Эргэх цагийн жамаар эрээн  могой жил морилон ирлээ. Могой гадаад үзэмж сайтайгаас гадна мэргэн ухаан, алсын хараатай амьтан гэдгээрээ алдартай. “Могой жил бол нуугдан буй эрч хүчний бэлгэ тэмдэг” гэсэн эртний үг бий. Мэргэн могой Эрхэм хүн Танд “Бүү яар, гэхдээ байрандаа бүү зогс” хэмээн шивнэж байна. Могой жил таны далд эрч хүчийг бэлгэдэж буй тул хийж бүтээх, өөрчилж шинэчлэхийг хүсдэг зүйл байвал яг хийх цаг тань даруй мөн ажээ. Могой жил цэцэн цэлмэг ухаан, үнэнч шударга зан, хичээнгүй зүтгэлтнүүдийг ивээх болно.

Урган гарч буй  хөхөгчин могой жил онцгой үйл явдал, оновчтой сонголт, төсөөлшгүй өөрчлөлт хийх өргөн дэлгэр боломжийг бидэнд бэлэглэх ажээ. Гагцхүү хүчин чармайлт,  оролцоо оролдлого, хичээл зүтгэл гаргасан нэгэн л түүнийг хүртэх авшигтайг анхаарна уу.

Дорнын зурхайгаар зөн билэг, зүүд совинг эрхшээгч, мэргэн ухаан, эрх чөлөөг илэрхийлэгч  лусын энэ амьтан өөрийг нь л үргээж оролдохгүй бол амар амгалан, ач буянтай хэмээдэг.  Эм буюу зөөлөн, хөхөгчин, модон могой  жил ч монголчууд биднийг ивээж, буян хишгээ хайрлах болтугай.

Нар, сарны аль алиных нь хөдөлгөөнд үндэслэсэн, таван махбодь, арга билиг хосолсон  зурхайн жарны цаг тоолол эхлээд 999 дэх жил урган гарч байна. Түүхийг шүүдэггүй гэдэг. Ямар нэг гаргалгаа, дүгнэлт хийхийг ч зориогүй болно. Зүгээр л жарны тоолол эхэлснээс хойших могой жилүүдэд болж өнгөрсөн зарим онцлог үйл явдал, баримт сэлтийг товч хураангуйлан хүргэж байна.

 

1041. I жарны цагаагчин могой. Хятадад гүймэг үсгээр ном хэвлэж эхэлжээ.

1065. I жарны хөхөгчин могой. Амдогийн хаан Гэсэр нас нөгчиж, хүү Дунь Жан хаан суув.

1101. II жарны цагаагчин могой. Есүхэйн эцэг Бардан баатар төржээ.

1113. II жарны харагчин могой. Зөрчидүүд бослого гаргаж Хятан улсын эсрэг тэмцэв.

1125. II жарны хөхөгчин могой. Алтан улс Хятан улсыг мөхөөв.

1161. III жарны цагаагчин могой. Бөртэ үжин төрөв.

1173. III жарны харагчин могой. Тэмүжин, Жамуха хоёр хоёр дахь удаагаа анд бололцов. Тэмүжин эх өөр дүү Бэгтэрийг харван алжээ.

1185. III жарны Хөхөгчин могой. Цагаадай төрөв.

1197. III жарны улаагчин могой. Чингис хаан Жүрхэнийг мөхөөв. Жүрхэний нутгаас Борохулыг олж Өэлүн эхэд өгч тэжээлгэв.

1209. IV жарны шарагчин могой. Чингис хаан Алтан улсын хаанд бэлэг барих нэрийдлээр өөрийн биеэр Алтан улсын нийслэл Зүндү хотод очив. Мөнх хаан төрөв.

1221. IV жарны цагаагчин могой. Монгол цэрэг Аму-Даръяа мөрний эрэгт орших Балха хотыг эзлэн авав. Чингис хаан өөрийн биеэр цэрэг авч Инд мөрөн хүрч, желал-Ад дины цэрэг бут цохигдов. Чингис хаан Хорезмыг эзлэв.

1233. IV жарны харагчин могой. Монгол цэрэг Алтан улсын Ляодун мужийг эзлэн авав. Хааны санд хураах албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

1245. IV жарны хөхөгчин могой. Монгол Улс Туркийн султантай гэрээ байгуулав. Уг гэрээгээр Турк улс жил бүр сая хонь, 14 тэмээ, нэг сая 250 мянган турк зоосоор алба барих болов.

1257. IV жарны улаагчин могой. Мөнх хааны зарлигаар өмнөд Сүн улсыг бүрмөсөн байлдан эзлэхээр хоёр замын 90 түмэн цэргийг хөдөлгөв. Хүлэгү хаан Багдадыг дайлаар мордов. Вьетнам Монголын түшмэг улс болов. Бэрх Алтан ордны хаан болов.

1269. V жарны шарагчин могой. Өмнөд Сүн улсад байлдаж, олон цэргийг үеийн усанд живүүлж, 50 завь, 2000 цэрэг олзлов, Пагва лам Лодойжанцан дөрвөлжин бичгийг зохиож, улсын бичиг болгон зарлаж, дөрвөлжин бичгийн сургууль байгуулав.

1281. V жарны цагаагчин могой. Монго жанжин Алаханаар удирдуулсан 140 мянган цэрэг Японд хоёр дахь удаагаа довтлов. Энэ үеэр далайн хар салхи тохиож, Юан гүрний флот сүйрчээ. Хайсан хүлэг хаан төрөв.

1293. V жарны харагчин могой. Юан гүрний цэрэг Ява арлуудыг байлдан дагуулж,  цэргийг нь бут цохив. Городецкийн ван Андрей Алтан ордны хан Тохтагаас цэргийн тусламж авч хойд Оросын 14 мужийг цөлмөн дээрэмдэв.

1305. V жарны хөхөгчин могой. Илхан Өлзийт Францын Гуа Филипп хаанд захидал илгээв. “Зүрхэн тольт” хэмээх шастирыг зохисон нэрт гүүш Чойжи Од сэр Шантидэва бандидын зохиосон “Бодь сад нарын явдал” зохиолыг монголоор орчуулжээ.

1329.VI жарны  хөхөгчин могой. Хүслэн хаан нас барав. Хятадад их өлсгөлөн болов.

1341. VI жарны цагаагчин могой. Өмнөд Хятадын Хунань, умард Хятадын Шанду мужийн олон газарт ард түмний бослого хөдөлгөөн өрнөв. Тогоонтөмөр хааны зарлигаар оны нэрийг өөрчилж Юань улсын Жи Жэнгийн нэгдүгээр он эхлэв. 20-иод жилийн дараа Юань улс үгүй болов.

1353. VI жарны харагчин могой. Хүлэгүгийн улсад өрнөсөн бослого газар авч Ильханы ордонд дайран орж, хаан Тула бугаг хөнөөжээ. Хүлэгү улс мөхөв. Аюушридар хунтайж болов.

1365. VI жарны хөхөгчин могой.  Точинтөмөр ноён  Барс хотноо цэрэглэн очиж, хааны эсрэг бослого гаргав.

1377. VI жарны улаагчин могой. Алтан ордны эзэн Ногай Мамак цэргээ хүү Арагинаар удирдуулан доод Новогородыг байлдан дагуулав. Гүнтөмөр хаан төрөв.

1389. VII жарны шарагчин могой. Тогостөмөр хааны хүү Энх хаан ор суув. Доголон Төмөр хаан Алтан ордны улсад цөмрөн Сарай хотуудыг эвдлэн сүйтгэв.-Монголын нууц товчоог хятад орчуулгын хамт хэвлүүлэв. Энхзоригт Монголын хаан болов.

1401. VII жарны цагаагчин могой. Доголон Төмөр хаан Дундад Азийн ихэнх нутгийг байлдан эзлээд Туркт довтлон Султаны цэргийг Анкара хотын дэргэд бут цохив.

1413. VII жарны харагчин могой. Баруун Монголын ноён Махамуд гурван түмэн цэргийн хүчээр Зүүн Монголд дайлаар мордов.

1437. VII жарны улаагчин могой. Баруун Монголын Тогоон тайш Зүүн Монголын олон аймгийг эрхэндээ орулж, хэд хэдэн ястныг хураан дагуулав. Тогоон тайш бүх харъяат иргэдээ малгайдаа улаан залаа зүүх зарлиг буулгав. Молон хаан төрөв. Алтан ордны улс задрав.

1449. VIII жарны шарагчин могой. Эсэн тайш хоёр түмэн цэргийн хүчээр дөрвөн замаар Мин улсад довтлов.Крымийн ванлиг Алтан ордны улсаас тусгаарлан  Крымийн хаант улсыг байгуулав.

1461. VIII жарны цагаагчин могой. Булай ноён Мин улсад дахин довтлов. Мин улс Монголтой найрамдлын гэрээ байгуулав.

1473. VIII жарны улаагчин могой. Мандухай хатан төрийн эрхийг Батмөнхөд шилжүүлэв.

1485. VIII жарны хөхөгчин могой. Монголчуудын довтолгооноос хамгаалах зорилгоор Мин улс Цагаан хэрмээ баруун тийш 300 км сунгаж барьж эхэлжээ.

1509. IX жарны шарагчин могой. II далай лам Гэндэнжамц Умарт Төвөдөөр ном айлдаж “Чойнхор-Жалгун” хийдийг байгуулжээ.

1557. IX жарны улаагчин могой. Монголын шашны нэрт зүтгэлтэн Нэйж /Авид/ тойн мэндлэв. 23 жил агуйд сууж бясалгал үйлдсэн энэ тойн 97 насалжээ.

1593. X жарны харагчин могой. Түмэн засагт хаан нас баржээ. Буян сэцэн хаан болов.

1605. X жарны хөхөгчин могой. Моголын эзэнт гүрний хаан Акбар нас барж, хүү Жахангир хаан суужээ. Бээжинд Төвөд Гаанжуур хоёр дахь удаагаа хэвлэгдэв. Хутагт Лувсанданзанжамц мэндэлжээ.

1617. X жарны улаагчин могой. V далай лам Лувсанжамц төржээ. Тэрээр 30 гаруй ном бүтээл туурвисан, хамгийн алдартай нь 1643 онд бичсэн “Залуусын хурим” зохиол. Цогт тайж хаданд анхныхаа шүлгийг сийлүүлж, улааны шашны сүм болох “Цагаан байшин”-г бариулав. Туурь нь Булган аймагт одоо ч бий.

1629. XI жарны шарагчин могой. Лигдэн хааны зарлигаар Ганжуурыг орчуулж дуусгав. Өвөрмонголын ноёд  Манжид дагаар оров. Өвөрмонголын нутгийг 49 хошуу болгон хувааж, “гадаад харьяат монгол” хэмээн нэрлэжээ.

1641. XI жарны цагаагчин могой. Лигдэн хааны хүү Эжий хонгор  нас баржээ. Халхын засагт хан Ойрадын Зая бандидаг нутагтаа залж хүндэтгэл үзүүлжээ. Өндөр гэгээн Монголын шашны тэргүүн болов.

1653. XI жарны харагчин могой. Халхын зарим ноён Түшээт хан Гомбодоржтой эвдрэлцэн, албатаа дагуулан Өвөрмонголын  Улаан цавын чуулганд нэгдэв. Түшээт хан Бундир харьяат албат 1000 орчим иргэнээ дагуулан Манжид дагаар оржээ. Манжийн хаанаас Бундирт “Чин ван” хэргэм олгож, Чуулалт хаалганы орчим нутаг олгон суулгажээ.

1665. XI жарны хөхөгчин могой. Зүүн гарын хаан Баатар хун тайж нас барж, хүү Сэнгэ эцгийн ор залгамжлан хаан суув. Хотгойдын хан Лувсанренчин халхын Түшээт хан Чахундоржтой найрамдахыг санал болгосон ч Түшээт хан хүлээж аваагүй.

1677. XI жарны  улаагчин могой. “Асрагч нэртийн түүх” хөлгөн судар зохиогдов. Энэ зохиол УННС-нд “Чингисээс ухаант Тогоонтөмөр хааныг хүртэлх Монголын түүх” нэртэй байдаг аж. Халхын Баруун хүрээ байгуулагдав. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанхын хүрээ болно.

1725. XII жарны хөхөгчин могой. Халхын гурван аймгийг дөрөв болгож, 75 хошуунд хуваажээ. Дээд Монгол буюу Хөх нуур орчимд Цагаан толгойн чуулганыг  29 хошуутайгаар байгуулжээ. Сайн ноён хан аймгийг байгуулав. Гүн Гомбожав “Гангийн урсгал” түүхийг зохиожээ.

1737. XII жарны улаагчин могой. Хотгойдын засаг ноён Банди бээл нас барж, хүү Чингүнжав засаг ноён болжээ. Сэлбийн голын дэнжид Дамбадаржаалин хийдийг байгуулжээ. “Догвар-Лава” хэмээх Төвөд-Монгол толь хэвлэгджээ.

1749. XIII жарны шарагчин могой.  Монгол Ганжуурын 108 боть, Данжурын 225 ботийг хэвлэж дуусгажээ. Зүүн гарын хаан Цэвээндоржнамжил дотоодын самууны улмаас алагдав. Хотгойд нар Дэжид ахай гэгч ноёны удирдлагаар Орост нүүдэллэн очжээ.

1761. XIII жарны цагаагчин могой. Ховдын манж сайдын газрыг байгуулав. Халимагийн хан Дондогдаш нас барж, Уваш хан болжээ.

1773. XIII жарны харагчин могой. III богд Ишдамбийнямыг манжийн хаан дуудан аваачиж хорлон алжээ. Орост Е.Пугачёвын  удирдсан зэвсэгт бослого Уралд гарч, Ижил, Дон мөрнийг хамарчээ.

1785. XIII жарны хөхөгчин могой.  Анхдугаар Дилав хутагт Дэмчигцэрэнпил төржээ.

1797. XIII жарны улаагчин могой. Их хүрээнд халх дөрвөн аймгийн чуулган болж, аймгуудын албыг тэгшитгэжээ. Халхын хэцүү хэмээх Тогтохтөр ван, “Их тогтсон тааллын зүүлт тайлбар” бүтээл туурвисан гүн ухаантан Агваанбалдан нар төржээ.

1809. XIV жарны шарагчин могой. Их хүрээнд “Гунгаа Чойлон” дацан, Өвөрмонголд “Бугат” хийд /хожим Бугат хот болон өргөжсөн/ байгуулагджээ.

1821. XIV жарны цагаагчин могой. “Субашид” зэрэг алдарт зохиолыг монгол хэлнээ орчуулсан нэрт хэл шинжлэлтэн Номтын Ринчин төржээ.

1833. XIV жарны харагчин могой. Их Хүрээнд Майдар бурхны сүм байгуулж, 50 тохой өндөр Майдар бурхныг залав.

1857. XIV жарны улаагчин могой. VI Жалханз хутагт Чойжижалцан, Халимагийн алдарт жангарч  Элээ /Овлайн/ нар төржээ.

1869. XV жарны шарагчин могой. Ховдын Жаргалант, Завханы Улиастайд хилийн комисс байгуулагдан, хилийг сэргээн тогтоож, 27 чулуун овоогоор тэмдэг босгожээ. Галсанжамба “Тэнгэрээс Заяатай Богд Чингис хааны домог” номыг модон бараар хэвлүүлэв. VIII Богд, Магсаржав хурц, зураач Марзан Шарав нар төржээ.

1881. XV жарны цагаагчин могой. Санкт-Петрбург хотноо Орос-Манжийн гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр Орос улс Монголын Ховд, Улиастай, Өвөрмонголын зарим хотод консулын газраа нээх эрх нээгджээ.

1893. XV жарны харагчин могой. Богдын Шар ордон буюу Дэчингалбын сүм шатаж, түүнийг сэргээн босгоход 26 мянган лан мөнгө зориулж, бас Ногоон ордон буюу Шарав Пэлжээлэн хийдийг барьж эхэлжээ. Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогнолын төлөө  амьдралаа зориулсан Дамдины Сүхбаатар, Богдын Засгийн газрын түшмэл, Доод хурлын гишүүн, Монголын орчин үеийн хөгжмийн зохиолыг үндэслэгчийн нэг, алдарт дуучин, Ардын хувьсгалын партизан, бэйс Магсархурцын Дугаржав нар мэндэлжээ. Долоон хошуу Даншиг наадамд 1069 бөх барилдсанаас Засагт хан аймгийн Луу гүний хошууны Ламзав арслан түрүүлж, Түшээт ханы Намхай үзүүрлэн заан цол хүртжээ.

1905. XV жарны хөхөгчин могой. Их хүрээнд Хятад пүүсийнхэнтэй монголчууд хэрэлдэн тэмцэлдэж том үймээн дэгдэж, манжийг эсэргүүцсэн хөдөлгөөн идэвхжсэн тул Цагдан цээрлүүлэх яамыг байгуулжээ. Дээрх үйл явдлууд 1911 оны Үндэсний хувьсгал өрнөх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм. Орост хөрөнгөтний ардчилсан хувьсгал ялжээ. Өвөрмонголын Жирэмийн чуулган Горлос хошуунд Манж, Хятадын эсрэг Тогтох тайжийн бослого дэгджээ. Ханхөхийд 11 баллын хүчтэй газар хөдлөв. Хөдөлмөрийн баатар З.Очир, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Цэгмид, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Академич Б.Ренчин нарын алдар цуутан төржээ. Долоон хошуу наадамд 1052 бөх барилдсанаас Намхай аварга түрүүлжээ.

1917. XV жарны  улаагчин могой. Сэцэн хан аймгийн нутагт Хятад худалдаачдын эсрэг бослого хөдөлгөөн өрнөжээ. Богд хаанаас Дилав хутагт Жамсранжавт бүрэн хамба ямба, номч мэргэн Егүзэр цол шагнажээ. Орос улсад Октябрийн хувьсгал ялж, хаант засаг пролетарийн диктатураар солигджээ. Хил хязгаарын Сибирьт Зөвлөлт засаг тогтсон нь Монголд нөлөө үзүүлэх болжээ. Сайн ноён хан Намнансүрэн бараа бологчдын хамт Орос улсад очиж, Хятадын дарлалаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцжээ. Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба, Ардын зураач А.Сэнгэцохио нар төржээ. 10 засгийн наадамд Лу гүний Вандан түрүүлж, Цэвээн-Очир заан үзүүрлэжээ.

1929. XVI жарны  шарагчин  могой. ЗСБНХУ ба БНМАУ-ын харилцааны үндсэн зарчмын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. МЗЭ-ийн үндэс болох “Уран зохиолын бүлгэм” байгуулагдав. Феодалын хөрөнгийг хураав.  Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун, Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулан, Төрийн хошой шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтав нарын алдар цуутнууд төржээ. Ардын хувьсгалын найман жилийн ойн баяр наадамд 1000 орчим бөх барилдаж, Цэцэрлэг Мандал Туулын аймгийн Б.Банзар 10 давж түрүүлжээ.

1941. XVI жарны цагаагчин  могой. Шинэ кирил үсэгт орох Засгийн газрын тогтоол гарав. Герман улс итгэлийг эвдэн ЗХУ уруу довтлон дэлхийн II дайн эхэлжээ. ЗХУ, Японы Засгийн газрын төлөөлөгчид БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх тухай тунхаглал гаргажээ.-Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмнээс бэлэг цугтуулах бүх ард түмний хөдөлгөөн “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад” уриан дор өрнөж, бэлгийн анхны \нийт найман удаа\ цувааг хүргэжээ. Кирил үсгийг монгол хэлний өвөрмөц аялгуунд тохируулан зохион хэрэглэж эхэлжээ.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, далай, даян, даяар дуурсагдах, дархан аварга Ж.Мөнхбат нарын алдартан төржээ. Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар ЗХУ-д улс төрийн хилс хэрэгт мөрдөгдөн байцаагдаж улмаар цаазлуулжээ. Улс хувьсгалын 20 жилийн ойн баяр наадамд Түвдэндорж арслан түрүүлж аварга цолтон болжээ.

1953. XVI жарны  харагчин могой. БНМАУ Венийн энхтайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулж, байр сууриа илэрхийлж байжээ. Д.Сүхбаягар, Х.Чойбалсан нарын ордон музейг байгуулжээ. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдээс 21 зүйл амьтныг агнахыг бүрэн хориглон дархан цаазтай болгожээ. Ардын хувьсгалын ойн их баяр наадамд дархан аварга Түвдэндорж түрүүлж, Ш.Батсуурь аварга үзүүрлэжээ.

1965. XVI жарны  хөхөгчин  могой.  БНМАУ, БНХАУ-ын хоорондох хилийн шугамыг тогтоосон протокол үйлдэн, хилийн зурвас газрын зургийг баталжээ. БНМАУ Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны банкинд гишүүнээр элсжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэрүүлэгчдийн зарлигаар өвөрмөц тогтоц бүхий есөн газрыг дархан цаазтай болгожээ. БНМАУ-ын “Ардын зураач” цолыг бий болгож, Ч.Ядамсүрэн, О.Цэвэгжав нарт хүртээжээ. Дилав Хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод хойтын төрлөө олохоор бурхан болжээ. Улсын их баяр наадамд Ж.Мөнхбат арслан түрүүлж, аварга Х.Баянмөнх үзүүрлэжээ.

1977. XVI жарны  улаагчин могой. Цөмийн зэвсгийн шинэ төрөл-устөрөгчийн бөмбөгийн аюулыг зайлуулах асуудал дэлхий даяар хурцаар тавигджээ. БНМАУ-ын гадаад хамтын ажиллагаа эрс нэмэгдэж, хэд хэдэн оронтой дипломат харилцаа шинээр тогтоож, олон улсын гэрээ, хэлэлцээрт идэвхтэй оролцох болжээ. Монгол, Японы хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдаж, тэр үеийн ханшаар 17 сая ам.долларын буцалтгүй хөрөнгө олгох болсон нь шинэ үзэгдэл байв. Ардын хувьсгалын баяр наадамд Х.Баянмөнх аварга төрүүлж, П.Дагвасүрэн заан үзүүрлэжээ.

1989. XVII жарны шарагчин  могой. Монголд Ардчилсан хөдөлгөөн идэвхжиж, Монголын ардчилсан холбоо байгуулагджээ. Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөн болж, үг хэлэх эрх чөлөөний шинэ үе эхэлжээ. XIV Далай лам энхтайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын Нобелийн X Банчин богд Эрдэнэ Чойжижалцан бие баржээ. Улсын баяр наадамд Б.Бат-Эрдэнэ арслан түрүүлжээ.

2001. XVII жарны  цагаагчин могой. Бин Ладены ахалдаг Аль алан хядагчдын бүлэглэл худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг нураажээ. Дээрх балмад халдлагад хариу цохилт болгож АНУ, Британийн зэвсэгт хүчнээс Афганистанд дайн эхлүүлжээ. НҮБ-ын тусгай төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг нарын хүмүүс “МИ-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөх барилдаж, А.Сүхбат Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэн улсын аварга цол хүртжээ.

2013. XVII жарны харагчин могой. Монголчууд дөрвөн ихрээр бүл нэмсэн онцлог үйл явдал болсон. Ихрүүдийн аавыг Ч.Баттулга,  ээжийг нь Э.Хандаа гэдэг. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр  461 дүгээр  хорих ангид жил тойрон хоригдсоны эцэст  дөрөв дэх Ерөнхийлөгчийн  зарлигаар суллагдав. Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшив. Дэлхийд танигдсан Чингис хаан, нүүдлийн соёл иргэншлээс хальж, хүлэг морь, дээл хувцас, бии биелгээгээ олон улсад данстай болгосон нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байв. Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос нийслэлийг зорин ирсэн 5204 биелээчид Монголын гэх нэгэн өв соёлыг дэлхийд бүртгүүлэв.

 

ДҮГНЭВЭЭС:

Могой жилүүдэд хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэд олноор төрж, эрдэм номын авшигтай байж хүрээ хийд дацан цөөнгүй  байгуулагдаж байжээ. Нэйж тойн, II,IV,VI Жалханз хутагт Лувсанданзанбалсан, Лувсанбалжирлхүндэв, Чойжижалцан, Чин сүзэгт номун хан Лувсанноровшарав, II,III,IV-р Ялгуусан хутагт Пэрлээжамц, Лувсан-Яримпил, Лувсанбалдан, Туган хутагт Дарамбазар, нэгдүгээр Дилав хутагт Дэмчигцэрэнпил, VIII Богд, VI Зая бандид Лувсантүвдэн гэсэн хутагт хувилгаад төрөв. Алдарт яруу найрагч Цогт хун тайж, гүн ухаантан Агваанбалдан, Балдан цорж, түүхч Галдан туслагч, То ван буюу Тогтохтөр ван, зураач марзан Шарав, түүхч Магсаржав хурц, академич Б.Ренчин,  Далай даян дархан аварга Ж.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар  З.Очир, Ү.Аварзэд, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цагааны Цэгмид, Эрдэнэбатын Оюун, Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, А.Сэнгэцохио,  Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба, Төрийн шагналт, СГЗ Б.Явуухулан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтав нарын алдар цуутан төржээ. Чингисийн алтан ураг, өв залгамжлагч хаадаас могой жилд төрсөн, хаан ширээнд суусан, хорвоогоос хальсан хүн цөөнгүй байна.

 

Хэвлэлд бэлтгэсэн: С.ОДХҮҮ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 42 (7538)