Рагчаагийн ОЮУН
ХХЕГ-ын Сэтгэл зүйн хангалтын хэлтсийн Мэдээлэл, сурталчилгааны офицер, дэд хурандаа Э.Хашмөнхийг энэ удаагийн “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа. Түүнтэй хил хамгаалах байгууллагын гэрээт ахлагч бэлтгэх Сургалтын төвд мэргэшсэн ахлагч бэлтгэх 9+3 төсөл хөтөлбөрт хамрагдсан хилийн цэргийн анги, салбараас өөрийн сонирхлоор ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлгөө өгч байхад нь таарсан юм.
-Таны хилийн цэрэгтэй хэрхэн холбогдсон талаар яриагаа эхэлье?
-Намайг Эрдэнэсайханы Хашмөнх гэдэг. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 2004-2008 онд Хилийн цэргийн дээд сургуулийг цэргийн сэтгэл судлаач, эрхзүйч мэргэжлээр суралцаж төгссөн. 2008 онд Увсын цэнхэр хязгаарын Хилийн цэргийн 0245 дугаар ангид ажил, амьдралын анхны гараагаа эхэлж байлаа. Энд салбарын орлогч, салбарын захирагч, штабын дарга, штабт гэрээт хариуцсан офицер, шуурхай жижүүрээр ажиллаж байгаад 2012 онд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид Сургалт, хамгаалалтын салбарын орлогчоор томилогдож ажиллаад 2013 оноос Хилийн цэргийн 0303 дугаар ангид тэр үедээ Тусгай салбар нэртэй байхад нь сургагч багшаар очиж зургаан жил ажилласан.
Энэ хугацаанд сургагч багш, хамгаалалтын тусгай тасгийн захирагч, тусгай дунд бүлгийн сургалт эрхэлсэн орлогч, цэргийн сургалт, сахилга албаны зохион байгуулалтын тасгийн даргаар ажиллаж байгаад 2019 онд ХХЕГ-т Биеийн тамир, тусгай бэлтгэлийн сургах офицероор томилогдон хоёр жил ажиллаад 2021 онд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн академид суралцаж 2023 онд онц дүнтэй төгсөөд ХХЕГ-таа Сургалтын хэлтэстээ ахлах офицероор ажиллаж байгаад 2024 оноос Хилийн цэргийн 0303 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын даргаар ажиллаж байгаад сарын өмнөөс мэргэжлээрээ ХХЕГ-ын Сэтгэл зүйн хангалтын хэлтэст Мэдээлэл, сурталчилгааны офицероор томилогдон ажиллаж байна.
-Олон жилийн дараа мэргэжлээрээ ажиллахад хэцүү байна уу?
-Би мэргэжлээрээ таван сар ажиллаад цэргийн алба, сургалтын чиглэлээр тасралтгүй 17 жил ажилласан байна. Сургалтын төвд сэтгэл зүй, соёл, олон нийтээр ажиллаж байгаа нь сорилт болж байна. Орчин үеийн залуучуудын сэтгэлгээ, ёс зүй, хандлага өөрчлөгдсөн болохоор юмаа судлах, буцаад сэргээх тал дээр бэрхшээл учирч байна. Биднийг сурч байхад багш нар маань Чингис хааны хэлж байсан “Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдох билээ” гэдэг үгийг их хэлдэг байсан. Тэгэхээр хүн бол сэтгэлийн амьтан. Та ямар ч мэргэжлээр төгссөн хүнтэй ажиллана. Хүнтэй ажиллаж байгаа бол та тэр хүнийхээ сэтгэлийг удирдаж, ойлгож, мэдэрч байвал ажил чинь сайн байна гэсэн үгийг бодож явдаг.
-Та энэ сургаалийг хэр баримталдаг вэ?
-Би олон дарга, цэрэгтэй ажилласан болохоор авах ч юм бий, хаях ч юм бий. Миний хүндэлж явдаг хүмүүс нэг зүйлээрээ давуу харагддаг. Энэ нь хүнтэй хүн шиг харьцдаг. Би дарга, чи цэрэг гэдэггүй. Би дарга байгаад загнаж болно. Гэхдээ шалтгаан нь тэр хүнд санаа зовсондоо загнаж байгаа нь илүү хүрдэг. Хилийн цэргийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Ганхуяг “Хүнд хүнээс ямар үед айх ёстой вэ. Чамайг хүчтэй, чадалтай, аймшигтай болохоор чинь айж байгаа айдас хоромхон хугацааных. Харин чамайг чин сэтгэлээсээ хүндэлсэн хүний айдас үргэлж хадгалагддаг. Тэр л зөв айдас” гэж хэлж байсан. Хүндлэл хүнтэй хүн шиг харьцсанаас үүсдэг гэсэн сургамж байсан юм болов уу гэж боддог. Бид 10 жилдээ багшид даалгавраа шалгуулах гэж айх уу, багшийнхаа итгэлийг алдаад айх хоёрын ялгаа. Сайн нь ч чиний багш, муу нь ч чиний багш гэдэг үгийг их баримталдаг. Мэдээж ажил, амьдралд сайн, муу, үзэл бодол тохирохгүй хүнтэй таарна. Өөрийгөө зөв үнэлүүлнэ мөн буруу ойлгуулна.
-Та хаана цэргийн алба хаасан бэ. Яагаад цэргийн хүн болохоор шийдэв?
-Хугацаат цэргийн албыг хаагаагүй. Аравдугаар ангиа төгсөөд өөрийн хүслээр цэргийн сургуульд шалгалт өгч тэнцсэн. Ангийн багш Оюуны зөвлөснөөр нэг жил өнжсөн. Өмнө нь багш “Миний хүү цаашид юу болох гэж байна” гэж асуухад нь юу ч бодолгүй цэргийн хүн болно гэсэн. Тэгээд амласандаа хүрэх гээд Хилийн цэргийн дээд сургуулийг сонгосон. Сайн шавь гэхээсээ илүү хуучинсаг сэтгэлгээтэй болохоор хэлсэндээ хүрч, хийе гэснээ хийхийг хичээдэг. Одоо бодохоор миний үндсэн чиглэл, ажлын арга барил штаб тал руугаа юм байна гэдгийг сайн ойлгосон. Олон жил жагсаалын бэлтгэлээр явсан. Үндсэн сургалтын чиглэл бол цэргийн албан хаагч нь өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай мэдлэг, дадлага, чадвар олгоход чиглэсэн ажлыг зохион байгуулна. Байгууллага маань өөрөө сургалтын байгууллага биш. Байгууллагын үнэт хөрөнгө болох хүн маань өөрөө өдөр тутмын ажлыг хийх мэдлэг, чадвартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
-Хугацаат цэргийн албан хаагчид өөрийн сонирхлоор гэрээт ахлагч болохоор гурван сарын сургалтад хамрагдаж байна. Та тэднийг сэтгэл зүйгээр нь дэмжиж байгаа гэсэн?
-Хил хамгаалах байгууллагын Хил судлалын хүрээлэн дотроо хил судлалын сектортой. Энэ сектор нь хил, хилчдийн, хугацаат цэргийн алба хаагчид, офицер, ахлагч, тэдний гэр бүлийн хүмүүст сэтгэл зүйн чиглэлийн ямар юм байвал зүгээр вэ гэдэг судалгаа, шинжилгээ хийгээд ажил зохион байгуулдаг. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл санааны тогтвортой байдал, цэргийн албанд цаашид хэрэгтэй юу гэдэг судалгааг жилд хоёр удаа хийдэг. Миний ажил бол өдөр тутмын амьдралд нь залуучуудаа дагаж яваад урам зориг, сургалтад нь хандах хандлага, хичээлийн идэвхжүүлэлт хийх зорилготой. Мэдээж зарим тохиолдолд сэтгэлээр унасан залууст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Мөн залуучуудынхаа харах өнцөг, сэтгэлгээг өөрчлөхийн тулд соёл, олон нийтийн ажлыг төлөвлөж, зохион байгуулна. Мэдрэмж авч байж хүсэл төрдөг шүү дээ.
-Бас эцэг эхчүүдийн сэтгэл зүйд анхаарна биз?
-Тийм ээ. Хоёр төрлийн ажил бий. Хугацаат цэргийн алба хаагчид утас барих боломжгүй. Нийгэмд чөлөөтэй харилцаатай, ахлагч болж байгаа гэсэн сэтгэлгээг суулгахын тулд сургалтын төвөөс утсыг нь өгсөн болохоор эцэр эхтэйгээ ярьж өөрийн ойлголтоор мэдээллээ өгдөг. Мэдээлэлтэй болсон эцэг эхчүүдийн сэтгэл санаа нь тайвширна. Бид нэгдсэн ойлголт өгөх зорилгоор эцэг эхчүүдийн өдөрлөгийг зохион байгуулж гэрээт ахлагч болсноор ямар давуу талтай болон өдөр бүр иддэг хоол, ундыг нь идүүлсэн. Ер нь манай рот, салаан захирагч нар анхаарал татаад байгаа, анхаарал шаардсан залуучуудынхаа эцэг эхтэй байнгын холбоотой, дэлгэрэнгүй судалгаа авсан. Эцэг эхчүүдэд ярьж байгаа асуудалд бидний хэн ч нээлттэй хариулна. Хилчдээс ажил нь үнэртдэг. Таниас ч гэсэн ажил чинь үнэртэж байгаа, таны ажлын онцлог. Үүнтэй адил бид хил хамгаалах байгууллагаараа бахархдаг эгэл жирийн хилчид.
-Хилчдийн гэр бүл хилийн хүн байдаг. Гэргийгээ танилцуулахгүй юу?
-Миний эхнэрийг Т.Уранцэцэг гэдэг. Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул. Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарт ажилладаг. Бид хоёрын амьдралын түүх Увсын цэнхэр хязгаарын хил дээрээс эхэлсэн. Эхнэр маань хилчин удамтай. Хадам аав Төмөрөө төрмөл хилчин хүн байсан. Хилийн цэргийн 0165 дугаар ангид олон жил ажилласан. Хамгийн сүүлд хувцасны албаны дарга байсан. Охиноо удам залгасан хилчин болгоно гээд холбооны сургалтад хамруулсны дараа холбоочин болгохоор Увсын цэнхэр хязгаарт очиход нь долоо хоногийн харцаар дурлаж, зургаан сарын дараа нэг гэрт орж гурван сайхан хүүхдийн аав ээж болсон байна. Хүүхдүүдээ өвөө, аавыгаа дагасан хилчин бол гэхгүй. Миний хүүхдүүд юу хүсэж байгааг ярилцана.
-Гэр бүлдээ цаг хэр гаргадаг вэ?
-Ер нь гэр бүлдээ цаг бага гаргадаг. Цэргийн удирдах хүн болгоны явдаг академи буюу цэргийн дээд боловсролыг эзэмшсэн. Орост параданд алхаж, Хятадад биеийн тамирын дасгалжуулагчийн дээд курст, дотоод хэргийн хэд хэдэн курс, дамжаанд сурсан. Цэргийн хүний мерит зарчмаар албан тушаалд очиж ажиллаад, дараагийн шатны юмандаа сураад явахаар гэр бүлдээ бага цаг гаргадаг. Чөлөөт цаг гарвал хүүхдүүдээ эрхлүүлдэг. Ээж өдөр бүр хүүхдүүдээ ирээдүйд сайн хүн болгох гээд шаардлага тавина, гэр орноо цэвэрлүүлнэ, хоол, унд хийнэ. Аав бол гадуур өөрийнхөө ажлыг амжуулаад, сурч боловсроод яваад байдаг. Олон аав ийм байдаг байх. Хааяа өөрийгөө буруутгадаг. 20 гаруйхан насандаа хүний хүн болчихоод шувуу ч нисэхгүй газар хэдэн метр дрож, нэг том матрас, зургаан цагаан таваг, зургаан жижиг аяга, хоёр чемодантай амьдрал эхэлж байсан. Төдийгөөс өдий хүртэл би сайндаа сайн яваад байгаа юм биш. Хилчин хүний хүүхэд болохоор тэр зовлонг ойлгож намайг дэмждэг. Хэрэв гэргий минь байгаагүй бол ийм итгэл дүүрэн байхгүй байсан. Сүүлийн хагас жил чөлөөт цаг гарвал гэртээ буйдан дээрээ хэвтэж, зурагт эргүүлээд муурны ажил хийдэг болсон. Гол нь чөлөөт цаг бага байдаг.
-Хобби юу билээ?
-Хоол хийх дуртай. Амрах үедээ өөрийнхөө сонирхлоор ямар ч төрлийн хоол хийнэ. Ирээдүйд тэтгэвэрт гарвал гоё ресторантай болж магадгүй. Бөмбөгтэй холбоотой бүх төрлийн спортоор хичээллэж, сонирхдог. Ер нь сагс, волейболдоо илүү. Хамгийн их кайф авдаг нь усанд сэлэлт. Усан доогуур шумбахад орчноос бүрэн тасардаг. Хятадад биеийн тамирын дасгалжуулагчаар сурч байхдаа усанд сэлэлтийн техникийг заалгасан. Намайг урлагийн бурхан тэнгэр хаясан. Сэтгэл судлалаар төгссөн манай залуучууд үнэхээр урлагийн авьяастай. Урлаг хаяхад нь сурсан хоёр зүйл надад бий. Нэгдүгээрт, хөтлөх оролдлого их хийдэг байсан. Өөрийгөө илэрхийлэх янз бүрийн илтгэлийн уралдаанд оролцдог. Хоёрдугаарт, стандарт бүжиг. Сургуульдаа анхны хамтлагийн шанг хамт татаж байлаа.
-Стрессээ хэрхэн тайлдаг вэ?
-Гадагшаа чиглэсэн төлөвтэй болохоор ярилцаж тайлдаг. Хүнтэй бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж ярилцдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)