П.ЛХАГВАЖАРГАЛ
Монгол гэр бүлийг дэмжих, өв соёлоо уламжлан сурталчлах, гэр бүлийн халуун дотно харилцааг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд өчигдөр тодорлоо. Энэхүү уралдааныг Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран анх удаа зохион байгуулжээ.
Үйл ажиллагааны нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Л.Энх-Амгалан оролцсон юм. Тэрээр “Монгол төрийн бодлогын үндэс нь гэр бүл. Тиймээс өнгөрсөн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүд гэхчлэн тусдаа хэрэгжиж ирсэн нийгэм хамгааллын бодлогыг гэр бүлд суурилсан олон талт тогтолцоог суулгахаар ажиллаж байна. Мөн туурга тусгаар Монгол Улсын өрх, гэр бүл бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэр бүгдийг нийгэм, шийдвэр гаргагч нарт зөвөөр ойлгуулах цаашлаад тулгамдаж буй асуудлыг илэрхийлэхэд гэрэл зураг чухал нөлөөтэй” гэдгийг дурдсан юм.
“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Энэхүү уралдаан нь мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр төрөлтэй. Гэр бүлийн гэрэл сацарсан уур амьсгал, өнөөгийн ахуй амьдрал, аж төрөх ёсон, баяр гуниг хосолсон хүмүүний амьдралын торгон агшныг өөр өөрийн өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл ирсэн юм. Үүнээс сонирхогчдын төрөлд Ц.Батбаяр “Зочилсон нь” бүтээлээр тэргүүн байр, Ж.Найрамдалмаа “Аав ээжийн есөн эрдэнэ” бүтээлээр дэд байр, Б.Будхүү “Хилчний гэргий” бүтээлээр гуравдугаар байр эзэллээ. Харин мэргэжлийн төрөлд П.Баттулга “Амин үр” бүтээлээр тэргүүн байр, Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим” бүтээлээр дэд байр, Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа” бүтээлээр гуравдугаар байр, Б.Бямба-Очир “Аавын ялалт” бүтээлээр тусгай байр тус тус хүртсэн юм.

Гэрэл зурагчин

нь ноднин есдүгээр сард баруун тайгын цаатан гэр бүлд зочлохдоо “Амин үр” зургаа даржээ. Ой хүрээгүй охин өвөө, эмээ дээрээ тайгын урцанд, модон өлгийнд өсөж байгааг дурандаа буулгасан байна. Тэрээр энэ тухайгаа “Уламжлалт монгол ахуйдаа амьдарч буй хүмүүсийг дурандаа буулгах сайхан. Уралдааны нэр “Монгол гэр бүл” учир тэр агуулгыг илэрхийлэхийг хүссэн. Монгол уламжлал, эрхэм нандин бүхэн нүүдэлчин ахуйдаа байдаг юм болов уу” хэмээсэн юм.
Хүсэн хүлээсэн торгон агшнаа дуранд буулгах тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү

Харин сонирхогчдын төрөлд манлайлсан Ц.Батбаяр нь Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургуульд физик, математикийн багшаар ажилладаг. Тэрээр аймгийнхаа болон Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна амралт чөлөөт цагаараа гэрэл зурагчдыг орон нутагт ажиллахад тусалж, харилцан туршлага солилцдог байна. Өнгөрсөн жил сумынхаа 100 жилийн ойгоор нутгийнхаа үзэсгэлэнт байгалийн гэрэл зургаар цомог гаргажээ. “Хүсэн хүлээсэн торгон агшнаа дуранд буулгах тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Үнэхээр их баярладаг. Иймэрхүү байдлаар зургаа даръя гээд төлөвлөх ч төлөвлөгөөний дагуу болохгүй байх нь элбэг. Гэхдээ бэлдэж авсан зураг сэтгэлд хүрдэггүй. Зохиомол болчихдог. Энэ “Зочилсон нь” зургийн хувьд санаандгүй агшин. Манай ач дүү, хүргэн хоёр хүүхдүүдтэйгээ золголт хийгээд ирэхэд нь дарсан юм. Зураг дарахдаа уралдаанд илгээнэ гэж хэлсэн. Одоо харин байр эзэлжээ гэдэг баярт мэдээг дуулгана” гэж баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Уралдааны шилдэг 30 бүтээлээр “Монголын театрын музей”-д үзэсгэлэн дэлгэсэн бөгөөд долоон хоног нийтийн хүртээл болно.
Фото сурвалжилга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 64 (7561)