал нь хэвлэл мэдээллийн хараат бус байдалд чухал. Шинэ хуулиар энэ асуудлыг зохицуулж, улс төр, санхүүгийн нөлөөг бууруулахыг зорьж байна.
Сэтгүүлчийн эх сурвалж хамгаалагдах зохицуулалт орсон. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүйн чадавхыг бэхжүүлэх чухал алхам.
Эргүүлэн татах шаардлагатай гэж үзэх шалтгаанууд:
Төрийн оролцоог нэмэгдүүлэх аюултай заалтууд орсон. Зарим судлаачдын шүүмжилж буйгаар хуульд “мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавих” зэрэг заалтууд нь цензур тогтоох, төрийн байгууллагын дур мэдэн оролцох боломжийг бий болгох эрсдэлтэй.
Олон нийтийн оролцоо хангалтгүй: Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш ил тод хэлэлцүүлэг, сэтгүүлчид, иргэний нийгмийн дуу хоолойг бүрэн тусгаагүй талаар шүүмжлэл гарсаар байна.
“Хэн сэтгүүлч вэ?” гэдэг тодорхойлолт маргаантай. Шинэ хуулийн төсөлд сэтгүүлчийг албан ёсны байгууллагад бүртгэлтэй байх ёстой гэж үзсэн нь чөлөөт уран бүтээл хийдэг сэтгүүлчид болон иргэдийн үгийг боомилж болзошгүй гэж үзэж байна.
Дүгнэлт: Шинэчлэл хэрэгтэй ч, одоогийн төсөлд тодорхой эрсдэл бий
Хуучин хуулийг шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай ч, одоогийн шинэчилсэн найруулгад хүний эрх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд халдах магадлалтай заалтууд орсон тул энэ төслийг шууд батлахын оронд илүү өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулж, иргэний нийгэм, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, зарим заалтыг дахин нягтлах нь зүйтэй.
Шинэчилсэн найруулгын төсөл нь зарчмын хувьд зарим эерэг талтай ч, сэтгүүлчдийн хувьд дараах гурван гол эрсдэлийг үүсгэх магадлалтай гэж судлаачид үзэж байна: Үүнд:
1. Цензурын орон зай бий болох эрсдэл
Хуулийн төсөлд “мэдээллийн үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх” талаар тодорхой заалтууд орсон нь анхаарал татаж байгаа. Үүнийг төрийн байгууллага “мэдээллийг үнэн эсэхийг тогтоох” нэрийдлээр ашиглаж, сэтгүүлчдэд дарамт үзүүлэх, мэдээлэл цацахыг хориглох хэрэгсэл болгож болох аюул бий.
2. Эх сурвалжийн нууцлалыг алдагдуулах магадлал
Хуульд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй гэж заасан ч, тодорхой нөхцөлд (жишээ нь: “олон нийтийн аюулгүй байдал”, “улс орны тусгаар тогтнолын эсрэг” гэх мэт өргөн агуулгатай шалтгаанаар) эх сурвалжийг ил болгох боломжийг нээж өгч байна.
Энэ нь хуулийн гүйцэтгэл дээр “албаны хүн” шийдэх, сэтгүүлчийг дарамталж болзошгүй нөхцлийг үүсгэх эрсдэлтэй.
3. Мэргэжлийн сэтгүүлчийн шалгуур хэт хязгаарлагдмал байх
Хуулийн төсөлд “сэтгүүлч” гэдэг нэр томьёог албан ёсны байгууллагад бүртгэлтэй, тодорхой шалгууртайгаар тодорхойлсон нь чөлөөт сэтгүүлч, блоггер, иргэдийн мэдээлэл түгээх эрхийг хязгаарлах үндэс болох эрсдэлтэй.
Өнөө үед олон нийтийн сүлжээгээр иргэн-сэтгүүлчид, хараат бус платформууд мэдээлэл түгээх үүрэгтэй болсон тул, энэ хязгаарлалт нь мэдээллийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө.
Товчоор дүгнэхэд, Хууль нь сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг сайжруулах, хариуцлага нэхэх ач холбогдолтой ч, тухайн заалтуудын хэрэгжилтийн орчин тодорхойгүй, төрийн оролцоо өндөр байгаа үед сэтгүүлчдийг дарамтлах, чимээгүй болгох хэрэгсэл болох аюултай.
Шинэчилсэн найруулгад онцолж тусгасан нэг гол заалт бол “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт”-ын тухай юм. Энэ нь сэтгүүл зүй, мэдээллийн салбарын дотоод зохицуулалт, ёс зүйн хяналтыг төрийн оролцоогүйгээр шийдвэрлэж, мэргэжлийн ёс зүйг дэмжих зорилготой сайн санаачилга юм.
Энэ заалт нь сэтгүүлчдийн бие даасан, хараат бус байдалд тулгуурласан хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, Иргэд сэтгүүл зүйн ёс зүй зөрчсөн асуудлаар шүүхэд бус, мэргэжлийн байгууллагад хандаж, шударгаар үнэлүүлж, шийдвэрлүүлэх боломжтой болох; Хэвлэл мэдээллийн байгууллагууд дотооддоо хариуцлагатай байж, салбарын нэр хүндийг хамгаалахад хувь нэмэр оруулах давуу талтай. Мөн иргэд гомдол гаргах сувагтай болно, хэвлэл мэдээллийн ёс зүйн зөрчлийн талаар иргэд гомдол гаргах боломжтой бөгөөд төр рүү хандахын оронд сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулан асуудлыг шийдэх боломж нэмэгдэнэ. Энэ нь олон улсын сайн туршлагад нийцэж байна. Их Британи, Герман зэрэг орны сэтгүүл зүйд өөрийн зохицуулалт голлох үүрэгтэй байдаг. Энэ жишиг рүү Монгол Улс хандаж буй нь дэвшилтэй.
Гэвч энэ заалт болзошгүй аюул дагуулж болохыг анхаарах хэрэгтэй. Хэрэв өөрийн зохицуулалтын байгууллага хараат бус бусад байгууллага, эрх ашиг сонирхлын бүлэглэлд автвал энэ зохицуулалтыг төрөөс шууд болон шууд бусаар удирдах, хяналт тавих оролдлого гарвал “Ёс зүйн зохицуулалт”-ыг хуульчилж, сэтгүүлчдэд хууль эрх зүйн дарамт болгох эрсдэл үүсвэл тус заалт нь мэргэжлийн ёс зүйг хамгаалах биш, мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах, сэтгүүлчдийг чимээгүй болгох механизм болж хувирах аюултай.
Тиймээс “өөрийн зохицуулалт”-ыг хуульчилж буй нь зөв ч, түүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Хараат бус, мэргэжлийн, олон нийтэд итгэлтэй байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байж энэ тогтолцоо бодит үр дүнтэй ажиллах боломжтой.
Харин анхаарах, болгоомжлох асуудал нь зөвхөн нэр төдий байж болзошгүй. Хэрэв өөрийн зохицуулалтын байгууллага хараат бус бусад мэргэжлийн холбоодоос хамааралтай, эсвэл төрийн байгууллагатай сүлбэлдсэн байвал энэ заалт утгаа алдана. Тус байгууллагыг хэн байгуулж, яаж бүрдүүлж, хэн санхүүжүүлэх нь тодорхойгүй бол үр нөлөө багатай “цаасан дээрх бүтэц” болох магадлалтай. Албан ёсоор тогтоосон бол “заавал дагах журам” болж хувирч болзошгүй. Хэрэв хуульчлагдаж, албан ёсоор “дагаж мөрдөх” үүрэгтэй болбол өөрийн зохицуулалт биш, төрийн хяналттай “хагас зохицуулалт” болж, сэтгүүлчид дарамтад орох эрсдэл үүснэ. Тиймээс Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хуульд тусгасан нь зарчмын хувьд зөв алхам боловч ямар байгууллага хэрэгжүүлэх, ямар бүтэц, санхүүжилттэй байх, хэн хяналт тавихгүй байх гэдэг нь тодорхой биш тохиолдолд энэ заалт сэтгүүлчдийг хамгаалах биш, хязгаарлах хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд туйлын анхаарал, болгоомжтой хандах ёстой
-Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн мөн чанар болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний үндсэн эрхэд хамаарна. Аливаа эрх чөлөө гэдэг юу ч гэмээр юм бэ дээ, гарт баригдах, хэмжигдэхүйц ойлголт биш учраас түүний зохицуулалт нь ч нарийн төвөгтэй. Өөрөөр хэлбэл, ихэд бодитой, тодорхой санхүү, мөнгөний харилцаа шиг яг таг, яс тас зааж зохицуулахад бэрхтэй “эмзэг” зүйл гэж болно. Тиймээс хүний нийгэм дэх бүхий л эрх, эрх чөлөө, түүний дотор илэрхийллийн эрх, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт нь хууль тогтоогчоос ихээхэн философилог ур ухаан, торгон мэдрэмж шаардах юм. Яагаад урьтал болгож энийг хэлээд байна вэ гэхээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд туйлын анхаарал, болгоомжтой хандах ёстой, муу хууль гаргачихвал хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хамгаалалт биш, хэвлэлийн эрх чөлөө, цаашлаад иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн аранга болох эрсдэл ч бий учраас ингэж онцлоод байна.
Хуулийн төслийн тухайд сэтгүүл зүйн салбарынхнаар хэлэлцүүлж бидний гаргасан олон саналыг тусган сайжруулж, бас ч гэж боломжийн хувилбар болсон гэж бодож байна. Гэхдээ алдаатай, ташаа зүйлүүд ч байна билээ. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйл буюу сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчим гэсэн хэсэг бүхэлдээ илүүц юм. Энд заасан баримтад тулгуурлах, шударга байх, хараат бус, тэнцвэртэй мэдээлэх зэрэг зарчим нь тэртэй тэргүй сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн дүрэм бөгөөд хэвлэлийн өөрийн зохицуулалт буюу мэргэжлийн ёс зүйгээр зохицуулагдаж байдаг, харин нууцад хүндэтгэлтэй хандах, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол зэрэгтэй холбоотой “зарчим”-ууд нь холбогдох бусад хуулиар зохицуулагдаад явах боломжтой учраас энд давтан оруулах шаардлагагүй юм. Нууцын тухай асуудалд холбогдуулж хэлэхэд, манайд сэтггүүлчийг төрийн нууц задруулсан гэх хэргээр эрүү үүсгэн шалгасан тохиолдол олон удаа гарлаа. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд харш, байж болшгүй зүйл, нууцын хариуцлагыг олж нийтэлсэн хэвлэл, сэтгүүлч биш түүнийг хамгаалж хадгалах ёстой субьект нь хүлээдэг байх хуулийн зохицуулалттай байх ёстой.
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах: Салбарын асуудлаа шийдэх гэж оролдсон нь сайн ч тунхагийн шинжтэй заалт олон байна
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль анх 1998 онд батлагдсанаас хойш манай салбарт нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тиймээс эдгээр асуудлууд үндэндээ эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн, харин ч магадгүй 1998 оноос хязгаарласан зохицуулалт бий болсон гэж хэлж болно. Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр заалтаар илт худал мэдээлэл тараасан гэдэг шалтгаанаар хэвлэн нийтлэгчдэд эрүүгийн ял оноох, дарамтлах нөхцөл үүсэх эрх зүйн зохицуулалт бий. Нөгөө талаар эх сурвалжаа нууцлах, төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн албад хэлтэсүүд бий болгож мэдээллийн урсгалыг хааж байгаа гээд олон асуудал байгаа. Энэ өнцгөөс харахад шинээр өргөн барьсан хуулийн үндсэн зорилго нь эдгээр асуудлыг шийдэх гээд байгаа юм шиг боловч нөгөө талаар хэт ерөнхий тунхагийн чанартай заалтууд орж ирсэн.
Төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байх эрхгүй гэсэн хуультай ч жишээ нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар албан байгууллага өөрсдөө нууцаа тогтоох эрхтэй байгаа учраас төрийн байгууллага мэдээллээ нууцлах боломжтой. Тэгэхээр энэ эрхийг хаахгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Тиймээс хуулийн заалтуудыг нарийвчлах шаардлагатай. Хуулийн төслийг буцаах эсвэл сайжруулах тухайд би тодорхой хэлж мэдэхгүй байна. Сайжрууллаа гэхэд мөн манай салбарынхан маш мэдлэгтэйгээр хуулийн төсөлд санал оруулахгүй бол хэдий хэмжээнд сайжрах бол гэж эргэлзэж байна. Үнэндээ энэ хууль өнгөрсөн намраас хойш нэлээн олон хэлэлцүүлэг хийсэн. “Д парламент”- д байршсан ч сэтгүүлчид тэр болгон анхаарал тавиагүй. Гэтэл их хуралд орсных нь дараа гэнэт шуугиад дутуу мэдээлэлтэйгээр хоорондоо зөрөлдсөн байр суурь илэрхийлэх нь явцуу харагдаад байгаа. Тэгэхээр салбарынхан болон иргэний нийгмийн хэн гол тулгамдаж байгаа асуудлуудаа барьж байр сууриа нэгдмэл байлгахгүй байгаа зэрэг нөхцөл байдал байгаа дээр харамсч байгаа. Нэгэнт ажлын хэсэг байгуулагдах болсон учир хуулийн төсөл дээр яг юун дээр төвлөрөх гэдэгтээ гол байр сууриа нэгтгээд илүү хүчтэй дуугарах зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээсэй гэж найдаж байна.
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаа: Шинэлэг зүйл алга
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль цаашид авторитари зохицуулалттай явах уу эсвэл либертари зохицуулалттай явах уу гэдэг сонголтын өмнө манай салбарынхан, сэтгүүлчид ирж байх шиг байна. Манай сэтгүүлчид хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй өөрсдөө маш сайн танилцах, унших хэрэгтэй байна. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Монгол хүн бүрийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалсан либертари хууль. Харин энэ удаагийн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бол төрийн зохицуулалт их орсон авторитари шинжтэй хуулийн төсөл байна гэж харж байна. Тэгэхээр манай салбарын хууль бусад хуулиас ялгаатай. Юун түрүүнд Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны бүрэн зураглалыг ойлгох, хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал буурсны шалтгааныг зөв оношлох, юуг хуулиар, юуг өөрийн зохицуулалт, нийгмийн хэм хэмжээгээр зохицуулахыг ялгах, олон улсын жишгийг судлахаас гадна Монгол Улсын онцлогийг харгалзах хэрэгтэй. Энэ хууль зөвхөн сэтгүүлчийг хамгаалах тухай асуудал биш. Гэтэл энэ хуулийн төслөөр зөвхөн сэтгүүлчид хамаатай хэсгийг нь ялгаж аваад бусдыг нь орхигдуулсан. Тэгэхээр бусдыг нь яах юм гэсэн асуудал гарч ирнэ. Инфлүүнсэрүүд мөнгө авдаг гэдэг боловч тухай хүн өөрөө хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэгэхээр энэ хүний эрх хэрхэн яаж хангагдах юм бэ. Мөн медиа эрхлэгчдийн эрхийг хэрхэх юм. Мэдээж эдгээрийн цаана сэтгүүлч, контент бүтээгчид бүгд хамааралтай. Тэгэхээр зөвхөн сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчид хамааралтай хууль гэж үзэж болохгүй. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх хумигдвал дагаад бусад эрх зөрчигддөг. Хэн нэгэн миний эрх зөрчигдөөд ярьж чадахгүй бол бусдынх нь эрх зөрчигдөх үүд нээгдэх гээд байна. Ямар ч шинэлэг зүйл алга. Хэрэв энэ хууль батлагдвал манай салбарын хөгжил бараг зогсох хэмжээнд хүрнэ.
“Глоб” интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Эргүүлэн татвал маш олон жилээр ухрах вий
-Өнөөдрийг хүртэлх 27 жилийн хугацаанд бид бүхний шийдэж чадахгүй нэлээн олон асуудал хэвлэл мэдээллийн салбарт тулгарсан. Одоо байгаа дөрвөн заалттай хууль бол үндсэндээ хэрэгжилт нь тэг гэж хэлж болно. Тэгэхээр бидэнд шинэчилсэн сайн хууль хэрэгтэй. Аливаа хуулийн төслийг татах шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа гэхэд дахиад хэзээ өргөн баригдаж, батлагдах нь маш эргэлзээтэй. Өнгөрсөн хугацааны сургамжаас 2014 онд Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн хуулийг өргөн барьж байсан. Үүний өмнө 2009 онд мөн өргөн барьсан. Эндээс харахад одоо хуулийн төслийг эргүүлэн татвар маш олон жилийн дараа хууль дахиж өргөн баригдах нөхцөл үүсэх боломжтой. Харин үүний оронд бидэнд одоо байгаа төслийг сайжруулах боломж байгаа. Ялангуяа тавдугаар бүлэгтэй холбоотой заалтыг тэр чигээр нь авах нь зүйтэй. Мөн илт худал мэдээлэл түгээхтэй холбоотой заалтад “иргэн, хуулийн этгээд” гэсний ард “улс орон” гэж оруулсан байгаа. Гэтэл улс орон гэдэг маш хийсвэр ойлголт. Энэ ухагдахууныг яаж ойлгох нь тодорхой биш. Улс орон гэж хуульд оруулж ирвэл үндэсний аюулгүй байдал гэдэг нэрийн доор олон хүнийг баривчлах, дарамтлах, хэлмэгдүүлэх нөхцөл үүсэх вий гэсэн болгоомж байна. Аливаа хууль бол дэгтэй, хэлтэй IT-аар бол алгоритмтэй. Тэгэхээр олон улсын стандарт, нийтлэг үнэт зүйлтэй нийцэж байгаа. Мөн практик хэрэгцээ шаардлагуудыг тусгачихаад байгаа. Тиймээс дараа дараагийн удаа нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 82 (7579)