Р.Оюун

Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, санаачлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран "Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл" үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хүүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдлүүд, хүүхдийн амрах, хөгжих таатай орчинг сайжруулах, зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоог эрчимжүүлэх, зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцоонд шинэчлэл хийхээр төр, ТББ-уудын төлөөлөл, өмчийн олон хэлбэрт хүүхдийн зуслангуудын ажилтнууд оролцож санал, бодлоо солилцлоо. 

1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан бол 1960-1989 онд нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд хүүхдийн зуслан олноор барьснаар МҮЭ болон үйлдвэр, албан байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр зуны, сувиллын, сургуулиудыг түшиглэсэн хөдөлмөр амралтын, өдрийн зуслангууд ажиллаж олон хүүхэд хөнгөлөлттэй үнээр амарч байсан нь хүүхдийн зуслангийн түүхэн хөгжлийн оргил үе байжээ. Харин 1990 оноос өрнөсөн өмч хувьчлалд хүүхдийн зуслан өртөж хувьчлагдсан. Энэ үеэс хүүхдий зуслангийн талаар авч хэрэгжүүлэх бодлого орхигдож, тогтолцоо нь алдагдсан аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан байгаагаас өнгөрсөн оны байдлаар 48 нь тогтмол үйл ажиллагаа явуулж, 61 мянган хүүхэд амарсан байна. 

Эх сурвалж www.zms.mn