Д.ОЮУНЧИМЭГ

 

Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга-Journalism Trust Initiative /JTI/-д нэгдсэн зууны мэдээчүүд сэтгүүл зүйн уран бүтээлийг шинэлэг бас илүү даацтай хийхээр байнга суралцаж тун завгүй явна. Бид салбартаа манлайлж, өдөр тутмын сонин хэвлэл даацтай, уншууртай материал нийтэлж, архивын баримт болгон үлдээдэг онцлогийг нийгэмд харуулахыг зорьж буй. Монголын шилдэг сонины хамт олон өчигдөр 2024 оны сүүлийн хагас жилийн эрэн сурвалжлах шилдэг бүтээлээ шалгаруулсан юм.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлүүлсэн “Зууны мэдээ”-ний эрэн сурвалжилга булангийн эхний хагас жилийн шилдэг сурвалжилгаар “Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална” нийтлэл шалгарч байв. Шалгаруулалтыг өдөр тутмын сонин өглөө бүр хийдэг “Өглөөний шуурхай”-гаа “Рекдакцийн өргөтгөсөн шуурхай” маягаар хийж их сургуулийн багш нар, өдөр тутмын сонины эрхлэгчид, сэтгүүл зүйн ангийн оюутнууд, Nest center буюу Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн төлөөллийг урьж байлаа.

Харин энэ удаад уншигчийн төлөөл, сэтгүүл зүйн оюутнууд, эх сурвал­жуудыг урьж оролцуулсан юм. Эрэн сурвалжлах бүтээл маань нийтийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд нөлөө үзүүлсэн байх гол шалгууртай. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины Нийтийн эрх ашгийн төлөөх 2024 оны сүүлийн хагас жилийн шилдэг эрэн сурвалжилгаар “Түмний хүүхдүүд түрээсийн “Түрээсийн сургууль”-д зөрчигдөж байна” нийтлэл шалгарлаа.

“Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, доктор Д.Отгонбаяр “Энэ өвлийн хамгийн хүйтэн өдрийн өглөө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочиддоо баярлалаа. Манай бүтээлүүдэд үнэлгээ, үнэтэй зөвлөгөө өгсөн экспертүүддээ баярлалаа. Бид 2024 оны эхний хагас жилд Туулын бургасыг нүүлгэх үү, нүүлгэхгүй юу гэдгийг цувралаар хөндөж бичсэн. Эдгээр нийтлэлүүдэд маань эх сурвалж болсон байгаль орчны гавъяат ажилтан, доктор, профессор Б.Чимид, Престиж инженеринг компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг нар ирсэн байна. Ш.Ганзориг захирал маш сайн судалгаа хийсэн. Энэ мэдээллээ бидэнтэй хуваалцаж сэтгүүлчдийн маань бүтээлийг илүү даацтай, судалгаатай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэлээ.

Сүүлийн хагас жилд нийтэлсэн 12 эрэн сурвалжлах бүтээлийг экспертүүдээр дүгнүүлэхийн зэрэгцээ сэтгүүлчдийнхээ үнэлгээг ч мөн бүтээлийн шалгаруулалтад оруулсан. Өглөөний шуурхай дээр аль материал сайн болсон. Аль нь ажиллах шаардлагатай байсан гэдгийг ширүүхэн ярилцдаг бол энэ удаагийн “Редакцийн өргөтгөсөн шуурхай”-гаар экспертүүд сэтгүүлчдэд урам зориг өгч, эрэн сурвалжлах сэтгүүл зүй тэр дундаа өдөр тутмын сонины сэтгүүлчдийн эрч хүч буураагүй, чамбай ажилладаг сэтгүүлчдийн залгамж тасраагүй байна хэмээн “Онц” үнэлгээ өглөө.

 

"Зууны мэдээ" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал:

-Хүүхдүүд сурахын тулд шаардлага хангахгүй байранд хичээллэж эхэлсэн. Хэдийгээр хүүхэд сурч боловсрох ёстой гэж байгаа ч сургалтын байрны хүртээмжгүй байдлаас хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болохгүй. Манай нийтлэлийн дараа Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч тухайн сургуульд шалгалт хийсэн байсан. Ингээд 2023 оны намар ашиглалтад оруулах ёстой байсан ч компанийн буруугаас болж хугацаа алдсан засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч хүүхдүүд өөрсдийн ангидаа хичээлдээ явах боломж бүрдсэн.

 

“Зууны мэдээ” сонины Экологи, нийгмийн мэдээллийн албаны дарга Б.Баяржавхлан:

-Нийгэмд нуугдмал олон асуудал байдаг. Сэтгүүлч тогтолцооны шинжтэй асуудлыг сэтгүүл зүйн бүтээлээр ил гаргаж ирэх ёстой гэж боддог. Тиймээс хэдийгээр 40 хүүхдийн тухай мэт боловч нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж төрийн анхаарлын төв хүргэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ бол хамтын бүтээл. Бид нэлээд судалгаа хийж, мэдээлэл цуглуулж ажилласан. Ингэхдээ нэг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд нөгөө талд хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй гэдэдг зарчим барьж ажилласан.

 

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Наранбаатар:

-Сэтгүүлч хүн эх сурвалжуудаа анхаарч цаг гаргаж ажиллах боломжтой байх тусам бүтээлүүд улам чанаржина. Нөгөө талаар нэг зүйлийг онцгойлж хэлэхэд, зарим нийтлэлд уншигчдад олон санааг зэрэг өгсөн, тэр нь магадгүй нийтлэлийн үндсэн санааг ганхуулаад байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр хоёр ч бүтээл байгааг ажигласан. Тиймээс цаашдаа сэдвүүдээ улам чанаржуулж, бүтээлүүдээрээ гаргаж байгаа санаагаа илүү тодорхой болгож, нийтлэлийн нэг жанжин чиг шугамаа алдахгүй барих нь уншигчдыг төөрөгдүүлэхгүй байх давуу талтай.

 

СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд:

-“Сэтгүүлчид сэдвийг маш сайн олдог юм байна гэж харлаа. Мөн судалгааг үнэхээр уйгагүй хийсэн нь маш авууштай чанар байсан. Цаашид илүү дэлгэрэнгүй, чамбай нийтлэлүүдийг бичээрэй гэж хэлмээр байна. Бас экспертүүдээр сурвалжилгуудыг уншуулан, дүн шинжилгээ авч байгаа нь олзуурхууштай байлаа. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн эндээс жишээ аваасай гэж хэлмээр байна”.

 

Нийгэм, эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичсэн сэтгүүлч Д.Заяабат:

-1994 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт нийгэм, эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичсэн. Эрэн сурвалжлах сэтгүүлчийн залгамж халаа тасрах вий гэсэн болгоомжлол байсан. Гэхдээ зууны мэдээчүүдийн нийтлэлүүдийг хараад бидний үргэлжлэл байгаа юм байна гэдэг итгэл төрсөн. Монголын сэтгүүл зүйн салбарт өдөр тутмын сонинуудын эзлэх байр суурь мэдэгдэхүйц буурсан өнөө үед “Зууны мэдээ” сониноос нийгмийн бүхий л салбарт бугшсан, тулгамдсан, иргэдээс нууж хаасан, хөшигний цаана өрнөсөн асуудлуудыг эрэн сурвалжилж, уншигчдад бодит мэдээлэл хүргэж байгаа нь сайшаалтай.

 

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр:

-Сонин гарчигладаг хүн цөөрлөө гэх гомдол манай салбарт их ирдэг. Үнэндээ гарчигладаг хүмүүс цөөрөөгүй. Тэр хүмүүсийн дадал хэвшил хэвээрээ байдаг. Сүүлийн жилүүдэд өдөр тутмын сонинууд цаг үеийн хатуу давааг давж байгаа. Хэцүү байна гэхээс илүү боломжийг эрэлхийлж, илүү хүмүүст хүрэх, сайжрах тал дээр ажиллан, манлайлж яваа сонин бол Зууны мэдээ. Мөн салбартаа хүлээн зөвшөөрөгдөж олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж бусдыгаа манлайлж, үлгэрлэж байна. Тэр тусмаа сонин бол архивлагдан үлддэг гэдгээрээ давуу талтай. Сониноос мартсан зүйлсээ эргэн сэргээн харах боломжтой. Цаашид сонин цахим хэлбэрт шилжсэн ч мэдээллийг эргээд олж авах боломж нь илүү байдаг. Мөн чанартай эрэн сурвалжлах бүтээл ховордож байгаа энэ үед бусдыгаа түүчээлж яваа Зууны мэдээгийнхэндээ баяр хүргэе.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг:

-JTI стандарт нэвтрүүлэн, нийтийн эрх ашгийн төлөө дуугарч, илүү далайцтай үйл ажиллагаа зохион байгуулж байгаад баяртай байна. Зууны мэдээгийн хамт олон бол ямагт суралцаж, шинэ инновацыг нэвтрүүлж явдаг. Бүтээлийн чанар дээрээ анхааран, өдөр тутмын сонинууд ингэж ажиллаж чаддаг гэдгийг харуулсаар байгаад баяртай байна.

 

Байгаль орчны гавьяат, судлаач Б.Чимид:

-Сэтгүүлчид нийгэмд мэдээллийг түгээх үүргээ сайн биелүүлж байна. Тэр дундаа сонины сэтгүүлчид илүү сайн ажиллаж байна гэж хардаг. Ялангуяа эрэн сурвалжлах бүтээлүүдийг уншиж танилцсан. Асуудлыг гаргаж ирээд бичиж болно. Ингэхдээ яаж тэрнээс гарах арга замыг нь бичдэг байгаарай гэж хэлмээр байна. Жишээлбэл, хотын ногоон бүсийг хамгаалалтын, ашиглалтын ойн бүсийн алинд нь хамаарах вэ гэдэг сэдвийг хөндвөл маш олон зүйлийн алдаа, оноо харагдана. Хэдийгээр жижиг сэдэв мэт боловч нийгмийн асуудал байгаа юм. Сэтгүүл зүйн үүргээ сайтар гүйцэтгэж, дөрөв дэх засаглалын ажлаа маш сайн хийж байгаад “Зууны мэдээ”-гийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Gogo.mn сайтын ерөнхий редактор, хэлтсийн менежер Р.Адъяасүрэн:

-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины хамт олонд халуун баяр хүргэе. Сэтгүүлзүйн завгүй, буцалсан гал тогоонд нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээл хийж, түүнийгээ үнэлж, дүгнээд шилдгүүдээ шалгаруулж байна. Энэ нь сэтгүүлзүйд бусдыгаа түүчээлж байна гэдгийг илэрхийлэл юм. Миний хувьд дээрх 12 бүтээлийг үнэлэх экспертээр оролцсон. Бүтээл бүрийн ард маш их судалгаа, баримт, эх сурвалжуудыг ашигласан байгаа нь хүч хөдөлмөр зарцуулсан гэдгийг нь тодотгож байгаа юм. Энэ арга хэмжээг тогтмолжуулаад явж байгаа “Зууны мэдээ” сонины хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсэж байна. Өөр олон шинэлэг арга хэмжээг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа мэргэжлийн редакцуудыг араасаа дагуулсан үйл ажиллагааг санаачилж хийгээсэй гэж бодож байна.

 

Эдийн засагч Б.Лакшми:

-Сэтгүүлчдийг урамшуулж, хийсэн зүйлийг нь үнэлж, цаашид илүү хичээн ажиллах урам зоригийг өгч байгаа нь сайшаалтай. Уншиж амжаагүй нийтлэлээ заавал нөхөж унших хэрэгтэй юм байна гэж бодлоо. Сэдвийн хувьд нийгэмд маш хэрэгцээтэй, сонирхолтой байна. Олон өнцөг, эх сурвалжийг оруулан бичиж, хүмүүсийн мартсан сэдвүүдийг дахин хөндөж байгаа зэрэг хэрэгтэй зүйлс хийж байгаад нь баяртай байна. Мөн сэтгүүлзүйн салбарт залуу сэтгүүлчид хүч түрэн орж ирснийг харах сайхан байна. Сэтгүүлзүйн салбарыг гуравдагч хүч гэдэг. Тиймээс олон нийтэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх гээд маш хариуцлагатай ажилтай хүмүүс байдаг.

 

Оюутан А.Амирлан:

-“Энэ мэргэжил маш хэцүү, сэтгүүлч олон талын мэдлэг мэдээлэл чадвартай байх шаардлагатай. Монголд хэвлэл мэдээллийн салбарт ажиллана гэдэг хүн шүү дээ” гэдэг үгсийг их сонсож байсан. Шилдэг бүтээлүүдийг уншиж танилцах явцдаа сэтгүүлчийн үнэ цэн нийгэмд унаагүй юм байна, мэдээллийг цаг тухайд нь түгээсээр байгаа юм байна. Харин уншигчид л цаасан хэвлэлээс мэдээлэл бага авах болсон юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

 

“Престиж инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг:

-Мэргэжлийн байгууллагаас сүүлийн 30-40 жилд үүссэн  бургасыг нүүлгэхгүйгээр үерээс хамгаалах боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Сэдвийг сэтгүүлч хөндөхөөс өмнө шийдвэр гаргах түвшинд бидний дээрх үндэслэл, зураг төслийг  яриад л өнгөрсөн. Мэргэжлийн биднийг хэлэхээр шийдвэр гаргах түвшинд ч тэр, олон нийт ч хүлээж авахгүй хэр нь сэтгүүлч хөндөөд үүний ард хуульд ямар өөрчлөлт оруулах юм, цааш нь хэрэх тухай ухаад гаргаад ирэхээр гүйцэтгэх засаглал бүх түвшинд хөдөлж энэ ажил урагшилж үр дүн гарсан байдаг. Хэдийгээр бургас нүүлгэхэд нэг талаас олон нийт дургүй байсан ч  энэ нь бас стандарттай өөр газар  дүйцүүлж тарих боломжтой гэх мэтчилэн олон талаас нь харуулсан нийтлэл байсан. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 23 (7519)